ХҮЧТЭЙ...
Үг гэдэг үерийн уснаас ч хүчтэй... Энэ үгийг ээж минь хааяахан хэлсээр захисаар ирсэн юм. Миний хувьд ээжийнхээ хэлсэн энэ үгийн үнэ цэнэ, утга учрыг өдрөөс өдөрт л ухаарах юм. Сонин юм шүү! яагаад ч юм үргэлж л энэ үг батлагдаад байдаг... Аргагүй биз дээ, Хүн гэгч амьтад хөлөөрөө биш хэлээрээ ойлголцож амьдардаг болохоор амнаас гарах авиа бүр хүчтэй байлгүй яахав. Тэр дундаа үг бүрийн сайн муугаас үл шалтгаалж үгийн хүч хэвээрээ л байдаг. Энэ нь бид нэг үг сонсоод л баяраар гэрэлтэж, нэг үг сонсоод л нэг хэсэгтээ уйтгарын далайд хөвдөг эмзэгхэн сэтгэлтэй гэдгээр илт харагдана. Бидний өвөг дээдэс ч үүнийг эртнээс мэдэж, мэдэрсэн болохоороо үгээр хүнийг амилуулж ч болно, үгээр хүнийг алж ч болно хэмээн хэлж үр хүүхэддээ анхааруулж сургасаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд өвөг дээдсийн сургаалаа умартах хүмүүс их болсоор байгаа нь харамсалтай бөгөөд гашуун үнэн юм. Бид бодлогогүй үг хэлдэг бусад улсын иргэдээс тэс өөр уужим сэтгэлт хүмүүс шүү дээ гээд заримдаа бүх Монгол хүмүүсийн чихэнд шивнэмээр, мартсан нэгэнд нь сануулан хэлмээр санагддаг. Хамгийн ариун нандин гэр бүлийн харилцаанд ч бие биедээ бодлогогүй үг хэлж байгаа харагдана. Амжилт өөд тэмүүлж нэгэн зүгийг зорих залуус ч бие биедээ бодлогогүйгээр үгсийг урсгана. Ингээд бодохоор эрүүл хүнээс бодлогогүй үгс гарч бие биенийхээ сэтгэлийг шархлуулж байхад архинд толгойгоо мэдүүлсэн гудамжинд орилох тэр хүнээс бодлоготой үг гарна гэдэг нөгөө усан дээр гал асаахтай адил бүтэшгүй юм. Амьдралд ирсэн хүн бүр төгс биш болохоор алдаа гаргадаггүй хүн гэж байхгүй. Гэхдээ бид алдсан нэгэндээ учир начрыг нь гарган тайлбарлан, хэлж ойлгуулж тусалхад л хүн гэдгийн утга учир оршино. Нэгхэн үгийг хэлхээс төвөгшөөсөөр байвал улам л харьцаа холдож дуугүй хүмүүс олшрох мэт. Хүн гэгч ховорхон заяаны эзэн бид сэтгэлээр унасан нэгнээ бостол, чадахгүй байгаа нэгэндээ хүчийг өгтөл УРМЫН үгсийг хэлж байвал АМЬДРАЛ ҮРГЭЛЖ АЗ ЖАРГАЛААР ДҮҮРЭН БАЙНА ГЭДЭГТ БИ ИТГЭДЭГ. Та ч бас итгэдэг гэдэгт найдаж байна. Яг одоо үүнийг уншин суугаа та өөртөө дүгнэлт хийгээрэй. Та олны танил хүн байсан ч, та хэний ч танихгүй нэгэн байсан ч та сайн сайхан үгийг хэлдэг бол, бусдыг босгон урамшуулдаг бол МОНГОЛ ХҮН билээ. МОНГОЛ ХҮМҮҮН БИД АЗ ЖАРГАЛ, АМАР ТАЙВНААР ДҮҮРЭН АМЬДРАЛЫГ БҮТЭЭЖ ЧАДНА. САЙН САЙХАН ҮГИЙГ Л ХЭЛЖ ХҮЧТЭЙ АМЬДАРЦГААЪЯ...