Хүслийг хангаж, сэтгэлийг цатгахуй
12 жил, 11 сар өмнө

Нийслэлийн нэгэн сургуулийн багш нарт хийсэн лекцэн дээрээ би сэтгэлээ номхотгоогүй бол тууштайгаар эрүүл хооллож чаддаггүй тухай яриад бараг л хөөгдөж гарч билээ. Лекц  эхлээд удаагүй байтал нэгэн “хөөрхөн мариалаг” багш эмэгтэй босч ирснээ: 

-Та ер нь биднийг дэндүү доош нь хийж байна.  Хэн ч эрүүл хооллож чадна. Хүсвэл. Зөвхөн тэвчээр л хэрэгтэй. Тэвчиж ядаад байхдаа ч яахав дээ. Хүн чинь ухаантай шүү дээ. Чи харин  юуг яаж идвэл эрүүл хооллолт болдгийг л хэлчихгүй, юу гээд элдэв балай юм ярьж бидний хайран цагийг үрээд байгаа хүн бэ? Тэгж яривал би ч зөв хооллохыг хичээдэг, үе үе туръя гээд биеэ барьж, тэвчээд дэглэм барьдаг, болж л байдаг гэх мэтээр бухимдахад олон тарган хүүхнүүд дэмжин, дуу дуугаа авалцан хашгиралдаж, тэр лекц дуусаж билээ. Тэвчээр оролцохгүйгээр эрүүл хооллох тухай лекц байсан боловч би тэдэнд ойлгуулж чадаагүй хэрэг л дээ. Уг нь хүслийг хангаж, дураараа амьдарч, эрх чөлөөтэйгээр  эрүүл болдог амар аргын тухай яриа байсан ч сонсогчдын тэвчээр хүрээгүй.Зүгээр дэглэм барихын тулд л эрүүл хооллох тухай асуудал босч ирдэггүй. Биеийн өвчин зовиураас салах, наанадаж  гэхэд турах  хэрэг гараад л хоол ундны тухай явдал болдог. Уг нь зовлонгоос бүрмөсөн салах хүсэл байдаг шүү дээ. Ажлыг хийвэл хийсэн шиг хийх нь дээр биз дээ?

Ханаагүй хүсэл гэж үнэхээр оюун ухаанд ч  дийлдэхгүй хүчтэй байдгаас болоод хамаг ажил дундаасаа нурдаг. Тиймгүйсэн бол биедээ зохимжтой  хооллох шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж чин сэтгэлээсээ чармайж байгаа хүн бүр хүссэн зорилгодоо хүрэх байсан. Хүслээ боож, “дэглэм барьж” үйлээ үзэх хэрэггүй. Тэгсэнд орвол дураар нь тавиад, “одоо боллоо” гэтэл нь сэтгэлийг цатгаж чадвал байнга, үргэлж бурууд уруу татаж, зовлонгийн үрийг тариулахаа болих талтай.

Яавал сэтгэл цаддаг вэ?

Хөөрхий минь харж, үнэрлэж, амталж,сонсож, хүртэж л цадна шүү дээ. Ганц кило алим авчихаад ганц ганц алим тарааж өгөөд, дахин “нэмэх” боломж хүн бүрт олдохгүй байвал “аманд ч үгүй, хамарт ч үгүй” болно. Гэдэс ч, сэтгэл ч цадахгүй. Харин хайрцаг алим аваад дундаа тавиад, хүссэнээрээ идэцгээе гэвэл эхний ээлжинд  ихийг хараад сэтгэл цадах тул хэн ч олныг идэж чадахгүй шүү. Үсрээд л гурав дөрвөөс хэтрэхгүй. Та туршаад үзээрэй. Харин ийм ажлын үр дүн хожим мэдэгдэнэ. Алим харах болгондоо л ихийг идмээр санагдахгүй болсон байдаг  нь  хүсэл номхорч эхэлснийх. Тогооны өрмөнд нэг  удаа пологтсон хүн  насан туршдаа өрмөнд шунал төрдөггүйг пологтож үзсэн хүн мэднэ.

Миний бага охин гэрээсээ хол сурч байхдаа нэг найзынхаа төрсөн өдрөөр маш том бялуу авч бүгдээрээ цадаж ханатлаа идсэнээс хойш бялуунд дургүй болсон тухайгаа ярьдаг. Одоо дэлгүүрт ороод ч, айлд зочлохдоо ч ямар ч үзэсгэлэнтэй, гоё бялуу хараад идэх хүсэл төрдөггүй гэдэг. Сэтгэл нь тоохоо больсон гэсэн. Гэх мэт жишээг Та ч гэсэн ярих бизээ. Тиймээс сэтгэлтэйгээ танилцаж, түүнийгээ тайван амгаланд урвуулах ажлыг үр дүнтэй хийж чаддаггүйнхээ учрыг  аль болох олон хүн олоосой гэж би боддог. Үнэндээ бид тун мэдлэггүйгээр л ханддагийг амьдрал нотолсоор л байхад өөрийнхөөрөө гүрийсээр байх хүн даанч олон юм даа. Манай сургалтад суусан нэг хижээл эр:

-Хөөрхий дөө бид чинь мэддэггүйгээ мэддэггүй хэцүү юм байна. Чөлөө завгүй адгаж харайхаа түр азнаж, ядаж л юмыг анхааралтай сонсох хэрэгтэй юм байна даа. Бөөр муутай хүн яаж хооллох тухай мэдэх санаатай ирсэн боловч мэдээд ч удаан идэж чадахгүй нэгэн байснаа ойлголоо. Сэтгэлийн боловсролын тухай бодож явсангүй. Суурийг нь цутгаагүй байж, дээвэр яаж хийх вэ гэсэнтэй адил эрэлчин байжээ. Таг харанхуйд төөрч яваагаа мэдлээ. Гэрэл гэгээ үзэхгүй болохгүй юм байна. Би л өрхөө татаж чадвал гэрэл  хангалттай байдгийг ойлгох шиг боллоо гээд баярлаж байсныг санаж байна. Сургалтаас түүнд хамгийн их таалагдсан зүйл бол эрүүл хооллох ажил бол хорио цээрийн дэглэм биш хүслийг ханган, сэтгэлийг  цатгаж, ажиглалт хийх аргын тухай хичээл  байсан гэсэн. Одоо тэр хүний бөөр өвдөж хавагнахаа больж, даралт нь хэвийн, бие нь хөнгөн байдаг болсон байна лээ.  Хэн ч чадах жам ёсны арга юм чинь үр дүнгээ өгөлгүй яахав дээ.

Хориотой бүхэн сайхан санагддаг. Үнэхээр болохгүй юм байна гэдгийг биеэр үзсэн хүн хориглосны учрыг  ойлгоно.  Яагаад гэвэл ухаанаар ойлгосон зүйлийг нь сэтгэл нь хүлээн зөвшөөрсөн нь тэрээ.

 Бөөр муутай, нэгдүгээр бүлгийн цустай хүнд зөвлөгөө болгож, намар цагийн нэг өдрийн хоолны цэсийг сонирхуулъя.

Өглөө:    1. “Соёолж” хоормог  2. Органик өндөгний омлет, ногоон сонгинотой   3. Буудайн соёолж

Өдөр: 1.  Үхрийн булууны ясны шөл  2. Ээзгийтэй бууз   3. Цэцэгт байцаа, чинжүүний зууш

Орой:  Монгол бяслагтай ногоо

Эдгээрээс  ээзгийтэй буузны орц, хийх аргыг  танилцуулбал: ээзгийг дэвтээгээд шүүж, жигнэсэн шар лууван, ногоон сонгино, хонины сүүл хэрчиж холиод, маш бага давсаар амтлан буузны шанз бэлдэж, буудай, хөх тарианы гурилд боож чимхээд жигнэнэ. Ногооны зууштайгаа иднэ.

ВИП клуб ТББ-ын тэргүүн, Монголын Лектор Төвийн Жинхэнэ гишүүн, “Соёолж” зохимжит хоолны газрын зөвлөх Б.Гэрэлмаа