Хүний хөгжлийн төлөө уриатай ГАРЫН ТАВАН ХУРУУ буюу манай гэр бүл МИНИЙ БАХАРХАЛ
11 жил, 8 сар өмнө

"Өнөөдөр" сонины сэтгүүлч Ж.Солонгийн соргог хараанд манай гэр бүлийнхний хийж бүтээж буй ажлууд өртөж танай гэр бүлийнхнээс ярилцлага авъя гэсний дагуу тус сонины "Хүмүүс, аж амьдрал" буланд ах дүүс, ээжийн хамт зочилж яриа өрнүүлсэн нь 5 хүүхэд нь ээжтэйгээ хамт хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөх гэж цугласан ахны тохиол боллоо. Сэтгүүлч тухайн ярилцлагаасаа "Хүний хөгжлийн төлөө уриатай ГАРЫН ТАВАН ХУРУУ" найрууллыг бичиж нийтэлсэн байна. Энэхүү ярилцлагыг өгч байхдаа гэр бүлийнхнийхээ талаар дахин нэг бодоход хүргэсэн бөгөөд гэр бүлийнхнийхээ талаар цуврал хөрөг- нийтлэл бичье гэсэн бодол төрсөн. Бичнэ ээ.

 

Найрууллыг бэлтгэж хүргэсэн сэтгүүлч Ж.Солонго болон "Өнөөдөр" сонины хамт олонд амжилт хүсье.

* * *

Дээрх нийтлэлийг сонины редакциас авч бүрэн эхээр нь нийтэллээ.

"Өнөөдөр" сонин “Хүмүүс, аж амьдрал” булан

Сэтгүүлч Ж.Солонго

ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ УРИАТАЙ “ГАРЫН ТАВАН ХУРУУ”

 

“Гарын таван хуруу” гээд ярихаар Монголын ард түмний үзэх дуртай уран сайхны кино, тэр кинонд гардаг эгч дүү тав болон Шагдарын амьдрал, хувь заяа сэтгэлд тань төсөөлөгдөх байх. Эсвэл “Гарын таван хуруу” багийн дугуйтай аялагчдын ч дурсаж болох юм.  Гэхдээ бид та бүхнийг энэ үгээр дамжуулан дахин нэг танилтай болгохоор шийдлээ. Энэ бол Д.Жамсранжавын гэр бүл.

Өдгөө тэрбээр энэ хорвоод үгүй ч үр хүүхэддээ үзүүлсэн үлгэр дууриалын тусаар таван хүүхэд нь нийгэмд үлгэрлэхүйц сайн иргэд болон торнижээ. Ууган хүүг Ж.Бэгзсүрэн гэдэг.Улаанбаатар хотын нийтийн номын сангийн мэдээлэл, технологийн хэлтсийн дарга. Харин удаахь хүү Ж.Ганжуурдалай нь “Декор” зочид буудлын сантехникч бол дунд охин Ж.Хорлоо “Индиго” хүүхдийн хөгжлийн төвийн захирал. Түүний дараах хүүг Ж.Лувсандорж гэнэ. Сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй тэрбээр өдгөө “Яруу сэтгэгч” онлайн сониныг эрхлэн гаргаж, "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн клубын тэргүүн, “Нью медиа маркетинг аженси” компанид хэлтсийн даргаар ажилладаг. Бага хүү Ж.Дамдиндорж нь “Эко волс” интерьер, дизайны компанид бригадын ахлагч ажилтай. 

“Гарын таван хуруу”-гийн ээжийг М.Чимэдрагчаа гэдэг. Оёдолчин, тогооч мэргэжилтэй энэ эмэгтэй өдгөө хүүхдүүдийнхээ ажилд тус дэм болж явна. 


 

ЗОХИОН БҮТЭЭГЧ ӨВӨӨ, ААВ БОЛОН ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ ХҮҮХДҮҮД

Бэгзсүрэн, Ганжуурдалай, Хорлоо, Лувсандорж, Дамдиндорж нарын аав Д.Жамсранжав Сүхбаатар аймгийн тэжээлийн аж ахуйд механикийн ажил хийдэг байжээ. Техник засах, шинийг санаачлах авьяастай байсан тэрбээр тракторчноос механик хүртэл дэвшсэн алтан гартан. Мөн Жамсранжав гуайн аав Дулмаа бол аймагтаа төдийгүй улсдаа дээгүүр бичигдэх механик, инженер. Арьс элддэг машин бүтээж, чулуун хороо барих технологи боловсруулснаар шинэ бүтээл оновчтой саналын гэрчилгээг хоёр ч удаа гардаж байсан аж. 

Чимэгдрагчаа гуайн аав Молом ч бас шинийг санаачлагяч байв. Сүүн заводод ажиллаж байсан энэ хүн хуурай сүү хийх машин бүтээж байсан төдийгүй хувьсгалт тэмцэлийн ахмад зүтгэлтэн юм билээ.  Хүүхдүүд нь аавынхаа тухай ярихдаа их л бахархангуй байх ба “Монголчууд хүүхдээ үглэж биш үлгэрлэж хүмүүжүүлдэг. Үүний нэгэн жишээ нь бидний аав, ээж” хэмээн онцолж байсан юм. Тэрбээр гурван хүүхдээ номын мөр хөөлгөж, хоёрыг нь ажлын хүн болгожээ. Ингэхдээ мэдээж тэдний сонирхол, хүсэл тэмүүллийг харгалзсан ба “Гурав нь номын мөр хөөж, хоёр нь мал малла. Тэгэхгүй бол хэн нь хоолоо зөөх вэ” гэж хэлсэн гэдэг.  

Аавынх нь чиглүүлсэн амьдралын зам буруу байсангүй. Тэр ч бүү хэл оновчтой сонголт байсан гэлтэй. Онц сурдаг ууган хүүгээ их сургуульд элсүүлэхдээ, трактороороо хотод хүргэж өгөөд эхний жилийн сургалтын төлбөрийг нь төлөхийн тулд унаагаа зараад буцаж байжээ. Гэхдээ Ж.Бэгзсүрэн гуравдугаар дамжаанд байхаасаа барилгын зураг төсөл гаргадаг компанид компютерийн хичээл зааж, сургалтын төлбөрөө төлүүлэх болжээ. Харин хоёрдахь болон бага хүүгээ техник засаж, ажил  хийх ухаанд сургаснаар хоолонд нь хүргэсэн байна. Волга машины моторыг хүртэл нэг бүрчлэн салгуулж, цэвэрлүүлээд буцааж угсруулдаг байсан гэсэн. Диплом өвөртөлж ажилгүйчүүдийн эгнээг тэлсэн олон залуусаас тэд өөр байгаа биз. Ганц охин нь сурлага сайтай байсан учраас ахад нь авч өгөөгүй үнэтэй толь бичгийг түүнд зориулан хотоос авчирдаг байж. Охин аавынхаа итгэлийг алдалгүй Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд онц сурж, захирлын нэрэмжит тэтгэлэг хүртэн, магнайг нь тэнийлгэж явав. Одоо тэрбээр дүү Лувсандоржтойгоо гар нийлж, хүний хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулж, багачуудаас өсвөр насныхан болон тэдний эцэг эхчүүдэд чиглэсэн сургалт, мэдээлэл түгээж байна. 

 

ХҮНИЙ ХӨГЖЛӨӨС УЛСЫН ХӨГЖИЛ 

Энэ бол “Яруу сэтгэгч” төвийн уриа бас Д.Жамсранжавын хүүхдүүдийн хүсэл, тэмүүлэл. Тэд бие биенээсээ хараат биш өөрсдийн амьдралыг цогцлоож, хэрэгтэй цагт нь нэгнээ түшдэг ахан дүүс. Хамгийн анх 2005 онд их ах Ж.Бэгзсүрэн нь АНУ-ын таван мужийн номын сан, мэдээллийн төвүүдэд ажлын шугамаар зочилж, “нүд тайлаад” иржээ. Энэ аяллын үр дүнд нийтийн номын сан ямар ч төлбөр хураамжгүй иргэддээ үйлчилж, хүний мэдээлэл авах эрхийг хэрхэн дээдэлж байгааг ойлгожээ.  Мэдээж үүнийгээ сэтгүүлч мэргэжилтэй дүүдээ сонирхуулж хувь хүний хөгжилд зориулан “Яруу сэтгэгч” сонинг эрхлэн гаргаж эхэлсэн байна. Ж.Хорлоо “Бид дээд боловсролтой хүмүүсийг ухаантай, мундаг мэтээр ойлгодог ч энэ бол ердөө мэргэжлийн боловрол юм. Хүнд зөв хооллох, хүнтэй зөв харилцах гэхчлэн олон талын боловсрол хэрэгтэй байдаг. Үүнийг хүмүүст хэлж, өөрийгөө хөгжүүлэхэд уриалах нь чухал. Би 2005 онд их сургууль төгсөж, дээд боловсролтой болсон ч ичимхий бүрэг охин байлаа. Харин хүний хөгжлийн тухай лекц, сургалтад хамрагдсанаас дөрвөн сарын дараа аймгийнхаа театрт олны өмнө гурван өдрийн сургалт хийж байлаа. Хүний мэдлэгийг хэн ч булааж авч чадахгүй, харин эд хөрөнгийг бол булааж чадна” хэмээн тэрбээр ярьсан. Тэд өөрсдийгөө хөгжүүлсэн. Тиймээс энэ мэдлэгээ, өөрийгөө хөгжүүлэх ухааныг бусдад түгээхээр хичээж байгаа юм. Улаанбаатар хотын нийтийн номын сангаар 2000-аад онд үйлчлүүлж байсан хүмүүс Бэгзээ ахыг уншигчиддаа интернэт хэрхэн ашиглахыг сургаж, мэйл хаяг нээн өгч, номын санд үнэгүй интернэт ашиглах болон номыг чөлөөт сонголтоор унших, хараагүй хүмүүст зориулсан “Дэйзи” номын төвийг байгуулах ажилд гар бие оролцож байсныг нь мэдэх байх. 

Бусадтай мэдлэгээ хуваалцах гэсэн энэ тэмүүлэл  ч ааваас нь эхтэй. Учир нь тэрбээр машин, техник засдаг чадвараа нутгийнхандаа заадаг байжээ. 

 

НОМТОЙ НӨХӨРЛӨСӨН БАГА НАС

Эд  хөрөнгө, гадаад өнгө үзэмжийг биш мэдлэг боловсрол, амьдрах ухааныг чухалчилдаг ахан дүүс хоёр, хоёр насны зөрүүтэй. Аав ээж нь тэдэнд төрсөн өдрийн баяраар нь үргэлж үлгэрийн ном бэлэглэдэг байжээ. Сургуульд орсноос нь хойш толь бичиг гэхчлэн хэрэгцээтэй номыг нь авч өгч, Мурзылка сэтгүүл, Пионерийн үнэн сонин захиалан уншуулдаг байсан аж. Тэднийх 2000 гаруй номтой байжээ. Айл бүхэнд ийм олон ном байх нь ховор л байх. Хүүхдүүдэд нь номуудаа өвлөн, уншсан сурсан мэдсэнээ нэмэрлэн уламж баяжуулж яваа. 

Тариа бригадын ажил улирлын шинж чанартайн дээр цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөгддөг байсан учраас нь аав нь гэртээ, буйдан дээрээ тухлаад ном уншдаг байсныг тэд сайн мэднэ. 

Ном уншуулахаас гадна зуны амралтаар нь гөеө (Сүхбаатар аймгийнхан эмээгээ ийн дууддаг аж)-гийнд нь хүргэж өгөөд хурга, тугалтай хөөцөлдүүлж, ус зөөлгөн хөдөлмөрлүүлдэг байж. Харин хичээлтэй үед нь тэднийг санаа амар, гэдэс цатгалан эрдэмд шамдах бүх бололцоог нь хангаж, ээж нь өглөө бүр халуун хоол идүүлээд үддэг байсан аж. Гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, үлгэрлэж хүмүүжүүлэхийн жишээ болсон тэдний аав уусан ундааныхаа шилийг хагалчихаад ирсэн ууган хүүгээ “Чи үүнийг хагалсан шигээ ахин бүтээж, эвлүүлж чадах уу?” гэдэг үгээр зэмлэн, ухааруулж байсан гэдэг. 

 

ЭКОЛОГИЙН ЦЭВЭР БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭЖ ЭРҮҮЛ МЭНДЭД ЭЭЛТЭЙ УНАА СОНГОЖЭЭ

Бага байхаасаа дүү нараа асарч, тэдэнд үлгэрлэн, тэдний өмнөөс хариуцлага хүлээн өссөн учраас Бэгзээ ах илүү аж ахуйч. Тэрбээр Дарь-Эхэд амьдардаг ба хоёр тугалтай үнээтэй. Бас дугуй унаж ажилдаа ирж, очдог. Анх аавынхаа эрүүл мэндийг бодож, цэвэр сүү уулгахын тулд нэг тугалтай үнээ худалдан авчээ. Харин түүнийг таалал төгссөний дараа хотын захын хороололд гэртэй учраас ах нь үнээгээ авчээ. Эдийн засгийн хувьд хоёр үнээ нь түүнд нэг их ашиг авчирдаггүй ч зуны турш эрүүл сүү, таргаар хангадаг.  Ж.Бэгзсүрэнгийн гэргий нь үхэрээ маллаж, үр шимийг нь хүртээдэг үүрэгтэй. 

Энэ тухай ярихдаа Ж.Бэгзсүрэн “Дэлэнт мал дээшээ, уутат юм уруугаа” гэсэн ээжийнхээ хэлдэг үгийг дурдаад дүү Ж.Лувсандорж нь “Уутат юм буюу газрын дорх баялаг дуусна шүү дээ” хэмээн тайлбарлав. 

 

ШИНЭ ЗУУНЫ ХҮҮХДҮҮДИЙН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ

Шинэ зууны хүүхдүүд их онцлогтой. Ялангуяа 2000 оноос хойш мэндэлсэн хүүхдүүд ер бишийн чадвартай болсон учраас тэдэнд зориулсан тусгай хүмүүжил, боловсрол чухал. Тиймээс Ж.Хорлоо сэтгэлзүйч найзынхаа хамт “Индиго хүүхдийн хөгжлийн төв”-ийг байгуулж, шинэ зууны хүүхдүүдийг судалж байна. Мөн эцэг, эхэд зориулж хүүхэдтэй хэрхэн харьцаж, хүмүүжүүлэх талаар сургалт явуулдаг аж. Өмнө нь энэ төвийнхөн Чингэлтэй дүүргийн арванхоёрдугаар цэцэрлэгийн эцэг эхчүүдэд сургалт явуулж байсан бол энэ жил 129 дүгээр цэцэрлэгтэй хамтран ажиллаж, сургалтаа үргэлжлүүлж байгаа.  

 

БИДЭНТЭЙ ИЖИЛ БАС ӨӨР

Монголын залуусын хэлтэрхий болсон тэд бидэнтэй ижилхэн нөхцөлд өсөж хүмүүжсэн ч заримынх нь бодож амжаагүйг түрүүлж сэтгэж явна. Аймгийн төвийн шороотой замаар хичээлдээ хурдалж, ангийнхантай сахилгагүйтэж хүн болсон ч ааваар нь машин засуулсан хүмүүс архи барьж дайлж цайлдаг байсныг хараад архи ууж болохгүй гэдгээ ойлгож, тус болсон хүндээ яасан ч архи өгч болохгүй гэдгийг ухаарсан аж.