Хүний олон бие, тэдгээрийн мөн чанар, үүрэг, харилцан хамаарал
Орчлон ертөнц дэх оюун ухаант оршихуйн төлөв, загварын нэг нь хүний бие юм. Хүн маш нарийн бүтцэт, нийлмэл биеэр үйл ажиллагаагаа явуулдаг ч, бид зөвхөн нүдэнд харагддаг биеэ л бие гэж ойлгодог.
Харагддаг бие бол материаллаг махбодоос бүтэж, хүний амьдралын ил харагдах бодот үйл явцад оролцдог.Хүний биеийн бүрдэл, бүтцийн талаарх судалгааны ном зохиолуудын зах зухаас уншихад, судлаач эрдэмтдийн ойлголт, дүгнэлт ерөнхийдөө адил, хоорондоо төдий л их зөрөөгүй чиг баримжаатай байх ч хүний биеийг дотор нь бүтэц-хэсгүүдэд задлахдаа, бас задалсан бүтэц-хэсгүүдээ нэр оноон томъёолохдоо янз бүрээр нэрлэн томъёолж, тэр нэр томъёо нь цааш цаашаа дамжин нэрийшихдээ шинжлэх ухааны нэгдсэн ойлголт, тогтсон нэр томъёо болж чадаагүй, утга агуулга нь ойролцоо мөртөө жаахан өөр өөрөөр ухагдан элдэв ном товхимолуудад орсон харагдана. Жишээ нь, Монголын нэрт зурхай судлаач, төвдөч Ш.Агваандондов гуай “Их, дунд төрлөхтөн” товхимолдоо, “Хүн харилцан адилгүй янз бүрийн хугацаатай, сийрэг хэлбэлзэл /үелзэл/ бүхий 7 давхар биетэй бөгөөд тэдгээр нь бие биедээ шингэн уусаж, нэгэн бүхэл биеийг бүрдүүлдэгийг иогийн бясалгагчид олж нээсэн!” гээд, тэдгээр биесийг нэрлэсэн нь:
1.Хүний бүдүүн бие махбод;
2.Нарийн бие буюу хийн бие;
3.Хүслийн бие;
4.Бодол санааны бие;
5.Маш нарийн бие /Сүнс/;
6.Хийсвэр сэтгэлгээний бие;
7.Дотоод ой ухаан буюу дээд ухамсарын бие;
Бие тус бүрийн үүрэг, онцлогийг тайлбарлахдаа, хүний хий бие сулавтар ягаан, цэнхэр өнгөтэй, хүслийн биетэйгээ холбоотой; хүслийн бие бусад бусад биеэсээ арай элбэг том, өндөр хэлбэртэй; хүний хүсэл, эрмэлзлэл, сэтгэл санааны олон янзын үйл явцыг агуулдаг, их мэдрэмтгий, хэлбэлзэл нь түргэн, тухайн хүний сэтгэл санааны байдлаас өнгө зүс нь өөрчлөгддөг, зүүдний үед бодот биеэс тасарч үл үзэгдэх орчинд аялдаг, толгой нь шардуу өнгөтэй туяа цацруулж, ухаан бодлын идэвхийг сэргээдэг; бодол санааны бие нь хүмүүсийн биеэ авч явах зохистой хэв хэмжээ, үйл ажиллагааг зохицуулдаг, хүн зүүдгүй гүн нойрсож байхдаа бодол санааны биеийг өөрөөсөө ялгаруулан гаргадаг тул түр зуурын бие гэж тодорхойлоод, эхний дөрвөн биеийг зуурдын, хувьсан өөрчлөгддөг хувилгаан бие, харин, зургаа долдугаар биеийг хүний оюун ухаанд хамаарах мөнхийн бие гэжээ.
Монголын Психотроникийн Хүрээлэнгээс гаргаж буй цувралаар 2007 онд В.Сандагдоржийн орчуулгаар хэвлэгдсэн Тэд Эндрюсийн “Үл үзэгдэх бие” номонд зохиогч нь хүний биеийг Астрал бие, Ментал бие, Атамийн бие, Монад бие, Бурханлаг бие гэж зургаа ангилаад, нарийн /эрчимийн/ биеийг тайлбарлахдаа, тэд нь нэгдүгээрт, хүний махбодын гадуур хүрээлэн оршдог, хоёрдугаарт, махбодтой харилцан сүлэлдсэн эрчимийн бүрхүүл /урсгал/ үүсгэдэг хэмээн тайлбарлажээ.
Хүний биеийн эрчимийн бүрхүүл нь гэрэлтдэг, хэлбэр дүрс нь гэрлээр зурагдан тодордог учраас “хүний гэрлэн хөгжилтэй, тийм сурц, дадлагатай хүнд тод харагдана.Гэрлэн биеийн хэлбэр хэмжээ, өнгө, гэрэлтэлтийн хурц нь тухайн хүний бие, оюун санаа, сэтгэлзүй, сүнсний онцлогийг илэрхийлнэ.Гурван хэмжигдэхүүнтэй, 2.7-3м голчтой, бодит биеэ дотроо багтаасан зууван бөмбөлөг хэлбэртэй бөгөөд хүний биеийн бүтэц дэх эгэл бөөмсөөс задрах эрчимийн долгионлог үйлчлэл болох цахилгаан, соронзон, дуу, дулаан, гэрэл, цахилгаан-соронзон орон зэрэг цэнэгт орчины янз бүрийн давтамжит хэлбэлзэл, лугшилт бүхий долгионы давхрага юм.Үндсэн үүрэг нь,-хүний махбодын бодит амьдралын хэм хэмнэл, үйл явцад оролцож, оюун санааны нь үйл ажиллагааг жолоодоход оршино. Ер нь хүний биед эрчим хүчний 20 шахам нууц төвүүд агуулагдаж, улаан, шар, хөх, цагаан, хар…гэхчилэн 10 гаруй өнгийн гэрэл гэгээ гарган солонгорч байдагийг Бхагти Йогийн төгс бясалгагч Прабхупад гэгээн айлдвартаа дурьджээ. “Яруу сэтгэгч” сонины 2007 оны ¹10/16/-д Зурхай, парапсихологийн “Санчир” клубээс нийтлүүлсэн “Энерги ба хүний долоон бие” гэдэг шинжлэх ухааны үгүүлэлд “Хүний биеийн метафизик анатоми нь нарийн бүтэцтэй долоон биеэс бүрддэг. Тэдгээр бие нь цаг хугацаа-орон зайн хавтгайд өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг тул ердийн сэрэл мэдрэхүйн эрхтэнээр харах, барьж тэмтрэх боломжгүй! Тэд энергийн үелзэлд оршдог!” гээд долоон биеийг тодорхойлсон нь:
- Физик бие - /Толинд харагддаг бие. Зөвхөн механиз үйлчлэлийг мэдэрдэг./
- Эфир бие - /Физик биеийн ихэр.Хүний биеийн нарийн бүрхүүлээс хамгийн нягт нь./
- Астрал бие - /Сэтгэл хөдлөл, мэдрэмж, дур хүслийн муж.Оюун ухамсараас ангид оршиж хүний амьдралыг хөтөлдөг, хүмүүсийн үйл явдалыг өдөөдөг, ухамсарт бүрэлдэх нөхцөл байдлыг үүсгэгч, сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүсэл сэрлийн иорэл./
- Ментал бие - /Хүний бодлоор үүсгэгддэг, астрал биеийн чиглэлийг зааж өөрөөрөө дамжуулан сансар хорвоо, дээд ертөнцүүдтэй холбож өгдөг. Ментал биеийн дээрээс бурханлаг хууль үйлчилдэг. Тэр хууль казуал биед оршино./
- Казаул бие - /Сансарын дээд энергийг хүлээн авч хүний биед дамжуулна.Энэ биеийн хөгжил нь хүний дотоод зохион байгуулалтын бүтэц, дээд нийцлийн мэдрэмж, өөрийгөө төгөлдөржүүлэх үйл явцыг нөхцөлдүүлнэ./
- Буддхагийн бие;
- Атаманы бие;
Энэ хоёр биед бодгальчлалын /индивидуализац/ болон хөгжлийн дээд цэг байрлана.Өрнө, Дорнын уламжлалт мэдлэг, ухааны болон орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний дээрхи эх сурвалжуудын мэдээлэлэээс үзэхэд хүний бие-бүтэц нь бодит төлөв хэлбэрээрээ ч бай, хийсвэр, хийбод төлөв хэлбэрээрээ ч бай, аль нь ч алиндаа анхдагч ч бус, хоёрдогч ч бус, адил тэгш үүрэгтэй, аль нэгнээ нөхцөлдүүлэн ажиллуулагч махбод, оюун санаа, сэтгэл, ухамсар, сүнс зэрэг нийлмэл бүтцийн нэгдэлд оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулдаг нь илт аж.
Итгэхгүй байхбн аргагүй ноцтой, гайхалтай сонин баримтаас иш татъя.
Доктор ВЕМЗ /Всеволод Михайлович Запорожец/ хориод жил спиритилоги судалгаа хийж, 1500 гаруй ном уншиж, сүнс дуудах “медиум” туршилтанд гүнзгийрч 460 удаа сүнстэй харилцжээ. Тэрбээр, “Ертөнцийн тогтолцоо” хэмээх номондоо хүн сүнстэйг, хүний амьдрал үхлээсээ цааш үргэлжилдэгийг нотолжээ.
Уг номондоо, “Миний бичсэн номын 1/5 орчимыг хүмүүс уншилгүй алгасдаг. Хүмүүс математикийн нэр томъёо,гаргалгаатай хэсгүүдийг орхиод байна. Миний ном нөгөө ертөнц оршин байдагийг эргэлзээ үлдээлгүй нотлох арга зүйг агуулсан анхны ном шүү! Хорин жилийн өмнөөс нөгөө ертөнцийн тухай, сүнсний тухай хуучны номуудыг би зүгээр нэг унших бус судалж эхэлсэн! Судалгаа гүнзгийрэхийн хэрээр хүний үхэл шинэ болсон. Сүнстэй холбоо тогтоох туршлагыг би 15 жилийн турш хийлээ. Спиритизмээр оролдсон над шиг хүмүүс өөр ертөнцөд шилжин, өөр байдлаар амьдардагт итгэдэг!” гэжээ.
Дэлхийд сүнс судлалын 200 гаруй институт ажилладаг гэсэн мэдээ хэвлэлд тааралддаг. Байхгүй юмыг шинжлэх ухаан судлахаар хөөцөлдөхгүй, судлах арга ч байхгүй, нөгөөтэйгүүр, судлаад үр дүнгүй өөрт болоод нийгэмд ашиггүй нээлтэнд цагаа үрдэг, хөрөнгө зардал гаргадаг “солиотой” эрдэмтэн, Засгийн газар ч өнөөдөр дэлхийд байхгүй! Гэтэл Сүнс-үзэгдэл байгааг шинжлэх ухааны олон хүчирхэг байгууллага, шинжлэх ухааны аргаар илрүүлж, цаашдаа бүр нарийн судалгаанд өрсөлдөж, Сүнсний мөн чанар,трансцендент үйлчлэлийн нь зүй тогтлыг олж тогтоох гэж, бас, хүн үхлийнхээ дараа ч амьдралаа сүнсээрээ үргэлжлүүлдэгийг нотлох гэж оккульт, эзотерик ухааны олон эрдэмтэд хүч хөдөлмөрөө дайчлан зарсаар байна.
ОХУ-ын Санкт-Петербург хот, АНУ-ын сүнс судлалын эрдэмтэд хамтран хэтэрхий мэдрэмжит компьютерийн тусламжтайгаар үхэж буй хүний биеэсээ гарч буй сүнсний зургийг авч сүнсний зарим физик төлөв шинжийг тодорхойлж, хэвлэлээр цацаж байсан.
Монголын онолын физикийн болон философийн ухааны эрдэмтэн З.Бат-Отгон “Сүнсийг бэдрэхүй” бүтээлдээ зарим баримтыг иш татсаныг сийрүүлье;
“Америкийн эрдэмтэд сүнсийг 2.5-6.5 гр жинтэй, өндөгний хэртэй цагаан гэрэл буюу оюунт бөөмс, оюун энерги хэмээн шинжлэх ухааны үүднээс тайлбарлах оролдлого хийж байна. Мөн ОХУ-ын мэдрэлийн эсийг нөхөн сэргээх эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрхлэгч, анагаах ухааны доктор, академич Виктор Хромов хэн нэгний сүнсийг нөгөө хүнд шилжүүлэн суулгах туршилт хийж байгаа бөгөөд үүний зэрэгцээ сүнсний зургийг анх удаа компьютерт авч гайхамшигт хүрч буйг бид мэдэх билээ. В.Хромов дүгнэхдээ, сүнс нь дөнгөж төрсөн хүүхэд шиг данхгар толгойтой, жижигхэн биетэй, атийсан мөчтэй, ардаа дэрвэлзсэн сүүл шиг юмтай бөгөөд хүний зулайнаас хөлийнх нь ул хүртэл нэвчин орж хөдөлж байдаг хэмээжээ!” гэжээ.
Сүнсний төрх төлөв, шинж чанар, далд битүүлэг ахуйн талаар ном зохиолуудаас олж мэдсэнээрээ баримжаалан сүнсний чинад, трансцендент мөн чанарт дараах тодорхойлолтуудыг хураангуйлан өгч болохоор санагдана. Үүнд:
- Эгэл нүдэнд үзэгдэгч, үл баригдагч, мэдрэмж ухамсарт үл оногдогч./Хийбод, метафизик ахуй тул хөдөлгөөн, үйлдэл нь хүний сэрэхүй, мэдрэхүйн эрхтэнүүдэд үл хүртэгдэнэ./
- Үл үүдэн, үл устан, мөнх орших чадвартай. /Зарим сурвалжуудад өгүүлэх нь, үүсэн бүтнэ, алга болно, гагцхүү устахгүй! гэжээ. Юутай ч сүнс нь материйн төлөв дэх махбодуудын харилцан үйлчлэл, хиймийн урвалын үр дүнд гарган авах бололцоогүй аж!/
- Хуваагдашгүй.
- Дуу чимээгүй.
- Тодорхой хэмжих аргагүй./Зарим монгол сударт, сүнсийг “хэмжээ, дүрсийн хувьд шар будаанаас хэд дахин жижиг, хурц цагаан гэрэлтэй” гэж тодорхойлсон нь буй!/
- Тайлбарлагдашгүй.
- Оюунлаг. /”Би”-гийнхээ бүх мэдрэмжийг болон махбодбнхоо амьдрал, үйл ажиллагааны цогц мэдээлэлийг хуулан, эхэн эцэсгүй хадгалж үлддэг./
- Бодлын хурдтай ч, гэрлийн хурдтай ч харьцуулашгүй их хурдтай./Зарим сурвалжид үгүүлэхдээ, “Нэг гарагаас нөгөөд хүрч буй сүнсний хурдыг төсөөлөх, тодорхойлох ямар ч боломж, чадвар хүнд байхгүй!гэж үгүүлжээ./
- Бүтээгч, амин цэнэгт хүч. /Матери өөрөө бүтээгч хүч болж эс чаддаг тул Сүнс материт оршиж өөрийн амин эрчимийг материйн биед өгсөнөөр сая бүтээгч хүч үүсч хөгжил эхэлнэ. Сүнс нь материаллаг биетэд нэвчиж, тэднийг хувьсал, өөрчлөлт, шинэчлэлтэнд идэвхитэй нөлөөлж, өөрийн абсолютхүчний үйлчлэлээр хөгжил, үйл явц, үл тасалдах орчилын нөхцөл, шалтгааныг агуулж, тэднийг өдөөгч, эрчимжүүлэгч болж байдаг. Бодисоор зүйрлэвэл,-Гал мэт! Гал бол гэрэл, дулааны эх үүсвэр. Гэрэл дулаан нь материйн хөдөлгөөн, шинэчлэл, хөгжлийн эрчимийг үүсгэгч болдог!/
- Дээд, туйлын үнэн буюу Бурханы ахуй, илч, гэрэл гэгээг дамжуулагч. /Хүний бие махбодын чинадад нэвтэрч, гэгэрлийн туйлд хүрсэн дээд хувилгаад, бясалгалчид, йогчид, зөн билигтнүүд үзэхдээ, Сүнс нь Бурханы мөн чанарт, хүний дотоод гүнд оршигч Бурханы элч гэж үздэг. Сүнс Бурханаас ирнэ. Хүн “үхэх” үйл явцынхаа төгсгөлд, дараагийнхаа төрөл авах үедээ газар дэлхий дээр гүйцэтгэх үйл, үүрэг,зорилгынхоо талаар Дээд Үнэний /Бурханаас/ айлдвар хүртдэг. Хүний “энэдэх” амьдралын турш Сүнс Бурхантай хамт байх агаад хүний махбодын үхлээр биеэсээ хагацмагц Бурхан өөд буцна. Сүнсний үүрэг нь,-хүнийг Бурхантай нэгэтгэх дотоод жолоодлого болж өгөхөд оршино гэж нотолдог./
Энэ бүгдээс ухан лавшруулж бодвол, матери , “Сөрөг матери” хоёрын уулзварт болон хүний бие махбод, Бурханы лагшин ахуй хоёрын уулзварт буй ер бусын нууцлаг зүй тогтолт “эргүүлгэн хулраас орон” ч гэх юм уу эсвэл, астрофизикчдийн нотолдогоор, өөр рүүгээ юуг ч, ямар ч их масстай биеийг татагч, өөрөөсөө юуг ч гадагш үл гаргагч “хар нүх” гэж нэрлэгддэг “хар биет” ч гэмээр юм уу, хүний төгс бус оюун ухаанаар танин мэдэж үл чадах “урвуу” ахууг нэвтрэн одогч “юм биш” зүйл нь сүнс юм шиг санагдана.
Мүүн Сон Мён багштан “Ертөнцийн зүй тогтолын тайлал” бүтээлдээ “хүн мөнх амьдрахыг хүсдэг нь угтаа мөнх оршин тогтнор сүнсэн биеийг агуулж байдагтай холбоотой юм!” гэж заажээ.
Кришка Тэнгэрийн “Бхагвагит” шаштирт номлохдоо. “Үхэх мөчид хүн юун тухай бодно, тэр бодлоо хүн үхсэн бие цогцосоо орхисон хойноо яг гүйцэлдүүлнэ!” гэж заажээ.
Сүнс нь, хүний эгэл нүдэнд үл харагдах бусад биес, бүтцүүдийн нэгэн адил хүний хүн болгоход болон амьдралын үнэ цэн, ач холбогдолыг тодорхойлоход хамгийн тдэвхитэй оролцогч хамгийн хүчирхэг, нууцлаг, далд “хий хүч” мөн нь өнөөдөр ямар ч маргаангүй бодит үнэн болжээ.
Хүний амьдралд нөлөөлөх сүнсний нөлөө, үр дагавар, сүнсний мутац хөгжлийн мөн чанарын олонлог үйл явцын учир шалтгааныг товтой илрүүлэн нээх, гүйцэд танин мэдэх арга боломж орчин үеийн шинжлэх ухаанд дутагдалтай байж болох ч энэхүү шаардлага цаашдаа шинжлэх ухааны эрэл, судалгааны ирээдүйгээс хариу нэхэх хамгийн ноцтой асуудал болж үлдэж ч магад.
Хүний амьдрал үхлээр дуусдаггүй, цааш нөр цаг хугацаанд сүнсний амьдралаар тасралтгүй үргэлжилдэгийг ухаарах, “Сүнсний амьдрал” гэдэг бодит үйл явцыг ухамсарлах нь өнөөгийн хүн төрлөхтөний аймшигтай бүрэлгэгч, зэвхэн хэрэглэгч, ад бирдийн мөн чанарт ахуу амьдралын хэв загвар, шинж төлөв, асар сөрөг үр дүнт үйл ажллагааны чиглэлийг эрс эерэгээр өөрчлөн, гэгээн ухаалаг, бүтээлч, нигүүлсэнгүй, гоо сайхан мөн чанартай болгох түүхэн шинэ зорилгыг хэрэгжүүлэх амьдралын цогц үнэнийг бүрэн бүтнээр нь цэгц логиктой танин мэдэх шинэ философи үе шат эхэлнэ.
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос