Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн хөгжлийн шинэ үе эхэллээ
2011 оны 10-р сарын 12-нд МҮХАҮТанхимын Үзэсгэлэнгийн их танхимд "Global HR Forum 2011" боллоо. Манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжлийн эрин үеийн босгонд тулж ирээд буй энэ үед мэргэжсэн чадварлаг боловсон хүчний эрэлт улам бүр нэмэгдэж байгаа билээ. Өсөн нэмэгдэж буй энэ хэрэгцээг хангах ур чадвартай ажилтануудыг бэлтгэхэд хүний нөөцийн удирдлага, боловсролын болон бизнесийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэх шаардлага гарч ирж байна. Тиймээс зөвлөлгөөнийг "Хүний нөөцийн менежерүүдийн шилдэг арга барилыг харилцан солилцох, дэлгэрүүлэх, орчин үеийн бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежментийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, мэдээллийн сан, сүлжээг үүсгэн хөгжүүлэх" зорилгоор "Менежментийн шилдэг арга барилын эрэлд" уриан доор явагдлаа.
Ихэнхи илтгэлүүдийн гол санаа нь бол хүний нөөцийн бодлогыг шинэ түвшинд гаргах цаг үеийн шаардлага ирсэн бөгөөд хувь хүний авъяас ур чадварт чиглэсэн урт хугацааны хөгжүүлэх хөтөлбөр,байгууллагын соёл, үнэт зүйлийг төлөвшил нь чухал байна гэж үзэж байсан.
Зөвлөгөөний үеэр "Хүний нөөцийн цахим сүлжээ" /http://hrnetwork.mn/ албан ёсоор нээгдсэн нь салбарын мэргэжилтнүүдийн хөгжлийн нэгэн шинэ хуудсыг нээлээ. Ингээд менежерүүд жилдээ ганц удаа биш өдөр бүр зөвлөлдөх боломжтой боллоо. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл зөвлөгөөний сүүлрүү тог тасарсан хэдий ч илтгэгчид микрофонгүй ярьж, сонсогчид тэвчээртэйгээр 1 цаг орчим үргэлжлүүлэн сонссоор байлаа. Ингээд яг дуусаж байхад тог ирсэн бөгөөд хүмүүс ингэж тэвчээртэйгээр сууж чадсан нь хүний нөөцийн мэргэжилтнүүдийн өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлийг харуулж байлаа. Мөн 10 сарын 15 нь Хүний нөөцийн менежерүүдийн өдөр гэдгийг мэдэж авлаа.
Зөвлөлгөөний үеэр дэвшүүлэгдсэн түлхүүр санаануудыг тэмдэглэж авснаа хүргэж байна
1. Ямар ч насны, амьдралын аль ч үедээ явж байж болох хувь хүнд сурч боловсрох, хөгжихөд туслаж ажил мэргэжлийн чиг баримжаа олгох нь чухал.
2. Үр дүн бүхий манлайлал чухал байна.
3. Тухайн ажилд шаардагдах суурь ур чадвараа хамгийн түрүүнд тодорхойлох нь чухал.
4. Нэг удаагийн биш ажлын байран дахь тасралтгүй сургалт чухал.
5. Монголынхоо талаар ямар ч төсөөлөлгүй, эх орондоо ирэх хүсэлтэй мэргэжилтнүүдийг дасан зохицуулах асуудал маш чухал.
6. ЛИДЕРИЙН ШИНЖ: Өөртөө итгэлтэй, бусадтай нийцэхүйц байдал, итгэн нийцэж болохуйц байдал, дасан зохицох байдал, суралцах байдал
7. Мэдлэгийг бүтээлч болгохын тулд мэдлэгүүдээ холбох хэрэгтэй. 35 үсгээр 200 мянган үг, 7 нотоор тоолшгүй ая зохиодог шиг мэдлэгүүдийг холбо.
8. Бичих, унших, ярих чадварыг сургаж байгаа боловч Сонсох чадварыг сургах хэрэгтэй.
9. Нүдэнд харагдахгүй өрсөлдөх чадвар нь Байгууллагын соёл юм.
10. Лидерийн шалгуур: Дагалдагчидийн үнэнч байдал.
11. Монгол бизнес кэйсүүдэд тулгуурласан сургалт чухал.
12. Хүнийг үр дүнгээр тооцохоос гадна турайн үр дүнг хэрхэн авчирсан бэ гэдгээр дүгнэх нь чухал.
13. Ур чадавхийн удирдлага /talent managment/ чухал.
14. Нүүдэлчин сэтгэлгээтэй хүнийг сандал дээрээ хөдөлгөөнгүй суу гэвэл тохирохгүй. Хөдөлгөөнтэй байж сэтгэдэг хүнийг хорьж болохгүй.
15. Хүнийг удирдах монгол ухааныг сайн судлах шаардлагатай байна. Энд тэндээс янз бүрийн чимэг зүүлт наах алиалагч мэт бүү бай.
16. Даяаршлагддаггүй зүйл гэж байдаг. Тиймээс монгол хүнээ сайн судлаж онцлогт тохирсон хүнийг хөгжүүлдэг тогтолцоог бий болгох хэрэгтэй.
17. Монгол хүний сэтгэлгээнд тохирсон удирдлагын арга барилаа боловсруулах шаардлага тулгарч байна.
18. Нүүдэлчин соёл иргэншлийн сэтгэлгээ одоо хүртэл байна. Тиймээс монгол хүнээ судлахгүйгээр гадны зүйлүүдийг хуулбарлаад үр дүнгүй.
19. Шившигтэйгээр шагнагдсанаас чимээгүй үхсэн дээр гэсэн нөхцлийг бий болгохгүйн тулд үзэмжээрээ бүү шагна.
20. Бага хүсэл эрмэлзэлтэй өндөр ур чадвартай хүнд дотоод мотиваци өг
21. Бага хүсэл эрмэлзэлтэй ур чадвар муу хүнд нэг бүрчлэн тайлбарлаж өг
22. Зарим газарт “Хэрхэн сайн мэргэжилтэн бэлдэх вэ” гэж ярьж байхад зарим нь “Хэрхэн сайн мэргэжилтэнг сугалах вэ” гэсэн сургалт явагдаж байгаа нь өрсөлдөөнийг харуулж байна.
23. Одоогийн бодовсролын систем өнгөрсөний боловсрол олгож ирээдүйг төлөвлөх, тооцоолох чадвары бага олгож байна.
24. Тухайн асуудлыг яаж тодорхойлж байгаагаас асуудлын шийдэл хамаарна.
25. Хэсэг хугацааны дараа техник хуучирдаг бол ХҮН-г үргэлж хөгжүүлж болдог.
26. Ямар ч асуудалд бүтээлч шийдэл байдаг.
27. Засгийн газар ирэх онд төсвийн байгууллагын цалинг 53% нэмэхээр болсон нь хувийн секторт хэрхэн нөлөөлөх нь маш төвөгтэй асуудал юм. Төсвийн байгууллага нь хувийн хэвшилийн татвараар цалингаа нэмдэг
28. Хүн бүр давтагдашгүй. Түүнийг хүлээн зөвшөөрч чиглүүлж, дэмжиж чадвал хүн бүрт төсөөлөөгүй их нөөц бий.
29. Удирдлагууд өөртөө таалагдах, өөртэйгээ адилхан ажилтнуудыг хайдаг нь ижил загвараар хэвлэгдсэн зомбинуудаар хүрээлүүлэх ёр болдог.
30. ESOP буюу ажилтнуудаа хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөрийг Голомт банк хэрэгжүүлж эхлэсэн.
31. Өөрчилж чадах зүйлээ өөрчилөх гар, өөрчилж чадах зүйлээ хүлээн зөвшөөрөх уужуу сэтгэл, энэ 2 зүйлийг ялгах ухаан хэрэгтэй.
32. Ажилтан сонгохдоо өөрөөсөө ч илүү хөгжих боломжтой, таныг шүүмжилж чадах ажилтан сонгоорой.
33. Удирдах ажилтан хүнд яг өөрт нь л таарсан хүн олддог.
34. Удирдах ажилтаныхаа хүссэн зүйлийг хийдэг, тохируулагдсан робот мэт ажилтан танд хэрэгтэй гэж үү.
35. Та ажилтнууддаа итгэдэг үү. Итгэдэггүй бол хянах хэрэгтэй болно. Удирдах гэдэг бол хянах биш хөгжүүлэх юм. Хянах шаардлага байгаа бол та буруу ажилтан сонгосон байна.
36. Би бүх ажилтанууддаа адилхан ханддаг гэж ярьдаг нь буруу юм. Хүн бүр давтагдашгүй учир харилцаа ч давтагдашгүй өөр өөр байх естой.
/Тавигдсан нийт илтгэлүүд http://hrnetwork.mn д тавигдана/