Хүний амьдралын хоёр зам
12 жил, 10 сар өмнө

Олон хүн юуны төлөө амьдарч байгаа ухаарах завгүй, хаашаа явж, хаана хүрэхээ төсөөлөхгүйгээр урд хойноо орон, манарч харанхуйлсан тоосон дунд зүг чиггүй  эргэж хуйлран, пижигнэлдэн давхих хүн сүргийн дунд бусдын ард орохгүй санаатай, заримд нь дэгээдүүлж, заримыг нь дэгээдэлцэж, шургаж унаж, зуурч босож байгаад л,  олсон юмаа голж чамлан үүрч тэврээд, дүүрэхээ үздэггүй том, баахан хүүдий сав чирэн, амь тэмцэн цухалдаж, олсноо алдчихвий, дурласнаа авахгүй өнгөрөхвий гэсэн айдас түгшүүртэй, уралдан тэмцэлдсээр явтал нэг өдөр өмнө нь гүнзгий ангал гэнэт гарч ирж, биеэ татаж авах гээд ч амжилгүйгээр унахдаа ганцхан удаа л уралдах боломж олдсон юмсан, бариа хаана байсныг ч мэдэж амжсангүй, тэрнээс энэнээс л боллоо, тэгдэг ч ингэдэг ч байж гэх мэтээр хэмжээлшгүй ихээр харамсан хоргодсоор сэтгэл дундуур одох юм даа.

Гэтэл эргэн тойрноо тайван ажиглаж, цэцэгсийн анхилуун үнэр, байгалийн сайхныг мэдрэн, тааралдсан болгонд талархан баярлаж яваа аялагч шиг илүүд шунахгүй, хэрэгтэйгээ дутаахгүй, үүрсэн ачаандаа түүртэхгүй, өөрийн болон хүний мөр дээр саад овоолохгүй, таарсан жалга, даваа, ус, гал, шуурга, мөндөр бүрийг тэнцвэр алдахгүйгээр туулан гарч, аргад суралцан, тэр бүгдийг араас яваадаа гэтлэх аргатай нь зааж үзүүлж, хэрэггүй тээшээ хог дээр орхиж, хүрэх оргилоо нүдэндээ харж, замын зургаа барин, өртөө буудлаа төлөвлөж, тэрхүү гэрэлт оргил руу няцалтгүй шударгаар, адгаж яаралгүй урагшлан өгсөж яваа аз жаргалтай аянчид ч байдаг юм байна.

Энэ хоёр замын хөдөлгөөн нэг чигт биш эсрэг урсгалтай учир огтлолцдоггүй.

Зовлонд унах замыг орхин, жинхэнэ жаргалд хүргэх замд орж болдог атал зүүсэн нөлөөтэй шилээ аваагүйд нь тэр сайн зам  харагдахгүй. Харин жаргалын замаар замнагчид зовлонгийн замыг тод хардаг тул тийшээ очихыг хэн нь ч хүсдэггүй. Зарим нь тэр замаас ирсэн байдаг. Тэд зовлонгийн замаар зорчигчдыг хайрлаж, зөв зам руу гаргасан мөрөө зааж үзүүлсээр байдаг учир цөөн ч гэсэн зарим нь тэдэн рүү ирж нийлдэг. Зовлонгийн замаас гарахыг оролддог хүн тасардаггүй.

Асуудал хоолойд тулаад ирэхэд хоолоо хасах, дургүйгээ идэх, тураах төвд хичээллэх гэх мэт салаа замд ордог ч, тэр нь хол явалгүй эргээд зовлонгийн дардан замдаа нийлчихнэ. Энэ замыг орхиж яваад эргэж ирээгүй хүмүүсийн мөр тодоос тод гарсныг харсан ч “төөрөөд бүр муу зам руу орсон гэсэн” гээд дагахгүй.

Эцсийн буудал дээр хүлээж байдаг жаргал, зовлон байхгүй. Эсвэл өнгөрсөн буудал дээр тэднийг анзааралгүй дэргэдүүр нь өнгөрөх ч гэж байхгүй. Харин хүн амьсгалж байгаа агшин бүрдээ жаргал зовлонгийн аль нэгийг нь үүсгэх үр тарьж, өмнө нь тарьсныхаа жимсийг одоо цагт л хүртдэг.

Иймээс хүний зам жаргал, зовлонгийнх бөгөөд аль аль нь үүсээд устдаг нь жам учир араас нь алийг нь шинээр үүсгэхээ ч одоо цагт л сонгодог ажээ.