ХҮНИЙГ БҮРДҮҮЛЭГЧ ЯЗГУУРУУД /Бие, ухаан, сэтгэл, сүнс, амин орон/
13 жил, 1 сар өмнө

Монголын уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэх, бүхийл үйл ажиллагааны ололт амжилт нь арга билгийн онолын ёсоор хүмүүний бүрдэл  язгуурыг зөв тогтоохоос эхлэнэ. Анагаах ухаан өөрийн судлагдахуун, үйлийн биет болсон хүний бүтэц    бүрэлдүүлбэрийг бүрэн зөв тогтоон тэдгээрийн илрэх шинж далд мөн чанар бие биетэйгээ уялдан барилдсан харилцааг таниж мэдэхгүйгээр хөгжих /үнэнд хүрэх/ боломжгүй. Орчин үеийн анагаах ухаан ;Монголын уамжлалт тэжээхүй ухаан хоёр хүний бүтэц бүрдүүлбэрийн тухай хэрхэн үздэгийг   авч үзье. Өрнийн анагаах ухаан: Хүнийг бие ухамсар гэж хоёр үндсэн хэсэгт хуваажээ. Биеэ, эрхтэн, эд, эс, молекул хүртэл    жижиглэн задалж судалж эндээс  цааш хэсэгчлэн судалсан ч ялгаагүй биетийн шугамаас огтхон ч хазайсангүй. Чухамдаа амь биеийн хувьд ийм судалгаа шинжилгээ нь дэндүү явцуу юм. Ухамсар оюун   ухаан, сэтгэл гэсэн хоёр үндсэн нэгжтэй авч үздэг ч тэр хоёроо сайн   ялгаж салгаж ойлгоогүй байгаа шүү дээ. Энэ тухай сэтгэл судлал   анагаах ухаанаасаа хавьгүй илүү олон юм нээж мэдсэн боловч төгс төгөлдөр болоогүй. Мөн л сэтгэхүйн хүрээн доторхыг л онгичиж байна. Өрнийн анагаах ухааны тухай бид их мэддэг учир би илүү олон үг хэлэхээ больё. Монголын уламжлалт анагаах ухаан хүний бүтцийг арга-билэг, /дүрс-оюунаг тал / гэж хоёр хуваадгаараа урьдахтай төстэй. Хоёр дахь зэргэмжээрээ дүрсээ долоон тамир, гурван хир, гурван гэмийн харьцаагаар судалдаг. Гурав дахь зэргэмжээрээ таван цул, зургаан сав, гурван бүлээн болгон үзээд, дөрөвдэх зэргэмжээрээ хий, шар, бадгана, таван мах бодийн хийсвэрлэл рүү нарийвчлан нээчихүй. Энэ нь хүн орчлонт ертөнцийн нэгэн болохын баталгаа. Тав дахь зэргэмжээрээ гадаад дотоод хийн гүйдэл, хүрдийн тухай сургажээ. Биет /дүрсийн/судалгаа жижиглэн  нарийвчлах,  хийсвэрлэн  баримтлахыг хослуулан судалснаараа давуу юм. Хоёр дахь үндсэн хэсэг билэг: Ухаан, оюун, оюун ухаан, сэтгэл,  амь сүнс, харилцан нягт барилдан зургаан дэд язгуураар тунгаан тогтоочихуй.

Хүмүүний бүрэлдэхүүний гурав дахь   үндсэн хэсэг нь амин орон юм. Монголын уламжлалт гүн ухаан анагаах ухааны онол нь дүрс-билэг-амин орон гэдэг хүмүүний бүрэлдэхүүний гурван бодилог чанараасаа, сахиус сүлд, хийморь гэсэн гурван хийсвэр бодит ойлголт гаргаж онош. эмчилгээ, урьдчилан сэргийлэлтээр ашигладаг. Эцэст нь орчлон ертөнцийн харилцан барилдлага урьдах төрөл, өөрөөс хамаардаг, төөрөг тавилан, хувь тавилан, хувь заяа, заяа буян гэсэн хийсвэр бодит ойлголтыг нээж хүмүүний бүрэлдэхүүний салшгүй хэсэг болгожээ. Хүнийг билэг - арга хийсвэр оюунлаг талаас нь үзвэл: Хүний ухаан нь төрмөл юм, оюун нь олдмол зүйл, оюун ухаан нийлмэл юм. Хүний төрмөл ухааныг хүмүүн төрөлхтөн хуримтлуулсан оюуны сангаар гүнзгийрүүлэн хөгжүүлдэг. Оюуны санг ухааны нээлтээр баяжуулан арвижуулдаг. Энэ гурвуул тархины бүтээл учраас бодилогч юм, хийсвэр ч юм. Үйл нь бодож, сэтгэнэ, шүүж тунгаана, дүгнэж цэгнэнэ, нээж бүтээнэ. Оюун ухаан эрүүл аж төрөхөд их чухал үүрэгтэй ч сэтгэлийн жолоогоо хумьж эс чадаад өвчин эмгэгт хөтлөгддөг. Оюун ухаан үүнийгээ мэдээд мэргэн шийдэл зөндөө гаргадаг ч, бахь байдгаараа үргэлжлэх нь бий. Сэтгэл,дотоод ухамсар, зүрхний харьяалалтай учир дүрсэд төөрч яваа бид онон барихад бэрх юм. Гэвч сэтгэл нь маш бодилог чанартай. Түүнийг бясалгалаар дээд гэгээрэлд хүрч гэмээн учир начир нь илэрхий болдог гэнэм. Сэтгэлийн үйл нь: хайрлана, энэрнэ, нигүүслэнэ, гомдоно, үзэн ядна, баярлана, айж эмээнэ, зориг зүрх гаргана. Ухаан нь хүйтэвтэр боловч хүнлэг чанарыг давуу илэрхийлдэг. Сэтгэл нь амьтанлаг шинжээр илүүтэй юм. Гэвч сэтгэлийн гүн далд 4А бурханлаг чанар оршино. Хүн бүр сэтгэлтэй учир хүн бүрийн дотоод далд бурхан чанар буй. Хүн бүр бурхан болой. Гэтэл хүн өөрийн сэтгэлийн наад амьтанлаг илэрлийн хүсэл шуналд хөтлөгдөн ухааны луужинг эс хайхран, өнгө мөнгө, хоол унданд шунан ээнэгшдэг. Сэтгэл нь ухаанаас хавьгүй илүү бүтээлч юм. Харамсалтай нь түүнийгээ мэддэггүй. Хүний сэтгэлийн хөдлөл өөр өөрийн өнгө гэрэлтэй тэр нь орон зайд цацагдан тохирох долгионд нэгдэн хуримталсаар «сэтгэл мандлыг үүсгэнэ, Өш хонзон, хараал зүхэл, хэрүүл маргаан, гоморхлын «заналхийлэгч » орон байхаас гадна хайр халамж, итгэл бишрэлийн «ивээн тэтгэгч» орон бас бий. Энэ хоёр орон нь хүмүүний эрүүл саруул оршиход идэвхтэй нөлөө үзүүлдэг. Үүнийг нь монголын уламжлалт анагаах ухааны их мэргэд мэдээд өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүл байх өвчнийг илааршуулан засахын аль алинд нь чадамгай ашиглаж байжээ.

Оюун-ухаан уураг тархины бүтээл юм бол сэтгэл юуны бүтээл вэ? Одоохондоо тодорхой хариулт гараагүй байна. Монголын уламжлалт гүн ухааны онолоор бол сэтгэлийн цаад далд үндэс нь «Сүнс» юм.  Хүн төрөлхтөн сүнснийхээ эрэлд өнөөдөр л гарч байгаа юм биш. Өнө эртнээс бясалгалаар дээд гэгээрэлд хүрч сүнсээ танин барьсан мэргэд цөөн биш. Тэд дүрсийг л хүлээн авахаас өөр боломжоо нээж олоогүй бидэнд ойлгогдохоор доошлуулан тодорхойлох боломжгүйг ч бас мэджээ. Өнөө үеийн эрдэмтэн мэргэд сүнс бий гэж бараг бүгд зөвшөөрөх боллоо. Тэдний хэн ч баталж чадаагүй, баталж чадах ч үгүй. Зарим нь сүнсний тухай тун ч гэнэн тодорхойлж, тэрнийг нь үнэмшин дэвэрсэн үг өгүүлбэр ном хэвлэлд байдаг. Сүнс тавин грамм жинтэй ч гэх шиг. Сүнсний зураг гээд дэлгэсэн арьс шиг юм хэвлэсэн харагддаг. Энэний аль нь ч бясалгагчдын хүрсэн тэр сүнстэй зүйрлэхийн аргагүй болхи бүдүүн юм. Биесээс молекул нарийн, молекулаас ухаан нарийн, ухаанаас сэтгэл хавьгүй нарийн. Сэтгэлээс сүнс илүү нарийн илүү нийлмэл илүү бодилог төдийгүй мөнх юм. Дүрст ертөнцөд мөнх юм үгүй гэвэл сүнс дүрсгүй юм. Хэт нарийн дүрстэй гэж үзвэл тэр нь тайаан электороноос ч баримжаалахын аргагүй урт настай юм. Электрон гаднын сэдэлгүй тайван байдалдаа 10 жил настай биздээ. Сүнс хүний эрүүл мэндийн анхдагч бодит байдал юм. Сүнс гэдэг шилждэг хэт эгэл, хэт нягт « цэнэгт орон »мөн. Хүмүүний амьдралын учир утга сүнсийг ойлгоогүй цагтаа амьтнаас ялгаагүй. Ухааны гэрлээр сэтгэлийн жолоогоо хумин зориг тэвчээрийн хүчээр биеэ эзэмдэн цэвэршүүлж бодол бодлоор ухаан сэтгэлээ ариусган дотоод мэлмийгээ нээж бурхан чанараа олж мэдэх боломж цорын ганц хүнд оногджээ. Эрүүл саруул аж төрөхийн дээд тэмүүлэл-дээд энэ болой. Энд хүргээд зогсох бус эндээс хэрхэн дээшлэхээ тэд өөрсдөө мэднэ.

Х.Цэрэндорж "Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" номоос