ХҮМҮҮН гэгч бурмаар бус, УРМААР л амьдардаг сэтгэлийн амьтан...
11 жил, 8 сар өмнө

Энэ орчлонд хүмүүн болж төрсөн ховорхон заяаны эзэн танд энэ гайхалтай өдрийн мэнд хүргэе. Бидний амьдралын өдөр бүр аз жаргалаар дүүрэн биш бөгөөд нүдэнд нулимс дүүрч асгаран урсах өдрүүд ч байдаг. Гэхдээ миний хувьд  тийм өдрүүдэд ч  сайн сайхныг мөрөөдөн  гайхалтай хэмээх үгийг сэтгэлдээ шивнээд босон алхдаг. Яагаад гэвэл зовлон гунигтай байсан ч намайг тайвшруулан, баяр гунигийг минь хуваалцах монгол ахан дүүс маань, эх орон минь байгаа цагт энэ амьдрал гайхалтай бөгөөд үнэтэй гэдгийг ухаарсан билээ... Тиймээс ч амьдралын утга учир, үнэ цэнэ болсон хайртай хүмүүсийнхээ төлөө, эх орныхоо төлөө өчүүхэн ч болтугай сайн үйлсийг хийж бүтээхийн төлөө бусдад туслахын төлөө хүсэж зүтгэсээр ирсэн. Харин энэ хүслийг минь ойлгож хүндэтгэн үзэж үргэлж дэмжсээр ирсэн хүмүүсийн нэг бол Ж.Лувсандорж ах юм... 5 жилийн өмнө Лук ах бид 2 танилцаж хүмүүсийн харилцааны тухай, нийгмийн тухай, эх орныхоо ирээдүйн тухай их л удаан ярьж байсан санагдаж байна. 5 жилийн хугацаанд Лувсандорж ах санасан бодсон их олон ажлаа амжуулж  бас хэлсэн үг, ярьсан яриагаа мартаагүйгээр барам надад сайн сайхныг бусдад түгээхийн төлөө хамтран ажиллах сайхан саналыг тависан юм. Ингээд  Яруу сэтгэгч сониныг санаачлагч, сайн сайхныг бусдад түгээгч Лук ахтайгаа хамтран ажиллахаар яаран ажилдаа орлоо. Хүн бурмаар бус урмаар амьдардаг болохоор урам хайрлаж итгэлээ өгсөн Лук ахдаа дахин баярлалаа....  Цаашид Монгол иргэн бүрт урам зориг, эрч хүч, ухаарлыг бэлэглэхийн төлөө, хийсэн бүтэээсэн үйлс арвинтай яруу сэтгэгчдийнхээ оюуны талхаас хүргэхийн төлөө хичээн ажиллах болноо. Ингээд та бүхэндээ 2013 оныг хамтдаа амжилт бүтээлээр дүүрэн өнгөрөөхийг хүсэе....