Хэдэн хэл мэднэ, тэр тоолондоо төчнөөн хүн болдог
Хэдэн хэл мэднэ, тэр тоолондоо төчнөөн хүн болдог
/Бямбын Ренчин/
Мэдлэг нь хүч, мэдээлэл нь хурд болсон эрин зуунд амьдарч байгаа болохоор юм бүхнээс хоцормооргүй санагдана. Өмнө минь дэлгээтэй цааснууд мэдэхгүй хэлээр дурайна.
Уншиж сурахсан гэх чанадын хүсэл оргилход хэдэн сарын өмнөөс цээжилсэн чамгүй хэдэн үг минь үнэхээр багадаад байна. Тэгээд хэл сурахын сайхныг шимтэн шимтэн бодлоо…
Эх нутгийн минь хэл, хилээс гадна энэ дэлхийн хэл, хил гэж бий. Тэнд хүрэхэд тийм амар биш ээ! Сурах гэдэг үг энэ үед л хүний оюунд үйлчилдэг юм даа.
“Би монгол хүн!” гэж өөр улсын хэлээр ярих бахархал шүү. Энэ тухай сонсч байлаа. Сонсчихоод өөрөө хэлэхсэн гэж яарч байлаа. Өөр улсын хэлээр торохгүй яриад инээж байгаа бусдын чадварыг үнэлдэг. Энэ чадварын цаана хичээл зүтгэл байдгийг мэдэрдэг.
Англи, Франц, Герман, Орос, Хятад, Солонгос, Япон…гээд мэдэхгүй орны хэлийг эзэмшиж яваа олон олон монгол хүмүүс байгаа.
Хэл сурна гэдэг чихэр амталж идээд цаасыг нь хөсөр хаядагтай адил зүйл биш ээ. Гадаад хэл сурахад хялбар мэт санахдаа хөөрцөглөж, зуур холын бэрхшээлд тэгсхийгээд гээчихдэг хугархай хэлтэн байснаас түүхийг нь сайн мэддэг сонсогч байсан нь дээр.
Тийм болохоор энэ дэлхийн хэлийг суръя гэвэл хүсэл эхлээд байх хэрэгтэй. Хүслээ дэврээж өгөх урам мэдрэх хэрэгтэй. Урмаа итгэл болгон бүтээх зориг байх хэрэгтэй. Зориг байхад мэдлэг түлхүүр болж мэдэхгүй байгаа тэр ертөнцийн хэл, хил хоёрын оньсыг тайлж өгдөг.
Харин миний хувьд англи хэлээр ойлгож сурахсан гэх хүсэл төрөөд удаж байна. Өдөртөө 10-н үг, цаашлаад 20-н үг цээжлээд урамшдаг.
Гэхдээ урмаа итгэл болгоод зориглож хараахан эхлээгүй л байна. Яагаад гэвэл, өөртөө шалтаг өгөөд сэтгэлээ өөр зүйлд зарцуулах цаг минь дэндүү олдоод байна. Ийм байхад хэл сурах гэсэн итгэл минь зоригоор дутдагийг анзаардаг. Тэглээ гээд ухрахыг хүсэхгүй байна. Бас хэзээ нэгэн өдөр сурах биз дээ! гээд бодлынхоо урсгалд зомгол болмооргүй байна. Тиймээс хэл сурах багагүй цагийг өдөр болгон өөртөө өгөх болно. Магадгүй залхах л байх. Гэвч энэ залхалтыг даваад гарвал миний өмнө тэр улсын хэл хил хоёр угтна гэдэгт итгэдэг.
Өвөөгийнхөө өмнө “Нi” гэж мэндэлчихээд хэл мэднээ гэж онгирох хэрэггүйг,
Өрөөл бусдад “No, Yes” гэж хэлчихээд хэл сурлаа гэж бардах хэрэггүйг,
Өөдрөг сэтгэлээ өвөртөлж өөр улсад зорчлоо ч өв соёлоо мартах хэрэггүйг би мэднээ.
Утгын мэргэн оюундаа ухааны онч үгтэй Ренчин авхайн хэлснээр хэл сурна гэдэг хүн болохын гэгээрэл юм боловч хэл сурахын тоолонгоор хазгай хэлтэн болно гэсэн үг биш.
“Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг ардын мэргэн үгийг санаж аливаа хэлийг суръя гэвэл хүндэтгэлтэй хандаж түүх соёлоос нь ч бас суралцацгаая залуус аа!
Өмнө минь дэлгээтэй цааснууд мэдэхгүй хэлээр дурайна. Ухаж ойлгох гээд нэг цаасыг онцлон авч харлаа. 1 биш, 2 биш…10 биш нэлээд хэдэн үгийг би мэдэж байна.
Уншиж сурахсан гэсэн хүсэл минь оргилж толь бичиг яаран авлаа. Тийм ээ, би гадаад хэл сурах болно. Та ч бас сурахад оройтоогүй ээ!
Амжилт хүсье.