Хуурын эгшиг
11 жил, 6 сар өмнө

Үе дамжсан морин хуур урлаач Өвөрхангай аймгийн Хужирт сумын  иргэн Э.Дагвасүрэнтэй ярилцлаа. Тэрээр сүүлийн 20 гаруй жил морин хуур урлаж буй ажээ.

Юуны өмнө танай сайтаар дамжуулан иргэдтэйгээ уулзаж байгаадаа маш баяртай байна.   Монгол улсын иргэддээ энэ өдрийн мэнд хүргэе. Сайн үйлсийг үнэ төлбөргүйгээр сурталчилж буй та бүхэн зорисон зорилгодоо хүрэх болтугай хэмээн тэрээр биднийг  угтсан юм.

Таны үйлс бүтэмжтэй  байна уу? Морин хуурын эрэлт хэрэгцээ хэр байна вэ?

Бүтэмжтэй байгаа, Эхний үед гүйлгээ муу  байсан ч сүүлийн жилүүдэд сайжирсан. 2010 онд билүү дээ Ерөнхийлөгчийн зарлиг гарсанаас хойш Монголчууд илүү их морин хуураа дээдэлж, үнэ цэнийг нь мэддэг  болсон санагддаг.  Тэр дундаа гадаадын жуулчид илүү их авч байна. Хийж гүйцэхгүй байгаа, дэлгүүрүүдэд аваачаад өгөөд дороо дуусчихдаг.

Таны хувьд морин хуур урлахад хэцүү зүйл тулгардаг  уу?

Гайгүй шүү, гэхдээ сайн чанарын мод ховордож байна. Монголдоо байгаа модоор голдуу хийдэг. Зандан мод олдохгүй байгаа.

Таны аав морин хуур урлаач байсан гэсэн.  Танд юуг их захидаг байв?

Манай аав их уран хүн байсан. Аав маань аливаа зөв үйлс бүр өгөөжөө өгдөг. Ямар ч зүйлийг зөв гэж бодвол бүү орхи гэж захидаг байлаа. Тиймээс ч би аавынхаа үйл хэргийг үргэлжлүүлж яваадаа баяртай байдаг. 4 эрэгтэй дүү нар маань ч бүгдээрээ морин хуур хийдэг.  Хөдөө 2 нь байгаа.

Морин хуур хэдэн төрөл байдаг вэ?  

Жижиг, дунд, том, мастер, тоглолтын, сургалтын, сувинер гээд төрлүүд байгаа.

Алийг нь хийхэд хэцүү байдаг вэ? Ер нь морин хуур урлаачид холбоотой байдаг уу?

Мастер морин хуур хийхэд хэцүү байдаг болохоор хийдэг хүн ч цөөн байдаг. Архангайд Дэмчигжав гэж хүн дуулддаг. Морин хуур хийдэг хүмүүстэйгээ холбоотой байдаг.  Байгальжав, Уламбаяр, Баяраа гээд танина.  4 жилд нэг удаа хуурын тэмцээн болдог. Тэмцээнд аймаг бүрээс урлаачид ирж уулздаг шүү.  

Морин хуур хийцээрээ  танигддаг гэж сонссон юм байна.  

Тийм ээ, илт ялгардаг. Түүний хийсэн хуур байна гээд л таниулаад л өгнө шүү дээ.

Хүмүүсийн хүссэнээр, захиалснаар л морин хуураа хийдэг гэж байсан. Элдэв чимэг, нэмэлт зүйлүүд их хийлгэж байх шиг ажиглагддаг.  

Сүүлийн үед хүмүүс хуурны дөрвөн талд нь 4 хүчтэнг суулгахыг захиалдаг болсон. Энэ загвар их цэвэрхэн аятайхан болдог. Зарим хүмүүс морины толгойны оронд арслангийн толгой, лууны толгой хүртэл хийлгэхийг хүсдэг.

Морин хуур гэдэг утга нь алдагдахгүй юу? Та хийж өгч байсан уу?

Өгч байсан. Гэхдээ ер нь бол морин хуур, үндэсний өв соёлыг илтгэх байдал нь алдагдаж буй байдал юм. Тиймээс ч миний хувьд дэмждэггүй, дургүй байдаг.  Рок попынхон голдуу захиалдаг юм байна лээ.

Ямар хэлбэрээр хийвэл сайхан санагддаг вэ?

Сүүлийн үед хятадаас орж ирж байгаа морин хууруудыг харахад цутгамал 8 шарга ч юм уу, морь нүүрээр нь наачихдаг. Илүү дутуу зүйл хийх хэрэггүй санагддаг. Цулгайгаар нь хөглөөд хийж болно. Мөн уламжлалаа дагаж хийвэл ширэн цартай хийвэл зүгээр.

Хүү, охин нь хаана сурдаг вэ? Гэр бүлийнхэн нь таны үйлсийг хэр их дэмждэг вэ?

Манай гурав чинь хамгийн их дэмжинэ. Эд нарынхаа дэмжлэгээр өдий зэрэгтэй явж байгаа. Үндэсний өв соёлоо таниулж, сурталчилна гэдэг амаргүй, их нарийн ажил л даа. Эхнэр бол зүлгүүрдэх гэсэн том ажлыг нугалж өгдөг. Хүү охин хоёр хичээл номынхоо завсраар тусалдаг. Охин анагаах, хүү Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2-р курсд суралцаж байгаа.

Залуучууд морин хуурыг хэр их сонирхдог вэ? Хийж суръя гээд ирдэг үү?

Залуучууд хааяа ирдэг. Гэхдээ сар ч болоогүй яваад л өгчихдөг.   

Яагаад?

Мэдэхгүй, зарим нь жоохон дөртэй болоод л явчихдаг. Гүйцэд сурлаа гэж боддог юм болов уу? яваад л өгдөг.

Хэдий хугацаанд сурах боломжтой вэ?

Үнэхээр сонирхсон, шамдсан хүн дор хаяж 2 сар сурна.

Та одоо дахин заах уу?

Зааж болно, гэхдээ олон шавьтай болж чадахгүй, цөөхөн хүмүүсд эхний ээлжинд заана. Цаашлаад хамтран ажиллах багтай болмоор байна.

Танд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх ямар санал, санаачлага байна вэ?

Нэгд гадаадад борлуулмаар байна.  Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид гадаад руу гаргаж борлуулахыг хүсдэг.  Хоёрт Кридет Монгол банк бус санхүүгийн байгууллагаас 3.6 хувьтай 2 жилийн хугацаатай 3 жилийн зээл авсан байгаа. Энэ намар төлж дуусаад дахиад зээл хөөцөлдөнө дөө. Гэхдээ хөнгөлөлттэй зээлэнд хамрагдах гэтэл барьцаа хөрөнгө шаардсан. Барьцаа хөрөнгө байхгүй.  Газраар барьцаалж зээлдэггүй юм байна. Тэгэхээр хугацаа урт, бага хүүтэй зээл олдвол өөрсдийгөө болгоод эргээд төлчихөж болно л доо.

За баярлалаа.  Таны ажилд тань амжилт, гэр бүлд тань амар амгаланг нийт уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.