Хуримын ерөөл, хуримын дэг, хурим найр гэж юу вэ, хуримлан найрлах ёс уламжлал
2 жил, 4 сар өмнө

ХУРИМ НАЙР ГЭЖ ЮУ ВЭ, ХУРИМЛАН НАЙРЛАХ ЁС УЛАМЖЛАЛ

Хурим найр гэдэг нь аливаа зан үйл, их үйл хэргийг бүтээсэний ар дээр тухайн бүтээсэн үйл хэргийнхээ үр шим, хишигийг тосон хуран чуулж, хуримлан цэнгэж, сөн нийлэн сангаа хураан дүүргэж байгаа үйл бөгөөд тухайн үйл хэргийг бүрэн дүүрэн болгож байгаа салшгүй нэг хэсэг нь юм.

Хуран чуулан их үйлийг бүтээсэн тул хур- им, най тухайг үүсгэн цэнгэж байгаа тул най- ир болж байгаа хурим найр гэнэ. Хурим найрын гол чухал нь их үйлийг бүтээсэн, ерөөл учралыг бий болгосон анд нөхөд, ахан дүүс, ахас, ихэс, уул ус, өндөр тэнгэртээ гялайн талархаж, хөгжил баяслаар дуу хуурыг тэнгэрт өргөх юм. Хуримын оролцогчид бүх зүрх сэтгэлээсээ өр зүрхээ дэлгэн, өөрийгөө хөглөн эгшиг дуугаа өргөн, хуур хөгжимөө эгшиглэн, бие сэтгэлээ ирлэн биелэн бүжиглэн цэнгэдэг. 

 Тиймээс зөвхөн хосууд эцгийн галаас гал тасалж өрх тусгаарлахыг хурим гэж нэрлэхгүй нь ээ.

Хосуудын хуримлах ёс нь олон төрлийн хурим найраас нэг л төрлийн хурим найр нь юм.

Хосуудын хурим гэдэг нь эр бие өсөж эрийн цээнд хүрч, галаа мануулах хань ижлээ сонгож, удмын галаа мөнхөд үргэлжүүлж, эцгийн галаас галаа тасалж, өрх гэрээ барин, галаа тахиж байгаа зан үйл юм.

Хосын хуримын гол зорилго нь, ураг барилдагч талууд удам, судараа мэдэлцэн, зан зангаа авалцан, цаашид мэнд устай, дэм тустай явахын үүдийг дэлгэж, үгээ өргөх үйл билээ.

Тиймээс талууд уул ус, удам угсаагаа таниулан, зан, чанараа нэгэндээ дэлгэн, хийсэн бүтээсэн үйл хэрэгээ дэлгэн таниулах нь хамгийн чухал билээ. Мөн удам, ургийн бичгээ солилцон таниулдаг ёс бий.

ХОСЫН ХУРИМ НАЙРЫН БЭЛТГЭЛ АЖИЛ

  1. Хоёр талын ахмад настануудтай урьдчилан уулзан золгож, уул ус, удам урагийн талаар хууч яриа дэлгэн бичиж тэмдэглэж, дуу, дүрсжлүүлэн авах нь чухал. Энэ дүрс бичлэгийг урьдчилан бичиж хуримын үеэр дэлгэн үзүүлэхээс гадна архивлан хадгалах юм. Ингэж урьдчилан бэлтгэн үзүүлснээр богино хугацаанд их мэдээлэлээр хангахаас гадна олон хүний өмнө тулгамдахаас сэргийлдэг.
  2. Хоёр талын хүндтэй хүмүүсийн намтар, түүх, хийсэн бүтээлийг урьдчилан бичиж тэмдэглэж авах нь чухал
  3. Зочдын жагсаалтыг гаргаж урилга түгээнэ
  4. Ирсэн зочдыг танилцуулах хүмүүсийг урьдчилан сонгоно. Зочдоо танилцуулахдаа нэр ус төдий биш үүх түүхтэй, амжилт, бүтээлтэй нь байвал их сайн.
  5. Хосуудын хүүхэд наснаас эхлээд өдийг хүртлэх түүх, замналыг илэрхийлсэн танилцуулга, фото зургийг түүхүүдийг урьдчилан бэлтгэж танилцуулвал их сайн байдаг. Талууд хүүхдүүдийнхээ талаар илүү их мэдээлэлтэй болж чаддаг.
  6. Хуримлагч хүүхдүүддээ сургааль захиасаа хэлэхээс гадна, давуу сул, зан чанарыг нь тайлан хэлж танилцуулвал хосууд нь цаашид нэгнээ өргөн дэмнэхэд их тустай байдаг.
  7. Талуудаас урлаг, уран сайхны авъяастай хүмүүсийг урьдчилан мэдэж, зориуд цохсон урлагийн үзүүлбэрийг бэлтгэх боломжтой.

ХУРИМЫН ЦАЙЛЛАГА

Хуримын ёслолын үйлдсэний дараа хуримын цайллага найрыг зохион байгуулдаг. Энэ үеэр тал талаас маш их ерөөлийг хэлэх ёстой юм. Хуримын ёслолыг зөвхөн хуримын ордонд хийнэ гэсэн ёс байдаггүй бөгөөд ёслол үйлдэж сурсан туршлагатай хүмүүсээр удирдуулж хүссэн газраа хийлгэж болдог юм байна.

 

Ерөөл

Зээ
Хуримлагч хосын нэрс
.....................................................
.....................................................
Өвөг дээдсийнхээ ариун голомтыг өртөөлөн залгамжилж
Гал голомтоо бадрааж буй билэгтэй сайхан энэ өдөр
Үгийн сайхнаар ерөөл өргөж
Сэтгэлийн сайхнаар бэлэг барияа
Эцгийн ариун голомтыг
Ган тулгандаа бадрааж
Золгон учирсан энэ өдрөөс
Сэтгэл итгэлээрээ хайраа тэтгэж
Хазайсан газар нь нэгнээ түшиж
Хальтарсан газар биесээ тулаж
Нэгэн бие мэт нийлсэн сэтгэлээрээ
Насан буянаа тэгшитгэж яваарай.
Өвгөдийн шийрлэсэн хасагт тулганд
Өөдөө цоролзсон галаа өрдөж
Өрхөн дээр цугласан
Долоон бурханд
Өлгийтэй үрийнхээ дууг сонсгохоор
Өнөр өтгөн сайхан айл болоорой.
Ургийн холбоо батжих болтугай
Удмын өлзий дэлгэрэх болтугай
Нарт хорвоогийн буяныг эдэлээрэй
Насан туршид хамтран жаргаарай.
Амраг хосын эвийн сэтгэлээс мандсан
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг түшиж жаргана гэдэг чинь
Алаг эрээн хорвоогийн жам л юм шүү
Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жам л юм шүү
Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жам л юм шүү
Уйлах инээх хоёрт цугтаа байж
Унах босох хоёрт хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин жаргаарай

Энд ерөөлийг бүрэн эхээр оруулав

 

Зочидод хандсан

Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя!

 

Хуримлагч хос-д хандсан

Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл болж буй .......
Тоонот гэрээн барьж
Тогтуун жаргалтай амьдарюү
Тулгандаа галаан бадрааж
Түвшин жаргалтай амьдарюү
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдарюү
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөрюү

 

Хуримын цайллагын дэг

Бэлтгэл ажил:

Микрофон, аппарат, камер,
Хэлэх үгс, шилдэг ширээний шагнал
Хуримын дуу, гэр бүл, аз жаргалын тухай дуу, бүжгийн ая 
Зурагчин, зураглаач, дуучин, хуурч бэлтгэнэ

Эхлэл:
Суудлын төлөвлөгөө гаргана.
Ширээгээ зассан байна
Зочидоо угтан авч, ширээнд нь урьж суулгана. /2-3 охид/
Ширээ бүрийн ловон болон сөнчийг сонгоно. Учир утгагүй сонтотлоо уухдаа гол нь биш хөглөн, хөгжин, баясахдаа гол утга учир нь байдаг.
Хүн бүрт цайгаа барьсан байна

Ерөөл хэлнэ

Морин хуур
Уртын дуу /жавар үргээнэ/ /дууч, хуурч/, Энэ үед ширээ бүрийн сөнч нь хундага дүүргэх ёстой
Анхны хундага
Хүлэлцэн ирсэн хүндтэй хүмүүсийг танилцуулна.
2 талын аав, ээжүүд нь сургаалиа хайрлана
Хундага өргөнө
Зураг даруулах үйл ажиллагаа, зурагчин ажиллах хэрэгтэй /нийтээр/,

Энэ үед хоолыг зөөнө.

Зочидоо зоогонд урина
Аяны дугараа /ээлж дараагаар/
Хуримын бэлэг, сэлтээ гардуулна 
/Төрөл төрөгсөд, Найз нөхөд нь өөрсдийгөө танилцуулж
Хуримлагч хосдоо захиас сургамж, сэтгэлийн үгээ хэлнэ/
Хуримлагч хос маань төрөл төрөгсөд, найз нөхөддөө сэтгэлийн үгээ хэлнэ
Хуримлагч хосууд ширээ бүр дээр очиж хундага өргөнө.
Аяны дугараа /Хуримын хос ширээ бүр дээр очиж, хундага өргөнө/
Бүжиг
Ширээ бүрийн хооронд тэмцээн /дуу, шүлэг, бүжиг, ерөөл, магтаал/
Ширээнүүдийн хүмүүсийг сольж суулгана. Хүмүүсийг танилцуулна.