Хоол ба сэтгэл
Эрхэм Та амар байна уу? Номынхоо хуудаснаа Тантай уулзаж байгаадаа баяртай байна.
Ном уншдаггүй хүн, эсвэл сэтгэл мэтийг ойшоодоггүй хүн энэ номыг уншихгүй.
Танд олон зүйл ойлгомжтой байдаг, эсвэл ойлгомжтой болоход ойрхон байгаа учир энэ номыг уншихаар барьж авчээ.
Мэддэг зүйлээ ажил болгох гэж хичээдэг ч олигтой үр дүн нь гарч өгөхгүй “хий эргээд” байдаг бол энэ номыг уншаад Та зөв замаараа урагшлахад тань саадгүй болно.
Хамгийн том олз нь өөрийгөө танихын чухлыг ухаарч амжаагүй яваа дотно хүндээ ямар аргаар нөлөөлөхөө мэддэг болно.
Бадамжавын Болдсайхан, Р.Амарбаясгалан нарын “Системийн ерөнхий онол” номонд “Эмнэлгийн үндсэн зорилго бол хүний амьдралын чанарыг сайжруулах явдал юм. Энэ ойлголт бол зөвхөн өвчтний өвдөлт намдаах, зовлонг арилгах төдий биш орчин үеийн хэмнэлд тохируулан, бусад эрүүл хүний амьдралын түвшнээс ялгарахгүйгээр уг хүний амьдралыг бүрэн эрүүлжүүлэх явдал юм.
Мэдээжээр бид амьдралын идэвхитэй хэмнэлд оруулахын тулд өвчтний өөрчлөгдсөн эрхтнийг бүрэн сэргээх ёстой.
Бид өөрсдийгөө хуурах хэрэггүй юм. Ер нь өнөөдрийн эмнэлэг юу хийж чадаж байна? Дотор эрхтнүүдээс өөрчлөлт орсон эрхтнийг авч хаяж байна. Нэг хүнээс эрхтэн авч нөгөө хүнд суулгаж өгч байна. Аль ч тохиолдолд нь ямар нэг хэлбэрээр уг өвчтөн тахир дутуу согогтой үлдэж байгаа юм. Мөн өөрт хэрэгтэй эрхтнээ авахын тулд хэн нэгэн хүн үхэхийг хүлээн суух болжээ. Гэсэн ч энэ мэс заслын дараа ч уг өвчтөн мөн л тахир дутуу согогтой үлдэнэ.
Бусад салбарт ч гэсэн өөрсдийн хэмжээнд хүрч байна уу? КТ, МРТ, УЗИ, ЭХО, радиоизотопын аргууд, бактерийн эсрэг эмчилгээ, үр дүнтэй шинэ эмнүүд, өөр олон шинэ аргуудыг бид мэдэх боловч эдгээр нь бүгд л анагаах ухааны бус инженерийн болон бусад технологийн ололтууд юмаа.
...Эдгээр өвчтнүүд урт хугацааны туршид тухайн эмчилгээнд хамрагдаж байсныг тэмдэглэх нь зүйтэй.
...Эрхтний эмгэгийг бус, харин системийн эмгэгийг шинжлэх шаардлагатай. Организм – энэ нь зорилготой, маш нарийн баланс бүхий систем бөгөөд балансын алдагдал нь эмгэг болж байна.
...Амьд организм бол эрхтний цуглуулга биш. Амьд организм нь систем мөн. Эрхтэн өвчилж байгаа биш, организм өвчилж байна. Зөвхөн нэг эрхтний гэмтэл гэж байхгүй, бусад бүх эрхтэн системд бүхэлд нь өөрчлөлт гарсан байна. Организм бол нэгдмэл бүтэц бүхий зогсолтгүй хөдөлгөөнд оршигч биет гэдгийг бид мартаад байна.” гэж бичсэн байна.
Дээрх номын зохиогчидтой би нэгээс бусад зүйл дээр нь бүрэн санал нийлнэ. Яагаад гэвэл үнэнийг бичжээ.
Харин хэн нэгний, тэгэхээр бүх хүний амьдралын чанарыг хариуцах нь эмнэлгийн үндсэн зорилго гэдэгтэй ёстой санал нийлж чадахгүй нь.
Эмнэлэг нь иргэдэд эрүүл биш болохоос урьдчилан сэргийлэхэд нь туслах үндсэн зорилготой байж, түүнийхээ хажуугаар яаралтай тусламж үзүүлэн, “түймэр унтрааж”, амийг нь аврах ажлаа хийж чаддаг байх ёстой юм байна гэж бодох болсон минь учиртай.
Үнэхээр систем учраас өөрийгөө тохируулах чадвартай гэдгийг би мэргэжлийн сургуульд нь сурч, онол номыг нь заалгаагүй ч гэсэн өвчнөөс салж, үзэмж дээрдэж байгаа өөрийн бие дээр, бусад хүмүүсийн жишээн дээр бодитойгоор харж байна.
Амьдралаа чанартай байлгах нь амьдарч байгаа тухайн хүний хэнийг ч гуйхгүйгээр өөрийнх нь хийж чадах ажил гэдгийг зөвхөн хараад зогсохгүй яагаад ийм жамтай вэ гэдгийг олж мэдсэн хүмүүсийн сургаал, судалгаанаас ойлгосон.
Энэ тухайгаа бичсэн номыг минь Та уншиж эхэлж байна. Яаралгүй уншаарай. Хамгийн чухал нь өөр дээрээ, зөвхөн өөр дээрээ эргэцүүлэн бодоорой.
Цусны бүлэг, резус фактор зэрэг олон үзүүлэлт нь таарч тохирох хэн нэгэн хятад иргэн цаазаар хороогдож, эсвэл осолд орж гэнэт өөд болмогц аль нэг эрхтнийг нь авангуут намайг дуудна гэж бодон, 3-5 жил амьдрах заалттайгаар амь аврагдах боломж хүлээн хэвтэх эмгэнэлт байдлыг эхнээс нь үүсгэхгүй байж болно!
Сайн хүнийг тийм ялаар шийтгэх үү? Тийм хүний эрхтэн зовлонгоос өөр юм тээх үү?!
Эрхтэн худалдаж авах хэрэг гардаггүй юмаа гэхэд даралт харвачихаад, үг ярьж чадахгүй, өөрийгөө үйлчлэх чадваргүй, хүн царайчлан бүлтгэнэж хэвтэх албатай юмуу?
Эсвэл бөөрний дутагдалд орж, шээс нь хаагдан, хаванд боогдоод, цус шүүх аппарат залгуулах нь зайлшгүй болох явдал уу?
Эсвэл “саахартай болж”, ам нь цанган, шээс алдаж, байнга инсулин хэрэглэж, наадах чинь тавилан муутай л өвчин дөө гэж хэлүүлж байх нь жам юмуу?
Эсвэл ургамал цэцэглэхийг түгшин хүлээж, амаараа амьсгалан нулимсаа цувуулж, сэтэртлээ найтаан, тэсэхийн аргагүй загатнаж явах ёстой юу?
Эсвэл ... гээд зөндөө орчин үеийн асуулт асууж болж байна.
Тэр бүгдийн хариулт нь: ҮГҮЙ!
Тийм жам ёс, алба хэрэг байхгүй!
Одоо ийм зовлонтой байгаа хүнийг тавлаж байгаа явдал огт биш бөгөөд бусад нь гэр бүлдээ тохиолдсон ийм хүнд байдлаас сургамж авч, ийм түүхийг өөрөө давтахгүй байхад хүч тавих учиргүй гэж үү?
Байгаа юмыг үнэн байгаагаар нь авч үзэх хэрэгтэй бөгөөд буруутан хайж, шидтэнд итгэснээс хамар дорх боломжоо олж хараад ашиглах нь дээр бус уу?
Мэдэхгүйгээс болоод тийм хүнд байдалд хүрсэн байсан ч тухайн систем буюу тэр хүн өөрөө өөрийгөө засах чадвартай. Дээрх эрдэмтдийн томъёолсноор, мөн хүсэж байгаагаар “уг хүний амьдралыг бүрэн эрүүлжүүлэх” боломжтой. Үүнийг эмчтэйгээ хамтраад тэр өвчтөн гадаад явахгүйгээр их мөнгө зарахгүйгээр хийж ЧАДНА!
Мухар зам руу орж байгааг нь хэлсээр, дэргэд нь байгаа өөр зам зам руу яаж салахыг нь заасаар байтал тоохгүй давхисаар л, мөнгөөрөө өвчин худалдаж авсаар л, нэмж авсаар л, зовлонгоосоо салах гэж мөнгө зарсаар л байх уу?
Эрхэм уншигч Та минь надтай хамтран хажуу дэргэд байгаа энэ олон хүнээс нэгд нь ч болов өөрийгөө таньж, боломжоо ашиглахад нь өөрийн жишээгээр туслаасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна. Таныг таньдаг хүнд Таны үлгэр жишээ л бодитой бөгөөд үнэмшилтэй.
Хичнээн үнэн байсан ч туршигдаагүй бол эргэлзээтэй л байдаг шүү дээ.
“Би хийхгүй бол хэн хийх юм бэ?
Одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ?” гэж нэгэн алдарт яруу найрагч дуу алдсан байдаг.
Болсон явдлуудад тулгуурлан бодит амьдралын жишээн дээр бичигдсэн энэ номын утга санааг өөртөө тусган авч, өвчин худалдаж авахаа больсон, өвчнөөсөө салж залуужсан хүний тоо хурдан нэмэгдээсэй!
Бодонгууд овогт Бизъяагийн Гэрэлмаа "Хоол ба сэтгэл" номоос