Хачин бүтэц … (verslivre)
13 жил, 1 сар өмнө

Сэтгэл минь шороо шиг тархдаг.

Цас шиг будардаг.

Бие минь заг шиг хатдаг.

Будаа шиг ургадаг.

Тиймдээ,

Бие минь улирал шиг солигддог.

Тиймдээ,

Сэтгэл минь салхи шиг уйлдаг,

Хоёулаа ив ижил,

                        ихэр хүүхэд шиг,

Тэнгэртээ тэврүүлж,

                        нарандаа үнсүүлж,

Хоёулаа ав адил,

                        хүмүүс, сармагчид шиг,

Шуурганд нүдүүлж,

                        шаварт хайруулж,

Хад шиг хагардаг.

Мөс шиг хайлдаг.

Уул нуруу болж ч

                        тал өндөрлөдөг.

Ус мөрөн болж ч

                        зам болдог!

Мушгий,

Шулуун,

Ороомог,

Огторгуйлаг,-

Хачин эст бие,

Хачин урсгалт сэтгэл,

Хачин бүтэц! …

Тиймдээ,

Намайг шувуунаас хурдан

                        нисгэж сургасан,

Тээрэмд няцрах будуутай цуг

                        хэмх үйрүүлж сургасан,

 

 

Тэртээ өндрийн, төрийн далбаа шиг сэтгэлээ

Гурилнаас зөөлөн, цаснаас цагаан

                        дэлбээлүүлж сургасан!

Тиймдээ,

Намайг цагаас удаан мөлхүүлж,

Тиймдээ,

Намайг Эйнштейнээс хол сэтгүүлж,

Газар дороосоо ч Нарыг өргөж даах

Шидийг олуулсан! …

Хачин бие!

Хачин сэтгэл!

Хачин бүтэц! …

 

2006.07.06.    Алтан тэвшийн хөндий

                                                (39г байр, 13-р өрөө)

2006.09.25.    Алтан тэвшийн хөндий

                                                (39г байр, 13-р өрөө)