ХАНДЛАГА /Trend/
Хэрэглээгүй авъяас зэвэрдэг Тогтоол ус үмхийрдэг. Хонхорт тогтсон ус үмхийрдэг. Үмхийрүүлэхгүй байхын тулд усанд гольдрол гаргах хэрэгтэй. Гольдролыг дагаж урсгал үүснэ. Тухайн бий болж байгаа урсгалыг ХАНДЛАГАтай зүйрлэж болох юм. Бүх салбарт хандлага бий. Улс төр, нийгэм, бизнес, амьдралын хэв маяг гэх мэт. Нийгмийн өөрчилөлт, технологийн хөгжил ч мөн л хандлагатай уялдаж бий болно. Эхлээд хандлага бий болно. Хандлага үлгэлжилсээр томоохон өөрчилөлт болно. Хандлагыг урьдчилан судлаж болно. Бас мэдэрч болно. Ухаалаг бизнесмэнүүд хандлагыг үргэлж судлаж, мэдэрч бизнесээ хийдэг. Ухаалагууд хандлагыг угтаж бизнес хийдэг бол сэргэлэнчүүд дагаж бизнес хийдэг. Үлдсэн хэсэг нь дууриаж бизнес хийдэг. Мэдээж хэн хандлагыг судалж, мэдэрч чадна тэр амжилтанд хүрэх нь гарцаагүй.
Ингээд өөрийн мэдэрч байгаа хэдэн хандлагыг та бүхэнтэй хуваалцаж байна.
- Шунал хүсэлт шавхагдашгүй хэрэгцээгээ хангахын тулд амьдралаа золих биш энгийн өөрт тааламжтай амьдралыг бүтээх нь хэрэглээний ХАНДЛАГА;
- Хэт гоёчилж тансагласан, харагдах гэж хооллодог биш биед тустай энгийн органик хүнс хэрэглэх нь хоололтын ХАНДЛАГА;
- Олон зүйлийг судласан ч хүн өөрийгөө судлаагүйгээ мэдэж, молекул, дуран авиад харагдахгүй түвшинээс цааш, хүнийг дотогш судлах нь хүн судлалын ХАНДЛАГА;
- Аз жаргалыг хаа нэгтээгээс хайх биш өөрт байгаа мэдрэмжүүдээ хөгжүүлэх нь сэтгэл хөгжлийн ХАНДЛАГА;
- Мөнгө олохын тулд юу ч хамаагүй хийхээс, чаддаг, хүсдэг зүйлээрээ баялаг бүтээх нь ажил хөдөлмөрийн ХАНДЛАГА;
- Мэдлэг олгохоос чадвар олгох нь боловсролын ХАНДЛАГА;
- Олон зүйлийг хагас дутуу чаддаг мэргэжилтнээс нэг чиглэлээр өндөр мэргэшсэн чадварлаг мэргэжилтэн нь хүний нөөцийн ХАНДЛАГА;
- Өвчилсөн хойно нь эмчлэх гэж хөрөнгө, хүчээ бардаг биш. Өвчлөхгүй байх бүх нөхцөл боломжийг бүрдүүлэх нь анагаахын шинжлэх ухааны ХАНДЛАГА;
- Ач холбогдолгүй реклам, зар сурталчилгаанаас, хүний амьралд хэрэгтэй ажил зохион байгуулах, хүнд хэрэгтэй агуулга бүтээж хүмүүсийг татах нь маркетингийн ХАНДЛАГА;
- Хамгийн шилдэг нь болох гэж сурталчилгаагаар залхаах биш хүний амьдралд хэрэгтэйг нь өгөөд хэрэгтэйгээ авах нь сурталчилгааны ХАНДЛАГА;
- Хэт олон хэрэглэгчийг олох гэж хэт их мөнгө үрж, олсноо тогтоож чадахгүй алдах биш цөөхөн үнэнч хэрэглэгчээбөөцийлөх нь бизнесийн ХАНДЛАГА;
- Өнгөрсөнийг судлахын хамт ирээдүйг судлах нь судалгааны ХАНДЛАГА;
- Босоо тогтолцоотой, олон шат дамжлагатай харилцаанаас хэвтээ тогтолцоотой, шууд харилцаатай цахим нийгэм бол нийгмийн харилцааны ХАНДЛАГА;
Миний сонссоноор бол тэргүүлэгч компаниуд болон Улсууд дэргэдээ Ирээдүй судлалын томоохон хүрээлэнгүүдийг ажиллуулж, дэлхийд бий болж буй хандлагыг судлуулж, түүнд үндэслэн хөгжлийн стратегиа боловсруулж байна. Харин Монголд ирээдүй судлалын төв байдаг болов уу?