Хамтдаа
11 жил, 7 сар өмнө

Хамтдаа. Хамтдаа гэх энэ үг надад их эрч хүч, урам зоригийг өгдөг юм. Хорвоо дээр заримдаа шантрах, нулимс асгарах үе байдаг ч миний дэргэд зүгээр л хажууд минь зогсох, хажуугаар зөрөн алхах тэр л хүмүүсийн харцаар би амьдарч ирсэн. Тиймээ уулзах ёстой хүмүүс л уулзаж, учирах хувьтай хүмүүс л учирдаг болохоор миний ойролцоо байсан танилцаагүй ч танил Монгол хүн танд баярлалаа гэж хэлье. Бидний хэн нь ч энэхэн хорвоогийн альхан газар мэндэлж, аж төрөхөө  сонгож ирээгүй ч ийм сайхан эх орондоо учрах хувьтай хүмүүс билээ. Би энэ л эх орондоо, энэ л хувь тавиландаа хайртай. Үргэлж санаснаар бодсоноор байдаггүй ч энэ амьдралд алдаа бүрээсээ ухаарлыг авч өвөг дээдсээсээ суралцан гэдэг гайхамшигтай билээ. Би ухаарал, баяр жаргал, зовлонг минь хамтдаа хуваалцдаг Монгол ахан дүүсээ хайрладаг учир танихгүй ч гэлээ хэн нэгэнд урмын үг хэлж, баяр баясгаланг өгөх юм сан гэж хичээсээр ирсэн. Зөвхөн өөрийн амиа л бодож амьдрана гэдэг надад хэзээ ч төсөөлөгдөхгүй зүйлсийн нэг юм. Хамтдаа л байвал бид жаргалтай. Тиймээ тархан суурьшсан Монголчууд эх нутагтаа ирнэ гэдэгт би итгэдэг. Тэнд энд суралцах нэрээр эх орноо орхин одоод ирэхгүй байгаа залуусаа ч ирнэ гэдэгт итгэдэг. Та ч бас итгээрэй. Бүх зүйл цаг хугацаатай энэ орчлонд Монгол хүмүүс бид итгэл, найдвараа алдалгүй байсан цагт халуун бүлээнээрээ хамтдаа байх тэр өдөр ирэх нь гарцаагүй...