Хайр бол орчлонг оршоон тогтнуулж буй дөрвөн хүчний “их нэгдэл”-ийн хам хүч юм
- Огторгуй хэмжээстэй байж болох уу?
-Огторгуй хэмжээстэй хэмжээсгүйн тухайд тодорхой хариулж чадах мэдлэг надад байхгүй. Хэлний зарим мэргэд огторгуйг “огт оргүй” гэсэн утгатай нийлмэл үг гэж тайлбарладаг. Тэгж үзвэл, хоосон буюу хоосон чанартай зүйл, физик вакум гэж төсөөлж болохоор юм уу, сайн мэдэхгүй. Огторгуй “огт оргүй , хязгааргүй зүйл юм бол түүнийг ойлгож, төсөөлж болох тодорхой хэмжээс нэгжийг шинжлэх ухаан олж чадаагүй гэсэн үг. Бас Бурхан багш мэт дээд гэгээрэлд хүрч бясалгалын хувилгаан ид шидийг олсон хүн л билэг оюуны үнэмлэхүй чадвараар онож танин мэдэхээс биш жирийн судалгаа шинжилгээний арга, туршлагаар танин мэдэх аргагүй гэсэн үг.
Харин огторгуйг хоосон чанартай бус, орчлон ертөнцийн эгэл хэсэг, атом, молекулуудаас бүтсэн, “Их тэсрэлт” мэт байгалийн хувьсал, хүчнүүдийн харилцан үйлчлэлээр үүссэн биет болон хийбод зүйл гэж үзвэл шинжлэх ухаан ямар нэг хэмжээс олж огторгуйн орон зайн тодорхой хэсгийг хэмжиж ойлгож болно. Эрдэмтэд огторгуй ертөнцийн хэмжээний талаар сонин тоонууд дурдсан байдаг. Жишээ нь, академич Х.Намсрай “Хорвоо ертөнцийн хөгжил, амьдралын зүй зохицолдооны зарим асуудал” товхимолдоо, бидний огторгуй гэж ойлгож буй орон зайн доторхи одот ертөнцийн нэгээхэн хэсэг манай дэлхийн болон манай нарны аймгийн цөм гэгддэг “Тэнгэрийн заадас” галактикт зуун тэрбум одод хуйлран бөөгнөрдөг, энэ орон зай 15 тэрбум гэрлийн жилийн багтаамжтай гэж мэдээлсэн байна лээ. Хоёулаа энд нэг асуултыг софи сэтгэлгээний тойрогт оруулж эргэлдүүлье. “Хэмжээс гэж юу вэ?”. Математикийн “цагаан толгой” ч үгүй над шиг хүний хар ухаанаар бодоход, юмыг төсөөлж болох, амьдралд хэрэглэж болох хэм-жигдэхүүн-нэгж, нэгж-хязгаар байх. Энэ хязгаарын “п” тоот нийлбэрүүдээс цааш давмагц “хязгааргүй”, хэмжээлшгүй “их”-ийн ойлголт уруу л орно.
Тэгэхээр “хэмжээс” гэдэг юмс, үзэгдлийн төсөөлөгдөж буй “Эхэн” хийгээд “Төгсгөл” хоёрын хооронд урт богино, өндөр хийгээд нам, их хийгээд бага, өргөн хийгээд нарийн, цаашлаад, орон зай, эзлэхүүн, цаг хугацаа, хөдөлгөөн шилжилтийн чиглэл,, өнцөг, хурд гээд огторгуйлаг үзүүлэлт, тодорхойлолтуудын нэгжийн ойлголт болох байх. Бүхлийг ч юм уу бутархайг ойлгох, төсөөлөхийн тулд дотор нь хийсвэрээр хуваасан ч юм уу хэсэглэсэн байгалийн шинжлэх ухааны хэмжилт гэж ойлгохуйцаар байна. Тэгээд хоёр хэмжээстэй, гурван хэмжээст, олон хэмжээст бүүр арвын “п” зэрэгт хэмжээст гээд элдэв квант үзэгдлүүдийг тодорхойлох ойлголт болдог шиг байна. Шинжлэх ухаан огторгуйг чухам юу гэдгийг нь эхлээд томъёолоод, дараа нь хэмжээст оруулъя гэвэл, юмны хэмжээ, хязгаарын шинэ нэгж ойлголт гаргаж ирж таарна байх даа. Тийм нэгж ойлголт аль хэдийнэ боловсруулчихсан, судалгаа шинжилгээндээ ашиглаж байдаг ч юм бил үү, ахад нь мэдэх юм алга, хө.
-Мөнхийн хөдөлгүүр байх боломжтой юу?
-Физикт энтропийн хууль гэж байдаг гэсэн. Термодинамикийн гуравдугаар хууль гэсэн үг юм гэнэ лээ. Бодит юмсын хөдөлгөөн, үйл явц зайлшгүй удаашран өөрчлөгдөх, эцэстээ дотоод эрчим, хүчээ алдах байгалийн зүй тоггол бодитойгоор үйлчилдэг юм байна. Энэ хуулийг үндэслээд тодорхой шинжлэх ухааны эрдэмтэд мөнхийн хөдөлгүүр зохиох боломжгүй гэж үздэг. Харин устаж үгүй болдоггүй ганц юм бол энерги байх. Үүгээр бодохоор, Энергийн эх сурвалж болсон бодис юмс нь устаж мөхлөө ч энерги нь үлдээд, үйлчлэл нь үргэлжлээд байх юм байна. Жишээ нь, нар өөрийн цөмийн энергиэ бараад унтарлаа гэхэд найман минутын турш нарны аймаг даяараа найман минутын өмнө сөнөсөн нар одны гэрлийн үйлчлэлд оршиж асан орон зай гэрэлтэй хэвээрээ л байх юм гэсэн.
Нарны төвд болж буй “цөмийн урвал”-аар задарсан электрон, протон, эгэл хэсгүүдийн энерги нь манай галактикийн болон цааших мега галактикуудын хил хязгаарын таяг тойрог уруу нэвтэрч очсоор үлдэх юм шиг байна лээ. Ингэхээр миний хувьд, “мөнхийн хөдөлгүүр” бүтээх, “мөнхийн хөдөлгүүр” байж болох боломжгүй гэхэд “мөнхийн юм” орчлонд бий гэж бодож болохоор байна. Чиний асуултад софи сэтгэлгээний үүднээс хандвал, априор сэтгэмж, бясалгалын шинж чанартай хариулт гарч болох юм. Буддын шашны гүн ухаанд үзэхдээ, юмс хоосон чанартай, хоорондоо нягт шүтэн барилдаж бие биеэ нөхцөлдүүлж учир шалтгааны харилцан хамааралд оршдог, тэд бүтэхдээ бүтэж, эвдрэхдээ эвдэрч, хувьсал, хөгжилд орчих тул мөнх ч бус, тасархай ч бус, буй ч бус, үгүй ч бус, үгүй нь ч бас бус, ирэх одох аль нь ч үгүй, зөвхөн нэр дүрсээр ойлгогдох ч нэр, дүрс хоосон, хоосон өөрөө нэр, дүрс гэж үздэг.
Энэ нэг юм нь тэр нэг юмны бүтэх шалтгаант нөхцел болохын сацуу үгүйсгэлийн шалтгаан нөхцөлийг хамт агуулдаг болохоор юмсын орчил хийгээд шалтгаан чанар нь мөнх гэсэн дүгнэлт хийж болмоор санагддаг юм. Ер нь тэгээд юмс, бодис мөнх биш ч бай, хязгааргүй огторгуй, орчлонгийн орон ахуйд хөдөлгөөн, хувьсал явагдах үзэгдэл мөнх юм шиг байна. Квант физикийн онолчдын нотолдгоор орчлон физикийн дөрвөн хүчний үйлчлэлийн үрээр оршин тогтнодог юм байна. Таталцлын хүч, цахилгаан соронзон хүч, цөмийн эгэл хэсгүүдийн хүчтэй үйлчлэлийн хүч, сул үйлчлэлийн хүч гэсэн дөрвөн хүч байгаа аж. Эрдэмтэд энэ дөрвөн хүчийг нэгтгэсэн нэгдмэл “их нэгдэл”-ийн хам хүч байх ёстой гэж үзээд түүнийг нээх судалгааны эрэл хийж байгаа юм гэсэн. Тэр их “хам хүч”-ийг Монголын эрдэмтэн Ч.Эрдэнэ геометр хэмжигдэхүүнд байгуулсан гэж мэдэгдэж асар том бүтээл нийтлүүлсэн ч нийгэм дуугүй л гайхаад байх шиг байна. Хэрэв тэр хүчийг нээж чадвал тэр “супер нэгдэл”-ийн хүчээр “мөнхийн хөдөлгүүр” бүтээх физик зарчим олдож болохыг ч урьдчилан үгүйсгэх аргагүй. Танай сонины (“Үнэн”) саяхны нэг дугаараас маш сонирхолтой мэдээлэл олж уншлаа. “Мөнх амьтан илрүүл-жээ” гэсэн товч мэдээ байсан. 4-5 мм-ийн голчтой, мөнх наст далайн мөгөөрс халуун орны уснаас илрүүлжээ. Энэ “мөгөөрс” бол бяцхан амьтан юм байна.
Мөнх настай гэдгийн нууц учир нь эдгээр амьтдад хөгшрөх үйл явц хэвийн өрнөдөг хэрнээ эргээд залуужих хувьслыг өөрөө өөртөө явуулж чаддаг дотоод зохион байгуулалттай юм байна. Тэгээд хөгшрөх, эргээд залуужих үечлэл нь байнгын тасралтгүй давтамжтай байдаг тул “биологийн үхэлгүй” амьтан гэж оношилж байгаа юм байна. Ийнхүү философи утгаар үйл явц мөнх төдийгүй харьцангуй мөнх “биологийн биет” бий гэж үзэхэд баталгаа шинжлэх ухаанд олджээ. Тэгэхээр орчил, хөдөлгөөн, хувьсал мэт үзэгдэл буюу товчдоо, юмс хийгээд “юм бишис”-ийн үйл явц мөнх гэж үзэж болох юм шиг санагдана. Энд чиний асуулттай холбоогүйгээр өөрөө би өөртөө боддог нэг бодлоо сонирхуулахад, онолын физикчдийн эрээд, нээхийг хичээгээд байгаа “супер нэгдэл”-ийн хүч физик орчинд бус хүний дотоод ертөнцөд байгаа юм. Юу гэвэл, хүний “сэтгэлийн таталцал” гэдэг хүч! “Сэтгэлийн таталцал” бол физик биетийн гравитац таталцал биш, квант таталцал! “Хүний сэтгэлийн татах хүч” буюу хайр бол орчлонг оршоон тогтнуулж буй дөрвөн хүчний “их нэгдэл”-ийн хам хүч мөн.
-Хүний үүслийн талаар ямар ойлголттой байдаг вэ. Хүний өвөг сармагчин гэх онолыг Та зөвшөөрөх үү?
-Дарвины эволюцийн онол бол зарим биологи биетийн үүсэл, хувьсал, хөгжлийн ойлголтод том нээлт хийсэн онол мөн нь гарцаагүй. Амьтны аймгийн олон төрөл, зүйлийн өөрчлөлт, хөгжлийн үйл явцын зүй тогтлыг нээж чадсан нь ч батлагддаг гэдэт. Харин хүний үүсэл хөгжлийн үр дүнгийн тухай бол эргэлздэг эрдэмтэд, судлаачид, сүсэгтнүүд олон байдаг. Тэр эргэлздэг сүсэгтний нэг нь би. Өнөөдөр шинжлэх ухаанд эволюцийн онол, бүтээлийн онол /креционизм/ хоёр хүчтэй өрсөлдөж байна. Би креционизмын онолыг илүү баримталдаг. Өөрөөр хэлбэл, хүн бол байгалийн хувьсал, хөгжлийн явцаар бий болсон биологийн амьтан гэж бодохоосоо илүү Бурханы хайр, хүсэл зорилгын бүтээл, Бүтээгч тэнгэрийн мутрын үйл ажиллагааны үр гэж боддог. Өнөөдрийн хүн төрөлхтний амьдарч буй арга загвар, үг яриа, бодол санаа, явдал мөрийг хараад байхад хүн сармагчингаас үүссэн гэхэд итгэхээсээ түрүүнд хүн эцэстээ сармагчин болж хувирна гэж итгэхэд илүү хялбар байхаар харагдаж байна.
-Та захиалгаар шүлэг бичдэг үү. Захиалгаар бүтээл туурвих нь зөв үү?
-Миний толгой маш дуулгаваргүй, ухамсар муу, муухай зөрүүд толгой шүү дээ. Захиалгаар шүлгийн ганц ч мөр бодож өгөхгүй. Тэгэхээр чинь захирагдахаас л биш яах вэ дээ. Яаж ч аргадаад наашаа харна гэж байхгүй. Миний хувьд гэвэл ийм л гачлантайгаар социалист үзэл суртлаа өнгөрөөгөөд капиталист үзэл сурталтай нүүр тулаад бай-на. Ээжээсээ төрөхийн ийм адруу, буруу хойшоо араншинтай толгойны маань мөн чанар капитализмд ч өөрчлөгдөхгүй гөжсөөр байгаад хувхайрч дуусах байх даа, хүү минь. Харин захиалгаар бүтээл туурвих нь зөв үү, буруу юу гэдэг асуултын тухайд бол хэн нэгэн сайн бүтээл туурвиж чадсан тохиолдолд зөв. Муу бүтээлэнцэр оромцоглож ашиг хонжоо олж оодорсон тохиолдолд буруу.
-Уран бүтээлч хүнтэй уулзах болгондоо үүнийг асуудаг юм. Зохиолч, яуу найрагчид яавал баян болох вэ?
-За даа, тийм баяр, тийм тохиол түүхэнд бараг л байдаггүй л талдаа юм шиг байсан шүү. Угаасаа дээрээс /тэнгэрээс/ зөвшөөрдөггүй юм шиг байгаа юм. Ихэнх суутнууд өлмөн зэлмүүн, өвчин зовлонд дарлагдаж, амьтанд ад шоо үзэгдэн шоовдорлогдож, шорон гянданд хоригдон хатаж, амиа хорлох нь хорлож, галзуурч солиорох нь солиорч, нийгэмд салаавч тавьсаар үхэж үрэгдсэн л байдаг юм. Харин идэх өөдтэй хоол, өмсөх олигтой хувцас худалдан авч чадахгүй байлаа ч омог бардам тэргүүнээ хэзээ ч, юуны ч өмнө гудайлгалгүй үхэн үхтлээ хэний ч боол бололгүй амьдарч, бүтээн туурвиж чадсан намтартай байдаг. Тэнгэр бурхан айхтар шударга шүү дээ. Шударга байна гэдэг бол дээд зэргээр энэрэнгүй байхыг хэлнэ.
Бурхан тийм алаггүй, энэрэнгүйгээ энд гаргадаг. Яагаад гэвэл, нэгэнд нь аугаа оюун, билэг билгүүн соёрхчихсон болохоор нөгөөд нь юу соёрхох вэ, эд хөрөнгө, мөнгө, өмч хуримтлал л соёрхоно. Ингэхээр бүтээл туурвилын сод суу билгийн хишигтэн нь ядуу хоосон, эсрэгээр, оюуны бүтээл туурвилын авъяас билэггүй нь эд юмсаар баян байхаар бурхан тэнгэр өглөг хишгээ хоёр хуваасан байгаа юм. Өөрөөр хэлбэл, хэн нэгэнд агуу ариун авъяас билэг заяагдсан бол. тэр эд хөрөнгөөр ядуу хоосон, эсрэгээр, эд хөрөнгөөр баян чинээлэг, хахаж цацаж амьдарч байгаа хүмүүс байгаа бол тэдэнд аугаа тэнгэрлэг, ариун гэгээн авъяас билэг заяагдаагүй гэсэн үг. Ийм далд, нууцгай зүй тогтол өнөөдөр Монголын маань шилдэг зохиолч, яруу найрагчдад үйлчлээд байдаг байх. Тэд яавал баян болох зам миний хувьд “оньсого”. Энэ “оньсого”-ыг таах гэж би оролддог ч үгүй. Эцэст нь заавал хэлэх ёстой нэг үнэн байна.
Юу гэвэл, ард түмэн маань зохиолч, яруу найрагчдаа бусдаас хавьгүй илүү хайрладаг, тэднийгээ, тэр хэдэн “муусайн навсгарууд”-аа хүн хүнээс илүү хүндэлдэг шүү.
-Та зохиолч, яруу найрагчдын хэн нэгэнд хайртай болж байсан удаа бий юу? /мэдээж эмэгтэй/
-Эргүүлж байгаагүй л болохоос бүгдэд нь л нүд унагаж явсан шүү. Одоо ч хэвээрээ.
-Дуу дуулж, хөгжим тоглодог уу?
-Хөгжим тоглодоггүй. Ардын богино дуу хааяа нэг аялчихдаг. Харамсалтай нь, эрүүлдээ бус хөлчүүдээ! Бас хүмүүс дунд бус, тайзан дээр бус, ганцаараа байхдаа л! Бага нас, адуу мал, нутаг усаа үгүйлж гиюүрч байгаа нь тэр! Найз, нөхөд цуглаж аяга тагш хатуу, зөөлөн идээ балгаж согтох үедээ их дуулна. Тэгэхдээ хатуу идээ сархад зохидог-гүй болохоор нүүр хагарч дуулах хэмжээнд хүртлээ балгачихаараа маргааш нь шартаад босч чадахгүй болчихдог зовлонтой. Манай нутаг ус Булган аймгийн хуучин Сэлэнгэ /Уньт/ сумын харъяанд байсан Харгана, Цачирт. Миний төрсөн газар Чачиртын шар ширэнгэ, Уул-Алтаад, Уньт, Шанд, Ханжаргалант Их хайрханы өвөр бэлийн галуут, Бөөрөлжүүт, Уран тогоо уул, Өрмийн цагаан нуур, Асга түрүү, Зад барт гэдэг газрууд бол халх монголын тев нутаг, мал ихтэй, өвс бэлчээр сайтай, найр наадам тасардаггүй, дуу хуурын орон юм.
Ижий минь уран сайхан хоолойтой, ардын богино дуу гоц сайхан дуулдаг, эрчүүл дунд томорхон эргэлддэг хүүхэн байжээ. Аав маань ч архи сархадаас буцдаггүй, баргийн хүнд гар тахааргүй хурц хэл амтай, жороо моринд дуртай, “Эр бор харцага”, “Хүрэнгийн жороо”, “Хоёр бор”, “Ар хөвчийн унага” гэдэг уртын дууг найранд голдуу дуулдаг, “Найр хөгжиж байхад уртын дуу эхэлсэн хүнийг үнсээд авмаар санагддаг” гэж ярьдаг хүн байсан. Манай нутаг голынхныг 1950-аад оны “Үнэн” сонинд “Шалтаг мунддаггүй шанд, шартаж хаширдаггүй шандынхан” гэсэн гарчигтай өгүүлэл хэвлэгдэж, тэр шүүмжлэлийн мөрөөр Булган аймгийн МАХН-ын хорооны бүгд хурал хуралдаж ажил зохиож байлаа. Тийм түүх, паянтай нутаг устай, удам судартай ижий, аавын үр л дээ, ах нь.
-Танд хэчнээн дээл байдаг вэ. Тусгай оёдолчинтой юу?
-Өвлийн турш бас хаврын эх, намрын сүүлээр богино хүрэмний дотуур өдөр бүр солиогүй өмсдөг нэг ногоон даавуу дээл, хаврын сүүл, намрын эхээр өмсдөг нэг нимгэн саарал тэрлэг бий. Сая “Ц.Хулангийн үдэш”-ээр “Монгол костюмс” оёдлын үйлдвэрээс үнэ төлбөргүй оёж дурсгасан нэг сайхан тэрлэг нэмэгдлээ. Харамсалтай нь, хэмжээ авахдаа алдаад арай богино дээл болчихлоо. Надад юуных нь тусгай оёдолчин байх вэ дээ. Хөгшин минь л гуйж явж байгаад оёулаад ирдэг юм.
-Үс, сахлаа үсчин орж засуулдаг уу?
-Хөгшин маань л гэртээ гар хүрчихдэг.
-Хань, үр хүүхдийнхээ тухай яриач. Яруу найрагч болсон болон болох хүүхэд байна уу?
-Монгол ардын үгэнд “эрхэм тэнэг морио магтдаг, дунд тэнэг эхнэрээ магтдаг, адгийн тэнэг өөрийгөө магтдаг” гэдэг. Би “эрхэм тэнэг”-ийн ухаан гаргаж чадахгүй нь. Яагаад гэвэл, морь мал байхгүй. Магтах морь байтугай өнчин ишиг ч байхгүй. Харин ханилж ирсэн, одоо ханилж суугаа хоёр сайхан ханиараа гайхуулсан шиг гайхуулна. Монголын анхны загвар өмсөгч, анхны “мисс” Самдангийн Чанцал, Чойживын Цэнд гэдэг гадаад, дотоодын харчуул, залуусын нүд бүлтэгнүүлсэн Монголын хоёр сайхан охин, хорвоогийн хоёр гоо бүсгүйгээр ханиа хийж, цайгаа чануулж, цамцаа угаалгаж, амьдралаа удирдуулж, үр хүүхдүүдээрээ Монголынхоо “үрсийг маш олон болгож” буяны буурал насанд хүрлээ. Түрүүчийн хань С.Чанцал надад биш Бурханд туслахаар тэнгэрт дэвшсэн. Одоогийн хань Ч.Цэнд минь намайг 16 жил халамжилж, уран бүтээл дээрээ суухад минь дутуу юмгүй гүйцээж, зах зээлийн энэ явцаг, хяргамхай цагт хүний дайтай хүн гэж харагдахаар амьдралыг минь аваад л явж байна даа. Би их баярлаж суудаг. Хоёр ханийнхаа ачийг уран бү-тээлээрээ хариулахын тулд бие сэтгэлээ өчүүхэн ч харамладаггүй. Цаг заваа л их харамладаг. Хүүхдүүдээс минь яруу найрагч болсон хүн байхгүй. Ач, гуч нараас минь яадаг юм байгаа юм, мэдэхгүй. Горьдож л суудаг.
-Манайхан урмын гэнд их харам болжээ. Та залуусыг магтаж урам хайрлахдаа хэр вэ?
-Урмын үгэнд их өгөөмөр шүү. Гэхдээ худлаа магтаж дэвэргэдэггүй. Зориуд хатуурхах ч дургүй. Үнэнийг нь олж хэлэхийг л чухалчилдаг. /Өөрөө л үнэн гэж бодсон үнэнээ шүү дээ/ Залуус уран бүтээлдээ зөвлөгөө авахыг хүссэн тохиолдолд үргэлж тусалдаг. Туршлагаа харамладаггүй.
-Та улстөрд дуртай юу?
-Дургүй. Уран бүтээлч иргэнийхээ үүргээр л идэвхтэй оролцдог. Мэдэгдэл гаргадаг, “ил захидал” бичдэг, урт урт ярилцлага хийдэг, өдөр тутмын сонинуудын хэд хэдэн нүүр дүүрэн онолын өгүүлэл бичдэг.
-Яагаад “Ганц хүний хөдөлгөөн” байгуулав?
-Ард түмэндээ, цаашлаад хүн төрөлхтөнд хайртай болоод “Бодь сэтгэл, эв хамт ёс”. Ганцаарчилсан хөдөлгөөн байгуулсан. Миний хайртай хүн төрөлхтний ахуй амьдрал жилээс жилд л буруудаад, буруу гэхээсээ илүүтэй аюултай “эргүүлэг” уруу сорогдоод байна шүү дээ. Хүн төрөлхтөн надад хөөрхийлөлтэй байна. Яагаад гэвэл, хүн төрөлхтөн бид мунхагийн эрхээр нүгэл чивэлийн харилцааны сонголт хийсээр тэнгэрийн гэсгээлийн цааз тулгуулах өдөр нүүрлэчихлээ.
Хүн төрөлхтөн хөдөлмөрөө хөнгөвчлөх, ахуй амьдралдаа аль болох ая тухыг хичээх, хэцүү бэрхийг хялбар бэлэн болгохыг сэтгэж эдийн засаг, техник технологийг галзуу хурдтай хөгжүүлснээр байгалаас заяагдсан ихэнх чадвар, боломж, бие мах бодийнхоо эс эдийн төвшин дэх үйл ажиллагааныхаа хүчирхэг зохицолдоог ажиллуулахгүй, ашиглахгүй болсноор хүн гэгч амьтан биологи бүтцийнхээ хувьд хамгийн сул дорой амьтан болж өөрчлөгдлөө. Өөрөөр хэлбэл, бүтээгч бус зөвхен хэрэглэгч “амьд бүтэц”, Бурханаас өгөгдсөн экологи тогтолцоогоо зөвхөн сүйтгэгч “сээр нуруутан” болж “хөгжлөө. “Одоо хүн төрөлхтөнд өмч хөрөнгийн хуримтлал бус Аврал хэрэгтэй тийм цаг хугацаа ирчихлээ.
Бас, хөгжил бус зогсолт хэрэгтэй! Шулуухан хэлэхэд, ухралт, хөгжлөө хурдасгах бус зогсоох, өнөөгийн “хөгжил”-өөс татгалзах нь л жинхэнэ хөгжил болно. Эдийн засаг, техник технологио, байгалийн өгөгдөхүүн буюу газрын эрдэс баялгыг ашиглах үйл явцаа өнөөдрийнхөө хурдцаар цаашид үргэлжлүүлвэл, хүн биологи бүтцийнхээ хувьд ч мөдхөн мөхөн өөрчлөгдөж өөр бүтэц үүсгэнэ. Энэ бүтцийг дүрсжүүлээд, хэлбэржүүлээд төсөөлж ч болно. Үүнд, огт гаргүй /гар нь хатна/, өмгөрхөн, хорчийсон тахиан тархитай, эхээс төрөхдөө байгаль ертөнцийн гэрэл харанхуйн ялгааг үл ухамсарлах мэдрэхүйтэй, ихэнх эрхтэн эдүүд нь /ялангуяа сэтгэх, бүтээх даавар ялгаруулах булчирхайнууд нь/ хатингаржсан, тэгсэн хэрнээ маш чалчаа хэлтэй бүтэц буй болох өндөр магадлалтай. Үүнийг хүн төрөлхтөн сэрэхгүй, мэдэхгүй байна. Хүн төрөлхтний нийгмийн сэтгэлгээ асар ядуурчээ. Үүнийг засах хэрэгтэй байна. Хүн төрелхтнийг аврах хэрэгтэй. Аврал бол зөв амьдрал, зөв замнал. Энэ аугаа, жинхэнэ бурханлаг үйлийг бүтээх ариун хүсэл зорилгоор “Ганцаарчилсан хөдөлгөөн” байгуулаад, онолын сэтгэлгээний төвшинд “тэмцэж” байна.
-Таны хэлэх дуртай үг?
-”Ганга нь мухар болохоос газар нь мухар биш”.
-Танаас шалгалт авч байгаа юм биш шүү. Та яг одоо хүний хамгийн сайн найзын тухай шүлэг зохиож өгөөч?
-Харамсалтай нь, захиалгаар юу ч бичиж чадахгүй. Харин, хүний сайн анд нөхөд, хань ижил, хүний үнэнч чанарыг бясалгаж бодсон олон сайн шүлэг /инээв/ миний яруу найргийн арав гаруй түүврүүдэд бий шүү.
-Бусдын болон өөрийн бүтээлээс ямар шүлэг Танд таалагддаг вэ. Хэлж өгнө үү?
-Хэлэхэд муухай, ичмээр л юм, гэвч яг үнэнээ хэлэхэд, өөрийн минь бичсэн бүх шүлэг таалагддаг. Муу шүлэг ганц ч байхгүй. Адаглаад, өнөөгийн зарим уншигчид гайхаж, хөхрөлдөж мэдэхээр “Буурал аав Октябрь” гэж большевикуудын Октябрийн хувьсгалыг сайшаасан бэсрэг найраглал бий. Тэр найраглал ч ур чадвар, сэтгэлгээний төвшний хувьд гэхэд л Монголд надаас өөр найрагч бичиж чадахгүй найраглал. Би шүлэг, найраглалуудаа их зовж, олон өнцгөөс бодож гараас гаргадаг. Олон дахин засаж боловсруулсан “зовлонт бэлэг” байдаг болохоор өөрт минь таалагддаг юм. Тэд намайг зовоосныхоо хэрээр жаргаадаг. Бусдын ийм “зовлонт үрс” надад бүгд таалагддаг. Жинхэнэ бүтээл уншигчиддаа хүргэхийн зовлон биднийг жаргалд дууддаг. Онолын ном уншсанаас хамаагүй давуугаар уран бүтээлийн нууцыг ухааруулдаг.
-Та хааны клипэнд тоглосон байсан. Нууц биш бол хэдэн төгрөг авсан бэ?
-Тэр рекламд тоглосон юм байхгүй юмаа. “Неrо”-гийн залуучууд таны дүрсийг клипэнд заавал оруул гээд байна гэж утасдсан. Би татгалзсан. Маргааш үдэш нь нь яруу найрагч Ц.Хулан утасдаад, “Чингис хааны түмэн төмөр цэрэг тэнгэрээс бууж ирнэ. Дэлхий дахиныг шинээр төвхнүүлнэ” гэдэг домог яриа байдаг юм. Тэр домгоор эх оронч үзлийг сурталчлах телевизийн бичлэг хийх гэж байгаа юм. Та юунд нь татгалзаад байгаа юм. Битгий “шизотоод” бай. Өнөө айхтар эх оронч зүрх сэтгэлтэй найрагч юм шиг ойлгогддог “имиж” чинь яачихав. Таны наад тэнэг толгойг чинь хэрэглэх гээгүй, уруул аманд чинь ургасан сахал, зөрүүд бөндгөрт чинь сэнсийсэн үсийг чинь ашиглах гэсэн юм. Яасан их үнэтэй хялгас уруул аманд чинь наалдчихсан юм” гэж тачигнаад утсаа чулуудчихсан. Тэгэхээр нь би үг дуугүй бууж өгсөн.
Маргааш өглөө нь “Женко” Баттулга сайдын урт, гоё хар тэрэг ирээд намайг сайдын суудалд “залаад” Төв аймгийн Эрдэнэ сумын Ёл хайрханд хүргэсэн. Надад нэг уран хээнцэр мөшгөөртэй нэхий дээл, үстэй цэгдэг өмсгөөд л зургийг минь авсан. Тэгээд л миний “тоглолт” болох нь тэр. Насыг минь онцгойлж хүндэлсэн байх, сүүлд нь, хэдэн өдрийн дараа тусгай улс 500 мянган төгрөг авчирч өгсөн.
Тэр мөнгөний хагасаар би гэртээ CD сонсдог, DVD үздэг хэрэгсэл авсан. Маш баяртай суудаг.
-Та жүжгээ хэдээр үнэлдэг вэ?
-Өгсөн мөнгийг нь л баярлаад авдаг. Харин өөртөө бол би өндөр үнэлдэг. Зарим жүжгээ дэлхийн сонгодогт тооцдог.
-Би Таны гарын шавь болъё гэвэл хүлээн зөвшөөрөх үү?
-Дуртай зөвшөөрнө. Харин дагуулах үг байна. Надтай шавь болж барилдлага барьсан хүний уран бүтээлд би маш хатуу ханддаг. Шаардлага чангатай. Харин өөрт нь бол уян зөөлөн ханддаг.
-Хэн нэгэн Таны тухай дуу зохиож дуулъя гэвэл зөвшөөрөх үү?
-Их баярлана.
-Бурхан Таны гурван хүслийг биелүүлж өгье гэвэл юу гэх вэ?
-Гурван хүсэл гэв үү. Тэгвэл нэгдүгээрт;-Нарыг минь мөнх байлгаж өгөөч гэж хүснэ. Хоёр-дугаарт;-Дэлхийг маань мөнх, тэгээд бас, үргэлж сайхан байлгаж өгөөч гэж хүснэ. Гуравдугаарт;-Сав шим ертөнцийг, түүн дотроо, хүн төрөлхтнийг, түүн дотроо монголчуудыг минь мөнх, тэгээд бас, үргэлж бурханлаг байлгаж өгөөч гэж хүснэ.
-Их аварга Д.Дагвадорж спортыг бүрэн орхивол Та харамсах уу?
-Сумогийн их аварга болохоосоо илүү чухал хэрэгтэй юм эх орондоо хийж болно шүү дээ. Хэрэв чадахгүй бол чаддаг байсан ажлаа орхих нь харамсалтай байлгүй яахав.
-Та хэр зэрэг зөн совинтой хүн бэ. Озэки Бямбадорж сумогийн их аварга болж чадах болов уу?
-Зөн совингийн хувьд хүнд итгүүлэх байтугай өөрөө ч итгэчихээр шинж тэмдэг илэрдэггүй. Озэки Бямбадоржийн хувьд бол, одоо барилдаж байгаагаасаа тун их сайн барилдвал аварга болж чадна, одоо барилдаж байгаа шигээ сайн барилдаад байвал чадахгүй.
-Интернэтээр аялдаг уу?
-Үгүй. Интернэтээр аялах байтугай компьютер гэдгийн товчинд ч гар хүргэж үздэггүй. Энэ талаар хол хоцрогдсон хүн шүү.
-Гэр бүл аз жаргалтай байх нууцын хамгийн гол зүйл юу вэ?
-Зорилго нэгдмэл байх. Тэр зорилго нь заавал аугаа, ариун байх. Эхнэр, нөхөр хоёулаа бүтээлч, хөдөлмөрч байх.
-Та хэзээ тэсэртлээ уурласан бэ?
-Мартжээ. Магадгүй, тэгж тэсэртлээ уурлаж үзээгүй ч байж мэднэ. Ямар ч гэсэн огт санахгүй байна.
-Залуу гэр бүлд юу захимаар байна?
-Юуны өмнө, байнга ашигладаг номын сантай байх хэрэгтэй. Насан туршийн аугаа, ариун зорилготой амьдар. Зорилгоо биелүүлэх боловсрол, мэргэжил, бусадтай өрсөлдөх төгс чадвартай байх хэрэгтэй. Эдгээр шинж чанарууд заавал байх ёстой. Тэгээд дээр нь, болж гэмээнэ, шүтлэгтэй, бас маш романтик дотоод ертөнцийг өөртөө бүтээвээс их сайн.
-”Нарантуул” зах ордог уу?
-Орж үзээгүй л байна. Ганц удаа ч бол орж үзье гэж бодоод л байна. Зав болж өгөхгүй юм.
-Таныг заримдаа харахаар бөө ч гэмээр санагддаг. Танайд бөөгийн удам бий юу?
-Бөө биш л дээ, гэхдээ миний яс, цусан удам төрлүүд олон үеэрээ бөө, удганууд байжээ. Миний өвөг эцэг Цэрэндаш мээрин Хатанбаатар Магсаржавын цэрэгт дайчлагдаж хятадын хар цэрэгтэй байлдаж гавъяа байгуулж явсан хүн. Нутаг гол-доо алдартай чойжин байгаад их баривчилгааны үеэр баригдаж Улаанбаатар уруу ачигдаад буцаж ирээгүй юм билээ. Сүүлд дуулах нь ээ, шоронд арван жил гаруй жил ял эдлээд суллагдсан ч нутагтаа очиж чадалгүй, зам зууртаа, хүний нутагт нас барсан юм билээ. Ясан төрлийн минь сүүлчийн бөө, миний авга ах Цэрэндашийн Ринчендорж 1965 онд Улаанбаатар хотод бие элсэн. Бөөгийн хэц хэнгэрэг, сэлэм, майхавч, өмсгөлийг нь Самбалхүндэвийн энгэрийн ха-данд залсан. Өтгөс дээдэс бөө, удгадын маань онгод, сахиус намайг үе үе эргэдэг байх аа.
-Таны нэрийг хэн өгсөн бэ. Ямар учиртай вэ?
-Нэр минь хоч нэр юм. Ижий, аавд минь хүүхэд тогтдоггүй байж. Ээж минь намайг олоод, хэвлийдээ торниж байхад нэг шөнө зүүдэлжээ. Урт цагаан сахалтай явган өвгөн манайд ирээд, ээжид хадаг барьж Чи хүү төрүүлнэ. Урианхай гэж нэр өгөөрэй гэсэн гэж хуучилдаг байсан. Ээж маань тэр зүүдээ манасаар байгаад намайг төрүүлж өнөө зүүдний нэрээ хайрласан юм гэнэ лээ.
-Эзотерик үзэгдэл, далд ухамсарын талаар бодлоо хэлнэ үү?
-Миний багад аав, ээж маань хоорондоо ч юм уу, манайхаар бууж мордсон нутаг голын улсуудтай хүүхдийн ухаанд аймаар санагдах юм их ярьдаг байлаа. Аймаар юм дандаа сонин байдаг. “Дорлигийг уулнаас гишүү ачаад харьж явахад нь жалгаас цагаан морьтой хүн давхиж ирээд нэрээр нь дуудаж гэнэ. Огт танихгүй хүн байхаар нь гайхаад амаа ангайтал өнөө хүн гэнэт алга болчихож гэнэ” гэх ч юм уу, “Умбаа гуайг давааны хөл уруу бууж явтал морь нь гэнэт явахаа болиод, хөх мах нь чичрэн шээс алдаад зогсчихож гэнэ.
Чөтгөр морийг нь тушчихаад урагш алхуулахгүй байхаар нь ташуурынхаа сагалдрагаар мориныхоо хөлний хоорондуур савж Ямандагийн тарни уншсан чинь морь нь унагалдаж гэнэ”, “Бургасны цаанаас чармай нүцгэн, өрөөсөн хөх нь жигтэйхэн сунжгар, мөрөн дээгүүрээ даваад унжчихсан эм чанга чанга хөхрөөд гараад ирж, тэгээд ноцолдож байснаа өлөгчин чоно болоод улиж гэнэ”, “Тэргэн толгой”-н араар шөнө хөх гэрэл гүйгээд, тэрэнтэй тааралдсан хүн гараг саа тусчихдаг”, “Эзгүй хээр замд хүүхэд уйлаад, нохой хуцаад, ишиг, хурга майлж дуулдаад ганц нэгээрээ яваа хүнийг ямар нэг “хий юм” гараас нь чангаагаад мориноос нь унагачихдаг гэнэ” гэх мэтийн үнэн ч юм уу, цуурхал ч юм уу бүу мэд, сонсоод баймаар, гэтэл сонсохоор зүрх цохилохоо больчих дөхдөг сонин юм зөндөө ярина. Манай ээжийн холын хамаатан, залуудаа хошууныхаа хийдэд гэлэн сахилтай хурж байгаад сүүлд хар болж гэргийлсэн өвгөн манайхтай дандаа айл буудаг байлаа. Их номтой, гэгээн хүн.
Хэдэн хар хөвхөнд нь шоголтой, баринтагтай түвд ном, судар чигжээстэй байдаг, үдэш, шөнөөр, хүний хөл татарсан хойно зул өргөөд, нүднийхээ шилийг хийгээд судраа дэлгээд ганцаараа яриад байгаа юм шиг амандаа юм яриад, доошоо хараад суучихдагсан. Хэдийд унтдаг байсан юм бүү мэд, нүд нь голдуу улайчихсан, зовхи нь үргэлж унжчихсан, нулимс нь гоожчихсон л сууж харагдана. Гэлэн өвөө “хий юм”-ны тухай ярианд орол-цохоороо, “Хүнд сүнс гэж айхтар “амьд” юм байдаг юмаа, хүүхээд. Хүнийг биеэ элээхээр нь зулайгаар нь гараад тэнгэрт дэгдчихдэг юм. Өд шиг хөнгөхөн, халуун, уулын цас шиг цагаан өнгөтэй “амьд юм” байгаа юм. Хүний нүдэнд үзэгдэх биегүй, гарт баригдах, торох чанаргүй “хий юм” тэнгэрийн цахилгаан шиг хурдан хөдөлж байдаг гэж эртний сударт бичсэн байдаг юм. Хүний сүнс төрөл олж чадахгүй төөрөхөөрөө элдэв “хий юм” болоод тэнэдэг. Зарим хүний сүнс хээр гадаа хаа сайгүй тэнэнэ. Тэр бол чөтгөр гэдэг нь юм. Зарим хүний сүнс гэр бараа, эд хогшил, хашаа хороо, адуу мал-даа хоргодоод тонилж чадахгүй үлдчихнэ.
Тэрнийг буг гэдэг. Харин өөр нэг сүнс үхдэл эзнийхээ шарил оршсон газрыг сахиад, тэндээс холдохгүй, өдөр, шөнөгүй эргэлдээд хаашаа ч явахгүй. Тэр бол “Дэрээ” гэдэг амьтан байгаа юм” гэж хэлдэг байсан. Одоо сүнс гэдэг юм байдгийг шинжлэх ухаан олон туршилт, баримтаар нотолжээ. Монгол хэлэнд “хий юм” гэдэг үг хэллэг, ойлголт хэвшмэл. “Хий юм” үздэг, үхсэн хүний сүнс дуудаж ярилццаг улсууд Монголд зөндөө. Усан нүдтэй, цусан зүрхтэй эгэл жирийн хүмүүсээс гадна номын нүдтэй, Бурханы нүдтэй, рид хувилгааны увидас оршсон хүмүүс гэж бий. Эгэл жирийн бидэн шиг нь үзмэрчийн нүдтэй, ил далдыг нэвт үзэх гоц чадварт дэвшээд, рид хувилгааны хөгжилд хүрэхээрээ, өөрөөр хэлбэл, далд ухамсар нь төгс-жиж билгийн хутаг нээгдэхээрээ “хийбод”-оор оршигчидтой харилцдаг, агаарт хөөрдөг, эсвэл, махан биеэ байранд нь орхиод сүнсээрээ “сүнсний аялал” хий-дэг, сансарын оюунлаг орнуудаас мэдээлэл авдаг, өнгөрсөнд болсон үйл явдлыг ч юм уу, ирээдүйд болох явдлыг мэддэг, биет юмсын хоосон чанар уруу нэвтэрч нэгдэх увидас чадварыг олдог. Жишээ, баримт Монголоор ч дүүрэн, дэлхийгээр ч дүүрэн. Тэгэхээр бидний амьдарч буй ахуйгаас өөр ахуй, өөр зүй тогтолтой оршихуй, өөр чанар, хэлбэрийн амьдрал, магадгүй, дэлхийн амьдралаас илүү боловсронгуй, илүү хөгжилтэй, илүү дээд ухамсартай, гоо сайхан амьдрал, шинжлэх ухаанд “антимир” гэж нэрлээд байгаа “урвуулган ертөнц” хаа нэгтээ байгаа нь лав. Үүнд би эргэлздэггүй. Хаа нэгтээ, хэзээ нэг “Харь гаригийн хүмүүс”-тэй уулзахсан, эзотерик ухааныг нэвтэрхий судлахсан, цаг хугацааны урсгалыг эргүүлдэг, орон зайг товчилдог, далдыг хардаг хувилгаан ид шидийн хүчийг танин мэдэж эзэмшихсэн гэж их хүсдэг. Даанч би физик биетийн хэмжээс дотор л оршигч “биет” юм.
-Та багадаа тэмээ унадаг байсан уу. Тэнгэрийн хаяаг ширтэх энэ амьтны тухай шүлэг бий юу?
-Бага байхдаа тэмээ унаж байгаагүй. Манай нутаг ганц ч тэмээгүй нутаг. Том болсон хойноо ч гэмээр юм уу даа, залуу байхдаа ч гэмээр юм уу даа, 1970 оны дундуур байх, Дундговь аймгийн Өлзийт сумын Тарагт багын тэмээчин мухар хуруу Цэрэндоржийнх гэдэг айлд туслах малчнаар очиж 45 хоног тэмээ хариулсан. Тэр сэтгэгдэлдээ тулгуурлан, тэмээний тухай, тэмээчний хөдөлмөрийн тухай “Үүрийн гэгээнээс үдшийн бүрий…” гэдэг баримтат тууж бичиж “Цог” сэтгүүлд нийтлүүлж байсан.
-Та ан хийдэг үү. Танд буу өгөөд дайсны цэргийг бууд гэвэл чадах уу?
-Ан хийдэггүй. Би өрөвдөмтгий, тэгээд сүсэгтэй хүн. Гэвч эх орон, үр хүүхдэд минь дайсан халдвал устгахыг л яарна. Онож буудаж чадах эсэхээ сайн мэдэхгүй, өөртөө тийм ч итгэлтэй бус байна.