Ухаарал
Би жоохон хэнэггүй, өөрийнхөөрөө үргэлж зүтгэдэг, өөрийн саналаа бусдад тулгадаг нэг тийм зөрүүд хүн байжээ. Эргээд харахад. Харин сүүлийн жилүүдэд бусдын үгийг, бусдын саналыг сонсоё, сэтгэлийг нь тольдоё гэж боддог хичээдэг болчихсон. "Би" баатрыг хойшоо тавиад "та" баатрыг сонсох болсон. Үүний үр дүнд миний амьдралд маш их өөрчлөлтүүд ирсэн. Ямар ч нөхцөл байдалд тайвнаар хандаж бусдыг боддог болчихсон. Ер нь энэ амьдралд бид дахиад ирэх, үгүйгээ мэдэхгүйгээс хойш зөвхөн өөрийгөө бус бусдыгаа бодож бусдын төлөө санаа зовнин сэтгэлээ чилээж жаргал зовлонг нь хуваалцвал илүү аз жаргалтай байх бүрэн боломжтой билээ. Үүнийг эрт ойлгосон хүмүүс л аз жаргалд тэр хэрээрээ хурдан хүрдэг бололтой. Би 100 хувь аз жаргалаар дүүрэн байна... Учир нь үүнийг ухаарсныхаа дараа гэр бүлийнхэнтэйгээ, ажлын хамт олонтойгоо ч хурдан ойлголцож амар амгаланд хүрсэн юм. Ойлголцоно гэдэг маш чухал...Бас нэгэн зохиолчийн хэлсэн БУСДЫН ТӨЛӨӨ ГЭСЭН ХОРОМ БҮРИЙГ АМЬДРАЛ ГЭНЭ хэмээх үгийг уншаад ямар их догдолж урам авсан гээч. Та төсөөлж байна уу? Надад аз жаргалыг бэлэглэсэн ухаарал, бодлыг минь бататгасан тэр үгийг олж харахдаа би хүүхэд шиг л хөөрч байсан. Тэр үг сэтгэл зүрхэнд сийлэгдэн би ямар ч үед тэр үгээ орхиогүй юм. Үнэхээр энэ үгэнд, энэ үзэл бодолдоо хайртай. Та бодоод үздээ, жишээ нь хэрвээ бүгд л би тэгсэн, ингэсэн, би тэгдэг, ингэдэг, би ингэмээр байна тэгмээр байна гээд өөрсдийгөө нэгд тавиад байвал гэр бүлд, ажлын газарт сайн баг үүсэх үү? цаашлаад Монгол улс хэзээ хөгжих вэ дээ. Харин бид үргэлж бие биенийгээ хүндэтгэн үзэл бодол, хүсэл мөрөөдлийг нь сонсохоос гадна оргилон байгаа галыг нь бадрааж мэддэг зүйлээ бусаддаа заан өгч, хүч чадлыг нь сэлбэн, хамтдаа зүтгэдэг болж өөрчлөгдөх хэрэгтэй. Би л болж байвал бусад хүн хамаагүй гэсэн аминчхан үзлээсээ татгалзах нь зүйтэй. Миний хувьд ажил дээрээ, аливаа уулзалт цуглаан дээр ч бусдын саналыг сонсох, саналыг нь дэмжих, баяжуулан өөрийн саналаа хэлэх дуртай. Мөн нийгмийн сайн сайхан болоод муу муухайг бусадтай хуваалцаж бусад хүн юу гэж харж байгааг сонсох дуртай. Би нэг ч гэсэн хүний нэг ч гэсэн Монгол улсын иргэнийхээ үзэл бодлыг сонсохын тулд, сэтгэлийг нь хуваалцахын тулд "ард түмний унаа" гэх тодотголтой автобусанд суух дуртай. Ах ч бай, дүү ч бай тэд бол ард түмний унаандаа өдөр бүр суун үйлчлүүлдэг эх орондоо амьдарч буй иргэд. Тиймээс тэдний үг бүхэн үнэтэй байдаг. Нэгэн өдөр автобусанд ном уншиж явлаа. Эх хэлний тухай Чоймаа багшийн номыг уншиж явсан би автобусан дотор өдрийн од шиг л содон байсан. Залуучууд ном уншдаг болсон ч автобусан дотор ном унших нь үнэхээр ховор л доо. Би ч бас нэг л дасахгүй, ичих шиг, гэм хийх гэж байгаа мэт л бөөн бодол болж байж арай гэж цүнхнээсээ номоо гарган уншиж эхэлсэн. Бэлгийн ном учраас, бас эх хэлний тухай насаараа судалсан хүний бичсэн ном учраас гэртэй очоод уншъя гэсэн ч тэвчиж чадаагүй юм. Тэгсэн дэргэд сууж байсан ах, гэнэт маш чанга дуугаар 9-н үеээ мэддэг болчихвол ч хэмээн миний номон дээрхийг уншсан бололтой хэлсэн юм. Би ч дахиад үг хэлэх гэж байгааг нь мэдсэн учраас хажуу тийш эргэн нүд рүү нь харлаа. Тэрээр Бид Чингис, Чингис хэмээн бүгд л ярьдаг ч бүх л уламжлал, соёлоо алдаж байна хэмээн хэлсэн юм. Тэрээр энэ мэт олон зүйлийг ярьж арын суудалд сууж байсан намайг болон бүх хүмүүсийг автобусан доторх бүх хүний анхаарлын төвд оруулж орхисон юм даа. Бүгд эхэндээ гайхсан, сонжсон байдлаар харж байсан ч түүний өв соёлын тухай яриаг их л анхааралтай ажин сонсож эхэлсэн. Гэтэл тэр ах за би ч одоо бууя даа, хэлгүй аятай дуугай явхаас залхаад байсан юм, чи нэг таван үг соличих мэт санагдаад, тэгсэн зөв боджээ, чиний ачаар нилээн хэдэн хүнд 5 үг хэллээ. За баяртай, бид Монголоороо үлдэхийн тулд бие биенээ сонсох хэрэгтэй хэмээгээд нисэх мэт давхих автобуснаас нисэн үлдсэн юм. Үнэхээр л бид бие биентэйгээ мэндтэй явбал биднээс юу унах билээ, харин ч ус балгасан мэт сууж явснаас эх орныхоо сайн сайхан хөгжил болж бүтэхгүйг ярьж шийдвэрлэх аргын талаар хуваалцан суувал царайд бараан үүл биш, цэлмэг тэнгэр дурайна. Тиймээ бид энэ амьдралд дахиад ирэх ч бай үгүй ч бай амьдралаа утга учиртай өнгөрөөж сайн сайхан олон үйлсийг бүтээхийн тулд амьдралын утга учрыг ухаарах хэрэгтэй...