УУШИГ
13 жил, 1 сар өмнө

Бүтцийн хувьд цул төмөр махбодьтой баруун зүгийг эзэгнэсэн хос эрхтэн. Уушиг сансар байгалийн илч энерги хийг гаднаас сорон авч цусыг сэлбээд бохир хийг гадагшлуулдаг. Уушиг агших тэлэх хөдөлгөөнөөрөө дотоод бүх эрхтэний үйл ажиллагааг идэвхжүүлнэ. Энэ нь уушигны арга чанарын үйл ажиллагаа юм. Уушиг нь гадаад хийг татах, хөөхийн хамтдаа дотоод хийн гүйдлийг зохицуулдаг билэг талын үйлтэй.

Уушиг зөвхөн хийн солилцоо хийдэггүй. Арьс мах ясны хийн сүвийг нэвтрүүлж илч, хийн тэгш тархах нөхцлийг бүрэлдүүлнэ. Ингэснээр яс бэхжиж үс арьс өнгөлөг байдаг.

Уушиг нь хийн солилцоо хийснээр молекул жин ихтэй нүүрс хүчлийн хийг биеэс их хэмжээгээр ялгаруулж жин бага хүчилтөрөгчөөр цусыг баяжуулж хөнгөрүүлдэг. Энэ чанараараа цусны эргэлдэх хурдыг нэмэгдүүлж зүрхний шахах үйлийг хөнгөвчилдөг байна.

Уушиг – бөөр

Бөөр цусны шингэнийг ялгаруулж уушигны арга үйлийг тэтгэн дэмждэг. Бас бөөр уушиг хоёул  билэг чанартай төмөр, ус мэт урсамхай учир эх хүүгийн харилцаатай.

Уушиг - элэг                                                 

Элэг   нь   шарын   чанартай   эрхтэн   болохоор   уушигны   бадган   чанартай зохицолдон орших боломж их. Бас цусыг цэвэршүүлдгээс уушигны арга талын үйл ажиллагаанд дэм болдгоос элэг уушгинд нөхрийн харилцааг үүсгэнэ.

Уушиг – зүрх

Зүрх гал  махбодьтой арга чанартай учраас уушигны билэг чанарыг ямагт дайрч эвдэх хандлагатай. Бас хэт бохирдож өтгөрсөн хүндэрсэн цусыг уушиг руу илгээх зэргээр зүрх уушгинд дайсагнах харилцаатай байдаг.

Уушиг – дэлүү

Дэлүү нь цусыг тунгалагшуулж цэвэрлэдэг болохоор уушигны арга чанарын үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлдгээс эхийн харилцаатай. Бас шороо нь төмрийг агуулдаг. Билэг чанар нь мөн эхийн харилцааг илтгэнэ.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос