Уучлаарай та хэрхэн амьдрах гэж байна? Би ингэж амьдрана. Саналаа хуваалцаарай.
20-иод жилийн өмнө би энэ дэлхий дээр хүн болж мэндэлсэн. Аав ээжийн хайр халамжинд бөмбөрч, бага насаа монголын баруун хязгаарт сайхан байгаль, ажилсаг хөдөлмөрч, эвтэй найртай, сайхан сэтгэлтэй хүмүүс дунд өөрийн үүргийг гүйцэтгэж аз жаргалтайгаар өнгөрүүлсөн. Өөрийн үүрэг гэхээр хурга тугалдаа явж, гэрийн ажилдаа тусалж, сургуульдаа сурч, өвгөд хөгшдөд туслана. Чөлөөт цагаараа үеийн багачуудтай хамт ой мод, булаг шанд, гол горхи, дэрс харгана, хад чулуу, уул овоо, мал сүрэг, хулгана зурам, цэцэг навч, тал хээр гээд байгаль ээжийнхээ эс ширхэг бүрээр хань хийж тоглон наадна. Дэс дараалан үргэлжлүүлээд ярьвал сонирхолтой түүхүүд их байгаа ч одоо гол зүйл рүүгээ оръё.
...2006 он. Дунд сургуулиа төгслөө. Энэ үед өөрийгөө олох, хүсэл мөрөөдөл, амьдралын утга учир, мэргэжил сонголт зэрэг ойлголтоос эхлээд олон ойлголт надаас хол хөндий, зарим нь сургийг нь ч дуулаагүй үгүүд байлаа. Сургийг нь дуулаагүй гэж бодохоор ойлголтын тухай яриад ч хэрэггүй байх. Хэ хэ.
Оноо тэнцээд нэр нь гоё сонсогдоод бас олонхийн саналаар, өөрөө ч дуртай зөвшөөрч монгол улсын их сургуулийн нэг ангид элсээд орчлоо. Оюутан гэдэг статустай болж амьдралын өөр хэв маягт шилжив. Азаар миний сонгосон сургууль алт эрдэнэсээр дүүрэн байсан юм. Тэр нь гадаад дотоодод сурч олон зүйлийг таньж мэдсэн , өөрийгөө олсон, хөдөлмөрч, ёс зүйтэй, эрдэм боловсролтой дэлхийн хүн гэж хэлэгдэх багш нар маань байсан юм. Бас тэвчээртэй, хариуцлагатай, чадварлаг, дайчин, эвсэг үеийн нөхөд маань байсан юм. Тэднээс олон зүйлийг сурсан.
2011 он. Сургуулиа төгслөө. Цагийг үр дүнгүй өнгөрүүлэхгүйн тулд ажил хийлээ. Оюутан болсон цагаасаа өөрийгөө хайж, амьдралын утга учрыг хайж, их сургуулиа төгсөөд ажил хийж байхдаа ч үргэлжлүүлэн хайсаар байлаа. Олз омог ихтэй.
Олсон зүйлээсээ заримыг нь хуваалцая. Би энэ хорвоод хүн болж төрсөн юм чинь одоо амьдралынхаа хором мөч бүрээс яаж аз жаргалыг мэдэрч, амьдралдаа сэтгэл хангалуун амьдрах вэ? Үхэх гээд хэвтэж байхдаа өнгөрүүлсэн амьдралдаа яаж сэтгэл хангалуун байж, харамсахгүйгээр нөгөө ертөнц рүү явах вэ? Зэрэг асуултын хариуг хайсан. Одоогоор олсон хариултандаа итгэж, сэтгэл хангалуун байгаа. Магадгүй хүн бүр өөр өөр хариулт олохыг үгүйсгэхгүй.
Олз 1. Гэр бүлтэй болно.
Олз 2. Өөрийн дур сонирхолтой, хийж чаддаг ямар нэг ажлыг маш сайн хийж, өөрийн үнэ цэнээ бий болгож, амьдрана. Хүн өөрийн хийсэн зүйлээ харж өөрөөрөө бахархдаг. Хүмүүс хүний хийсэн зүйлийг харж тэр хүнээр бахархдаг. Тэгэхээр аз жаргалтай амьдралын салшгүй нэг хэсэг нь ажил хөдөлмөр гэдэг маргашгүй үнэн.
Олз 3. Хайр. Байгаа орчноо тордож, засаж, янзалж өөрийгөө тойрон хүрээлж байгаа, харилцаж байгаа хүмүүсээ хайрлаж, хүндэлж, уучилж, ойлгож амьдрана. Зарим хүмүүс үүнтэй санал нийлэхгүй байж магадгүй. Санал нийлсэн ч үүнийг хэрэгжүүлж чадахгүй бол хүн төрөөд эцэст нь үхдэг. Тиймээс амьдрал хоосон чанартай гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс “од шүүрнэ” гэж ярьдаг. Түүн шиг хоосон чанартай амьдралын од нь хайр гэж боддог. Тэр одыг шүүрч чадах юм бол хоосон чанартай амьдралыг утга учиртай болгож чадна гэж боддог. Хаа нэгтээ “Хүн үхэх гээд хэвтэж байхдаа энэ амьдралдаа бусдыг хэр их хайрласан бэ? Бусдаас хэр их хайр хүндлэл хүлээж авсан бэ?” гэдгээр өөрийн амьдралын үнэ цэнээ дүгнэдэг гэж бичсэн байсан. Тэгээд ч бусдыг хайрлахаар хүн аз жаргалтай болдог. Бас бидний хайрыг хүртсэн хүмүүс эргээд биднийг хайрлахаар бид аз жаргалтай болдог шүү дээ.
Олз 4. Гэгээрэл-далд ухамсарын талаар судлах. Хэн нэгэн “Гэгээрэл бол өөрийгөө танихаас өөр юу ч биш” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр гэгээрэл гэдэг зүйлийг өөрөөсөө хол хөндий гэж бодох хэрэггүй юм шиг байгаа юм.
Энэ бүх олзыг маань хайр утга учиртай, үнэ цэнэтэй болгоно.