Уураг тархины хоол тэжээл
Чанартай, шаардлага хангасан хоол унд идэх нь бие болоод уураг тархийг эрүүл байлгахад шууд нөлөөлдөг. Уураг тархи бие организмдаа хэрэгтэй хоол хүнс хэрэглэж байх зуршлыг өөртөө бий болго. Энэ нь уураг тархи, бие махбодь эрүүл цусаар хангагдан, хүчилтөрөгчөөр тэжээгдэхийн баталгаа болно. Ийм үндсэн нөхцлийг бүрдүүлбэл уураг тархи гайхалтай ажиллах болно. Энд уураг тархинд тохиромжтой хоол хүнсийг санал болгож байна.
УС: Хүний биеийн гуравны хоёр нь уснаас тогтдог. Өдөр бүр ус уух нь оюун ухааныг сэргэг байлгадаг. Учир нь ус уураг тархи болон төв мэдрэлийн системийг хооронд нь холбож байдаг электрон, хийн энергийг үр ашигтай зохицуулж өгдөг. Уух усыг өрөөний дулаантай адил температурт байлгаж бага багаар өдрийн турш хэрэглэж дадвал таны ой тогтоолтыг дээшлүүлэхэд тусаа өгнө.
ЖИМС НОГОО: Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржүүлэн, бодисын солилцоог идэвхжүүлж хүнийг эрүүл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мөн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргүүцэгч бодис ихээр агуулагддаг тул хүний биед маш хурдан шингэдэг. АНХААР: Химийн бордоогоор боловсруулсан жимс ногооноос болгоомжил. Хазаад авмаар сайхан харагдавч хортой байж мэднэ.
САМАР ҮР ТАРИА: Brain Fuud буюу Тархины хүнсэнд дээгүүр байр эзлэх тэжээл нь самар, үр тариа юм. Мэдээж ямар ч нэмэлт давс, чихэргүй байгалийн байдлаар нь хэрэглэвэл маш сайн. Самар нь уураг, амин дэм, эрдэс болон байгалийн гаралтай тосыг их хэмжээгээр өөртөө агуулсан байдаг. Хуурч давсалсан бүтээгдэхүүн нь уураг тархинд хортой хүчлийг ихээр агуулдаг тул зөвхөн шинэхэн, боловсруулагдаагүй, хольцгүй байдлаар нь хэрэглэ. Өвсний төрөлд хамрагдах будаа, улаан буудай, арвай, хөх тариа, хар будаа, шар будаа болон эрдэнэ шиш нь эрүүл мэндэд маш тустай. Хальс хөврөлтэй нь самар, үр тариа, будааг нунтаглаж бяцлан гурил болгон хэрэглэсэн ч үр дүн нь адилхан сайн байна.
ЗАГАС: Загас хүний оюун ухаан, суу билиг хөгжих нөхцөлийг бүрдүүлдэг хоол тэжээлд дээгүүр байр эзэлдэг. Цэнгэг хүйтэн гол усанд амьдардаг яргай, туна, макерел, анчов, хөх загас, нуурын троут зэрэг загасны тос, мах нь уураг тархинд нэн тохиромжтой. Дун, хясаа уургаар баялаг боловч зарим нь далайн хорт бодис болон бохирдолд өртсөн байдгийг анхаараарай.
МАХ: Мах маш их шим тэжээлтэй бөгөөд уураг нь бүх амин хүчлийг агуулдаг. Гэвч худалдан авахдаа нийлэг эдээр тэжээгдсэн эсэхэд хяналт тавихад илүүдэхгүй. Хэрвээ та хооллосны дараа сэргэлэн эрч хүчтэй байхыг хүсвэл гахай, үхэр, цацагт хяруулын махнаас татгалзаарай. Гахай, үхрийн мах нь хамгийн удаан боловсрогддог бол харин цацагт хяруулын мах өөртөө нойр хүргэдэг химийн элемент агуулсан байдаг. Энэ нөхцөлд тахианы мах, шинэхэн жимс ногооны салат маш тохиромжтой. Зэрлэг амьтан болон агнуурын шувууны мах нь нийлэг химийн эдээс ангид байдаг тул хоол хүнсэндээ өргөнөөр хэрэглэхэд маш сайн.
Уураг тархинд дайсагнагч хүнс
БОЛОВСРУУЛСАН САХАР /цагаан бор/: Боловсруулсан сахар болох элсэн чихэр, ёотон нь хүний оюун ухаанд хортой сахароз гэдэг химийн бодисыг агуулсан байдаг. Энэ нь хүний дархлалын системийг доройтуулж халдвар сөрөх чадварыг эрс бууруулдаг. Элсэн чихэр байнга хэрэглэснээр цусан дахь сахарын хэмжээ ихсэж нойр булчирхай инсулинийг их хэмжээгээр ялгаруулдаг. Инсулин нь цусан дахь сахарыг хөөж нойр булчирхайг хараа хяналтгүй өсгөдөг. Үүнээс болж чихрийн дутагдалд орж анхаарал сулран оюун ухаан зогсонги байдалд орж сүйрэх аюултай. Сахар байгалийн байдлаараа жимс, зөгийн бал, зарим ногоонд олддог тул үүгээр орлуулж болно.
ЦАГААН БУДАА, ЦАГААН ГУРИЛ: Хүмүүс цагаан будаа, цагаан гурил хэрэглэсэн хэвээр байвал өвчин эмгэг эсэргүүцэх дархлаа нь буурч доройтно. Будаа амин дэм, эрдэс, энзим, уураг, фигмент, нүүрс ус, өөх тосны судал бүхий 7 давхраатай байдаг. Будааг боловсруулах явцад бүх давхраа нь хальслагдаж, нян үр хөврөлүүд нь хаягдан бага зэргийн уураг, нүүрс ус бүхий голын цагаан хэсэг л үлддэг. Сүүлийн боловсруулалт болох тальк глюкозоор өнгөлгөө хийхэд В аминдэм, эрдэс, уургийн сүүлийн ул мөр арчигддаг байна. Бор будаа болон үр тарианы хальсанд бүх шим тэжээл нь байдаг. Шар будаа, арвай будаа, хөц будаа зэргийг орлуулан хэрэглэж болно. Харин цагаан гурилын оронд улаан буудайн бор гурил, хөх тарианы гурил хэрэглэхийг зөвлөе.
КОФЕ, ЦАЙ: Өдөрт уусан хэдэн аяга цай, кофе нь хүний бие организмаас кальций, магний, калий зэрэг үр ашигтай эрдсүүдийг шээсээр хөөн гаргадаг. Хэдий тийм ч эмчилгээний зорилгоор ургамлын гаралтай цай ууж болно. Цай, кофед агуулагддаг кофейн уухад цусны даралт ихэсгэж шээс ихээр ялгаруулдаг. Кофейн тархин дахь судасны төвийг цочроодог тул сэргээж байгаа мэт санагддаг. Ихэнх хүмүүс сэргээдэг, сайхан байдаг гэсэн шалтгаанаар цусны даралтаа ихэсгэхийг зөвшөөрдөг нь тэнэг хэрэг. Энэ сайхан гэх байдал нь зүрхний шигдээс, саа тусахад л хүргэнэ. Цусны даралт өндөр байх нь уураг тархи, зүрх, бөөрийг гэмтээх аюултай.
ХИЙЖҮҮЛСЭН УНДАА: Ийм төрлийн ундаа нь өөртөө их хэмжээгээр боловсруулсан сахар агуулдаг бөгөөд их хэмжээгээр хийгддэг энэ орц нь цаашдаа цусанд байх ёстой сахарын хэмжээг багасгадаг байна. Консервант нь бие организмын үйл ажиллагааг хямраан бие махбодийг эсийн түвшинд гэмтээж байдаг. Хийжүүлсэн ундааны оронд цэвэр ус болон жимс, ногооны шүүсийг орлуулан хэрэглэж болно шүү дээ.
АРХИ, ТАМХИ: Тамхи татах үед утаа нь хүчилтөрөгчийн хамт тархи руу юүлэгдэх бөгөөд бодох сэтгэх үйл явцыг сулруулдаг. Сэтгэл хөдөлсөн, уурласан үед тамхи татахад тайвширч байх шиг санагддаг нь үнэн хэрэгтээ тийм биш бөгөөд харин тархины эсүүдийн хоорондын холбоог сулруулж, сааталд хүргэдэг нь тайвширсан мэт сэтгэгдэл төрүүлдэг. Архи нь хүнийг мансууруулаад зогсохгүй тархины эсийг чимээгүй сүйтгэн уураг тархи, мэдрэлийг хөнөөдөг байна. Архи тамхи хоёул дархлааны системтэй харшилдаг. Хүн биенээс нь гадагшлах ёстой аюулт нянг өөртөө тээснээр нянгууд ажлаа хийн өвчин эсэргүүцэх дархлааны системийг эвдэж эхэлдэг. Үүнд хүний мэдээлэл санах чадвар хүчтэй нэрвэгддэг. 25 мг никитон бүхий нэг ширхэг янжуур татахад л С амин дэм болон бусад үр ашигтай шим тэжээлүүд үрэгддэг. Никитон яг л архи шиг хүний биеийн гормоныг өдөөдөг бөгөөд хоёуланг нь хэрэглэвэл үйлчилгээ нь бүр хүчтэй нөлөөлж, аюулд хүргэнэ.
Оюуны чадварын IQ төв