Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог
13 жил, 5 сар өмнө

Ус хэдий тунгалаг боловч хөлдөхөөрөө мөс болдог

Ухаан хэдий сэргэлэн боловч уурлахаараа мунхаг болдог

(Их зохиолч Дашдоржийн Нацагдорж)

 

Гэнэт хүүхдийн уйлах дуу!!! Цочирдон хартал миний өмнө  аавтайгаа хөтөлсөн жаахан охин уйлж явлаа. Хүүхэд гомдолтой уйлахаараа өрөвдмөөр байдаг даа. Охин яг ингэж уйлж байлаа.

Сайн анзаарвал аав охин хоёрын өмнө ээж нь бололтой нэг бүсгүй алхаж явна. Аав нь охиноо аргадан, бас өмнөө яваа бүсгүйг дуудна. Харин бүсгүй чигээрээ алхсаар…

Нөхөртөө уурласан уураа охиндоо гаргаж байгаа ч юм уу, охиндоо уурласан уураа хоёуланд нь гаргаж байгаа ч юм уу аль нь ч ялгагдсангүй. Дэргэдүүр нь зөрж байгаа хүмүүс гайхсан янзтай аав охин хоёрыг хараад л…тэгснээ бүсгүй рүү дургүйлхсэн харц чулуудаад өнгөрч байна.

Би өөрөө эх хүн болохоор ч тэр үү, охиноо гудамжинд уйлуулж яваа тэр бүсгүйд дургүй хүрсэн ч араас нь алхсаар. Нэг буудлын хэртэй лав эргэж  хараагүй тэр бүсгүйн ууртайг нь гайхсаар би түүний өмнө гарлаа.

Нэгэнт ард үлдсэн болохоор тэр нэгэн гэр бүлийг яасан бол? гэж хэрэгт дурлаж эргэж харсангүй. Харин “Уур“ гэдэг онцгүй зангийн тухай хөндүүр бодолтойгоор цааш явсан юм.

Удалгүй би Урт цагаан дээр ирлээ. Цаг болзож уулзана гэсэн хүн ирээгүй байв. 10 минут өнгөрлөө…20…бүр 30 минут боллоо. Би цухалдаж эхэллээ. Юу ч хийлгүй хүн хүлээх хичнээн хэцүү гээч!

Гэхдээ би тэвчлээ. “Уур” гэдэг онцгүй зангийн тухай хэдхэн хормын өмнө бодсон болохоор, уурлахаараа хүн хэнийг ч ялгалгүй гомдоодог болохыг харсан болохоор тэгтлээ их бухимдахыг хүссэнгүй.

Уулзах хүнтэйгээ утсаар ярьсан бол бухимдах л байсан байх. Азаар залгах нэгж байсангүй. Ингээд тайвширхаар дэргэдэх зарлалын самбарт анхаарлаа хандууллаа. Яруу найрагч Н. Баянмөнхийн “Аавын тухай ярихад…” нэртэй уран бүтээлийн тоглолтын зарлал байна.

Яасан сайхан нэртэй тоглолт вэ? гэж бодохын зуурт аавын минь төрх үзэгдэх шиг… Хэн нэгэнд аавынхаа тухай яривал би ч жолоогүй морь шиг тэмүүлэх байх даа гэж бодохуйд инээд хүрлээ.

Яана аа! Уучилаарай, би зөндөө хоцорчихлоо гэсээр найз бүсгүй маань инээсээр хүрч ирлээ. Нөгөө төрөөд байсан бухимдал надаас ор мөргүй хулжсан бололтой.

Уурлах онцгүй гэж бодсондоо ч юм уу, аавынхаа тухай санасандаа ч тэр үү, эсвэл инээж уулзсан найзыгаа хараад ч юм уу 40 минут хүлээснээ тоолгүй  бухимдалгүй уулзаж чадсан юм.