Улс төр дэх нийгмийн “шийдмэг алхам”-ын өвчинийг шүүмжлэх нь:
Хүн төрлөгтний хөгжлийн нийтлэг чиг хандлаг гэдэг ерөнхий ойлголт, төсөөлөлтэй халхавч хийдэг манай улс төрийн хувийн өмч төвт сэтгэлгээ, хөрөнгө мөнгөний бооцоот бодлогын яаруу, хуудуу, “буухиа” шийдвэрүүд ард түмний олонхийн эрх ашиг, оюун санаанд нийцэхгүй байна. Өнөөдөр Монголын улс төрд ихэнхидээ зөвхөн хөрөнгөлөг “эзэд” ажиллаж, уламжлалаас илүү шинэчлэл рүү хошуурч, шинжлэх ухааны суурь судалгаа, нотолгоогүй яаруу, давчуу өөрчлөлтийн шийдвэрээр улс төрийн амьдралыг дарамталж буйгаас төрийн бодлого, практик үйл ажиллагаа хоёуланг үндэсний хөрснөөс салган “хийдүүлэх” туршлагагүйдүүлэх занганд унагаж байна. Төр урьд нь “Монголын ард түмэн” гэдэг эцсийн задгай /нээлттэй/ “зогсоол” руу төрийн үүргийн “ачаа”-г хүргэн Монголын уул, талын хад асган дундуур нүргэлэн туулдаг хүнд даацын “ачааны тэрэг” байсныг тэд өнөөдөр зөвхөн “өмчтөн”, “амьдрах чадвартан” гэдэг цөөхөн, бүлсэг “баг”-ийн хаалттай “зочид буудал” руу зөөдөг хөнгөхөн, хэврэгхэн, дизайнлаг, “пластмассан тэргэнцэр”,болгож хувиргав. “Эзэд”-ийн сэтгэц, сэтгэл бодлын онцлог болсон хөрөнгөжих, даяарчлагдах, гадаадын хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэртэй түншлэх, компьютер-мэдээлэлийн “импорт”-оор толгойгоо дүүргэх психоз Монголын нийгмийн сэтгэлгээний удирдлага болов.
Үйл явцын үр дүн эерэг, сөрөг гарахыг урьдаас шинжлэх ухаанчаар тооцох, судлах, үндэсний оршихуйн бааз суурь болдог параметруудаар шинжлэж магадлах арга, бодлого төрийн шийдвэр, үйл ажиллагааны удирдлага болох ёстой атал зөвхөн өөрчлөхийн тулд өөрчлөх психозоор удирдуулдаг нь шинэчлэлийг бусниулалт, өөрчлөлтийг ухралт болгосон гашуун түүх болж үлдэхээр болголоо. Энэ бол улс төр дахь “шийдмэг алхам”-ын өвчиний уршиг!
Төр засгийн шийдвэр, практик үйл ажиллагаа дээрхи уршигт “өвчин”-өөс ангид, эрүүл байхын үндэс нь цагаа олсон байхад буюу нийгмийн дийлэнхи олонхын тухайн үе дэх амьдралын үнэмлэхүй хэрэгцээ хийгээд эрх ашигийн нийтлэгийг илэрхийлж чадсан байх зарчимыг хангахад оршдог. Гэтэл нийгэм бодот суурь бүрдээгүй, нийгмийн ухамсар ч, сэтгэлзүй ч “хувьчлал”, “үнэ чөлөөлөлт”, “зах зээлийн механизм” зэрэг “импортын сэтгэлгээ”-ний огцом, цагаа олоогүй, өөрчлөлтийг шаардаагүй, тийм нийтлэг хэрэгцээ ч нийгэмд тулгараагүй байсан нөхцөлд зах зээлийн бусармаг харилцаа руу шуурсан “зоригтой” шийдвэрийн “зоригтой” алхам нь нийгмийн гажуудалын вирус тээсэн муйхарлалын “томуу” байсныг одоо ард түмний 80 хувийн ядуу хөсөр амьдрал нотлон харуулж байна.
Зоригтой шийдвэр, шийдмэг алхам зөв боловч муйхарлал, хувийн эрх ашигийн “тоглолт” байж болохгүй! Эсрэг тохиолд яг л Монголын “ардчилал” шиг ард түмнийхээ олонхийн амьдралыг цөлмөсөн сөрөг үр дүнд хортой байх болно.
Олонхигүй цөөнхийн амьдрал хэзээ ч нийгмийн бодот үнэний илэрхийлэл болж чадахгүй! Амьдралын шалгуур нь амьдрал өөрөө! Ард түмний олонхийн бодот амьдрал, ядуурал Монгол дахь зах зээлийн бодлогын зөвийг улам бүр үгүйсгэж байна. Амьдралын үнэний үгүйсгэл бол эцсийн үр дүнгийн үгүйсгэл, хамгийн аймшигтай үгүйсгэл! Өнөөдөр нийгмийн амьдрал өдрөөс өдөрт доройтоод, хөгжлийн гэх тайлбартай үйл явц хүний жинхэнэ хөгжлийн эсрэг үйлчлээд байгаа нь ноцтой үнэнийг, -цаг зуурын ихэнхи ялалт, амсхийлт, амжилтын “толгой эргэлт” амьдралд үргэлж ялагддаг үнэнийг үргэлж сануулж байна.
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуулууд" номоос