УЛС ТӨРИЙН АМЬДРАЛ ДАХЬ ОЛОН “АЛГА” /”БАЙХГҮЙ”/ БУЮУ МОНГОЛЫН УЛС ТӨРИЙН ИНСТИТУЦҮҮД ХЭМЭЭХ 3АРАГ ЯС”-УУДЫГ ШҮҮМЖЛЭХ НЬ: а.”Алга”-аас үүдэлтэй эмгэнэлт байдал
13 жил, 1 сар өмнө

Нийгмийн амьдралд үнэн үнээ алдлаа. үнэн үг улиг болох байтугай “үхдэл” боллоо. Шудрага ёс, үнэн, үүрэг хариуцлагын зарчим амьдралын бүх давхрагад устав. Сэтгэлгээний вектор зөвхөн бизнест чиглэж, өмч хөрөнгийн хуримтлал, ашиг хонжоонд “соронздуулж” өөр зүг хөдлөх хөдөлгөөн зогсоод тэндээ эвдэрсэн луужингийн зүү мэт хадагджээ. Шудрага үнэний “шүүх”-ээс хахууль-“өөш”-өөр чөлөөлөгдөж, шинжлэх ухаанч шүүмжлэлээс “вакуум орчин”-оор хамгаалагдаж буйгаас Төр-бизнесийн “нууц амраглал”-ын бохир үйл ажиллагаа нийгмийн тогтолцоог асар зэрэмдэглэж, “хөгжлийн хомсдол”-д орууллаа. Төр-бизнесийн олигархийн эрээ цээргүй үйлдлүүд, үндсэндээ хууль бус ажиллагаа байдаг ч түүнийг эдийн засгийн эрх сонирхолын “булагнаа”-наар боловсруулж баталсан “хуулиуд” нь зөвтгөн даамжруулсаар эцэстээ эдийн засгийн нэх нь байтугай эрүүгийн шинжтэй үйл ажиллагаа нь ч “цагаандаа гарлаа”. Уг нь ард түмний амьдралыг ядуурлын ангал руу хөмрөх эдийн засгийн үйл явцыг зөвшөөрсөн, төр-бизнесийн олигархийн харилцааг үүсгэсэн, хүн амын 80 хувийн хүэ шиг амьдрах аргыг нь мөнгөөр боймолсон, үр дагавартай эрх зүйн орчиныг бүрдүүлсэн алив “хууль”-уудыг шинж чанараар нь буруу хуулиуд байсан гэж үзэх ёстой! Буруу хууль бол логикоор хууль бус хууль! Эдгээр “хууль бус хууль”-уудыг санаачилсан, бас баталсан төр-бизнесийн субъектууд өнөөдөр Монголын нийгэмд нүүрлээд буй системийн хямрал, эдийн засгийн “мөхөлт”, улс төрийн дампууралын төлөө  “хууль бус хууль” –уудын хариуцлагыг ард түмний “шүүх”-эд хүлээх ёстой!

            Энэ “шүүх”-ийн яллагч нь, -амьдрах нөхцөлөө ард түмэнгүй “ардчилал”-тай зах зээлийн харилцаанд булаагдсан үгээгүй 80 хувь! Ард түмний 80 хувийг өмч хөрөнгийн илт ялгаралд хүргэж тэднийг эдийн засгийн хувьд амьд явах, эрүүл байх, боловсрол гэгээрэл эзэмших материаллаг бололцоог хаасан “хууль”-уудын сөрөг үр дагавар зөвхөн хэн нэгний үгээр ч нотлогдох бус  монголчуудын бодот амьдралын эмгэнэлээр бэлхэнээ нотлогдсоор байх тул ийм гажуудалт нийгмийн харилцааны уршигийг нийгмийн сэтгэлгээний мэргэжилтэй хэн ч дуугай ажиглаад суух эрхгүй болжээ. Энэ эмгэнэлт үнэний шалтгаан нь дорхи “алга”-д байгаа юм.

  • Монголд үндэсний биеэ даасан, тусгаар тогтносон эдийн засаг алга. Үйлдвэрлэл нь ч, үйлчилгээ нь ч, нийгмийн баялгийн хуваарилалт, банк-санхүүгийн үйл ажиллагаа нь ч бусдын хараат, “сүүдрийн эдийн засаг”-ийн сүүдэр шинж чанартай. Монголын эдийн засгийг, товчоор, Хятадын Эрээн хотоос зөөгддөг линсүү барааны хилийн чинад дахь “борлуулалтын цэг” гэж нэрлэж болно. Сонгол орны үнэн төрхийг хуурамч багийг нь хуулаад харвал, энд тэндэхийн хоцрогдолын элэгдэлт бараа бүтээгдэхүүний үнэ хаялцааны хаос зах зээл, а, хүн ам нь тэрхүү “чөлөөт”, “ардчилсан” зах зээл дээрх “адил тэгш эрх”-тэй гуйлгачин боолууд харагдана. Зүйрлэвэл, монголын эдийн засгийн бодот үнэн нь “далд эдийн засаг” хэмээх “муур”-ын хумсан дахь “хулгана” юм. Энэ хөөрхий “хулгана”-ын “аваарлаг”, эрсдэлт шинж чанар дээр нэмэгдэх нэг парадокс чанартай юм юу вэ? гэвэл жил бүр зохион байгуулагддаг “Үзэсгэлэн-худалдаа”, “дуудлага-худалдаа” нэртэй “шоу” үзүүлбэрүүд буюу инээдэмтэй “өнгөлөн далдлалт” юм. үйлдвэрлэл үйлчилгээний эдгээр “шоу”-наас халаас хоосон ард түмний олонхид наалдах, нялзах, баясгах юм юу ч байхгүй, хий л санаа алдах, өөртөө гутрах, хувь заяагаа хараах сэтгэл төрүүлэх, уур бухимдалыг нь буцалгах  “сайхан амьдрал”-ын даажингаас өөр юу ч эс үлдэнэ. Энэ бол монголын нийгмийн амьдралын нэгдүгээр эмгэнэлт төрх буюу эдийн засгийн маань “шоу” төрх; а, хоёрдугаар эмгэнэлт төрх, хоёрдугаар “шоу” төрх нь, -улс төрийн амьдрал!
  • Өнөөдрийн монголын нийгэм-улс төрийн үйл явцаас дүгнэхэд, төрийн бодлого, менежментэд жинхэнэ ард түмэнч сэтгэлгээ, элэг сэтгэл алга! “Зах зээлийн хууль” өөрөө нийгмийг зохицуулна гэх “субботникийн бодлого”-оор нийгмийг хавтгайд нь захиргаадах тоталитарчлал, эсвэл эсрэгээр, бодлогынхоо гадна ард түмнээ орхиж, “гудамжинд гаргах” бодлогогүйдэл, хариуцлагагүйдэл монголын төрийг “өвчлүүллээ”. Мөн, төр өвчилснөөр ч зогсохгүй, түүнийг бүр хэвтэрт оруулахад хүргэж буй нэг оёг эмгэг болох сэтгэлгээний ядуурал, залхуурал нь мөнөөх өвчлөлийг улам хүндрүүлж, эмчлэх ч эмчгүй өвчин болгож орхив. Одоогийн энэ “өвчин”-д ямар нэг эмчилгээ ч өнөөдөр алга, “эмч” ч алга. Уг нь “эмч” буй бөгөөд хэн бэ?, юу вэ? гэвэл шинжлэх ухаанч, филочофич, эрэлч, залхуугүй бүтээлч, ард түмэнч эрүүл сэтгэлгээ юм. Гэтэл тийм интеграл, ард түмнээ бүхэлд нь бодох нийтэч сэтгэлгээ “амин хувьч” үзэл, сэтгэлгээнд боолчлогдсоноор Монголын түүхэн ахуй, монголчуудын гарваль оюун сэтгэхүйд харш гадаад ахуй нөхцөлөөс хуулмал, орчуулмал “интернет мэдээлэл”-ийн сэтгэлгээний үерт живлээ.Төрийн зах зээлийн бодлогод сэтгэлгээний дифференцац огт алга үогэлжилсээр ирэв. Хөгжлийн биеэ даасан үндэс, боломжтой эдийн засгийн салбар, хүн амын давхрага, нийтлэг бус, өвөрмөц, тухайлсан онцлог бүхий нутаг бүсүүдээр тооцсон, хэсэгчилсэн ялгавартай, тэхдээ, хүнийг ядгаварласан бус, эдийн засгийн материаллаг орчин нөхцөл, үйлдвэрлэх хүчний чадамжтай харьцангуйгаар зах зээлийн харилцааг хэвшүүлэх, турших, амьдрал дээр сөрөг үзүүлэлттэй үр дүнд хүргэж буй үйл явцыг хязгаарлах, залруулах, өөрчлөх уян хатан зарчимт либеральчлалын боломжийг төрийн нүд олж харсангүй.

Өнөөдөр төр удирдлага, менежментийн бодлогодоо ганцхан гарц олдог. Ганцхан түүнийгээ ашигладаг. Тэр нь бараг юм бүгдийг, түүн дотроо, ард түмэнд хэрэгцээт үйлчилгээ бүгдийг төлбөртэй болгодог гайтай гарц! Энэ ард түмний ядуу зүдүү олонхийн амьдралыг ойлгосон, бодот нөхцөлийг нь тусгасан, тэднийг хайрласан сэтгэлгээ, элэг сэтгэл алга! Хүн амын жилийн дундач орлого 30-40 сянган ам.долларт хүрдэг “бар”, “арслан” эдийн засагтай орнуудад энэ гарцыг зөвшөөрч болох байх. Монгол шиг, жилдээ 400-700 ам.долларын орлоготой 600-700 мянган өрхтэй оронд ийм менежмент бол фашист менежмент. Монголын ард түмний бодот амьдралын нөхцөлд Төрийн эдийн засгийн бодлогын төвд ард иргэдийн эрүүл мэнд, бүх шатны боловсрол үнэ төлбөргүй байх, тэгээд эрүүл чийрэг бие бялдартай, өндөр мэдлэг боловсролтой, дээд ёс суртахуунтай, өв тэгш хөгжсөн иргэдтэй нийгмийг цогцлоох л зорилго тавигдсан байх ёстой!

Энэ зорилгыг хангах зардалыг төр хариуцаж чадах эдийн засгийн чадавхийг бүрдүүлж ажиллах нь төрийн үндсэн үүрэг бөгөөд үйл ажиллагааны нь үнэмлэхүй шалгуур үзүүлэлт байх ёстой! Энэ бол төрийн үйл ажиллагаа эхлэх гарааны цэг! Гарааг тогтвортой, хурд эрчимтэй байлгаж, цаг хугацааны урт богино ямар ч интервалд найдвартай баталгаажуулж чадсаны үндсэн дээр л төрийн менежментийн бодлого дараагийнхаа шатанд шилжих ёстой! Өвч тэгш хөгжилтэй, бүтээгч ухамсар, ёс зүйтэй ард иргэд л нийгмийн хамгийн үнэт капитал тул энэ капиталыг буй болгох, туйлаар хөгжүүлэх шаардлага л нийгмийн хөгжлийн “үндсэн хууль” юм. Энэ хуулийг амьдралд хэрэгжүүлж чадаж буй төрийг л ард түмэн шүтэж болно, тийм төрд хүчирхийлүүлж ч болно! Тийм төр хэн нэгнийг цаазлах ч эрх эдэлж болно. Тийм төрийн ардчилалыг бүү хэл “дарангуйлал”-ыг ч хамгаалан тэмцэнэ.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос