Улс орны хөгжилд айл бүрийн амьдрал нөлөөлдөг тул гэрийн доторх мэдлэг, боловсролоо дээшлүүлье.
Өнөөгийн Монголын нийгэмд “Гэр бүл төвтэй нийгмийн хөгжил” – ийн сэтгэл зүй цоо шинээр бүрдэж байна.
Монгол Улсын төрөөс олон хүүхэдтэй эх, залуу гэр бүл, шинээр мэндэлсэн хүүхдэд мөнгөн тусламж, жирэмсэн эхэд тэтгэмж олгож, хамгийн залуу иргэдийнхээ эрүүл мэндийн даатгал, үнэ төлбөргүй ерөнхий боловсрол зэргийг улс хариуцаж ирлээ.
Хүний хөгжлийг гэр бүлээс ангид шийдвэрлэх боломжгүйг монгол хүн бүр сайтар ойлгож, хүүхэд, гэр бүл, залуучууд, ахмад, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, нийгмийн эмзэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ялангуяа хоол, орон байр, ажлын байр, амьдралын эх үүсвэртэй байх зэрэг нийгмийн бүхий л асуудлыг хамардаг гэр бүлийн хүрээн дэх харилцааг судалдаг хүний хувьд энэхүү үйл хэрэгт оюуны хөрөнгө оруулалт хийж, олны хүртээл болгох завшаан олдсонд гүнээ талархаж байна.
Гэр бүл, эрэгтэй хүн, эмэгтэй хүн, хүүхэд судлаачаар олон жилээ / 1988 оноос хойш 25 жил / ардаа орхисон эрдэмтэн, багш хүний хувьд гэр бүлийн 3 цуврал, хүүхдийн хөгжлийн 2 цуврал, сэтгэл зүйн зөвлөгөө гэр бүлд өгөх гарын авлага гэсэн нийт 6 номоо та нартаа танилцуулан барья.
Орон нутгийн болон нийслэлийн хэмжээнд 750.000 орчим монгол гэр бүл оршин тогтнож байна. Судалгаандаа 19 аймгийн 550.000 орчим хүнийг хамруулсан. Үүнээс 40 орчим хувийг хүүхэд эзэлнэ. Жилд Монгол улсад маань 29.000 хос гэрлэлтээ бүртгүүлж байгаа ч жилдээ 15.600 хос салж байгаа нь гамшиг нүүрлэсэн байна гэлтэй. 86.000 эмэгтэй ганцаараа өрх толгойлж байна. 2 хүүхэд тутмын нэг сургууль, гэрийн аль нэгэнд хүчирхийлэлд өртдөг. Эзэнгүй үндэстэн болсон нь харамсмаар ... Яг л аавгүй, ээжгүй айл шиг үндэстэн болжээ.
“Гэр бүл төвтэй нийгмийн хөгжил”- ийн бодлого эрчээ авч, түүнийг даган “Нийгмийн харилцааны баялаг” бүтээх сэтгэлгээ бүх улс оронд хүчтэй дэлгэрч ид моодонд орж байна.
“Гэр бүлийн тухай” (1999 он), “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” (2004 он) Нийгмийн халамжийн багц хууль зэрэг олон хууль бидний амьдралд үйлчилж байгаа. Цаашид гэр бүлийн хөгжлийг дэмжих, түүний зохистой орчныг бүрдүүлэх талаар үндэсний хэмжээний судалгаа, үр дүнтэй халамжийн бус мэдлэг олгох чаадвартай бие даан оршин тогтнох хөрс суурь бүрдүүлэх ажиллагааг иргэд маань төрөөс хүлээсээр байгаа. Тэд юу хийхээ дотроосоо бус хариас эрсээр, орчуулсаар, туршсаар, бүтэлгүйтсээр байгаа.
Гэр бүлийн хөгжлийг эдийн засгийн аргаар дэмжих үзэл баримтлал, эрчтэй үйл ажиллагаа мөн юм шиг боловч хүнийхээ сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх гэдэг түүнээс илүү чухал ажил байдгийг санахад илүүдэхгүй баймаар. Бид оюуны хөрөнгө оруулалтыг толгойтой болгон өөрсдөө хөхиүлэн дэмжихгүй бол төр засагт найдах найдвар нь цаг хугацаа алдах уршигтай бөгөөд удаашралтай/ хэдэн зуун жил/ юм. Аливаа үндэстэнг устгах дэлхийн хөрснөөс арчих гол зэвсэг бол иргэдийг нь халамжлан мөнгө өгч өөгшүүлэх, оюунлаг, сэтгэдэг, бүтээлч сэхээтэнээ төрийн бодлогын гадна байлгаж туйлдуулах явдал гэж боддог.
Монгол Улсын хөгжлийн нэрийн хуудас, өнгө төрх нь залуу үеийн хүн болох төлөвшил, бие бялдрын хөгжил, амьдрах ухааны чадвар, эрүүл аж төрөх хэмнэл, чадалтай нь чадалгүй сул доройчуудаа өргөж, тэтгэх нийгмийн халамжийн энэрэнгүй бодлого мөн. Сургуульд орохоос нь өмнө эцэг эх болсон хүн бүр хүүхдээ ирээдүйн эхнэр, нөхөрт бэлтгэх, гэр бүлийн суурь боловсролыг мөнгө, тусгай багш мэргэжилтэн, цаг хугацаа зарцуулахгүй зориулдаг гэрийн амьдралын сургалтаа тасралтгүй явуулж, бат бэх үндэс суурь тавих шаардлага улам бүр гарч ирсээр байгаа. Бага насны хүүхдийн сэтгэл зүйн болон нийгмийн харилцааны хөгжлийг гэр бүлд нь эцэг эхээр нь гардуулж хийлгэх сургалт, ёс суртахууны мэдээлэл, бие бялдрын болон бэлгийн зөв мэдээлэл зэрэг цогц үйл ажиллагааг олон өрхийн өөрсдийн хүчинд тулгуурлан хэрэгжүүлэхгүйгээр зөвхөн цэцэрлэг, сургуульд бүхнийг даатгаж орхидог, эцэг эх нь хүүхдээ хөгжүүлэх үүрэг хариуцлагаас зайлсхийдэг уршигтай дутагдлыг арилгавал зохилтой юм. Гэр бүлийн хамгийн үнэт зүйлийн нэг нь хүмүүс хоорондын харилцаа, зан төлөв, ёс суртахууны хэм хэмжээ, уламжлалаас эхтэй шинэчлэл, орчин үедээ нийцтэй монгол үндэстэнд тохирох зөв арга барилд дасгах гэр бүлийн мэдлэг, боловсрол билээ.
Нөгөө талаар өрх гэрийн амьдралд төдийгүй нийгмийн бүх салбарт эрэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг оролцоо илт дутагдаж, олон нийтийн дунд идэвхитэй орох нарийн чимхлүүр ажил орхигдсоор байгаа. Эрчүүдийг басамжилсан, голсон, салалт ихэссэн байгааг анхааралдаа авах цаг нь болсон. Энэ асуудлаар би сүүлийн 3 жил телевизээр 120 цаг их л зөөлрүүлж яриад, ач тус бага л байх шиг боллоо.
Монгол гэр бүл 2220 жилийн хөгжлийн түүхтэй. Эртнээс өвгөдийн бүтээсэн оюуны их өв соёлдоо гэр бүлийн хөгжлийн талаар өөрийн гэсэн үзэл номлол, өсвөр үеэ сурган хүмүүжүүлдэг арга барил, өвгөд хөгшидөө асарч хүндэлдэг ёс заншил, хүмүүс хоорондын харилцааны ёс жудаг, журам зэргийг бий болгосон дэлхийн буурал үндэстэн билээ. Айл өрх бүр “Эвсэг бичил нийгэм-вант улс” байхын тулд гишүүн бүрт гэр бүлийн боловсрол, авъяас чадвар, хувь хүний онцгой давуу талд түшиглэсэн хүсэл тэмүүлэлтэй, дэлхийн дэвжээгээр сэтгэж, нутаг орныхоо онцлогт тохируулан амьдрал ахуйгаа авч явдаг арчаатай, өөрийн гэсэн бахархах сайн үйлтэй, ирээдүйдээ итгэлтэй байх нь иргэн бүрийн хүчин чармайлттай холбоотой төдийгүй, үр хүүхэд, хойч үедээ өгөөжтэй, үлгэр дууриалалтай, үнэ цэнэтэй байх болно. Хөдөө нутгийн айл өрхүүд мал сүргээ өсгөхийг хичээдэг бол хот суурин газрын, айлууд газрын өгөөж үр шимийг хүртэх эрхэм зорилго дэвшүүлж ажиллавал амжилтад хүрэх нь мэдээж билээ.
Монгол үндэстэн шинэ зуунд гэр бүлийн өв тэгш хөгжилтэй, залуучууд, эрүүл чийрэг бие бялдартай иргэд, ёс суртахуунтай, хувь хүний чадавхийг өндөрт хүртэл хөгжүүлсэн, боловсролтой хүмүүсээрээ бахархаж, гайхуулж, омогшиж оршино гэж би итгэж явдаг. Одоо зөвхөн шүүгдээгүй мэдээллээр тархиа самууруулсан, хэдэн халтар диплом, хэвлэсэн цаасан мөнгийг оройдоо залж шүтсэн, сэтгэх бодох сонирхолгүй, оюуны чадалгүй, мэдрэмжгүй, өгөөмөр, хүнлэг, цагаан өнгөтэй сэтгэлгүй болсон хүн сүрэг багширч гадны харийнхны бах тав болж байна. Тэнэгийг дарлахад амар, ухаантайг удирдахад амар гэдэг яалаа? Мартсан уу? Чингисын нэрийг баялаг олохоор худалдах биш бүтээсэн, сэтгэсэн, мөнхөрсөн үйлс хөдөлгөөнийг судлах, үр дүнтэйхэн шиг үлгэрлэн бүтээлчээр турших үлдлээ.
Тэд монгол гэр бүлд мэндэлж, монгол орчинд өсөн торниж, монгол хэлээр сурч хүмүүжиж, монгол ахуйд ирээдүйгээ бүтээж байсан. Дэлхийг дангаар ноёлж байсан сэтгэлгээ, оюун ухаан эрчим цэнэг хаана сүүмийж байна? Монгол үндэстний нэрийн хуудас болсон “Дэлхийн мэргэжилтэн” монгол иргэнийг тосон авч, хөгжүүлж байгаа монгол гэр бүлийн гавъяат үйлсийг улам бүр өөрсдөө хөгжүүлье.
Та бүхэн миний гэр бүлийн цуврал номыг гэрийнхээ босгоор давуулна гэдэгт итгэж байна. Бид энэ эрин зуунд өөрөө сэтгэх чадвар болон бусдаас хуулбарлахгүй бүтээх чадавхиар дэлхийд өрсөлдөнө. Хамгийн эхний мэргэжил болсон гэрийн сургуулийн ээж, аав багш нарыг үндсэн үүрэгт ажлыг нь урам зоригтойгоор дэмжиж эхлүүлье.
Сүүлийн 300 гаруй жил монголд нүүрлэсэн бэлэнчлэх сэтгэлгээний хандлага “Тахал” өвчнөөс өөрийгөө аврахад амьсгал бүрээ хайр найргүй, харамгүй сэтгэлээр зориулья. Өөрийгөө өөрчилж, өөрийн удам угсаагаа цэвэрлэж, сая сая жилийн амар амгалангийн сумийг өөрийн гэрт сүндэрлүүлье.
Эхнэр нөхөртөө, нөхөр эхнэртээ, хүүхэд эцэг эхдээ, эцэг эх хүүхэддээ, эсвэл бүр ах дүүдээ, бүр найздаа, даргадаа, намдаа найддагаа больж хараат бус бие дааж амьдрах “жинхэнэ хүн” болох, хүслээ хязгаарлаж, бодлоо удирдаж сурахад амьдралаа зориулья. Амьдралын утга учраа зөв тодорхойльё.
Эгэл хүн гайхамшигт бахархал, энгийн үйлс агуу ...
Ганц ганцхан дусал гадаад их далайг үүсгэж
Нэг нэгхэн ширхэг нилэнхүй их говийг бүрдүүлсэн.
Гэр бүлийн хөгжлийн цогц боловсрол олгох “ Үндэстний баялаг- Гэр бүл, Гэр бүлийн баялаг – Хүүхэд” хөтөлбөр 2007-2017 он хүртэл хэрэгжүүлж байна.
Бүх номын дэлгүүрээр 6 цуврал номоо хүртээж байна.
1013 оны сүүлээр “ Гэр бүлийн нэвтэрхий толь” Судар бүтээлээ олон түмэндээ барина.
ААнэгж байгууллага, сургууль, хамт олонд гэр бүлийн төгс ялгуун харилцаа лекцээ захиалгаар зохион байгуулна. 40 удаагийн ДВД /дүрстэй / хичээл гаргасан.
Телевизын 40 цагийн цуврал “ Эргэцүүлэл” нэвтрүүлгээр гэр бүлийн мэдлэг боловсрол олгож байна.
Соронз, Өдрийн сонин сэтгүүлд гэр бүлийн болон эрэгтэйчүүдийн хөгжилд сэтгэл зүйн зөвлөгөөний булан ажлуулна.