УГТАН ИРЖ БУЙ БОЛОМЖООР ДҮҮРЭН ИРЭЭДҮЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ АШИГЛАЯ
Цаг үетэйгээ хөл нийлүүлэн аж төрдөг биш, цаг үеэсээ түрүүлж алхдаг, ирээдүйд тэмүүлдэг, түүнийг судалдаг, ирээдүйч сэтгэлгээтэй хүмүүс өдөр ирэх бүр нэмэгдэж байна. Яагаад гэвэл өөрчлөлт маш хурдтай явагдаж байгаа учир өөрчлөлтийг урьдчилан харж ашигласан хүмүүс л хожиж байна. Ирээдүйн өөрчлөлт бол тэдний хувьд боломж боллоо. Өнгөрсөн зуунд бид булчингийнхаа хүчийг түлхүү ашиглан багажаар баялагийг бүтээдэг болж өөрчлөгдлөө. Өөрчлөлт ирээдүйг бүтээдэг гэдгийг бид мэддэг. Тэгвэл хэрхэн ирээдүйн өөрчлөлтийг системтэй харах вэ? Ямар өөрчлөлт явагдаад байна? Түүнийг хэрхэн ашиглаж амжилтанд хүрэх вэ гэсэн олон асуулт таны толгойд төрнө. Энэ бүх асуултанд хариулж, ирээдүйн өөрчлөлтийг судалдаг шинжлэх ухаан бол ирээдүй судлал юм. Олон мянган жилийн хугацаанд бий болсон өөрчлөлт бидний амьдарч байгаа энэ үед хэдхэн жилийн дотор явагддаг боллоо. Ойрын 15 жилд нийгмийн амьдрал, ажил мэргэжил, бизнес зэргээс гадна хүний хэрэглээг хамарсан асар их өөрчлөлтүүд биднийг угтан ирж байна.
Өнгөө өөрчилдөг шил, бактери үрждэггүй ахуйн хэрэглэл, хиртэж бохирдохгүй хувцас, цоорсон ч ургаж нөхөгддөг материалтай даавуун хэрэглэл болон машины дугуй, усаар ажилладаг автомашин, нисдэг галт тэрэг, бодит мэт дүрс цацах технологи, автомат зоогийн газар, хэдэн зуу дахин ашиглагддаг цаас, цаасыг орлох цахим шошгонууд, цахим боловсрол, өдөрт 1 см ургадаг хүнсний ургамал, аварга хүнсний ногоо, ургадаг мах, бензин түгээгчээс эхлээд хүүхэд хөгшдийг асрагч барилга барьдаг роботууд, жинхэнэ мэт хиймэл эрхтэнгүүд, хиймэл цус, бодлоор ажилладаг компьютер, хиймэл оюун ухаант компаниуд, сансарт аялах сарны зочид буудал гээд энэ бүхэн бидний энгийн мэт хэрэглээ болно. 20-р зууны эхээр амьдарч байсан хүмүүст “зуун жилийн дараа хүмүүс хоорондоо маш холоос жижиг багажаар харилцдаг болно” гэж хэлэхэд хэн ч итгэхгүй байсан. Үүнтэй адил ойрын жилүүдэд итгэхэд бэрх олон өөрчлөлт гарна. Угтан ирж буй боломжоор дүүрэн ирээдүйн өөрчлөлтийг бүгдээрээ ашиглая. “Өрөнд орохоосоо өмнө, мөнгөө цуглуулах” гэдэг ирээдүй судлаачдын зарчим таны зарчим болно гэдэгт бид итгэж байна.
Эрвээхэй дэвэхэд дэлхийн нөгөө талд хуй салхилна.БҮТЭЭЛЧ МОНГОЛ НЭГДЭЛ