Төрийн “эзэнгүйдэл” буюу “үүрэггүй” төр
13 жил, 1 сар өмнө

Ер ойлгоогүй, эсвэл, “түүхий” ойлголттой ардчилалын нөхцөлд үүсэх нийгмийн нэгэн согог үзэгдэл нь,-“үүрэггүй” гэж тодорхойлж болохуйц “хөнгөн ачаат” төр үүсэх явдал юм. Монголын улс төрийн тогтолцоог бужигнуулж буй “ардчилал”, “шинэчлэл” хэмээх шоколад түрхсэн нүүртэй үйл явцуудаар, мөн удаа дараагийн сонгуулиар /Ялангуяа, 2004 оны “мөнгөний “ сонгуулиар!/ ард түмнийг төлөөлөн засаглах эрх шагнагдсан “монголын төр” хэмээх улс төрийн институц нь монголын нийгмийн амьдралд “үүрэггүй” төр гэж нэрлэгдэхээр үлбэгэр сул, зах зээлийн урсгал үйл явцуудад жолоо мэдүүлсэн, “төрийн эзэнгүйдэлт” гэж томъёолохоос өөр аргагүй идэвхигүй, хариуцлагагүй, тэгэх мөртөө, дотоод хямралт, эдийн засгийн ашиг сонирхолын олон бүлэглэлийнхээ улмаас эв нэгдэлгүй, улс төрийн нэгдмэл онол ойлголтгүй эрээвэр хураавар хүмүүс, хүчний бөөгнөрөл болсон үзэгдлийг улс төрд үүсгэв.

“Үүрэггүй” төр нь зах зээлийн өөрийн хууль гэгчид яс захирагдах, нийгмийн амьдралд, ялангуяа, эх орны эдийн засгийн амьдралд голдуу чөрөг үр дагавартайгаар лавширч буй /хүн амын тал хувийг /46%/ ядуурал, гуйланчлалд сөхрүүлсэн/ үйл явцын зохицуулалтанд аль болох бага оролцоотой үйл ажиллагаа явуулах ёстойгоо үргэлж сурталчилдаг ч, үнэнхээр ч манай эдийн засагт ард түмний олонхийн эсрэг шинж чанартайгаар өрнөж буй үйл явцуудад нүдээ боон нүүрээ ширлэн хандах мэт эс оролцдог ч энэ “эс оролцоо” нь уг чанартаа тэрхүү эдийн засгийн бусармаг үйл явцын идэвхижилтэнд хамгийн идэвхитэй оролцож буй хэлбэр юм.

Монгол дахь капитализм, “нүүргүй” мөлжлөгийн харилцааг нөхцөлдүүлж буй зах зээлийн үйл явцыг эеэрүүлэх замыг эс хайн, зохистойгоор чиглүүлэх үйл ажиллагаа эс явуулан, ард олны эрх ашгийн хамгаалалтын үүднээс ямар нэг зөв зүйтэй зохицуулалтанд үл оролцон “элгээ эвхэн” сууж буй төр бол, нидэртээ нийгмийн сөрөг үйл явцад л харин тууштай, хүчтэй оролцож буй төр болно. Төрийн “эзэнгүйдэл” нь өнөөдөр нийгмийн ядуулаг олонхи, хөрөнгөлөг “цөөнх”-ийн хоорондох ялгаралыг гүнзгийрүүлэх, цаашдаа, нийгмийн харилцааны хямралыг хурцатгах нэг гол хүчин зүйл болон хувирч буй тул “Үүрэггүй” төр нь нийгмийн оршихуйн задрал, эмх замбараагүйдэл, хууль ёс-хэв журмын “чөлөөт” зөрчил, нийгмийн хар хүчнүүдийн дур зоргын эрхшээл ноёрхол зэрэг үзэгдэлд туйлын эерэг нөлөө, оролцоо, хамаарал бүхий субъект боллоо.

Төрийн “үүрэггүйдэл”-ийг бий болгогчид, талархан турхирагчид өөрөө өөрсөддөө “ажлын ачааны хөнгөлөлт”-ийг санаачилж, тэр “хөнгөлөлт”-өө тайлбарлахдаа, “нийгмийн үйл явц өөрийн дотоод хуулиар, зүй тогтолынхоо дагуу өрнөх ёстой! Төр оролцох ёсгүй! Нийгмийн амьдрал бүхэлдээ зах зээлийн харилцаагаар зохицуулагдана! гэсэн үзэл суртал явуулж, төрийг нийгмийн үүрэг хариуцлагаас нь дайжуулах, ачааг нь нуруунаас нь иеханикаар авч хаях, ирээдүйн түүхийн “шүүх”-ийн өмнө XX зууны эцэс, XXI зууны эхэн үеийн Монголын нийгмийн гажуудалт  харилцаанд “Төр оролцоогүй!” гэсэн мэлзээтэй хоцроох зорилго агуулж байна. Ийм “оролцоогүй”, зөвхөн  “хажуунаас ажиглагч” үйл ажиллагаагаараа өнөөгийн Монголын төр нийгмийн харилцааг “системийн хямрал”-д хүргэх, өөрийн үйл ажиллагааны “хэрэгцээгүй”-г мөд нотлох үйл явцын идэвхитэй “оролцогч” болж буй парадоксыг ажиглахгүй байна. Юу гэвэл, үүрэггүй төрийн тогтолцоо, үйл ажиллагаа нь улс оронд эрчимжиж буй эдийн засаг - улс төрийн ил, далд гэмт хэрэгүүдийг “хөгжүүлэгч” хуулийн цоорхойг хамгаалагч “машин”, мөн зохион байгуулагчийн л үүрэг гүйцэтгэгч болон үлдэж байна.

Ард олонхийн амьдралын ядуурал, ажилгүйдэл, сэтгэл санааны уналт, гутрал, амиа хорлолт, хүмүүсийн дотоод харьсал, үл ойлголцол, харгис хэрцгий харьцаа зэрэг нийгмийн харилцааны “гоц халдварт тахал”-ын тархацыг зогсоох, үндэс шалтгааныг нь ард түмний ахуй амьдралын дээшлэлтээр таслах үүрэгтэй “төрийн ачаа” өнөөдөр хоосорч, төр үндсэндээ хэргээ барах, нийгмийн доройтолын шуурганд “хүчгүйдэх”, ингэснээр, үйл ажиллагааны цагаатгал үгүйсгэгдэхэд хүрлээ.Өнөөгийн төрийн функцт юунд оршиж байна? гэвэл улс төр – эдийн засгийн олигархийн шинжтэй “хүчирхэг цөөнх”-ийн л бизнес- санхүүгийн эрх ашигт үйлчлэх, хөдөлмөрийн бус үйл ажиллагааны орлогоор бий болсон хуримтлалыг хөхиүлэх хийгээд хамгаалах хуулийн орчинг бүрдүүлэхэд оршиж байна.

Төр үндсэн үүргийнхээ /нийт ард түмний амьдралын түвшинг нийтэд нь зааггүй дээшлүүлэх/ эсрэг гүйцэтгэж, төрийн институцийн алба, эцсийн дүндээ, зөвхөн татвар хураалт-хуваарилалт-бизнесийн “шугаман” үйл ажиллагаа л болж буй бодот үзэгдэл нь ард түмний бухимдал, дургүйцлийг хаа сайгүй төрүүлж, нийгмийн хурц зөрчил рүү түлхэж эхлэв. Уг нь бол, улс орны эдийн засгийн зонхилох үйл явцад төрийн оролцох оролцооны хэм хэмжээ зах зээлийн “дотоод зүй тогтол”-оор” тодорхойлогдох нь зөв, гэхдээ тэр “дотоод зүй тогтол”-оороо тлэрхийлэгдэж буй бодот ахуй нь  өөрийнхөө нийгмийн мөн чанараар “нэг л биш” хойшлоготой, “цаанаа л биш” үр дүнд хүргээд байгаа үр дагавартай байгаа нөхцөлд тэр үр дагаварыг өөрчлөхөд “гаднын“ буюу төрийн шийдвэртэй оролцоо, зохион байгуулалт зайлшгүй нь амьдралаас илт харагдаж байна. Энд “гаднын“  гэдэг нь, хилийн чинадаас гэсэн үг бус, харин “хажуугаас” буюу ард түмний санаа оноо, мэргэн ухааны “онцгой эрх”-тэй оролцоо, тэдэнд үнэнчээр зүтгэгч эрдэмтэд мэргэд, ардач сэтгэгч, сэхээтэнүүдийн бодрол, сэтгэмж, үзэл онооны туслалцаа, цаашлах юм бол, бүүр “дээрээс”, өөр, дээд оюуны оролцооны хүч нэн хэрэгтэй гэсэн үг. Харин, харамсалтай нь, өнөөгийн хүн төрлөгтөн, тэр дотроо, ялангуяа монголчууд бид, Тэнгэр Бурханаас даанч тасарч холдсон, Бурханы оршихуй, харилцаа оролцоог огт ойлгохгүйнхээ улмаас Бурханыг үл хэрэгсэгч, амьдралдаа үл уригч, сэтгэл бодлоо үл ханьсаагч оршигчид болсон тул Бурханы оронд эсрэгээр нь, ад зэтгэр, албин шимнус тэргүүт адгуусан төрхийн муу юмсын эрхшээл нөлөөлөлийн оролцоонд найр тавих магадгүйг үгүйсгэх аргагүй юм…

“Үүрэггүй” төр үүрэггүй албан хаагчидаас бүрдэх нь ойлгомжтой.Өнөөдөр Монголын төрийн албаны боловсон хүчний бодлогод ганц л хүчирхэг “шалгуур” үйлчилдэг. Энэ нь, юуны өмнө, тухайн хүний хөрөнгө санхүүгийн чадавхи, бэл бэнчингийн нөөц! Ганц үгээр, -Мөнгө! Мэдлэг, мэргэжил, боловсрол, сэтгэлгээний бүтээмжийн чадвар зэрэг “IQ” үзүүлэлт, хүн мөс, эх оронч үзэл, ардач элэг, хүнлэг ичгүүр, айдас, шудрага ариун чанар зэрэг ёс суртахуунлаг үзүүлэлт, эцэст, бэлгэ билгүүний хөгжил, гэгээрэл, дээд чинад орнуудаас шившдэг хэл зар, мэдээлэл, зөн совин, далд ухамсарын урсгалыг хүлээн авах мэдрэмжийн түвшин зэрэг эрчимлэг чадварын үзүүлэлт, шалгуурын талаар төрийн боловсон хүчний бодлогод ямар ч ойлголт алга! Төр нь жинхэнэ утгаараа, хүний оюуны хийгээд сэтгэлийн диалектик, мөн, дээр нь, дотоод ертөнцийн нь эрчимлэг хөгжлийг хангах “зохион байгуулалт”-ын үйлчилгээ тул өнөөдрийн төрийн боловсон хүчний сонголтын практикт ноёлж буй гол шалгуур,-хөрөнгө мөнгөний хэмжээ, нас, зүс, ойр зуурын ярианы англи хэл /”баарны“ үйлчилгээ шиг!/ оочин цоочин хэрэглээний компьютерийн мэдлэг, дадлага мэт нь тун инээдтэй “шалгуур” юм.

Өнөөдөр ард түмэн цээжин доторхи цухалдалаа гадагш гаргахгүй, ил дуугарахгүй л байгаа болохоос бус дотроо, ам амандаа бол “Төрийн түшээдийн шалгуур нь “хавтас” нь бус толгой нь , өмчилсөн хөрөнгө /компани/ нь бус эзэмшсэн эрдэм, авъяас, сэтгэлгээний нь шинэчлэгч, бүтээгч чадвар, ул суурьтай туршлага дадлага нь байх ёстой!” гэж өгүүлэлдэн буй чимээ Туулын хөндийг хашсан дөрвөн их уулаа ч шилгэлүүлэхээр хүчтэй сонсогдсоор л байна. Даанч хамгийн зөв юм  хамгийн хэцүү байдаг жамаар энэ сонголтын шалгуур Монголын “Үүрэггүй” төрийн “хөнгөн алба”-нд хүнддээд байгаагаас эс хэрэгждэг. Хэрэгждэггүй зөв хичнээн хэрэгтэй байлаа ч “хэрэггүй юм” болж хаягддаг зуршил манай амьдралын жирийн үзэгдэл юм.

Төрд ямар улс цуглана, ямар шинж чанартай суыъект голлоно, тийм шинж, онцлогтой улс төр тухайн цаг үед давамгайлах нь хууль тул төрийг үүрэгтэй, “ачаа”-тай, хүчтэй төр болгох тогтолцоог улс төрд хэвшүүлэх шинэчлэлийг цаг алдалгүй хийхэд нийгмийн сэтгэлгээ чиглэгдэх ёстой.Хүчтэй төр гэдэг бол нийгмийн амьдралд хамгийн идэвхитэй оролцоотой төр юм.Тийм төр нь “албан байгууллага” болон зохион байгуулагдаж, дээрээс засаглаж буй төр бус, харин хөгжлийн диалектикаар өөрийгөө халах түвшиний хөгжилдөө хүрч буй буюу хүний /ард иргэдийн/ дотоод ертөнцийн “өөрийн хяналт”, өөрөө өөрийгөө захирах ёс суртахууны хориг цээрийн ухамсар, мэдрэмж л засаглалын дээд эрх болон хувирах үеийн төр болно.Цэвэр ёс суртахууны “захиргаадалт”-ын хэлбэр нь төрийн жөгжлийн дээд, “далд” хэлбэр гэж үзвэл зохино. Ёс суртахууны хориг цээрийн ухамсартай нэгдэж, хүний сэтгэл оюуны гэгээрэл, ухаарлын гүнд оршиж, хүнийг хүмүүн бус чанаруудынхаа эрхшээлд автахаас “хүчирхийлэн” хамгаалж, тийм “хүчирхийлэл” –д автсан иргэн ч өөрөө огт гомдохооргүй, эсэргүүцэхээргүй, харин өөртөө л гомдож, өөрийгөө зэмлэж, алдаандаа гэмшиж, биеэ засахаар аванхайлахуйц ач ивээлтэй “хүчирхийлэл” явуулах л төрийн жинхэнэ үүрэг гэнэ. Нөгөө талаас ард түмнийхээ чинээлэг амьдралын тулд “даагдашгүй ачаа”-г даах /хөнгөлөх бус/, “хөгжлийн зовлон”-г ард түмэнтэйгээ цэг үлвж туулах үүргийг төгс төгөлдөр гүйцэлдүүлсэн нөхцөлд л сая төрд ард түмнээс “төрийн эрх “ шагнагдана. Энэ эрх, -ард олныг жинхэнэ хүн болгох нийгмийн нөхцөлийг хангахын тулд л ард иргэдийг захирах, цагдах, гэм алдаандаа гэмших ухамсарын гэгээгээр хэсээн засаглах эрх! Зөвхөн ийм үйл ажиллагаатай төрд л нийгмийн харилцааг зөв зохистой зохион байгуулах хүч чадал оршино. Мөн,нийт ард түмний хүндэтгэл булаасан “хүчирхийллийн машин” байх эрх олгогдоно.

Төр иргэний харилцааны хөгжил тэр хоёрын аль алины үүрэг, эрхийн диалектик нэгдлээр л хангагдана.Төрөөр зохицуулагдаж буй ард иргэдийн эрх чөлөө нь хүн өөрийнхөө үүргээс чөлөөлөгдөх бус, харин эсрэгээр, үүргэндээ “хүлэгдэх”-ийн утга бүхий ойлголт юм.Үнэмлэхүй утгаараа,-хүн ахуй ертөнцийн ихэнхи материаллаг хэрэгцээнээс бие махбодоо ч, сэтгэлээ ч ангижруулах “дотоод тусгаар тогтнол”-ыг олж буй үйл явц юм.

Нийгэмд эзлэх иргэний эрхийг авч үзэхдээ, бусдын эрхээр өөрийнхөө эрхийг хязгаарлах ухамсар, өөрийнхөө эрхээс түрүүнд бусдын эрхийг хангах үүрэг гэж үзэх нь иргэний үүрэг, эрхийн диалектик нэгдлийг хангах үндэс болно. Энэ бол иргэншлийн “үндсэн хууль”!  Хүний эрх, эрх чөлөө бол нэг их бардархаж түрээ бариад зориулагдсан “үнэт зүйл” биш, харин нийгмийн бусад гишүүдтэй харилцах харилцаандаа хүнлэг ёс, хүндэтгэл, ойлголцол, сэтгэлийн урам, амьдралын бодот тус дэмийг дээдлэх ухамсарын өндөр шат буюу харилцааны хөгжингүй соёл гэж ойлгох ёстой үзэгдэл. “Хатуу хушга” гэж нэрлэгддэг зан араншинтай, “өөрийн бодол”-той этгээд, зөдгий хүнийг ч бусадтайгаа ав адилхан үнэ цэнтэй, нийгмээс ав адил үнэлэмжтэй, адил тэгш эрх чөлөөтэйг уг хүнд ухамсарлуулах л чмагт нийгмийн сэтгэлзүй, ёс суртахууны шаардлага болж ирсэн. Энэ үүрэг, шаардлагыг нийгмийн харилцааны хэв журам болгох үйл ажиллагаа л нийгмийн зохион байгуулалтын хамгийн зөв, бөх үндэс болж байдаг. Иймд цаашдаа “үүрэггүй” төрийг үүрэгжүүлэхтэй холбоотойгоор нийгэмд зохицуулагдах ёстой нэг гол асуудал бол нийгмийн харилцаан дахь төр, иргэний үүрэг, эрхийн харилцааны гажуудалыг арилгах, нийгмийн гишүүдийн үүргийг эрхийн нь дээр; ёс суртахууны хориг цээрийг эрх чөлөөний нь дээр тус тус тавих харилцааны соёл, зан заншилыг нот нөр хэвшүүлэх явдал юм.

Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос