ТҮҮХ ОН ЦАГИЙН ХУРААНГУЙ
Сүмбэ хамба их Балжир монголын түүх соёлын 1 сая зуу гаруй жилийн уламжлалтай гэж "Галбарваасан мод" гэдэг судартаа тэмдэглэжээ. 70000 орчим жилийн хүн амьдарч байсан гэх Гурван цэнхэрийн агуйн хананд "ХАС" тэмдгийн хураангуйлал байгааг Ч.Эрдэнэ анх олж нээн тайлж зарласан. Хас тэмдэг нь монголын арга билэг, гурав, таван махбодийн билэгдэл хураангуйлал юм. Монголын арга-билэгийн гүн ухаан тэжээхүй ухааны таван махбодийн сургааль нь ихээ эрт боловсорсон нь ил байгаа биз. Энэ тухай дараагийн бүлэгт арай дэлгэрэнгүй өгүүлье.
- Одоогоос 2000 гаруй жилийн өмнө барлагдсан Хятадын "Уул усны" сударт, Хас тэмдэг хойт нүүдэлчдээс хятад оронд нэвтэрч ирсэн. Түүнийг "Фүсий" гэж нэрлэв хэмээн тэмдэглэжээ.
- Манай эриний өмнөх IX- VII зууны буган хөшөөнд дөрвөн морины толгойны хэлбэрээр Юндэн булан арга Хас сийлэн үлдээжээ.
- Манай эриний өмнөх II - III зуунд барлагдсан "Неи -Үзин" хувьсахын номд "Төөнө засал" умараас ирэв. Тэнд газар өндөр, цаг агаар хүйтэн, хээрээр мал адуулан амьдардгаас хүйтний өвчин элбэг байдаг гэж дурьджээ.
ОДЬ багшийн дурсамж ярианаас: Миний багш гэрийн сургалттай 8 дахь үеийн их маарамба Дорж буюу олноо алдаршсан нэр нь ОДЬ юм. Миний дээд үеийн их багш нар бол ижилгүй төгс мэргэд байлаа. Бүгд Жингэр тэмээтийн агуйд урт богино бясалгал хийж гэгээрсэн бурхад. Анхны их багш Жамъян-Яндаг 7 жил нямба даянд сууж гэгээрсэн хүн. Тэр их багшийн зүрх тарниас ам дамжсан үнэнийг би чамд ярьж үлдээе. 1261 онд Хубилай цэцэн хаан монгол оточийн сургууль байгуулсан юм гэнэ. Тэр нь хэдхэн зуун жилийн дараа хятад эмчийн сургууль болчихож л дээ. Тэгээд нэг монгол маарамба багш өөрийн шавьд Лүндэн буулгаж нааш явуулсан нь миний багш нарын хамгийн их гэгээрсэн оточ маарамба Жамъян-Яндаг юм. Одь багшийн айлдсаныг өөртэй нь ярилцан он цагийн баримжааг төсөөлбөл:
Жамъян-Яндаг 1519-1609
Сономринчин 1579 - 1669
Шаравдэмид 1629-1707
Дэндэвчойдог 1679 - 1767
Гэндэнжамц 1742 - 1837
Чойням 1807-1901
Дамчаасүрэн 1852-1936
Ийм их долоон оточ энэ хавьд бясалгал хийж урт богино нямбанд сууж гэгээрсэн гэж миний багш Дамчаасүрэн бидэнд үүх түүх болгон ярьсан юм. Багш минь нэг юмны тухай нэг л удаа ярьдаг. Дахиад асуухад их дургүй хүн байлаа. Цаана нь сонсох, унших, үзэх, хийх юмгүй юм шиг, нэг л юмаа давтаад дуусах уу? гэдэгсэн. Би ч гэсэн багшийнхаа тэр занг авсан хүн. Баатар та нарыг дахин лавлахад ер нэг их таатай сонсогдохгүй гээд инээмсэглэж суудагсан.
Монголын тэжээхүй ухааны түүхийг хадан болон цаасан бичигт тэмдэглэгдсэн, амьд сэрүүндээ багшийн айлдсаныг баримтаас сөхөөд орхилоо. Тэжээхүй ухааны түүхийг онол сургааль нь боловсроод хаданд зурагдаад үлдсэн 7000 жилийн урьдаас тоолох уу, цаасанд бичигдсэн 5000 жилээс эхлэх үү? Амраар нь 1921 оноос хойш тооцох үү? гэх мэт асуултыг таны мэдэлд даатгая.