Түргэн зураг буюу таталбар, судалбар зураг гэж юу вэ? /What is croquis/
11 жил өмнө

Таталбар болон судалбар зургуудыг ерөнхийд нь түргэн зураг гэж нэрлэдэг.

 

Croquis гэдэг үг нь франц гаралтай "ноорог, бүдүүвч зураг" гэсэн утгатай үг юм.

 

 

Таталбар зураг гэдэг нь амьд хүн, загваруудын дүр төрх, гол утга санааг илэрхийлж хурдан, товчхон дүрсэлсэн уран зураглал юм. Тухайн зурж буй амьд загварууд /хүн/ нь удаан хугацаанд хөдөлгөөнгүй байж чадахгүй учраас энэ зургийг маш богинохон хугацаанд ердөө 1-2 минутанд зурдаг. Зургийг нэгд нэгэнгүй детальчлан хэсэгчилж зурах цаг байдаггүй, хурдан бөгөөд ерөнхий гэсэн зарчмаар таталбар зураг зурагддаг учраас зураачдад зурж буй зүйлийнхээ гол чухал хэсгүүдийг олж зурж сурахад тусалдаг төдийгүй, ингэснээрээ зураачийн нүдний ур, гарын ур, ухааны урыг хөгжүүлэх үндсэн нөхцөл болдог. Таталбар нь өнгөт зураг, бусад бүх төрлийн зургийг зурах үндсэн суурь болж өгдөг. Таталбар нь юмсын гол ерөнхий шинжийг ялгаж, туслах зүйлийг тооцолгүй хамгийн гол онцлогийг цэг толбо зураасаар зурсан зурган тэмдэглэл юм.

 

Судалбар зураг гэдэг нь аливаа уран бүтээл хийхийн тулд гол ба туслах дүрүүд болон уран бүтээлд орох дүр дүрслэлүүдийг хэсэгчлэн судалж зурсныг хэлнэ. Уран бүтээлчид юмс үзэгдэл, амьдрал, байгалийн мөн чанарыг танин мэдэх, зурах ур чадвараа сайжруулахын тулд судалбар зургийг байнга хийдэг. Уран бүтээлийн эх дүрүүдийн дагуу зохиомж байрлалыг сонгон боловсруулахын тулд эрэл хайлт хийж тодорхой хон, байгаль, юмс үзэгдлийг судалж зурна.

Таталбар зурагт дүрслэлийг ерөнхийлөн зурдаг бол судалбар зурагт хэсэгчлэн судалж зурдаг онцлогтой. 

 

 

Түргэн зургийг зурж гүйцэтгэх арга
1. Биет зүйлийг харж зурах
2. Ажиглаж тогтоосноороо зурах
3. Төсөөлөн бодож зурах
4. Дээрх аргуудыг хослуулан зурах
5. Зохион бодож зурах

 

Түргэн зургийг зурах арга техник
1. Үргэлжилсэн зураасаар зурах
2. Цэг толбо зураас сүүдэр хослуулан зурах
3. Үргэлжилсэн ба тасархай зураас хослуулан зурах
4. Байгуулалтын зураас, хүрээ зураас хослуулан зурах
5. Тойм зургаар хийдэг арга технологитой.