Тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л, амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”
Еншөөбүү Улаан Ямаат Дамдинсүрэнгийн Урианхай… Яруу найрагчаас яруу найргийн омогшил, нийгмийн эмзэглэл, тэмүүлэл, өөрчлөлт, шинэчлэлтийн уур амьсгал, дэврүүн зан, итгэл, үнэмшил, хүсэл мөрөөдөл, сэтгэл санааны эмзэглэл, хэлбэлзлэл, онол сэтгэлгээний эргэцүүлэл гээд юм бүхнийг нь шүүрдэн авч уншигчиддаа яг байгаа байдлаар нь буюу өнгө будагтай нь хамт хүргэхийг зорилоо. Тэрбээр “Бодь сэтгэл, эв хамт ёс” ганцаарчилсан хөдөлгөөний үзлээр Монголын нийгмийн сэтгэлгээг гэгээрүүлж, хүнлэг, нигүүлсэнгүй ёс суртахуунтай болгох гэж зүтгэдэг нэгэн билээ. Оюун санааны үр өгөөж, бясалгал, гүн ухаан, шинжлэх ухааны үзэл, ойлголт, аргачлал, бодит амьдрал, эш онолын эрэл гэх мэт олон асуудлын дунд хөвөрч, уран бүтээлээ туурвидаг нь түүний онцлог. Сэтгүүлч миний энэ бүтээлийг Д. Урианхай гуай “Сэтгүүлзүйн хөрөг ярилцлагын эхлэл тавигдлаа” гэж магтсанд баярлаж байгаагаа нуух юун. Д.Урианхай гуайн дүгнэснээр ярилцлагаас түүний хөрөг бүрэн дүүрэн харагдана гэсэн. Ингээд уран бүтээлийнхээ үргэлжлэлээр бодь сэтгэлгээ зорчдог номын их хүн Монголын Философийн холбооны тэргүүлэгч гишүүн Д.Урианхайтай хийсэн ярилцпагынхаа эхний хэсгийг толилуулъя.
-Таны уран бүтээлийн олз омог их үү. Ямар уран бүтээл туурвиж сууна даа?
-Релятив түүхэн сэтгэмжит дөрвөн дэвтэр, диалоги роман жонхууруулаад сууж байна. Би болхидуу болохоор бараг таван жил зууралдаж байна. 2012 онд дуусчих санаатай. “Монголын нийгмийн хөгжлийн философи сэдвүүд” гэдэг нийгэм философийн сэтгэмжит ном, “Огтолцохуй-ll буюу Монголоосоо Монгол уруугаа” яруу найргийн түүвэр бэлтгэж байна.
-Та завгүй байх дуртай юу?
-Чамайг асуухаар сая бодох нь ээ, дуртай дургүйгээ ер бодож ч байсангүй, өөрөөсөө асууж ч байсангүй өтөлчихсөн байна шүү. Дандаа завгүй өнжсөөр “завгүй амьдрал”-д дасчихжээ. Бүр заншил болчихдог юм байна.
-Дандаа алхдаг. Тэр үед юу бодож явдаг вэ. Хажуугаараа өнгөрсөн хүнээ хардаг уу?
-Бодох үе ч зөндөө, бодохгүй үе ч зөндөө л дөө. Ерөнхийдөө бол, гудамжаар явахдаа голдуу доошоо хараад, амандаа тарни уншиж явдаг. Эрдмийн шар Манзушир, эгшигт охин тэнгэр Янжинлхамын зүрхэн тарни. Бас мэнгэний Бурханыхаа тарнийг уншдаг. Миний мэнгэний Бурхан Оточ Манала. Хажуугаараа өнгөрсөн хүнийг харах ч тохиолдол бий, харахгүй ч тохиол бий. Хэрэв таньдаг хүнтэй тааралдвал заавал мэндэлдэг. Хэдийгээр ариун цэвэрт таарахгүй, буруу ч гэсэн дандаа гар барьдаг. Ярьж дуустал үгийг нь заавал сонсож зогсож байгаад салж явдаг.
-Та найргийн онгодоо үргэлж халаасалж явдаг уу?
-Үгүй. Халаас минь үргэлж хоосон явдаг. Найргийн онгод үргэмтгий, хулжимтгай юм шиг санагддаг. Надтай цуг байдаг, намайг тоож нөхөрлөдөг хугацаа нь маш охор, хэдэн хором, мөчөөр л хязгаарлагдана. Гэхдээ тэр намайг насан турш минь туршаад л, тоглоод л амар заяа үзүүлэхгүй оролдоод л байгаа “амьтан”. Хэдийгээр сэтгэл буруулаад хаяад явчихдаггүй ч би заримдаа гологддог байх аа.
-Үс, сахлаа ургуулаад олон жил болж байна. Хэн нэгнийг дууриасан тал бий юу?
-Аав, ээжээс төрүүлснээрээ л байгаа нь энэ юм. Гадаад төрхөөрөө дуурайгаад байж болдогсон бол дуураймаар улс ч зендөө байна л даа. К.Маркс, Л.Толстой, Будда, Есүс, Чингис хаан гээд үс, сахалтай улсууд олон.
-Социализмын үед хэн нэгэнд тал засч бялдуучлан, гарыг нь хүндрүүлж байсан удаа бий юу?
-Социалист төр бол жинхэнэ ард түмний төр шүү дээ. Захиргааддаг, хүнийг хүчтэй шахаж шаарддаг, хянаж шалгадаг хатуу зарчимтай ч /диктатуртай ч гэж ойлгож болно/ ард түмнээ өлсгөдөггүй, өвдөхөд халаасыг нь хоосолж дарамталдаггүй, авлига, хахууль авалгүйгээр үйлчилдэг, амыг нь “хазаарладаг” ч гудамжинд эзэнгүй хаяж “золбин нохойн эрх чөлөө”-гөөр хуурдаггүй, ард түмнийхээ жинхэнэ “Эцэг төр” байсан. Социалист төр бол өөрөө өөртөе хяналт шалгалттай, “Өөрийн шүүмжлэл”-тэй, ингэхээр чанд өндөр хариуцла-гатай, ард түмнээсээ айдаг төр. Өнөөгийн бохир, хувийн өмчит харилцааны төр, засаг шиг хувийн өмч, хуримтлалт цөөнхийг л зөвхөн хүн гэж үздэг биш, ард түмнээ алаг балаггүй “Хүн” гэж үздэг, хайрладаг, тийм ардчилсан төр шүү дээ. Социалист харилцаанд хэн нэгэн хэн нэгнийг бялдуучлах, гарыг нь хүндрүүлэх тухай сэтгэлгээ хүмүүст үүсэх нийгмийн болоод хувийн амьдралын орчин нөхцөл угаас байхгүй юм. Социализм бол жинхэнэ ариун, хүнлэг, эдийн засгийн агуулга, чиглэлээрээ хамгийн зөв, дээд ардчиллын нийгэм. Далимд залуустаа, хойч үеийнхэндээ баттай хэлэхэд, хүн төрөлхтний нийгэмшил, иргэншлийн ирээ-дүй хийгээд ирээдүйн загвар бол зөвхөн социализм шүү.
-Тө өөрийнхөө хүчинд хэр итгэдэг вэ?
-Зарим өдөр үнэхээр итгэдэг, зарим өдөр үнэхээр эргэлздэг. Тогтвор муухантай л байгаад байдаг юм.
-Орчлонг өөрийнхөөрөө харж амжихын тулд далавчтай байсан бол гэж бодож үзсэн үү?
-”Шувууд шиг далавчтай байсан бол ямар гоё байх бол?” гэж бүр жаахан байхдаа боддог байсан шүү. Хүүхдийн толгойд сонин, гэнэн, өхөөрдмөөр тэнэг бодол их төрдөг шүү дээ. “Энэ хадны цаана юу байгаа бол, харахсан. Тэр, тэртээх хөх уулын оройд авираад гарвал тэнгэрт байгаа юмс сайн харагдах болов уу, яадаг бол. Эс байг гэхэд, миний ойр тойронд дандаа харагддаг уйтгартай юмсаас өөр сонирхолтой, гоё гоё юм тэр оргилоос харагдах ч юм бил үү, тийм юм үзэх юмсан” гэж, гэрийнхээ хаяанд суугаад, эсвэл, хурга, ишигнийхээ пүнзийг налж зогсоод тэнгэрээр нисч яваа шувуу хараад бодлогоширч ажлаа хийхээ мартаж алмайраад, аав, ээждээ аашлуулдаг л байлаа. “Далавчтай болоосой” гэсэн бодол одоо ч хааяа төрөх л юм. Хүний амьдрал, ертөнцийн ахуй явдал, бидний аж төрөл дэх үнэн худлын давтамж, үхэх төрөхөөс эхлээд үүсэх устахын завсархи үйл явц их сонирхолгүй, заримдаа ямар ч утгагүй, үр дүнгүй, уйтгар төрж уйлмаар санагдах, бас үе үе тэгж харагдах өдөр өдий насанд олон л тохиолдох юм байна шүү дээ.
Гэхдээ энд би нэг үнэнийг /миний хувьд л үнэн шүү дээ/ хэлэх ёстой болчихлоо. Юу гэвэл, хүний амьдрал хаана ч ерөнхийдөө адил. Монголд ч, Америкт ч, Швейцарт ч нар ижил, cap ижил, чулуу ижил, ус ижил, цас ижил, салхи, шуурга, шороо, тоос ижил. Хаа ч адилхан л өнөө манай дэлхий шүү дээ. Хаа ч адилхан өнөөх л “хоёр хөлтэй, хохимой толгой”-той хүн хэмээгч тэнэг бүрэлгэгчид л ямар нэг юм хийгээд л, хаа нэг тийш яараад л, хуралдаад л, хэрэлдээд л, Бурханы бүтээл газар дэлхийгээ өрөмдөөд л, хоослоод, ухсан сүйтгэснээ хаа нэг тийш зөөгөөд л, над шиг нэг тэнэг нь энэ бүгдийг хөхиүлж ном зохиол эрээчээд л, хаа нэгтээ нэг нь хэн нэгнээ алаад л, шоронд ороод л, хар тамхи татаад л, үнсэлцээд л, архидаад л, загас наадуулаад л, барилга байшин овоолоод л, хог новш хуримтлуулаад л, зам гүүр бариад л, онгоц, машин, гар утас, компьютер, талх, хувцас үйлдвэрлээд л, дайтаад л, төрөөд л, үхээд л… цөм адил. Нэг нь нөгөөгөөсөө илүү юм, сонин юм, илүү тийм гоо сайхан, аугаа юм ер байхгүй шүү дээ.
Товчдоо, юу хэлэхийг хүсээд байна гэвэл далавчтай болоод нислээ гэхэд сая ярьснаас илүү сайхныг, илүү сониныг, илүү гүн гүнзгий, утга агуулгатай бодит ахуйг олж харахгүй гэж бодоод байна. Дэлхийн ахуй амьдрал, бодит материаллаг хөгжил надад сонин биш болчихжээ. Харин ертөнцийн үл үзэгдэх тал, сүнслэг ахуй оршил, “далавчгүй нисэх”-д юу билгийн мэлмийгээр толилох, юу бодох, юу танин мэдэхийг хураавал, тэгээд нөр гүн бясалгаж чадваас ёстой ертөнцийг “өөрийнхөөрөө харах” байх гэж бодож суудаг. Даанч би тийм бясалгал хийдэггүй. Амьдралын ёроолд шавар дотор нь, гал, усны нь завсар “явгалж” явдаг. Тэнд надтай цуг аргаа барж, эсвэл аагаа багтаан ядаж, эсвэл намайг уурлуулж, эсвэл баярлуулж, бухимдуулж, тайвшруулж байдаг өнөө уйтай юмсаа л бясалгаж ном зохиол бичдэг.
Уншигчид минь бүү зэвүүцээсэй билээ, энд нэг бодлоо нэмээд хэлэхэд, хүмүүсийн усан болоод махан нүдэнд сайхан харагдаад, жигтэйхэн хэрэгтэй санагдаад байгаа элдэв бусын бараа таваарыг үйлдвэрлээд байгаа үйл ажиллагаа буюу “үйлдвэрлэл” чинь үнэндээ, ачир дээрээ бол сүйтгэл л шүү дээ. Хүмүүс ер бүтээгээд байгаа юм байхгүй. Байгалийн бэлэн бүтээгдэхүүнийг л /бид “үйлдвэрийн түүхий эд” гэж нэрлэдэг эрдэс бодис бол байгаль бүтээсэн “бүтээгдэхүүн” шүү дээ/ хэлбэр дүрсийг нь өөрчлөн хувиргаад ахуй хэрэгцээндээ ашиглаж буй хэрэг. Хүн ч өөрөө байгалийн “бүтээгдэхүүн” болохоор нэг “бүтээгдэхүүн” нөгөө “бүтээгдэхүүн”-тэйгээ шүтэлцэн оршиж байгаа үйл ажиллагааны л тогтолцоо юм. Хүмүүс бидэнд гайхуулаад байх юм юу ч байхгүй. Бид ойлгохдоо, “Хүний ухаан, хүний ухаан” гээд сүйд болоод байдаг, гэтэл ухаан маань ч чухам-даа хүний юм биш, аанай л “байгалийн юм” байгаа юм шүү дээ. Тал нь биет байгалийн бүтээгдэхүүн, тал нь хийбодь байгалийн өгөгдөхүүн. Тэр хоёрын л үржвэр.
-Ингэхэд яруу найрагч Урианхай хэр зоригтой хүн бэ?
-Урианхай гэдэг хүн нь их хүлцэнгүй хүн. Аймхай гэж хэлсэн ч би зөвшөөрнө. Гэхдээ хулчгар хүн яавч биш. Харин тэр Урианхай гэгч яруу найрагч нь бол сүрхий зоригтой баатарлаг хүн байх шүү. Айлгая гэвэл зовно доо.
-Уран бүтээлийнхээ онцлогийг өөрийнхөөрөө тайлбарлана уу?
-Хэцүү байх даа. Би ч өөрөө чадахгүй. Цагийг хүлээх нь дээр байх.
-Таны IQ хэд бол?
-Мэдэхгүй ээ.
-Нэр алдарт дуртай юу?
-Дуртай байсан юм шиг байна лээ. Одоо бол тэр “дур”-аа бараг гээчихсэн юм шиг байна аа.
-Нийгэмд олон төрлийн хайр байна. Эр, эмийн хайраас гадна нэр тер, мөнгө, албан тушаалын төлөөх гээд хайрууд их болжээ. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ. Хажуунаас нь харахын аргагүй хүйт даасан хуурамч энэ хайр яагаад бий болчихов оо. Үүнээс яавал салах вэ?
-Хүн төрөлхтөнд хамгийн ойлгомжгүй, тэд түүхэн туршдаа огт зөвөөр ойлгож чадалгүй өнөөг хүрсэн хоёр юм бий. Нэг нь:-Хайр нөгөө нь:-Ариун чанар хоёр. Хүн терөлхтөн өнөөдөр сэтгэлгээ, гэгээрлийн асар дорд шатанд байгаагийн үндсэн шалтгаан энэ юм. Энэ шалтгаан бол өнөөгийн хүн төрөлхтний замнаж буй нийгэм эдийн хөгжлийн бүрэлгэгч чанарын гол буруутан нь, бас бидний хөгжилгүй “хоцрогдсон арга”-аар хөдөлж хувьсаж буйн ч буруутан нь. Хүн төрөлхтөн “хөгжил” гэдгээ буруу ойлгож, тэр буруу ойлголтоосоо болоод буруу замаар довтлоод байгаа-гийн шалтгааныг эндээс л хайх хэрэгтэй. Хайр бол хүний далдад байгаа Бурхан чанар байх. Хүмүүс энэ чанарыг олдоггүй, ойлгодоггүй, зохих ёсоор нь хөгжүүлж бодит амьдралдаа ашиглаж чаддаггүй, хүч нөлөөг нь үр дүнтэй хэрэглэж мэддэггүйгээс хайрын тусыг авч чаддаггүй өнгөрчихөөд байдаг шиг санагддаг. Хэмжих багаж хэрэгсэл байхгүй, рентген туяагаар илрүүлж болохгүй, “Энэ байна” гээд харуулж ч, үгээр тодорхойлох байтугай математик томъёогоор ч илэрхийлж ч чадахгүй тийм чанарын энергийн дээд төлөв бол хүний сэтгэлээс гардаг хайр байх.
Хүн зөвхөн хүн ч биш, бүх юм болж чадах, манай дэлхийн бүх юмсын хүч, гоо сайхан, увидас, чадвар, өөртөө өөрөөсөө гаргаж бусдад үйлчилж, үзүүлж чадах хувилгаан чадлын эх үүсвэр гэж би бодоод явдаг юм. Хүнд бүхнийг орлож чадах юм нь гагцхүү хайр байхад хүн түүнийг мэдрэхгүй, ухаарахгүй, хаа хамаагүй гадуур нь тэнээд төөрчихжээ. Тэгээд өчүүхэн юмс уруу жишээ нь, cap жилийн төдий настай алдар нэр, албан тушаал, үхэхдээ хаяад хагацахаас биш аваад хэрэглээд явахгүй өмч агуурсад улайран шунаад өөрийгеө хүн биш адгуус, бирд, чөтгөр болгоод хувиргачихаж байна шүү дээ, хөөрхий.
Дахиад хэлэхэд, хайр бол хүнд бурхнаас заяасан бие махбод, оюун ухаан, сэтгэл санааны үнэмлэхүй нөөц хүч бүгд нэг дор нийлж төвлөрөөд “хором”-оос “мөнх” хүртэлх хугацааг нэгтгэсэн аугаа нэгдмэл хугацааг багтаан оршиж хүнээр гэгээн сайн үйлийг бүтээлгэх орь дээд боломж юм. Харамсалтай нь, хүмүүс бид хайрын энэ шидийг гаргаж чадахгүй хайран юмаа яйран болгоод, тээр холуур л зөрөөд дуусах амьтад юм л даа. Яаж бид хамаг бодлоо, хүсэл мөрөөдлөө, үйл ажлаа, ижий, ааваас төрүүлсэн бие махбодио хайраар дүүргэх вэ, тэр гэгээн, аугаа их хүч уруу яаж нэвтэрч эзэмших вэ, яавал бид юу хийлээ ч тэр хийх юмны маань анхдагч сэдэл нь ч, тэгээд, эцсийн үр дүн нь ч зөвхөн бусдыг энэрч нигүүлссэн, тэдэнд амар амгаланг шагнасан, ач буян болсон ариун үйл байдаг байх вэ, яаж бүх хүн тийм болох вэ гэдэг асуулт л хүн терөлхтний өмнө тавигдах хамгийн гол асуулт байх болно.
Энэ асуултын зөв хариултад л хүн төрөлхтний ирээдүйн зөв хөгжил, аз жаргалтай амьдралын үндэс орших болно. Би хэдэн жилийн өмнө хайрын тухай жижигхэн өгүүлэл бичиж сонинд нийтлүүлж байсан. Тэр өгүүлэлдээ хайрыг дотор нь гурав хуваасан. Нэгдүгээрт, амраг хайр, хоёрдугаарт, нинж хайр, гуравдугаарт, бодь хайр гэж. Эр, эм амьтад бие биеэ энхрийлэх, хүсэх, янаглалын хайр нь амраг хайр юм. Нинж хайр бол хүн хийгээд амьтад бие биеэ энэрэх, нигүүлсэх, тус буян хүргэх ачлалын ухамсарт хайр. Бодь хайр бол хамгийн нигүүлсэгч, хүн төрөлхтнийг гаслан, зовлонгоос ангижруулах гэгээн, хүчирхэг Бурханы хайр юм. Энэ бол газар, дэлхийн амьтад тэнцэшгүй аугаа дээд, үнэлэхүй төгс хайр. Гол онцлог мөн чанар нь юунд орших вэ гэвэл, эх болсон зур-гаан зүйл хамаг амьтныг бүгдийг нь энэрэн нигүүлсэнэ. Зовлонгийн хүлээснээс ангижруулж өгнв. Хүмүүс бид зөвхөн өерийгөө болоод өөрийнхөө ойр дотно хүмүүсийг, зөвхөн өөртөө сайн, өөрийг нь хайрласан хүмүүсийг л хайрладаг. Өөрсдийг маань үзэн яддаг хүмүүсийг болохоор хариу үзэн ядаж дайсагнадаг. Тэгвэл бодь хайранд хүрч ариусан гэгээрэх шатанд бүгдийг алаглахгүй тэгш хайрлах сэтгэлийг олно. Дайснаа ч хайрладаг сэтгэлээр өөрийгөө шүншиглэнэ.
-Таны хувьд мөнгө чухал уу?
-Мөнгөний хэрэг ч их л байх юм. Залууд минь ч их байлаа, одоо өтлөөд хамаг эд эрхтэн муудаад, доройтоод ирэхээр мөнгөний хэрэг улам нэмэгдчихлээ. Юунаас болов гэхээр Монголд эм, тарианы болоод эмчилгээний үнэ өртөг тэнгэрт хадчихсан, эм, тарианы наймаачид нь хүний өвчин зовлонгоор иь хяхаж хавчин хамаг мөнгийг нь хуурайлж баяждаг нүгэлтнүүд болчихсон нийгэмд амьдарч байна. Эм, тарианы бизнес ашиг орлогоороо хар тамхины наймааны дараа ордог гэсэн. Хүн мөнгөний хэрэгцээ, хэрэглээний “дарангуй-лал”-д дөрлөгдөөд байвал амархаан гэгч мөнгөний боол болчих юм шиг байгаа юм. Мөнгөний боол биш эзэн, ноён байхын тулд идэвхтэй тэмцэх хэрэгтэй. Тэмцлийн нэг сайн аргыг надад нэг бодисадва багш зааж өгсөн. Сурахад маш амархан арга. Ямар арга гэвэл, хүн өөрийгөө, “Хүсэлгүй бодисадва” болгон төсөөлөх арга. Би энэ аргыг хэрэглэж байгаа. Өөрийгөө “Хүсэлгүй бодисадва Урианхай” гэж өргөмжлөн бодоод, тэр бодлоороо амьдраад ирэхээр уран бүтээл мөнгөний дээр гарчихаж байгаа юм. Тэгээд би уран бүтээлээ мөнгөний түрүүнд тавьж чухалчилдаг.
Яагаад гэвэл, уран бүтээл минь надад хэрэгтэйгээсээ илүү хүмүүст хэрэгтэй болоод байх шиг байна. Яаж мэдэв гэхээр, уулзсан хүмүүсийн ихэнх нь нэхээд, шаардаад суулгахгүй болчихжээ. Хүнийг хүнд ойлгуулахад уран бүтээл л бусад оюуны бүтээлээс илүү дөт юм шиг санагддаг юм. Уг нь хүн бол бурханд их ойрхон төрөлхтөн юм. Эхээс төрөхдөө, хүний муу санаанд эзлэгдэх хүртлээ Бурханы л чанар, төрхөөр амьдардаг. Сүүлдээ л энэ чанар төрхөө алдчихдаг. Үндсэн шалтгаан нь хувийн өмчит нийгмийн харил-цааны мөн чанарын хүчирхий-лэл юм. Нийгмийн орчин нөхцөл буюу хүмүүс хоорондын харилцааны нөлөө бол хувь хү-ний амьдралд ямагт хүчирхийлэл болж үйлчилдэг. Энэ “хүчирхийлэл” эерэг болоод сөрөг шинж чанарыг агуулна. Мөнгө, өмч хөрөнгөнд шунасан, түүнийг амьдралынхаа баталгаа, аз жаргал, хүн болж төрсөн хувь заяаныхаа утга, зорилгыг болгон ажилласан, хүмүүс бол өнөө хүчирхийллийн сөрөг хүчинд автаад Бурханы авралт мутраас алдуурчихсан хөөрхий иэгэн болчихож байгаа юм. Тэднийг үргэлж өрөвдөж, зөвлөж, гэгээрүүлж, аз жаргалын зөв, ариун замыг олоход нь чин сэтгэлээр тусалж байх хэрэгтэй юм шүү.
-Дэлгүүрийн худалдагч Танаас мөнгөө дутуу авбал нөхөж өгөх үү?
-Өгөхгүй бол нүгэл хураана шүү дээ. Миний хамгийн их айдаг юм: Нүгэл.
-Хамгийн сүүлд дэлгүүрээс юу худалдаж авсан бэ?
-”Ариусахуй, бясалгахуй” сонин, Ч.Мөнх-Эрдэнэ гэдэг хүний “Дэлхийн шилдэг кинонууд” ном, УГЖ дуучин Т.Баясгалангийн дуулсан монгол ардын дууны цомог авсан. Би хаа нэг л номын дэлгүүрээр орж ном харахаас биш бусад дэлгүүрээр бараг ордоггүй дээ. Ойр зуурын хүнс, хувцас, аахар шаахар юмстаа муу хөгшин маань л явдаг.
-Нэг шүлгийг нэг давхар байшин гэвэл одоогоор Та хэдэн давхар байшин босгоод байна. Олон давхар байшинтай тэнцэхээр шүлэг хэд байна вэ?
-Нэг давхар байшин нэг шүлэгтэй яаж тэнцэх вэ дээ, хүүхээ. Нэг давхар байшин байтугай зуун давхар байшин ч нэг шүлгийн дэргэд намхан харагдана. Дэлхийн хамгийн өндөр байшин Малайзийн Куала-Лумпурт байдаг гэж сонссон. 210 давхар, хоёр зэрэгцээ өндөр, гоё харш байдаг гэсэн. Миний аль ч шүлэг тэр хоёр өндрөөс жаахан жаахан өндөр. Би яруу найргийн 12 ном босгосон.
-Та гэрийнхээ крантны резинийг өөрөө сольж чадах уу?
-Тэр цоргоны хаана нь юу байдаг талаар ямар ч төсөөлөлгүй өтөлчихлөө. Их муухай / ичмээр/ үнэн юм.
-Таны яруу найрагт гүн ухаан шингэсэн байдаг. Гүн ухааныг шинжлэх ухаанаас үүдэлтэй гэж боддог уу. Эсвэл зөн совин юм уу?
-Яруу найргийн сэтгэлгээ, шинжлэх ухааны сэтгэлгээ хоёрын ялгааг тодруулах гэсэн утгатай асуулт байна гэж ойлголоо. Зөв үү. Тэгэхээр, эхлээд, энэ хоёрын ялгааг шинжлэх ухаанаар юу гэж тогтоосныг түрүүлээд хэлье. Шинжлэх ухаан бол юмс, үзэгдлийн ажиглалт, туршилт, тооцоолол, дүгнэлт зэрэг судалгаа шинжилгээний аргаар үнэнийг таньж нотолдог логик сэтгэлгээ юм. Хүний тархины зүүн хагасын үйлчлэл, функц давамгайлсан ухамсарт үйл ажиллагаа. Энд мэдээлэл, мэдлэг, боловсрол ихээр оролцож зо-хион байгуулагдсан оюун сэтгэхүйн нэгдмэл тогтолцооны үр дүн илэрхийлэгддэг. Харин яруу найраг, урлаг гээд уран сайхны сэтгэлгээ бол сэрэл, мэдрэмж, сэтгэл хөдлөл, уран санаа, ургуулан бодохуй, зөн билэг, далд ухамсар, ёр билэг, бэлгэдэл, бясалгал, онгод, өөр ертөнцийн хэл мэдээлэл, совин, зүүд, гэгээрэл, рид, мэдрэхүй, цээжний ухаан гээд хүний дотоод гүн ертөнцийн гялбаа гилбэлгээн мэт үйл явцын тусгал юм. Энд хүний сэтгэл, оюуны ариусал, эсвэл, бүүр байгаллаг, амьтанлаг язгуур чанарын нь дэлбэрэлт, хүсэл ганирхлын халуурал, магадгүй, солиорол мэтийн нарийн нийлмэл сэтгэцийн үзэгдлүүд сүлэлдсэн уран дүрийн сэтгэлгээ гололдог. Зөвхөн уран, содон, шинэ санаа, дүр, дүрслэлээр л уран бүтээл цагийн цагт шинэ, сонин, үл хуучрах амьдралын орь үнэнийг хадгалж үлдээж чадах жинхэнэ “амьд” гүн ухаан болж чадна. Энэ утга, чанараа-раа яруу найраг, урлаг, уран бүтээл бол хамгийн гүн “гүн ухаан” юм. Орчин цагийн байд-лаар, байгалийн болон нийгмийн шинжлэх ухаан сонгодог хэлбэр, аргазүй, судлал, үр дүнгээрээ мухардалд орж уран сайхны сэтгэлгээний “Гүн ухаан”-аар тэжээгдэх, “цус сэлбэх”, далд ухамсар, сэрэл сэрэхүйн тэмтрүүлээр тэмтэрч мэдэрсэн үзэгдлүүдийг ашиглах хандлага уруу орж байна. Шинжлэх ухаан бол тодорхой орчин нөхцөлд, орон зайд, тодорхой цаг хугацааны хязгаар дотор маш олон дахин давтагддаг тогтмол давтамжтай үзэгдлийг л үнэн гэж үзнэ. Яагаад гэвэл, энэ нь туршлагаар нотлогдоно. Учир шалтгаан, зүй тогтол нь нээгдчихсэн байгаа. Харин зөн совин, билэг билгүүн, боди сэтгэлийн урсгал, бясалгал, далд нууцгай хэл дохио мэт сэтгэц, сэтгэлийн чинад мужийн үйл ажиллагаа оролцдог уран дүрийн сэтгэлгээний тусгалын үнэн ихэнхдээ туршлагаар нотлогдохгүй, бодит амьдралд бодитойгоор ашиглах боломжгүй болохоор нийгэм даяараа “билгийн мэлмий” нээгдэх цагийг горьдон хүлээхээс өөр гарцгүй.
Миний төгссөн сургууль, мэргэжлийн хувьд гэвэл, би 1959 онд Булган аймгийн төвийн арван жилийн дунд сургууль төгсөөд ЗХУ-ын Москва хотод Эдийн засгийн дээд сургуульд 1959-1964 онд суралцаж, эдийн засагч төлөвлөгчийн мэргэжил эзэмшсэн. Монголынхоо эдийн засгийг социализмын онолоор, төвлөрсөн төлөвлөгөөтэйгээр удирдах, хямрал зөрчилгүй, аль ч салбарт ажилгүйдэл, ядууралгүй, жигд тогтмол өсөлттэй, хяналт шалгалттай, авлига, хахууль, мафи, олигархи, дампуурал зэрэг өнөөгийн үл бүтэх олиггүй үр дагав-раас ангид хөгжүүлэх маш ха-риуцлагатай албанд арав гаруй жил нойр хоолоо хасан ажил-лаад, уран бүтээлийн мөр хөө-хөөр Москва хот дахь М.Горь-кийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дээд дамжаанд хоёр жил суралцаж төгссөн.
-Таны амьдралд хамгийн чухал зүйл юу вэ?
-Бичих. Би тааруухан эцэг, тааруухан хань шүү.
-Та хэр тусч бөгөөд өглөгч хүн бэ?
-Их тусч, өглөгч хүн. Харамсалтай нь, тус хүргэж чадах юм минь зөвхөн ном, зохиол бичих л юм. Бас хүмүүст өгч чадах юм минь ч зөвхөн, ядарч зүдэрч бичсэн ном, зохиол минь л байх юм. Өөр юм юу ч байхгүй.
-Таны үзэх дуртай спортын төрөл юу вэ?
-Жороо морьдын уралдаан. Гэхдээ жороо морьдын уралдаан спортын төрөл мөн эсэхийг мэдэхгүй.
-Та өөхөнд дуртай юу?
-Дуртай. Хоёр, нэг огтлоод үмхчихнэ. Илүү чадахгүй.
-Улстөрчдийн хэлдэг үгний хэдэн хувь нь үнэн байдаг бол. Та энэ талаар бодож байсан уу?
-Судлах хэрэгтэй. Би судлаагүй.
-Та машин жолооддог уу?
-Үгүй. Жолоодох нь байтугай хүний машинд сууж явахдаа ч их айж явдаг.
-Зурхайн талаар Таны бодлыг сонсмоор байна. Өдөр бүр зурхайг дагах нь зөв үү?
-Зурхай агуу шинжлэх ухаан. Астрофизик, механик, квант физик, геометр, тригонометр, дээд тоо, интеграл, дифферин-циал бодолтууд шаардах олон олон үл мэдэгчидтэй бодолтууд шаардах тэгшитгэлд хариу олох гээд асар өндөр математик сэтгэлгээний үр дүнг боловсруулж тооцоолдог байх. Би зүгээр хар ухаанаар л тэгж бодож байна. Зурхайн ухааны “цагаан толгой” ч надад алга. Миний хувьд, монгол зурхайн цаг тооны товхимолуудаас өөрийн төрсөн жилийн сүлд гариг, амин гариг, час /үхэх/ гаригуудыг мэдэж авсан. Миний сүлд гариг ням, амин гариг лхагва, час үхэх /гариг/ пүрэв. Бас саран өдөр бүр хэрдэг 28 оддоос өөрийнхөө сүлд од, тотгор од, үхэх одуудыг мэдэж авсан. Миний сүлд од зургаан эхтэй хүү, амин од тооно, тотгор од чөдөр, үхэх од бага морь од юм. Би үнэнээ хэлэхэд, их сүсэгтэй, бас жаахан жаахан мухар сүсэгтэй шүү. Тийм боло-хоор учрыг нь сайн мэдэхгүй ч зурхайн зурлагад бичигдсэн мөрдлөгүүдийг болж л гэмээнэ дагах нь зөв гэж хувьдаа боддог.
-Та шүлэг хэлж зүүдэлдэг үү?
-Залуу байхад шүлэг зүүдэлж байсан ганц хоёр тохиол бий шүү. Одоо өтлөөд өөдтэй зүүд зүүдлэхээ больчихжээ. Шал балай балар зүүд, булш бунхан, ил жорлон, дайн байлдаан, дэлгүүр, үүд хаалга нь олдохгүй хашаа байшин ч зүүдэлж байх шиг. Ерөнхийдөө тийм л болсон байна лээ. Залуудаа өндөр өндөр уулс, том том нуур, далай дээгүүр нисдэг, заримдаа олон шувуудтай цуг зэрэгцээд нисдэг, аль нэг шувуу нь унахаар айж хашгираад сэрдэг байснаа мартдаггүй. Харин саяхан би нэг сонин зүүд зүүдэлнэ лээ. Миний одоо бичиж байгаа романд XIII зууны дэлхийн нийслэл Хархоруны номын сангийн тухай цухас үгүүлэгдэх юм. Тэр багахан үйл явдалтай хэсгийг яаж бичих вэ, ямар янзаар дүрслэн гаргах вэ гэж олон өдөр бодож шанал-сан юм. Тэгсэн чинь нэг шөнө зүүдэнд минь Хархоруны номын санд өрөөстэй байгаа зөндөө олон номын нэр харагдаад жигтэй тод зүүдлэгддэг юм. Хүн үнэмшихийн аргагүй. Хэдэн номын нэрийг би “манаад” үлдсэн. “Эр-хэсийн хөлгөн”, “Эс төгссөн чухаг”-ийн найман ороолт, “Нум, сумаар зорчигдох эш”, “Язгуур үгүйд барихуй”, “Могой, мэлхийн хээрлэхэд эс тэгэх…”, “Нууц түүхийн дармал” гээд олон ном зүүдэлсэн шүү.
-Монгол бичгээ төрийн бичиг болгох тал дээр Таны байр суурь ямар байдаг вэ. Дэлхийн соёлын өвджин дарах үнэт соёлоо манайхан нэг л тоохгүй байх шиг. Аль нэг улс хөөмий шиг маань өөрийн нэр дээр бүртгүүлчих вий дээ?
-Ах чинь Та нараасаа ичиж үхмээр хүн шүү дээ. Монгол бичгээр нэрээ ч бичиж чаддаггүй. Гаргацтай сайхан бийрийн бичиг, гаргацтай тод барласан хорголжин барын ном, судар муухан уншчихдаг л хүн. Ингэхлээр энэ асуултад товтой хариулт өгч чадах хүн биш юм. Харин яахав Монгол үндэстнийхээ соёл, өв сангаа амин голоосоо хайрладаг эх оронч үзэлтэй сэхээтний хувьд хуучин монгол бичгээ төрийн бичиг болговол тун ч их баярлана. Тийм зарлиг, шийдвэрийг биелүүлэхэд чин үнэнчээр зүтгэнэ. Монгол бичгээрээ сайн бичиж сурахын тулд өөрөө ч мэрийж чармайна. Өөрөө би сайн сурч эзэмшээгүй ч хуучин монгол бичгийнхээ зурлага, хэлбэр, дүрсийг ажаад, харц дотогшоо төвлөрөөд суухаар юм юм бодогддог. Монгол бичиг чинь тэнгэрээс газар уруу тун урт, олон ончроо хятруутай шатаар бууж ирсэн нэг “амьтан”-ы мөр юм шиг санагддаг юм. Тэнгэрт Бурханы асаасан гал-нарны эрчим, газарт асаасан гал хүний гэгээрэл хоёрын хооронд тасралтгүй, хором завсаргүй дамжин үйлчлэлцэж буй нүдэнд үл үзэгдэх нууцлаг хэл дохионы урсгалын дүрслэл байж болох юм гэж би дотроо боддог юм. Миний энэ бодлыг уншигчид маань шоолохгүй байх гэж най-даад ярьж байна шүү.
-Та Монголын зохиолчдын эвлэлийн дарга болбол хамгийн түрүүнд ямар ажил хийх вэ?
-Асар баян номын сантай болгоно. Бүх зохиолчдын IQ-г тогтоолгох санал тавина.
-Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө нэн даруй хийх ажлын талаар Таны бодол юу вэ?
-Зах зээлийн харилцаанаас социализм, коммунизмд шилжих “ариун хувьсгал” хийх, нийгмийн сэтгэлгээг хувийн өмчийн сэтгэлгээнээс ангижруулах “оюуны хувьсгал” хийх, хүмүүст хүний жинхэнэ хөгжлийг ойлгуулах “онолын хувьсгал” хийх, хүнийг бурханлаг болгох “үйл хэргийн хувьсгал” хийх.
-Таны ээлтэй од тэнгэрийн аль хэсэгт байдаг вэ?
-Монголчууд долоон бурхан одыг шүтдэг уламжлал, заншилтай. Үдэш орой долоон бурхан түгэхээр од одондоо тарнийг нь уншаад дээж өргөдөг. Миний од долоон бурханы “Тэнгэрийн бариа” гэдэг тавдугаар од. Тэнгэрийн бариа Будда Шигимуни бурхан эрхшээдэг. Тарни нь, Ум саманда Будда ном, Ум сарваа санъяа суухаа.
Үргэлжлэл бий.
Б.Даариймаа /Үнэн сонин/