Тэмээний өв соёл
5 жил, 7 сар өмнө

Малын соёл (Тэмээ)

Монголчууд найрсаг, зочломтгой, зан харилцаа сайтай, ухаан сэргэлэн, хэл яриа хурц, халуун, хүйтэн алинд ч дасан зохицож амьдрах чадвартай, туйлын тэвчээр, хүлээцтэй, малын соёлоо ихэд дээдэлдэг ариун нандин ёс заншилтай ард түмэн билээ. Залуучууд улс орны хөгжил дэвшилд нийцэх замаар төв суурин бараадаж ажил, сургууль, соёлын мөр хөөх болсоныг буруутгах аргагүй ч нүүдлийн соёл иргэншил, үндэсний үнэт зүйлс болсон малын соёлоо мартаж үл болмуй.

МОНГОЛ ХҮНИЙ БУЯН АМЬД ТАВАН ЭРДЭНЭ

ТҮҮНИЙ СОЁЛ, ЁС ЗАНШИЛ

Монгол Улсын эдийн засгийн үндэс суурь нь болсон билчээрийн мал аж ахуй бол олон мянган жилийн туршид байгаль, цаг агаарын хатуу ширүүн шалгарлаар жилийн дөрвөн улиралтай энэ нутагт идээшиж, дасан зохицсон монгол хүний нүүдлийн  соёл иргэншилд тохирсон, тал бүрийн өндөр ашиг шимтэй манай улсын үндэсний үнэт баялаг юм.

Багш, эцэг эхчүүд ээ, хүүхдүүдтэйгээ хамт уншаарай.

ЭЛСЭН ГОВИЙН ХӨЛӨГ БУЮУ ХОЁР БӨХТ МОНГОЛ ТЭМЭЭ

Тэмээний удам угшил:

Галбын говийн улаан, Ханын хэцийн хүрэн (Өмнөговь аймаг), Ламын гэгээний жаахан шар/улаан (Баянхонгор аймаг)Дөхөм тунгалагийн хос зогдорт (Говь-Алтай аймаг) зэрэг тэмээний угшлууд бий.

Тэмээ таван хошуу малын минь нэг

Тэмээ таван амьд эрдэнийн минь нэг

Тэмээ таван тивийн улсаас манайд олон бий

Тэмээ тал, хангай, говь гурвал нутагт минь бий

Тэмээг дотор нь ботго, тором, шилбэ /гурван наст/, /дөрвөн наст/, эм нь гунж гэх ба эр нь тайлаг  ат, ингэ, буур, гэж ангилдаг. Мөн тэмээг шүдээр нь ангилахдаа 2 ба 4 шүдтэй бага залуу ат, 6 шүдтэй нас гүйцсэн ат, ингэ, буур хэмээн нэрлэдэг.

Тэмээ төллөх: Тэмээ жил өнжиж ботголдог тул бусад малаас өсөлт удаан байдаг бөгөөд маллагаа дутагдвал төл бүр мал болох магадлал багатай учир хариулага, арчилгааг ихээхэн шаарддаг.

Ингэ шилрэх: Боос ингэ ботголох болохоороо нэг л тогтворгүй болж, хөл нь хөнгөрөн, алсыг харж, ийш тийш алхлан ижлээсээ сэм салж, хол явахыг шилрэх гэнэ. Шилэрсэн ингэ ботгоо осгоож төл алдах магадлал өндөр тул өдөрт хариулж, шөнөд уяж хөллөх зэргээр сайн хамгаалах хэрэгтэй.

Нялх ботго урт хүзүүтэй ч эхээс төрсний дараа нэг сар болохоос нааш хошуу нь газарт хүрдэггүйгээрээ онцлог бөгөөд хошуу нь газарт хүрмэгц өвсөнд ордог. Ингэ ихэр ботго гаргах нь их ховор байдаг тул ингэ ихэрлэсэн тохиолдолд ихэд бэлэгшээж, олон нийтэд зарлан өргөмжилж түүхэнд бичиж үлдээдэг.

Ботгоны магтаал

Тугал хоёр нүдтэй

Туг ширээ бөхтэй

    Өндөр сайхан хүзүүтэй

        Уянгат сайхан дуутай

Борогч ингэнээс гарсан

Борхон хөөрхөн ботго

Ардын аман зохиол

Тэмээний магтаал

Дөрвөн хөлтэй

Дөрвөлжин биетэй

Гонзгой толгойтой

Гурвалжин хондлойтой

Өргөн хүзүүтэй

Өндөр биетэй

Хялгасан зогдортой

Хялганан сахалтай

Туулай хамартай

Тугал нүдтэй

Ширээ бөхтэй

Шижим ногттой

Галбад оршдог

Ганган улаан тэмээ

Ингэ хөөслөх: Тэмээ том биетэй, хүдэр чийрэг ч их уярамтгай билээ. Ботгоо голсон ингэний ботгыг авхуулахад хөөс хөөс гэж уянгалуулан аялахыг ингэ хөөслөх гэдэг. Мөн морин хуур, лимбэ хөгжмөөр ая тоглож эхийг уяраан ботгыг авхуулахад ботгоо үнэрлэн гунганаж, хоёр нүднээсээ бөөн, бөөн нулимс унагаж байдаг уян зөөлөн мал билээ.

Ботго, ингийг уях: Ботгыг нялх багад нь уяхдаа зөв, урд хөлний өвдөгөөр уях ба томрохоор нь ногтлон уяна. Эмнэг ботгыг шууд ногтлож уяхад хүзүүгээ хугалах эрсдэлтэй тул багад нь сайн номхруулах шаардлагатай. Номхорч цагаашраагүй ингийг саахдаа зөв хойт хөлийг зузаан гуяар нь дээсээр оосорлон ар тийш татах буюу гадаснаас уяна. Үүнийг тэлүүрдэх /татуурдах/ гэнэ.

Тэмээний дуу авиа: Тэмээ буйлах, гунганах, орилж сэвслэх, хамраа шуухируулах, орсон буур эрүүгээ дагших, хүрхрэх, шүдээ хавирах зэрэг дуу авиа гаргахаас гадна усыг чимээ гарган сорж уудаг.

Тэмээний дуудлага: Тэмээг хэвтүүлэхдээ “сөөг сөг” хэмээн сөглөх ба босгохдоо “хөөг, хөж, чүү” гэнэ. Тэмээнд ачаа ачаад ар, араас уяхыг шөрхлөх гэнэ. Ачаатай тэмээг анх хөдөлгөхдөө “хөөг” хэмээн өндөр дуугаар уянгалуулан чимээ өгөхөд тэмээнүүд бүгд нэгэн зэрэг хөдөлдөг. Холын замд удаан хугацаагаар явсны дараа түр зогсохдоо “шээр, шээр” хэмээхэд ачаатай тэмээнүүд нэгэн зэрэг шахам шээдэг тун ч дуулгавартай, ухаантай мал билээ. Ус, хужир өгөхөд ойрмогхон байгаа тэмээг "тоор, тоор" хэмээн тоорлоход цувран ирдэг.

Тэмээний түүх домог, хууч яриа: Тэмээг ус ууж байхад нь буга ирээд найранд очиход шалдан толгойтой муухай байна би эврээр чинь гоёчихоод аваад ирье гэж хэлээд тэмээний эврийг гуйж аваад явсан гэнэ. Түүнээс хойш тэмээ ус уух болгондоо байн, байн алсыг харж зогсдог нь найранд явсан буга эврийг минь авчирч  магадгүй хэмээн горьдон харж буй нь тэр гэнэ. Хулгана, тэмээ хоёр 12 жилд орохоор маргалдсаны эцэст хэн өглөөний нарыг түрүүлж харсан нь жилд багтахаар тохирч гэнэ. Тэмээ өндрөөрөө би эхэлж нар үзнэ гээд урагш нар гарах зүгт хараад зогсоход хулгана хойт бөхөн дээр нь уулын оройд нар тусахыг хүлээгээд сууж гэнэ. Уулын оройд нар тусахыг харсан хулгана би эхэлж нарыг харлаа хэмээн үсрэн бууж, хаясан үнсэн доогуур оржээ. Үүнээс хойш тэмээ хаясан үнс хараад хулганад өшиж хөрвөөдөг болсон гэнэ.

Ховд аймгийн нэгэн жинчний мэлтгэр хүрэн гэдэг тэмээ ямар ч уулын өндрөөс сүр цохидоггүй тэмээ байсан гэнэ. Оросын нутагт байх алдарт Чуйн замын өндөр даваагаар давахад уулын өндрөөс сүр цохиж ачаатай тэмээ их осолддог тул бүх тэмээний нүдийг боож уул давуулахад ганц мэлтгэр хүрэнгийн нүдийг боодоггүй байсан хэмээн эзэн нь дурсан бичсэн байдаг.

Орсон буур: Өвлийн ид хүйтнээр буур орохдоо цагаан хөөс цахруулан шүдээ хавирч, шилээ шөргөөж, хүрхэрч шавиад муухай загнан ижил сүрэгтээ хүн мал ойртуулахгүй дов, сондуулд хөрвөөх, ойртсон хүн малыг хөөх зэргээр сүр хүчийг үзүүлдэг. Орсон бууртай тэмээнд чоно ч айгаад ойртдогүй билээ. Үүнээс үүдэн чоно Орсон буурны дуу сонссоноос, Оготор шарын дуу сонссон нь дээр гэсэн домог яриа байдаг. Орсон бууранд морьтой хүн хөөгдөж бууранд бариулсан, суудлын машиныг шөргөөж өмнүүр хэрж хөндөлдөөд явуулахгүй байсан гээд баримттай болсон явдал, хууч яриа олон байдаг. Говийн нэгэн аймагт жанжин хүрэн хэмээх буур ид орооныхоо үед өөр нэгэн бууртай тэмцэлдэн хүч тэнцээд бие, биеэ отож хөдлөхгүй хэвтсээр хоёул тэндээ үхсэн гэсэн домог яриа ч тэмдэглэгдэн үлджээ.

Буур унасан хүн босоо буудаггүй. Дээхнэ үед нэгэн хүн орсон бууранд хөөгдөж худагт оржээ. Гэтэл нөгөө буур нь худгийн амыг таглан дээр нь хэвтэхэд нөгөө хүн буурыг босгох санаатай дороос нь хутгаар гэдсийг зүсэхэд буур босолгүй байсаар хоёул тэндээ үхсэн эмгэнэлт явдал байдаг. 

Зан төрх: Тэмээ бол их сониуч зантай амьтан бөгөөд аливаа зүйлийг харж сонирхох, үнэрлэх түүнээсээ үргэж тоглох, эзэн хүндээ эрхлэх, хол газар тасралтгүй ширүүн явахад орилж хад, харгана, буттай газар хоргодон хэвтэх, үнсэн дээр хөрвөөж, дэвслэх, өглөө үүрээр бусад малаас түрүүлэн бэлчих, шилээ шөргөөж буур болон бие, биетэйгээ тохуурхан ноцолдох, хоорондоо хэрэлдэх, бурантаг хазах /Энэ нь уясан уяанаас алдуурахын тулд зарим тэмээ бурантагыг шүдээрээ хазаж тасладаг/ уяа тайлах /уясан уяаг мөн шүдээрээ тайлах/ зэрэг зан авир гаргадаг.

Бурантаг хаздаг тэмээний ойролцоо уясан бурантаг хаздаггүй тэмээ нь нэгнийгээ дууриаж бурантагаа зуух буюу хазаж сурах зэргээр дуураймтгай зан гаргадаг.  Тэмээ их хужирсаг тул бударгана шарилжаар голдуу хооллоно. Зуны халуунд олон хоног усгүй явж чаддаг нь хоёр бөхөндөө усаа хуримтлуулж, түүнээсэээ цангаагаа тайлдагтай холбоотой. Зуны халуунд салхи сөрж алхахдаа ижил сүргээсээ тасарч өөр сүрэгт нийлэх, ганцаараа явах зэрэг хэнэггүй зан гаргадаг, холын билчээртэй, урт хөлийн мал билээ.

Тэмээ зуны дунд сард даарахыг яана, өвлийн дунд сард цангахыг яана гэдэг гэнэ. Тийм ч учир өвлийн тэмээ зуны тэмээнээс илүү их цангаж ойр, ойрхон ус уудаг ажээ.

Тэмээгээр цаг агаарыг шинжихүй: Тэмээ бөөнөөрөө ойр байгаа нөмөртэй газар болон бууц бараадан хөлөөрөө газар малтаж хэвтэх, хонины хот, хороо булаалдах,  өглөө бэлчихгүй хотондоо хоргодох, хамраа тургилан шуухирах, хүзүүгээ сунган газар тавьж идээшлэхгүй өдөржин хэвтэхэд цаг агаар эрс муудаж тэнгэр ихээр хүйтэрдэг. Орой хураасан тэмээ тарж хэвтэх буюу шөнө болон өглөө эртлэн бэлчихэд тэнгэр дулаардаг.

Ашиг шим: Тэмээг унах, ачих холын аян жин тээх зэргээр эдэлгээнд оруулж хол, ойрын ажлаа амжуулахын зэрэгцээ тэмээний ноосоор дээс томох, утас ээрэх зэрэг гэр ахуйн эдэлгээ даах сайн чанарын эдлэл хийж, ахуйн хэрэглээндээ өргөн ашигладаг. Малчид ганган гоёмсог тэмээгээ тохошны ат хэмээн гоёлд унадаг.

Ингэний сүүгээр ундаа, хоормог, өрөм, ааруул хийж, цай сүлж,  шимийн архи нэрнэ. Тэмээний мах өөхийг хүнсэнд өргөн хэрэглэдэг.

Тэмээг хол, ойрын бүхий л ачаа бараа тээвэрлэхдээ тэргэнд хөллөх, хомнож нуруу ачих, ганзагалах, тохох гээд ачааны төрөл хэмжээ, хүнд хөнгөнөөс хамаарч янз бүрээр ашигладаг.

Тэмээний тоног хэрэгсэл: Тэмээ нь хүйтний улирал өвөл, хаврын цагт уналга, ачлаганд хэрэглэхэд тохиромжтойн дээр эдэлгээнд оруулахдаа тусгай тоног хэрэгсэл ашигладаг. Унаж эдлэхэд буйл, бурантаг, ногт, жолоо, таваглаа /тавагч, тавхайч гэж нэрлэх нь бий. Энэ нь эмнэг догшин тэмээг унахад урд хоёр хөлний тавхайгаар уяж хэвтүүлэхэд тусгайлан хэрэглэнэ./ тохош, ташуур, тушаа, бугуйл, зэргийг хэрэглэнэ. Тэмээний тохош нь ширмэл цагаан эсгий, хивсэн тохошнуудыг тохдог. Ачиж нүүхэд хом, шат болон хомны сур, тэнжээний сур, татлаганы сур, дээс зэргийг хэрэглэдэг. Машин техник гараагүй байхад тэмээгээр гэрээ нүүлгэх, хүүхдээ хунз, араганд хийж ачих, гадаад дотоодын аян жинд явах зэргээр ашигладаг байсан.

Тэмээний хэрэглэлийн хэмжээс: Буйл нь ац баатар хоёрын хооронд барим, бурантаг алд дэлэм буюу 2 м гаруй, хомны суранд 7 алд, татлаганы суранд 13 алд, тэнжээний суранд 8 алд сур тус, тус ордог. Тэмээг олноор уяж сойход урт зэл татаж, зэлэндээ эргүүлэг бүхий уяанаас уядаг.

Тэмээнээс болгоомжлох нь: Эмнэг догшин гэлтгүй тэмээ нь барьж оосорлох, унаж, ачихад үргэж туйлах, мордох үед босон харайх, тушихаар хөлд нь суухад урд хөлөөрөө таврах, араар нь ойрхон гарахад хойт хөлөөрөө тийрэх, орсон буур хүнийг барих, чээжээрээ түрж унаган дороо хийж өвдөглөн дээрээс нь хөрвөөх, унаа малаас нь авч хаях зэрэг эрсдэлтэй тул болгоомжлох хэрэгтэй.

Тэмээ хомнох: Тэмээнд ачаа ачихын өмнө хомнож бэлтгэхдээ тэмээг хом шатаар хомнох бол шатны хоорондх олмон /уяан/  дээр тэмээгээ хэвтүүлж шатны олмыг тэмээний том багад тохируулж уяад ороолтны эсгийгээр тэмээнийг биеийг хойт урд талд нь хошуулдан нугалж ороогоод бамбайг хоёр талд нь барьж, эхлээд шатны хойт битүү тушааг бэхэлж, урд тушаагаар чанга сулыг тохируулан чангалж уядаг.

Ороолт бамбай нь тэмээний биеийг холгохгүй хамгаалах, шат нь хом бамбайг тогтоон барих, шатны эмээл нь бамбайг хоёр тийш унахаас хамгаалдаг. Хомносон хомон дээрээ өөг тавьдаг. Энэ нь хомны бамбайг унагахгүй байх бас нэг тохом болж өгдөг. /зарим газар өөш ч гэж нэрлэдэг/ Гэрээ нүүлгэхэд тэр бүр хомоор хомнох боломжгүй тул хана, униар тэмээгээ хомнож ачдаг. Хом нь тэмээний ачаа даах чадварыг нэмэгдүүлдэг. Тиймээс:

Тэмээ хомоо даана

 Хом ачаагаа даана хэмээх бөгөөд үүнийг нуруу ачих гэдэг. Ачиж сурсан тэмээ хомны хооронд буюу газарт сунгаж тавьсан хом татлаган дээгүүр гарангуутаа өөрөө хэвтдэг тун ч мэдрэмтгий бөгөөд ухаалаг мал юм. Атан тэмээнд 150-250 кг хүртэлх ачаа ачдаг байна. Хомонд Ороолт эсгий-1, бамбай-2 ба 4 байх бөгөөд эдгээрийг цагаан эсгийгээр оёж хийдэг.

Тэмээнд тэрэг хөллөхөд урд бөхөнд бөхөвч бүхий хөмөлдрөгө хийж тэрэгний арлыг тогтоодог.

Жин тээх: Машин техник гараагүй байсан тэр цагт атан тэмээг дотоодын аян нь хөдөө орон нутгаас Хатгал, Ханх, Улаанбаатар зэрэг болон говиос хангайд хужир давс зөөх, хангайгаас говьд мод татах зэрэгт авто машины оронд тээвэрт өргөн ашиглаж байв.

Говь-Алтайгаас Улаанбаатар хот ороход нэг талдаа 18-20 хоног зарцуулж байсан байна. /энэ нь 800 гаруй км/ Холын аян буюу Бээжин, Хөх хот, Альшаа, Гүмбэнгийн аянд намар яваад хавар ирдэг байжээ. Холын аянд тэмээний алхааг тохируулах гэдэг нэг чухал зүйл байдаг. Энэ нь том алхаатай тэмээг хамгийн сүүлд нь шөрхлөдөг тэр тэмээнд пүлэнг /хонх/  зүүдэг нь ачаа сууж /ачаатай тэмээ нэг ба олноор сугарч хоцрохыг хэлнэ/ хоцрохоос сэргийлж буй явдал болно. 

Тэмээний уралдаан: Орчин үед тэмээг уралдуулах, тэмээн поло тоглуулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулж байна. Баяр ёслолын /их говийн тэмээний баяруудаар/ үеэр гоёлын нөмрөг, бэлэгдлийн эвэр, нар, хулгана зэрэг тэмээний түүх домогтой холбоотой зүйлийг хийж тэмээг гоёж хэрэглэх нь ажиглагдаж байна.

Монгол тэмээ Геннесийн номонд: Монголчүүд хоёр бөхт тэмээгээ дэлхийн геннесийн дээд амжилт тогтоолгохоор Өмнөговь аймагт 2016.03.06-07-ны өдрүүдэд тэмээг сургах, буйллах, уналга, эдэлгээнд хэрэлэдэг соёлоо харуулсан олон талт арга хэмжээ явуулж үзүүлсэн. Мөн Монголын 11 аймгийн 1132 тэмээг гарааны зурхайгаас нэгэн зэрэг амжилттай гарган 15 км зам туулан уралдуулж, 1108 тэмээ барианд оруулснаар дэлхийн дээд амжилтыг тогтоож, ЮНЕСКО-д бүртгүүллээ. Урьд нь ӨМӨЗ орон 550 тэмээгээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байжээ.

Тэмээний уралдааныг бага нас буюу торомны, дунд нас буюу тайлагны, дээд нас буюу атны хэмээн гурав ангилан уралдуулдаг бөгөөд уралдах тэмээний уяа сойлгыг хурдан морины нэгэн адил уяаг нь тааруулдаг. Тэмээний уралдаанд заавал хүүхэд гэхгүй насанд хүрэгчид унадагаараа морины уралдаанаас өвөрмөц байдаг. Уралдаанд түрүүлж айрагдсан тэмээний цолыг морины цолны нэгэн адил дууддаг ёстой.

Өмнөговь аймгийн хөдөлмөрийн баатар тэмээчин Хүрээт гуай 1970-аад оны үед тэмээний цолыг дууддаг байжээ. Мандал-Овоо сумын тэмээчин ардын авьяастан Г.Оргой гуай 1980-аад оны үед тэмээний цолыг зохиож хэлсэн байдаг. Мөн “Малчин телевиз”-ийн сэтгүүлч Шагдарсүрэнгийн зохиосон тэмээний цол бий. ӨМӨЗО-ы Альшаа хошуунаас гаралтай тэмээний цол байдаг гэнэ.

                                Х.Ивансан, Говь-Алтай аймгийн Дэлгэр сум

Түрүүлсэн тэмээний цол

..................аймгийн............сумын.........багийн ард........ийн тэмээн сүргийн дотроос............баяр наадамд түрүүлэн ирсэн энэ хурдан тэмээнүдийн алдар цолыг өргөн дуудья.

            Наадмын асрын өмнө

            Нарийн сайхан

            Бурантаг юугаа өргүүлж

            Алдар цолоо дуудуулсан

                        Энэ тэмээний эрхэм шинж нь гэвэл

Арванхоёр жилийн шинжийг

Алдалгүй өөртөө хадгалсан

Атан сайхан тэмээгээ       

            Уралдааны замд нь гаргаад

            Гарааны зурхайгаас эргүүлэхэд

            Хулгана чихийг хулмалзуулан

            Хөнгөн сайхан тэшин гарав

Хонин ноосыг сагсалзуулан

Хоолой хөндийг туулан гарав

Могой нүдийг тормолзуулан

Морин зогдорыг сугсалзуулан

Заг тооройд сааталгүй тэшдэг

Зандан хүрэн сүргийн манлай

Гахай сүүлийг эвхэн буулган

Газрын холоос тэшин гүйдэг

Нохой нимгэн гуятай

Номхон төлөв зантай

Үхэр бүдүүн гэдэстэй

Үржил шим арвинтай

Бичин хоёр бөхөндөө

Сүрлэг шинжийг хадгалсан

Туулай жаахан хамартаа

Хөөрхөн шинжийг агуулсан

Турлаг сайхан биеэндээ

Тэнхээ чадлыг илтгэсэн

Уран сайхан хүзүү нь

Хурмастын лууны шинжтэй

Уянга сайхан дуу нь

Хуур лимбийн эгшигтэй

Бартаат замд сааталгүй

            Барын тавгийг гялалзуулан

Барианы газар түрүүлэн ирэхдээ

Тахиа өрөвлөгтэй тэргүүнээ

Тоногтой ногтоор ногтлуулсан

Тохош ташуур тушааны

Донж маяг нь тохирсон

Хурсан олноо цэнгүүлсэн

Уясан эзнээ баярлуулсан

Манант говийн чимэг

Хурдан хавтгайн удам

Монгол хүний буян

Буурал халзан тзмээний             

Буян хишиг нь дэлгэртүгэй

Хурай, хурай, хурай.

Тэмээний уралдаанд түрүүлж, айрагдсан тэмээг ийнхүү цолийг дуудаж занших нь тэмээний соёлын чухал нэг үзүүлэлт  болно. Нүүдэлчдийн тэмээний соёлыг хадгалан үлдэх, дэлхийд ховордож байгаа хоёр бөхт тэмээг хайрлан хамгаалах, тэмээ уяач малчдад урам өгч, тэмээн сүргээ өсгөхөд өөр, өөрсдийн хувь нэмрээ оруулья.

Үргэлжлэл бий.

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын цэцэрлэгийн арга зүйч Х.Ивансан

Цааш судалвал Тэмээг Хөх Мөнх ТНГР-ийн Атаа таван тэнгэрийн буултын нэг болдог бөгөөд тэмээг гаршуулсанаас эхлээд олон зуун өв соёл бий.