Тэврэлт бол гайхамшиг
12 жил, 11 сар өмнө

“Яахаараа дандаа намайг загнадаг юм бэ? ээж та дүү нарт сайн ханддаг мөртлөө намайг болохоор өдөр болгон загнах юм.”

“Чамайг эгч нь болохоор тэгж байхгүй юу? Ээжид нь ч хэцүү байна. Чи ээжийгээ жаахан ч гэсэн тайван байлгаж чадахгүй байна уу? “Ээж ээ, та надад хайргүй биз дээ? Би таныг үзэн ядаж байна”. 

Эцэстээ том охин маань өрөөний хаалга саван гарч одлоо. Охиныхоо үйл хөдлөлд гайхаж, бас уур хүрээд, өөрийгөө захирч чадахаа болин, дуу минь өндөрсөв. Гурван охин өсгөнө гэдэг жинхэнэ дайн билээ. Хүүхдүүд харшил өгч, хордлого тусан, ханиад хүрч жаахан ч гэсэн нүд салгах зай завсар өгөхгүй өдрүүд үргэлжилнэ. Үргэлж хоорондоо муудалцаж, чанга дуугаралцан, саваа барин уйлж аргадаж....Миний хашгирах дууг айлууд сонсчих вий гэхээс нөхөр маань ичдэг байлаа.

Ер нь юунаас болж ингээд байгаа юм бол....? Би хайр халамжтай ээж болохыг хүсдэг атлаа яагаад хүүхдүүдээ загнаад байдаг юм бол?” хүүхдүүдээ загнасны дараа маш их харамсаж, өөрийгөө буруутгана.

Багын шарх миний сэтгэлийн гүнд байгааг мэдсэн үе бол зөрчилдөж зөрчилдсөний эцэст зөвлөгөө авахаар шийдсэн тэр өдөр байлаа. Архи уухаараа харгис болдог аав, түүнтэй өдөр бүр хэрэлдэж муудалцах ээж хоёрын голд хөнжил дотроо нуугдан, уйлж унтдаг байсан бага насны дурсамж надад олон бий. Бас тэр үед ихэнх эцэг эхчүүдийн амьдрал хэцүү, ихэд ядардаг байсан болохоор аав нар хүүхдүүддээ яаж хандахаа мэддэггүй байсан цаг юм. Аав маань нэг ч удаа надад хайртай гэж хэлж байсныг санадаггүй. Зөвлөгөө авсны дараа үүнээс болоод л миний дотор атаархал, жаахан юманд уурладаг дүр төрх бий болсныг олж харлаа. Тэгэхээс ч өөр аргаггүй байсан миний дүр төрх....

Өөрийн сэтгэлийн шархаа хүүхдүүддээ өгөхийг хүсэхгүй байгаа учраас би зориг гаргалаа. Тэврэлт. Үргэлж уурлаж загнадаг байснаа болиод, гэнэт зөөлөн хандах гэхээр нэг л сайн болж өгөхгүй байв. Гэвч би хийхээр шийдсэн юм. “Охин минь, ээж нь нэг тэврээдэхий байз”. “Гэнэт яагаад байгаа юм бэ?” гэж охин минь хорхой харсан мэт ярвайж байна. Хэдийгээр эхний алхмыг хийсэн боловч би ч, охин маань ч хөшөө мэт хатуу байв. Эхэндээ 5 секунд тэврэхийг тэвчихэд ч хэцүү байлаа. Тэр үед том охин маань сургууль дээрээ бусдад дээрэлхүүлж байгааг мэдсэн юм. Өдөр болгон гэртээ уйлж ирдэг байлаа. “Юундаа уйлаад байгаа юм бэ?” Чи ямар сайн юм хийсэн юм уу? Уйлахаар бүх юм болно гэж бодож байна уу?” гэж загнадаг байв.

Охин маань хүүхдүүдийг шоглоод уйлахаар тэд бүр ч илүү шоглож, сүүлд нь зоддог болсон гэнэ. Багштай нь уулзаж, энэ тэр аргыг хэрэглэж үзсэн боловч ямар ч нэмэргүй байв. Хүүхдүүдтэй биечлэн уулзъя гэж бодсон ч байдал хүндэрч болзошгүй болохоор яах ч арга байсангүй. Анхандаа эвгүй байсан ч охинтойгоо тэврэлдэх маань 5 секунд байснаа 10 секунд болж, 10 секунд нь 30 секунд....гэж явсаар 10 минут боллоо. Би өдөр болгон охиноо тэвэрдэг болсон юм. Хайртай шүү. Ээж нь үргэлж чиний талд. Бурхан ч гэсэн миний охины зүрх сэтгэлийг мэдэж байгаа.” Миний охиндоо хийж өгч чадах зүйл нь түүний яриаг сонсож, түүнийг тэвэрч, тэр хүүхдийн тал болж өгөх байв. Тэгтэл нэг өдөр сургуулиасаа ирээд “Ээж ээ... Намайг тэврээд өг” гэж хэлэнгээ надад тэврүүлэн, уйлж гарлаа. Хичнээн хэцүү, ганцаардаж байгаа бол... гэж бодогдон, охиноо тэвэрч, хамт уйлав. Ийнхүү зүрх сэтгэлээрээ нийлэх цаг маань ихсэх тусам охин бид хоёрын хооронд байсан хана хэрэм бага багаар нурж эхэллээ. Охин маань гомдоллохоо болив. Сургуулиас ирэхдээ уйлдаг байсан охин харин инээдэг болсон юм.

Тэр охин маань одоо ангидаа хүүхэд болгоны найзлахыг хүсдэг хүүхэд болсон гэдэгт та итгэж байна уу? Өмнө яаж муухай царайлдаг байсныг нь би мартаж чаддаггүй юм. Одоо хүүхдүүд маань өөрсдөө “Ээжээ намайг тэврээд өг” гээд ирдэг болсон. Тэднийг халуунаар тэвэрхэд миний сэтгэлд хуралдсан зүйлс аажмаар хайлан, алга болж байгааг мэдэрдэг байлаа. Тэврэлт гэдэг зүйлийг би өгөх гэж эхэлтэл, нэг л мэдэхэд бусдаас маш ихээр авдаг болсон юм. Хэсэг хугацааны дараа бага охин маань уйлж байгаа нэгэн найзыгаа гэртээ дагуулан ирэв. Гайхаад юу болов гэтэл “Ээж ээ та манай найзыг жаахан тэврээд өг дөө. Хүүхдүүд шоглоод уйлуулчихсан чинь уйлаад зогсдоггүй ээ. Танд жаахан тэврүүлэх гэж дагуулаад ирлээ.” гэдэг байгаа. Ээж л тэврээд өгөх юм бол зүгээр болно гэнэ. Охины маань хэлсэн тэр үг хэдий хугацаа өнгөрсөн ч  сэтгэлээс гардаггүй юм.

Өвчин зовлонгоо хуваалцах үед эдгэрэл явагдаж байна гэсэн үг. Ганхахгүйгээр ургадаг цэцэг гэж байдаггүйтэй адил, өсөж том болох явцад нь энэ мэт олон удаа салхилах боловч тухай болгонд нь би хүүхдүүдээ тэврэх болно. Заримдаа унах үе гарлаа ч тэврэн босгож, урамшуулан, гараа сунгахыг хүснэ.