Тони Бьюзен “Суут сэтгэлгээний 10 алхам”
11 жил, 8 сар өмнө

 

 "Яруу сэтгэгч" сонины анхны дугаарын нийтлэл...

Бүтээлч чадвар гэдэг бол “бурхнаас заяасан бэлэг” бөгөөд цөөхөн хүнд л олддог зүйл хэмээн нэгэн үе тооцож байв. Гэтэл авъяас бэлгийг эрүүл саруул бүх хүнд байгалиас заяасан байдаг ажээ. Харин хүн бүрт нуугдаж байгаа Бүтээлч интелектийн ер бусын боломжуудыг нээх нь ердөө өргө техникийн л асуудал юм.  

Тодорхойлолт:

Бүтээлч интеллект гэдэг нь ер бусын байдлаар сэтгэж, өвөрмөц байх чадвар бөгөөд “зөвхөн бусдыг даган сэтгэдэггүй байх чадвар юм. Бүтээлч интеллект нь:

Хурд. Танаас шинэ бүтээлч санаа төрөх хурд.

Хөдөлгөөнт шинж. Энэ нь аливаа зүйлийг янз бүрийн өнцгөөс харж, сөрөг санал бодлуудыг харгалзаж, хуучирсан үзэл бодол, төсөөллийг өөрчлөх таны чадвар юм. Түүнчлэн бид ямар нэгэн шинэ зүйлийг бүтээж байх үедээ бүх мэдрэмжээ ашиглах чадварыг бас агуулдаг.

Өвөрмөц, давтагдашгүй шинж. Энэ нь бүтээлч сэтгэлгээний зүрх бөгөөд ер бусын хосгүй, шинэ санааг олох таны чадварыг харуулж байдаг. Ийм шинж чанаруудыг агуулсан хүнийг хармагцаа бусад хүмүүс “өөрийгөө хянадаггүй” гэж үздэг боловч үнэн хэрэг дээрээ харин ч үүний эсрэг байдаг. Өөрийн өвөрмөц шинж гэдэг бол оюун ухаанаагаа ухамсартайгаар хөвчлөн ажилласны үр дүн голдуу байдаг ба тухайн хүн ухаанаа төвлөрүүлэх өндөр чадвартай байдгийг харуулдаг.

Шинэ санааг хөгжүүлэх чадвар. Бүтээлч бие хүн бол жирийн санааг өлгөн авч өргөжүүлж, чимэглэн, хөгжүүлж, олон санаа бодлоор баяжуулж чаддаг.

Бүтээлч хүмүүс голдуу шийдмэг бөгөөд шаргуу байдаг. Тэд бүтээлч зорилтуудаа хэрэгжүүлхээр эрчтэй барьж авдаг учраас бусдад гүн сэтгэгдэл төрүүлдэг.

Та үүнийг мэдэх үү?

Таны уурга тархины гаргаж чадах шинэ санаа бодлуудын тоо нь ертөнц дээрх бүх атомуудын тооноос ч илүү байдаг байна. Үүний зэрэгцээ уламжлалт математикийн болон хэл ярианы интеллектүүд нь аналитик, логик сэтгэлгээний үйл явцтай илүү түлхүү холбогддог. Таны бүтээлч интеллект нь таныг шинэ санаа бодлуудын ертөнцөөр шинэ оршихуйд хүргэдэг эрчимтэй хийсвэрлэн сэтгэх явдлаар илэрнэ. Интеллектийн бусад төрлүүдийн адилаар бүтээлч интеллектийг ч хөгжүүлж болдог. Зарим хүмүүс л үгүй гэж зүтгэдэг юм. 

Бүтээлч интеллектийн од болсон хүн

Бидний жишээ татах гэж байгаа интеллектийн од болсон хүн маань ядаж сургууль ч төгсөөгүй юм шүү дээ. Тэрбээр дислекси өвчинд нэрвэгдэж, үгийг зөв бичих дүрмийг огт тогтоож чадахгүй байсан болохоор ном унших, суралцахад тун бэрх байжээ. Тэр энэ байдлаасаа ихэд ичиж, бусдын өмнө анги танхимд ямар нэгэн сэдвийг унших хэрэгтэй болоход олон цагаар чармайн байж цээжилдэг байв. Түүний IQ интеллектийн түвшин доогуур байсан учраас багш нар нь сайн сурагч гэж үздэггүй байв. Энэ хүнийг Ричард Брэнсон гэдэг байлаа. Гэвч тэрээр ямар ч саад бэрхшээлийг үл хайхран өөрийнхөө бүтээлч интеллектийг хөгжүүлж байхдаа  гялалзсан ирээдүйг өөртөө бий болгож чадсан юм. Ямар ч ирээдүйгүй байсан тэр залуу Virgin гэсэн эмблемд нэгддэг 150 үйлдэрийн удирдагч болж, 3 тэрбум фунт стерлингийн хөрөнгөтэй болж чаджээ. Яаж, юуны ачаар тэр юм бол!

Оюуны хөгжлийн коэффицент түвшнийг тогтоох тестүүд нь тэр хүний зорьсондоо хүрэх хорсолтой гэмээр айхтар шаргуу чанаруудыг илрүүлж чадаагүй юм. Энэ л чанар нь Брэнсонд том, жижиг ямар ч асуудал тулгархад заавал гарц олж, бусад хүмүүс тэмцэхээ больчихоод байхад ч эцсийг нь хүртэл үзэлцэн үр дүнд хүрэхэд нөлөөлж байжээ. Мөн түүний бүтээлч шинэ санаа бодлоо бусадтай хуваалцах чадвар, бусдын хүсэл мөрөөдөл, санаа бодлыг өөрийнхтэйгээ хослуулан үр дүнд хүрэх чадварыг нь тестээр илрүүлж чадаагүй аж. Өсвөр насандаа Брэнсон бүтээлч бусад олон хүмүүсийн адилаар сурч байсан сургуулийнхаа хатуу хязгаар, дүрмүүдэд гонсойж явдаг байв. Түүний бүтээлч сэтгэлгээ эсэргүүцлээ илэрхийлсэн анхны үйл ажиллагаа нь сургууль дээрээ өөрөө анх сонин гаргасан явдал юм.  

Тийм хачин хүүхэд сонин гаргалаа гэж үү? Тиймээ

Тэрбээр зөвхөн сургуулийнхаа төлөө бичдэг байсан явдлыг халж, үүний эсрэгээр сурагчдынхаа тухай бичихээр шийджээ. Тэрээр сонингоо хэн ч уншихгүй уйтгарт цаас биш, харин ч бүх хүнд, ялангуяа реклам тавиулан мөнгөө төлж чадах томоохон компаниудад зориулсан сонирхолтой, хурц байлгахыг хүсэж байв. Энэ удаа тэрээр бас л өөрийн гэсэн өвөрмөц замаар явахаар шийдэж, сурагчдыг төдийгүй кино, рок хөгжмийн одод, бүтээлч хүмүүс, олонд алдаршсан тамирчдыг сэтгүүлчээр урьж ажиллуулсан юм. Ричард болон түүний найз Жонни Жеймс багахан хөрөнгөтэйгээр ажлаа эхэлжээ. Шуудангийн зардал болон утасны төлбөр төлөхөд ээжийнх өгсөн ердөө л 4-хөн фунт л байлаа. Тэд Брэнсоны байшингийн подвалд ажиллаж, бүхий л зүйлсд өөрсдийгөө хязгаарлан, чадахын хэрээр хэмнэж байсан ч тэднийг хөдөлгөгч хүч болох өөрсдийн бүтээлч санаа бодолдоо хэзээ ч, ямар ч хязгаар тавьдаггүй байв. Брэнсоны сурч байсан сургуулийн захирал нь нэгэн удаа түүнд ёжтойгоор “баяр хүргэе Брэнсон. Миний бодлоор бол, та нэг бол шоронд орж, нэг бол тэрбумтан болох байх” хэмээн хэлж байжээ. Тэр үеэс Брэнсон өөрийнхөө гол зарчмыг хөгжүүлэн, бүхэл бүтэн компаниудын ажил хэргийг засан өөрчилж,  бүтээгдэхүүний танилцуулгыг хэвлэж, аль болох олон шинэ санаа бодлууд олохыг чармайн, энэ үедээ бусад хүмүүсийн бодол мөрөөдлийг сонирхон судлах болжээ. Түүний тэргүүлэх компани “Виржин Эйрлайнз” нь бүтээлч санаа бодлыг хэргэжүүлсний маш сайхан жишээ юм. Үнэ тарифаа буруулахдаа үйлчилгээний чанарыг бууруулдаг “доошилж буй спираль” хэмээх ердийн зарчмыг ашиглахын оронд тэрээр уламжлалт хандлагыг эргэн хянаж үзжээ. Тэгээд үнэ өртгөө хэвээр байлгаж, ирсэн хүмүүст үнэгүй иллэг хийх, мөхөөлдөс өгөх, кино үзүүлэх, шүршүүрт орох, биеийн тамирын дасгал хийх зэрэг этгээд өвөрмөц үйлчилгээг нэмж оруулжээ. Тэр гайхамшигтай сайхан санаануудыг олж хэрэгжүүлдэг, бусад хүмүүсийн санааг ашиглаж, тэдэнтэй хамт нэгдмэл болж мөрөөдлөө биелүүлдэг чадвараараа  амжилтыг хүчээр өөртөө дуудан авчирсан хүн юм.

Та үүнийг мэдэх үү?

Бүхий л цаг үеийн агуу суутнуудын нэг  1000 гаруй шинэ бүтээл хийсэн Томас Эдисон 12 насандаа сургуулиас хасагдаж байжээ.

Бүтээлч хандлага гэдэг нь сайхан зураг зурах, хөгжмийн зэмсгээр тоглохыг хэлнэ гэж ойлгож болохгүй. Оройн хоол бэлтгэх, ажил дээрээ тавьсан зорилтоо хэрэгжүүлэх, амралтаа төлөвлөх, хашаа, цэцэрлэгээ янзлах, байшин өрөөгөө засах, зурагтаар гарч байгаа хөл бөмбөгийн баг яавал өрсөлдөгчөө хожиж болох арга замуудыг тоочих зэрэг нь ч бас л бүтээлч хандлага юм.

Жишээ: Эцэг эхчүүд.. эд бол үнэхээр бүтээлч хүмүүс. Тэд хүүхэд төрүүлэх төдийгүй, ажлаа хийж, мөнгө олж, орон гэрийнхээ дизайныг шийдэж, хоолоо бэлтгэж, ээлжийн амралтаа төлөвлөж, зочдыг хүлээн авч, хүүхдийнхээ бүхий л асуултад хариулт өгдөг. Тэд үнэхээр ирээдүйг бий болгож байгаа хүмүүс.

Леонардо да Винчийн санал болгодог Бүтээлч интеллектийн зарчмууд

Хүн оюун ухаанаа жинхэнэ ёсоор бүтээлч болгохын тулд: мэдрэмжээ хөгжүүлэх, шинжлэх ухааны урлагийг судлах, урлагийн шинжлэх ухааныг судлах, ертөнцийн бүх юмс ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг ухаарах хэрэгтэй гэж бүтээлч чанараа гайхамшигтай хөгжүүлсэн Леонардо да Винчи хэлсэн юм.

1. Мэдрэмжээ хөгжүүлэх

Бүтээлч оюун ухааныг хөгжүүлэх үндэс нь мэдрэмжийн интеллект юм гэдгийг Леонардо хүлээн зөвшөөрч байснаараа тухайн цаг үеэсээ 500 жилээр түрүүлж чаджээ.

2. Шинжлэх ухааны урлагийг судлах

Леонардо зүгээр л “шинжлэх ухааныг судлах” гэж хэлэлгүй, “Шинжлэх ухааны урлагийг судлах” гэж онцлон хэлж байсан нь сонирхолтой юм. Ингэснээрээ тэр шинжлэх ухаан бол зэвхий саарал, уйтгартай зүйл биш гэдгийг онцолж байжээ. Гэтэл мэдээлэл хөгжсөн өнөө үед шинжлэх ухааныг ингэж сөргөөр ойлгодог хүмүүс байсаар байгаа. Хүний тархины баруун тал бөмбөлгийн хариуцдаг, тодруулбал, орон зайн мэдрэмж, хийсвэрлэн төсөөлөх сэтгэлгээ, өнгө, хэлбэр, хэмнэлийн мэдрэмжийг хариуцдаг чадварууд нь шинжлэх ухааны судлагдхуун юм гэдгийг олон жилийн өмнө зөвөөр ойлгож байлаа.

3. Урлагийн шинжлэх ухааныг судлах

Эхэндээ энэ нь зөрчилтэй мэт санагдана. “Урлагийн шинжлэх ухаан” гэдгийг бодоод үз дээ?! Гэвч дахиад л Леонардогийн зөв байлаа. Урлаг гэдэг бол олон хүн урлаг гэж ойлгодог тэр зүйл биш юм. Энэ бол хувь хүний өөрийгөө илэрхийлэх болон сэтгэлзүйн психоанализ хийх, нэг тийм “зөөлөн” сэтгэлийн хөдөлгөөний хэлбэр юм. Та оюун ухаанаа  дасгалжуулсны дараа урлаг гэдэг нь маш нарийвчлалтай, хатуу шаардлагатай шинжлэх ухаан гэдгийг ойлгох болно.

4. Ертөнцийн бүх л зүйл дам холбоотой байдаг гэдгийг ухаарах 

Америкийн нэрт сэтгэл судлаач Вильям Жеймс хүний сэтгэлгээ бүрэлдэн бий болох, хөгжих тогтолцоо бүтцийн асар их ач холбогдлыг ойлгож танихаас бүүр 400 жилийн өмнө Леонардо “хүний тархи нь аливаа холбоосыг барьж авдаг механизм тогтолцоо төдийгүй, шавхагдаж дуусашгүй боломжууд бүхий механизм юм” гэдгийг нээж чаджээ.

Та одоо цааш уншихаа түр зогсоод зөвхөн энэ тухай бодоод үз дээ. Тэгснээр та өөрийнхөө сэтгэлгээ хязгааргүй гэдгийг мэдэж, өөрийн тухай болон бусад хүмүүс, байгаль, хүний оюуны чадавхийн тухай хуучин төсөөллөө бүр мөсөн өөрчлөх ёстой юм.

Бүтээлч интеллектийн 4 зарчмын зэрэгцээ таны мэдэж байх ёстой бас нэг зарчим бий. Бүтээлч хандлага бол хэвшмэл, стандарт байдлаас заавал татгалздагт мөн чанар нь байдаг. Аливаа норм хэм хэмжээ гэдэг бол статистикийн дундаж зүйл бөгөөд хэвийн зүйлсийн тухай бидний төсөөллийг бүрдүүлдэг. Бидний хувьд хэвийн зүйл гэдэг нь уураг тархи маань дассан тэр зүйлс бөгөөд ямар нэгэн гэнэтийн сонин зүйл гарч ирэхгүй, өөрчлөгдөхгүй хэвээр үлдэж, дахин таны гайхлыг төрүүлхээ больсон, таныг айлгаж, шок цочролд оруулж, эсвэл бухимдуулдаггүй тийм зүйлс юм. “Бүтээх” гэдэг нь урьд өмнө нь  хэн ч хийж байгаагүй ямар нэгэн шинэ зүйлийг бий болгож, ямар нэгэн зүйлийн эхлэлийг тавих чадвар юм.

Жишээ: “Битлз” хамтлаг бол хамтарсан интелект нь дээд түвшинд ажиллаж чадсан бүлэг хүмүүсийн тод жишээ билээ. Тэд өөрсдөөс нь өмнө хэн ч хийж байгаагүй зүйлсийг байнга хийж, нэг нь нөгөөтэйгээ огт адилгүй хөгжмийн бүтээлүүдээ туурвисаар байв. Тэд бусад шиг л “томоотой” биш, бусдаас огт өөр байдлаар задгай, чөлөөтэй, хөгжилтэй, эрчтэй авирлаж, биеэ авч явдаг байв. Энэ шинж нь ч бас бүтээлч ухааны нэг онцлог юм. Гэвч Агуу “Битлз” хамтлаг ч шууд дардан замаар амжилтанд хүрч чадаагүй бөгөөд тэд гайхамшигтай шаргуу ажиллаж, дуу бичлэг хийдэг 30 компани тэдэнд татгалзсан хариу өгсөөр байхад ч бууж өгөөгүй юм...

Аливаа зүйлсийг гүнзгий танин мэдэж, тооцоолон, цоо шинэ өөр арга замыг олох нь бүтээлч хандлага юм.        

Тони Бьюзен Суут сэтгэлгээний 10 алхам”

Орчуулагч Х.Энхбат

 

Зургийн эх сурвалж: Уран бүтээлч Б.Батзаяа https://facebook.com/BatzayaPhotography