ТЕАТР НИЙГМИЙГ ТӨГӨЛДӨРЖҮҮЛНЭ… /Монгол туургатны үндэсний шинэ Их Театр байгуулах Хөрөнгийн эх үүсвэрийн талаарх санал-“Ил захидал”/
13 жил, 1 сар өмнө

Монгол төрийн хүнд жолоог өнөөгийн дэлхийн түүхийн довтлонгуй хурдаас үл хоцроон залж яваа эрхэм дүүсийн амар мэндийг мэдэж, монголынхоо хурц нар, догшин жихүүн хавсрага салхинд онгож холцруутсан өвгөн үрчгэр хошуугаа гэгээн магнайд тань хүргэн үнэрлэе!

            Хүндэт Та бүхнээ аз жаргал, алдар гавъяат үйлсийг ерөөн, насны хярд мацсан өтгөс миний цээжнээ өдөр шөнөгүй улалзах нэгэн санааг уудлан толилуулахыг хүсмүү!

            Үзвээс, манай өдөр тутмын сонин, хэвлэлээр мэдээлэн шуугих нь, Монголын минь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг газарт буй “Оюу толгой” хэмээх санааны савд багтахааргүй их нөөц үүцтэй зэс,алт бүхий орд уурхайг гадаадын сайн санаат, хөрөнгө сантай иргэд, газруудын туслалцаатайгаар ойрын жилд хамтран ашиглаж эдийн засгаа тордохоор засаг баригч дүү нэр гэрээ байгуулж, уг гэрээнд алба, нэрээ мутарлажээ.

Энэ гэрээний хэтийн үр дүнг би үл мэдэх ч, өвгөд хөгшид биднийхээ эсэн мэнд ахуйд манай ядмаг багавтар эдийн засгийн хөгжилд дэм, дорви нэмэхэд багагүй ашиг тусаа өгөх биз!гэж итгэн,өвгөн иргэн би баяртай сууна.

            Улсын Их Хурлыг сонгон байгуулах саяханы ээлжит сонгуулиар Монголын төр засгийг төвхнүүлэгч улс төрийн аванхайлагч намууд,- МАХН, АН хоёр Парламентын ихэнхи суудлыг “байлдан дагуулах”-даа  “Оюу толгой” ордын ашиглалтын орлогоос Монголынхоо хоёр сая долоон буман иргэддээ “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” нэрээр нийлбэр дүнгээрээ хүн бүрд хоёр сая таван буман төгрөгийн хишиг хүртээхээр амласан амыг би ард иргэдийнхээ ахуу амьдралд “яаралтай түргэн тусламж” хүргэхийг хүссэн төрийн бодлоготон дүүсийн минь зөв саруул ухаан, зөөлөн сайхан сэтгэлийн илэрхий үр байсанд эс эргэлзэнэм.

            Ам үгийг ажил үйлсээр өндөрлөн гүйцээвээс сая төр засаг, ард түмэн хоёр соронзон гүрийн ар өвөр туйл мэт хуваагдашгүй нэгэн цул, Химлай, Алтай мэт нурашгүй бат сүмбэр болмуй за.

            Хэдий тийм авач, улс орон олсон мөнгөнийхөө ихээр бус, зарсаныхаа зөвөөр баян чинээлэгт зэрэгцэх тул орлого ашгийг дээжийг олон оны цаг түүхийн ган, зудыг давах, овлиго ааш нь хувирамтгай цаг түүхийн дугуйг даахын цаагуур дааж ажралгүй тэсэн өнгөрүүлэх “хатуу самар” болгож үлдээхэд үрэн зарцуулах нь бусдаас чухал аа!  Энэ чухал дотроос ч нэн чухал нь, миний санахад монгол үндэстний оюун санааны хөгжлийн мөнхийн гэрч, мөнхийн зул, монгол хүний уран сайхны сэтгэлгээний түүхийн аугаа хөшөө дурсгал, -“Монгол туургатны үндэсний Их Театр” байх нь маргаангүй үнэн санагдана.

            Өнөөдөр монголчууд бидэн материаллаг дорд ахуйн нисваанисаар буртаглагдсан “Би”-гээ хоосон дэмий өргөмжлөн мунхаглах муу цагийн эрхэнд даанч харуусалтайяа сөхөчсөнд ном бичгийн ширээний ард өвгөрсөн ах нь үргэлж халаглах минь элэг сэтгэлийг минь юутай гашуунаа гаслуулна вэ!

            Эх оронд маань эд өлгийн үйлдвэр ховор цөөн ажилладагийн дээр тэдний эзэд, ноёд нь ашиг олзонд шууран бараа таваарынхаа үнэ өлтөгийг арай л сүнсгүй муухай, санаан зоргоороо өдрөөс өдөрт өсгөн “галзууруулах” нь тэднийг хүн биш ад зэтгэр болгож буйг харамсан дурьдалтай ч эл улиг болсон түмэн үнэнийг давтах нь “илжигний чихэнд алт цутгахтай” адилыг санан амаа хамхих минь надад дээр!. Харин заавал нуршин чичихээр тэчьяадан буй “Монгол туургатны үндэсний Их Театр”-ын тухайд цөхрөлгүй үглэхийг хүсэхийн минь учир бол, хөөрхий монголчууд бидэн чинь гүн хол утга учирт хүмүүн заяаныхаа эчнээ зорилго, ариун журмыг ахуу амьдралдаа сахин дагах, тэрхүү дээд агуулга, ёсыг нь танин гэгээрэх билгийн хараа бүгийж, оюун санааны нь хөмрөгт бэлгэ билгүүний баялаг дүүрэх явц илт түргэнээ саарсаны учир юм.

            Орчин цагийн пост-модернист сэтгэгчдийн номуудад үгүүлэх нь, “ямар ч тохиолд гарц заавал олддог” гэж баталсныг үзэв.

            Нээрэн, эмзэг буурай эдийн засагтай монголчууд бидэнд ч оюун сэтгэлийн ядуурлын “дарлал”-аас огоот чөлөөлөгдөх гарц байна шүү! Энэ бол үндэсний оюуны “банк”-Монгол үндэстний эрдмийн шинэ их театр! Уг театрыг цогцлоох хөрөнгө -санхүүгийн их сурвалж ч Бурханы мутрын бүтээл, -Монгол эх орны маань байгалийн баялагийн өчүүхэн “хэлтэрхий” ч гэж хэлж болох “Оюу толгой”-н ордын ашиглалтаас орох орлогын “хонины хоргол” чинээхэн хувь буюу “МАХН”, “АН” хоёр УИХ-ын сонгуульд оролцохдоо өөр өөрийнхөө мөрийн “хөтөлбөр”-т цохон томъёолсон “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”!

            “Эдийн засаг сухай, сөнгө сан сувиа байхад элэнцгийн чинь театр! Нэхэх юмаа олж дээ!” гэж шоглох хүн гарах нь магад ч Театр бол далд булаатай байгаа мөнгө юм аа! Мөнгө, зоосыг бөөн бөөнөөр нь эдийн засагт нийлүүлэгчдийг “үйлдвэрлэн” гаргах”үйлдвэр”, хэтдээ тэднийг жил дараалан төрүүлэх “хээлтэгч” юм. Өнөөдөндөө хайгуул хийгдээгүй, хайгуул хийх санаа ч толгойд нь төрсөн “шийдвэр гаргагч”-гүй байгаа ороо бусгаа цагийн харанхуйд хэвтээ хамгийн том “Оюу толгой”…”Таван толгой”…”Асгат”…”Цайрт”…”Мардай”…”Тамсаг”…”Хөшөөт”…”Нарийн сухайт”…”Эрдэнэт” буюу хамгийн хүчирхэг, хамгийн эрсдэлгүй ирээдүйтэй элийн засаг гэвэл Театр! Цаашлаад нийгмийг хамгийн төгөлдөржүүлэх, хүмүүс иргэдээ жинхэнэ ХҮН болгон хөгжүүлэх хамгийн зөв “жор” гэвэл бас л театр!

            “Хүн дүрст”-ийг нүүрэндээ үсгүй ХҮН болгодог гол нууц хүч нь хүмүүнлэгийн философи ухааны үздэгээр, “хүний ёс суртахуун” гэж томъёологддог хүний дотоод мөн чанар юм. Энэ мөн чанарыг нь хүнд ягшуулж өгдөг, оюун санааны нь оршихуйг онцгой дээд төлөвт дэвшүүлдэг, хүний бодит амьдралын утга зорилгыг олон давхар өнцгөөр харж чинад дотогшоо, гүн гүнзгий түвшинд ойлгох нөхцөлийг бүрдүүлдэг үндсэн ганц юм бол сонгодог соёл, урлагийн шидэт эрчим л юм.

            Соёл урлагийн үйлчлэлээр дамждаг эрчим нь ер бус, далдлаг, эзотерик ахуйн мэдээлэл, онч дохио, гэрэл үзэгдэл, зөв совин, долгион хэлээр ирдэг далд ухамсар, онгод увьдасын ид шид оршсон сүнслэг, ариун хүч тул хүний оюун санааны ертөнцийг хүмүүн оршихуйн дээд орчин руу нэвтрүүлдэг онцлогтойг шинжлэх ухаан гадарлаад удлаа. Иймд үндэсний сонгодог сэтгэлгээний охь болсон соёлын болон фундаментал их урлагийн бүтээл туурвилыг төрүүлэх,олшруулах, түүнийг ард олны оюун сэтгэхүйн хөгжлийн хэрэгцээний хөдөлгүүр болгоход “Оюу толгой” ордоос ч илүү хэтийн “унац”-тай орд бол театр байх болно гэдэгт итгэхэд олон үгтэй нотолгоо баталгаа илүүц болов.

            Ард олонд маань өнөөдөр, яахав ээ, ходоод руугаа чулуудах үстэй гүзээ, цустай цувдаа асар их хэрэгтэй байгаа нь үнэнч маргаашийн өдөр гайхамшигтай бодол боддог толгой, гэгээрэлд тэмүүлдэг сэтгэл илүү болох нь үнэнээс үнэн! Боддог толгойтой, тэмүүлдэг тэнгэрлэг зорилготой хүмүүст хувийн банк, зочид буудал, онгоц, саун, эдлэн газар зэрэг нь инээдтэй “хөгийн юпмс” мэт санагдаж гологдоод, оронд нь дээд философи сэтгэлгээ, юмс үзэгдлийн зүй тогтолыг шинээр нээсэн нээлт, соёл урлагийн аугаа бүтээлийн амт шимтээр жаргахыг хүсэх, төгөлдөр төгс гоо сайханыг мэдрэх мэдрэмжээ хөгжүүлэх ахуу орчин үгүйлэгдээд эхэлнэ. Энэ бол хүн төрлөхтөний жөгжлийн жинхэнэ өодитой ирээдүй!  Чингэхлээр, орчин үед болоод цааших үед хүний хөдөлмөрийн идэвхи, бүтээх чадварыг дайчлах, ухамсар, ухаарлыг нь эрчимжүүлэн цэнэглэхэд “торсион орон” мэт гайхамшигтай нөлөөтэй, мөн, хүнийг дотоод гэгээрэлд замчлах, самидад жуучлуулах бясалгал гэгээрэлд хөтлөх багш нь хэзээ ямагт театр байсаар үлдэнэ! Цөвийн цагийн эрхшээлд нэрвэгдсэнээр билиг оюуны жанлав лүн саарсан чивэл унал, осол хазгайн зуурдыг гэгээрлээр ялан гэтэлгэх нөр тэмцлийн түүчээ “довтолгогч” нь, бас, хувийн өмч хөрөнгийн түйтгэрийг хийгээд түүний шуламын ордост хүчийг дарах сэтгэлийн шижир баялагийн аврага том “уурхай” нь хүний ухааны оройн дээд “суврага”,-урлагийн ариун “сүм” /театр/ гэдгийг дэлхийн түүхийн олон сартваахи удирдагчид мэргэнээ ухан, өлсгөлөн ядуугийн бэрх гачлант цаг үедээ ч улсынхаа сан гуунаас хөрөнгө зоорь зориглон тасдаж, соёл, урлагийнхаа хэргийг бүтээн өрнүүлж байсан баатарлаг гавъяаны жишээ баримт түүхэнд зөндөө шүү, хүүхдүүд минь!

            Эрхэм хүндэтгэлт дүү нэр минь ээ:                    

            “Оюу толгой”-н ашиглалт бидний “хөлд орж” эхэлж буй эдийн засгийг торниулахад ач тусаа өгөх нь өчүүхэн ч эргэлзээгүйд өвгөн ах нь баяртай сууна.

             “Оюу толгой” ордын орлого, олзоос ард иргэддээ “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг” зэдлэх нь ч төрийн маань иргэд төвтэй “сайн засаглал”-ын бодлого болж өгнө. Энд нэг санааг тодруулахад,  “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ийн зэд нь төрөөс ард иргэдийнхээ “алгаг тэнийлгэж” буй зөвхөн “нийгмийн халамж”-ийн популист бодлого ч бус, монгол хүн бүр монгол эх орноо хайрлах, дэлхийд хосгүй орь сайхан байгалаа хамгаалах эх оронч үзэл, ухамсар суулгах, эртний нууцлаг дагшин хөрс шорооныхоо өгөөжийг амьдрал дээрээ мэдрэх, газар устайгаа эх-үрийн элгэн далдын барилдлагатайг мэдүүлэх философич бодлого мөн.

            Монгол улсын хоёр сая долоон буман хүн амд хүртээх “Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ийн зэдийн нийлбэр дүн,-хоёр сая таван буман төгрөгийг хүн амынхаа тоогоор үржүүлэхээр чухам хэдий хэмжээний их мөнгө болохыг би тооны үржүүлэх хуваах үйлдлийг мэдэхгүйн харгайгаар толгойдоо тоймлож чадахгүй ч тэрхүү мөнгөний дүн лавтайяа манай Монгол улсад “Монгол туургатны үндэсний Их шинэ Театр” байгуулахад элбэг хүрэлцэхүйц хөрөнгө бүрдэнэ байх гэж санана. Энэ “хишиг”-ийг хүн хүний гарт тарааж цацахын оронд Монголын ард түмэн өлгийтнй нярайгаасаа эхлээд өтгөс буурал манийгаа хүртэл бүгдээрээ хөрөнгө хүч, ухаан ухамсар, сэтгэл зүрхээрээ нэгдэн хувь хувийнхаа нэмэр хандиваа нэгэн үзүүрт хүсэл сэтгэлээр бэлэглэн байж сүндэрлүүлэх “Үндэсний Их Театр”-йг баривал гар дээр очих хэдэн бор төгрөгөө харамлан хялалзах, “өгөхгүй!” гэж дургүйцэх хүн ард түмнээс минь ганц ч гарахгүй ээ!Үүнийг би ард түмнээ үнэн голоосоо хайрладаг, ахуу амьдралыг нь ч, сэтгэл санааг нь ч сайн мэддэг, тэдэндээ өөрийн чаддаг бүхнээ насаараа зориулсан нэгэн зохиолчийнхоо хувьд ам бардам цээж тэнэгэр хэлж байнам.

            Монголчууд бидний улс төрийн манлай хүчний хоёр эс,-“МАХН”,”АН” –ын удирдлага ард түмэндээ амалсан “хишиг”-ээ ам буцалгүй өгөх нь намын тань үйлсэд буян болно.ард түмэн ч өргөн хүрээлнэ Гагцхүү “Өгөх”-ийн зорилго нь бодит үр дүн гаргахад л оршино.Өгсөнөөсөө илүү гарах үр шим хүртэх нь өгөхийн философийн утга юм. Иймд “Оюу толгой”-н орлогоос ард тргэдэд өгөх мөнгийг “Монгол үндэстний эрдмийн шинэ Их Театр” байгуулж үндэстнийхээ оюун санааны төгс төгөлдөр хөгжилд үйлчлэх үйл хэрэгт зориулан өгвөөс улс монголд маань оюун сэтгэхүйн дутуу дулимагийн эмгэг урхаг, эд агуурсын гачигдал хомсдол, иргэд хоорондын хэрүүл тэмцэл ашид амирлаж, гэгээн баян амьдралын өлзий хутагийг Тэнгэр Бурхад хотлоор чуулуулах нь гарцаагүй үнэн болохыг, их жанжин Д.Сүхбаатарын зориглон хэлсэнээр “миний бие батлан даамой!”.

Үл үгүүлэн үгүүлэх ину:

Монголын соёл урлагийн авъяас билигтнүүд эх орныхоо “Оюу толгой” ордын орлогын хувь, -“Эрдэнийн хувь”, “Эх орны хишиг”-ээр байгуулагдах Монгол туургатны үндэсний Их Театртаа “мандал өргөх” ёслол хүндэтгэл үйлдэж эхний дээж тоглолтуудаа дан “хандивын тоглолт” болгож, орлогоо бүгдийг нь ард түмнийхээ “Тэтгэврийн хөгшид”, “Эмзэг бүлгийнхэн”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд”-эд хүн бүрт 1-2.5 сая төгрөгийн хишгийг улсын төсвийн мөнгөнөөс зарлага гаргуулахгүйгээр түгээх болно. Тийм эх оронч, ардач, халуун, бурханлаг бодь зүрх монголын соёл, урлагийн авъяас билигтнүүдийн цээжинд хөгшин залуугүй цохилж байгаад нот итгэлтэй байгаагаа уламжилъяа!

“Монгол туургатны үндэсний Их шинэ Театр” мөнх хөх тэнгэрийн ивээлээр монголын ард түмний үүрд хайрлах түүхт өмч байх болно!...

Монгол түмний минь ахуу оршихуй үүрд эрхэмсэг, тэнгэрлэг, мөнх байх болтугай!

            Бүгдийг гүнээ хүндэтгэн хайрлах сэтгэлээр дороос ёслов.

“Дэлхийн соёл урлагийн академи”-ийн Байнгын гишүүн,

утга зохиолын доктор,Монголын философийн холбооны

 тэргүүлэгч гишүүн, Еөншөөбүү Улаан Ямаат

Дамдинсүрэнгийн Урианхай.

 / ”Бодь сэтгэл, эв хамт ёс”-Ганцаарчилсан хөдөлгөөн./

“Үндэсний шуудан” сонины 2009 оны 11 сарын 26-ны ¹281/683/

“Үнэн” сонины 2009 оны 12 сарын 01-ний ¹236/21464/

“Цог” сэтгүүлийн 2009 оны ¹3 дугааруудад тус тус хэвлэгджээ.