Та хайрлах хайрлуулахын тулд төрсөн хамгийн үнэ цэнэтэй нэгэн
Энэ дэлхий дээр байгаа бүх хүмүүс хэн нэгэнд тоогдохыг маш их хүсч амьдардаг. Тоогдохыг нэг алхамаар ахиулвал хайрлуулахыг /хайрыг/ маш их хүсдэг гэсэн үг. Хүн эрх мэдэл, нэр хүнд, эд баялагтай байлаа ч хүмүүс түүнийг хайрлахгүй бол тэрээр маш ихээр ганцаарддаг бөгөөд хүний насан туршийн мөнхийн хэрэгцээ бол хайр.
Эрэгтэй эмэгтэй хүмүүс чиний төлөө зүрхээ өгөхөд ч бэлэн гээд гэрлэцгээдэг хэрнээ зарим нэг гэр бүл хэсэгхээн хугацааны дараа хонь чоно мэт бие биенээ үзэн ядаж, гадаад дотоодын олон сайхан сургууль төгссөн ч гэр бүлийнхээ хүнийг зовоож сэтгэл зүрхийг нь шархлуулах тохиолдол цөөнгүй байдаг. Магадгүй энэ нь боловсрол боловсрол гэж байснаас биш ХҮН БАЙ, хүн болж төрнө гэдэг чинь чи бусдыг хайрлах, байгаль орчноо хайрлах, бусдаар хайрлуулахын тулд төрсөн юм шүү гэдгийг хэлж, зааж байгаагүйд оршино.
Сүүлийн үед залуу гэр бүлүүд 4-5 дах жилээсээ бие биенээ шүүж, ямар нэгэн өө сэв хайж сүүлдээ амьдрал нь тулааны талбар болон хувирч байна. Ингээд нэг хэсэг нь одоо өнгөрсөөн, энэ насаараа ингэж л амьдрахаас гэж боддог бол нөгөө хэсэг нь би жаргах гэж энэ хорвоод төрсөн байтал яахаараа ингэж зовж байх ёстой юм гээд гэр бүлээ цуцалдаг. Тэгвэл энэ 2-ын аль аль нь бидний сонгох сонголт биш, харин жинхэнэ ёсоор хайрлаж сурья гэсэн 3 дах замыг сонгох хэрэгтэй. Бид энэ дэлхий дээр хайрлах хайрлуулахын тулд л ирсэн гэтэл хайрыг гүйцэт ойлгоогүйгээсээ болоод бид бусдаар хайрлуулж, бусдыг хайрлаж чаддаггүй байна.
Бид бусдыг болзолт хайраар хайрлацгаадаг бөгөөд би чамд хайртай гэхдээ чи архи уугаад байнаа чамайг архиа уухаа больчихвол би чамтай насан туршдаа амьдарна... эсвэл онц сур тэгвэл чамд тийм юм авч өгнө ийм ч юм авч өгнө гэх эцэг эхчүүд. Энэ нь үр хүүхдээ онц л сурвал хайрлана, онц сурахгүй бол хайрлахгүй ээ, юу ч хялайлгахгүй шүү гэж байгаатай ижил юм.
Дараа нь ямар сайхан юм бэ? Чи хөөрхөн болхоор л би чамд хайртай. Энэ нь тэр хүнд байгаа тэр хөөрхөн царайны төлөө л түүнийг хайрладаг гэсэнтэй утга нэг юм. Хөөрхөн учраас хайрлуулж байгаа хүн үргэлж л хөөрхөн байхгүй бол түүнийг хэн ч хайрлахаа больчихоно доо гэсэн айдастай байна гэсэн үг. Энэ бол өөртөө байгаа ямар нэг давуу чанарынхаа улмаас л хайрлуулж байгаа хэрэг.
Бид хайрын үнэ цэнийг мэдэхгүй байна гэдэг нь:
500₮ байлаа гэж бодьё тэгвэл 500 ₮-өөр 2 аяга цай авч болно. 500₮-ийг үрчийлгээд, ураад буцаагаад наалаа, гэвч тэнийлгэсний дараа ч тэр мөнгөөр 2 аяга цай авч болно энэ нь мөнгө үрчгэр байсан ч үнэ цэнэтэй хэвээрээ байна. Гэвч одоогийн нийгэм дээр Бат царайлаг баян байлаа энэ үед Сэлэнгээ түүнийг хайрладаг байсан. Гэтэл нэг өдөр Бат дампуурлаа, Сэлэнгээ түүнийг хайрлахаа больлоо. Эндээс Сэлэнгээ Батыг дампуурлаа гээд хайрлахаа больж байгаа нь 500₮-ийг үрчгэр гээд тэр мөнгөөр 2 аяга цай авч болохгүй болж байгаатай ижил юм. Иймд та өөрийнхөө зүрх сэтгэлийг сайн чагнаарай.
Таны зүрх сэтгэл дотор хайрласныхаа төлөө ямар нэг зүйлийг авна даа гэсэн хүсэл нуугдаж байгаа бол би хайрлавал эргээд намайг хайрлана даа гэж хариу нэхэн хайрладаг бол энэ хайр биш гэдгийг ойлгож ямар ч нөхцөлд юу ч болж байсан чин сэтгэлээсээ, сэтгэл зүрхнээсээ хайрлах урлагт суралцаарай.
Хүний үнэ цэнэ гэдэг нь бусдыг хайрлах, өөртөө итгэх итгэл, хувь хүний ёс суртахуунаар хэмжигддэг учираас та өөрийгөө маш гоёмсог алтан сав хэмээн үнэлэж дүгнэвэл та сайн сайхан зүйлээр дүүрч, эргэн тойронд тань сайхан зүйлүүд хүрээлэх болно. Харин та хэнд ч хэрэггүй зэвэрсэн, эмтэрхий сав хэмээн боддог бол тэр сайхан зүйлүүд зэвтэй савруу орохыг яахан хүсэх билээ. Тиймээс та яг одооноос өөрийнхөө үнэ цэнийг мэдэрч, өөрийгөө үнэ цэнэтэй нэгэн болгохын төлөө чармайж амьдаарай.
Танд амжилт хүсье.