Та дэлхий дахинд энх тайваныг тогтооё гэвэл яг одоо гэр гэрлүүгээ очоод гэр бүлээ хайрла
Хайртай хүнийхээ эхнэр, нөхөр болж гэр бүлийн амьдрал зохиох үнэхээр сайхан л даа. Гэхдээ амьдрал баялаг, ээдрээт замтай болохоор хайртай хүмүүсийн хооронд ч асуудал гардаг. Ялангуяа шинээр гэр бүл болж, аав ээжийн асрамжнаас гарч бие дааж хамтын амьдралд хөл тавьж буй залуу хүмүүст энэ илүү чухал асуудал юм. Гэр бүл болоход эрх хоёр дахин багасаж үүрэг хоёр дахин нэмэгддэг. Учир нь нөхөртөө хоол хийж өгөх үүрэгнээс болоод эхнэр гадагшаа гарч чадахгүй болдог.
Эхнэр авч, нөхөрт гарч гэр бүлд амьдрана гэдэг бие биендээ ямагт л таавар мэт сонирхолтой байж нэг нэгнийхээ залхууг хүргэхгүй байхыг хэлнэ. Нэгэн хэмнэл, уйтгартай байдал гэр бүлийг аажимдаа “иднэ”. Ямар ч гоо сайхан гадаад үзэмж харилцааны аугаа сайхныг орлож чадахгүй. Гэр бүлийн амьдралд эхнэрийн гоолиг бие үзэсгэлэн төгс царай нь гэр бүл бат бэх байхын баталгаа биш ээ. “Хүн муухай зүйлд сайхан зүйлийг биширдэг шигээ амархан дасна”. Заримдаа төгс сайхныг ажиглахаа больчихдог. Хос хоёр бие биенээ залхааж, нэг нэгэндээ ярих зүйл нь нэгэн зорилгод тэмүүлэх эрмэлзэлгүй болчихвол ямар ч гоо сайхан нэмэргүй. Чухамдаа тийм шалтгаанаар хүйтрэл ганцаардал эхэлнэ. Сэтгэл санааны зөрөлдөөн дургүйцэл нь өчүүхэн төдий анхаарал халамж дутсанаас эхэлнэ. Ингэснээр хос хоёр яваандаа ярилцаж харилцахаа, хоорондоо үг солилцлоо ч болино. Урьдын дотно өнгө аяс алга болж буруушаан зэмлэсэн өнгөтэй болно. Энэ бүх эвдрэл, зөрөлдөөнөөс яаж урьдчилан сэргийлэх вэ? Гэр бүл дотор хүнлэг харилцааг яаж сэргээх вэ?Нөхөр эхнэрийн хоорондын тунирхал холдолтоос урьдчилан сэргийлэхийн тулд хор уршиг тарьж мэдэх шалтгаануудыг арилгах хэрэгтэй юм. Иймийн тулд гэр бүл гэдэг нь:
1. Хүнд хэцүү үед хорогдох, тайвшрах нөмөр нөөлөг болдог газар юм. Ажил төрөл дээр байдаг ааш зан бол өөр, гэртээ орж ирээд үнэн нүүр царайгаа гаргаж, ядарсан зүдэрсэн, уурласан бухимдсан бүхий л бухимдалаа гаргаж тайвширдаг газар юм.
2. Өнгөрсөн амьдралын маш гайхамшигтай дурсамжийн уул уурхай. Тиймээс эхнэр, нөхөрөө бага насны дурсамжаа дахин дахин давтан дурсаж ярихад нь битгий төвөгшөөгөөрэй.
3. Гэр бүлээсээ хүн чанарыг олж авдаг. Гэр бүлээсээ хэрхэн биеэ авч явахыг сурдаг. Гэр бүлд сурсан зүйл нь нийгэмд ямар хүн болохыг нь тодорхойлдог.
4. Гэр бүл бол харилцааны сургууль юм гэдгийг ойлгох хэрэгтэй.
Хүн гэрлэсний дараа материаллаг зорилгыг бүхнээс илүүд үзэж гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, харилцааны сайхныг үл ойшоох явдал гаргадаг. Мөнгөнд толгойгоо мэдүүлсэн зарим хүмүүс амьдралын үнэт зүйл болох хайр дурлал, эелдэг дотно харилцааг зэрэглээ мэт үзэж, харин мөнгө гэдэг чинь тоолж болох бодит зүйл гэцгээдэг. Ийнхүү материаллаг тооцоо улам лавширсаар хамгийн үнэт зүйлс болох хүнлэг дотно харилцаа, бие биентэйгээ харьцах хүсэл алсад одно. Хүн амьд байгаа цагтаа дурлал, итгэл, харилцан ойлголцол, чин сэтгэлийн яриа, сэтгэл санааны халуун дотно харилцаа гэх зэрэг юугаар ч сольшгүй үнэт зүйлс байдгийг заримдаа эрэгцүүлэн бодож байх ёстой.
Гэр бүл доторх дотно харилцаанд заналхийлж болох хоёр дахь аюул нь эрс шууд зан юм. Гэр бүлийн амьдралаа төвхнүүлж байх үед харилцааг сурах амархан юм шиг бодогдоно. Гэвч тодорхой хугацаа өнгөрөхөд тийм биш болох нь ойлгогдоно. Харилцааны соёлыг эзэмшиж, хэрэгтэй үед шаардлагатай үгийг хэлж хүний сэтгэлийн хөгийг хөндсөн хэдхэн үгийг шигтгэж илүү дутуу үг хэлж хүнийг гомдоохгүй байх нь насан турш суралцаад баршгүй урлаг билээ. Иймд тас түс зан нь гэр бүл дэх харилцааг эвдэж болзошгүй юм. Зарим хүмүүс тас түс зангаараа бахархдаг нь зөв ч тухайн үедээ давж гарч байгаа юм шиг боловч хожим нь харамсаж болзошгүй. Иймэрхүү байдлаар гэр бүл дэх харилцааг хурцатгах аюултай. Шууд муйхарлан зүтгэх биш, харилцааг улам уян хатан чиглүүлж залснаар тэмүүлэн буй дотно харилцаанд хүрэхэд амархан болно. Хүсэж байгаа зүйлээ албадан хийлгэхэд хэцүү, иймд хүсэж байгаа зүйлээ хийлгэх хүслийг төрүүлэх шаардлагатай. Бие биедээ хайртай нөхөр, эхнэр бол хэдхэн үг солилцож нүдний харц, царайны хувирал, дохио зангаараа нэг нэгнээ ойлголцоно. Энэ нь бүдүүлэг эрс тэс зангаас хамаагүй дээр.
Гэр бүлийн амьдралд маргаантай асуудлыг тойрч, хүсэл бодлоо гүйцэлдүүлэхэд жижиг заль гаргахад буруудахгүй. Гэр бүлийн гишүүн нөгөөгийнхөө илэрхийлж чадахгүй байгаа бодол санааг томьёолох зохих дүгнэлт хийх бололцоог олгосноор маргаан зөрөлдөөнөөс сэргийлж чадна. Зарим үед таг дуугүй байж заримдаа баашлан нэг хэвийн байдлыг эвдэж хоорондоо харилцаагаа шинэ холбоосоор чимнэ.
Гэр бүл дэх харилцааны бас нэг гол “дайсан” нь “нэр нүүрээ олж авах” гэсэн зуршил юм. Уурлаж хэрэлдэхээрээ бие биендээ илүү дутуу үг хэлж байгаа нь буруу биш, чухамдаа тийм байдалд нэг нэгнээ хүргэдэг нь хамгийн буруу. Нэр нүүрээ олж авах гэсэн утга учиргүй оролдлогын улмаас гэр бүл сарнидаг ч явдал бий. Иймд гэр бүл болсон анхны өдрөөс бие биендээ эелдэг зөөлөн соргог хандаж байх нь зүйтэй.
Хос хоёр дотно харилцаатай бол ямар ч хэцүү нөхцөлд бие биенээ үггүй ойлголцоно. Эелдэг зан ааштай байх нь эхнэр хүн нөхрийнхөө байдлыг таах, бие биендээ ямагт туслах сэтгэл байгааг гэрчилнэ. Хүнийг сайтар ойлгож мэдрэхийн тулд түүнд ойртон дотнос. Тухайлбал нөхөр нь ажлаасаа ямар нэгэн зүйлд сэтгэл төвдсөн ирэхэд түүнийг нарийн ойлгодог эхнэр тэр даруй учрыг лавлах гэж шалгааж зовоохгүй, харин адилхан сэтгэл зовж байгаад тойруугаар учрыг ойлгохыг хичээнэ.
Аз жаргалтай гэр бүлийн дотно харилцаа нь ямар ч зовлон, гай тотгорыг давж гарах асар их хүч юм. Гэр бүлийн үндэс нь хайр дурлал,бие биендээ соронзон мэт татагдах увидас гэдгийг хүн бүхэн ойлгоно. Гэхдээ тэр бүхэн нөхөрсөг дотно үерхэлтэй хосолсон цагт жинхэнэ аз жаргал болно.
Дэлхийн олон оронд сүй тавих ёслол хийж сүйт хархүү, сүйт бүсгүй болсноо гэр бүлийнхэн, хамаатан садан, анд нөхөддөө зарлаж сорилтын хугацааг дамжиж зан ааш, сонирхлоо харилцан мэдэлцэж таарч тохирох эсэхээ үзнэ. Энэ хугацаанд аль аль нь муу талаа нууж сайн талаа харуулахыг хичээдэг учир бие биенээ билгийн нүдээр харж таарч тохирох эсэхээ чөлөөтэй шийднэ. Эхнэр нөхөр хоёр дотны анд найзууд байх нь гэр бүл жаргалтай байх маш чухал нөхцөл болохыг амьдрал бэлхнээ нотолж байна.
Гэр бүл болохын өмнө сонгосон хүн нь амьдралын ямар ч үед найдвартай анд нөхөд болж чадах эсэхийг мэдэх хэрэгтэй. Сонгосон хүнийхээ сонирхдог зүйл, дотны найзуудтай танилцах нь маш чухал ялангуяа найзуудтайгаа хэрхэн харилцаж байгааг нь гярхай ажиглаж зохих дүгнэлтийг хий. Тэр харилцаа өөрт чинь тусна гэдгийн хатуу ойлгох хэрэгтэй. Сүйт хүний чинь найзууд нухацтай, сонирхолтой, ажил төрөл нь өөдрөг хүмүүс байвал сүйт хүний сайн талуудын нэгэн илрэл болно. Сүйт хүний чинь анд нөхөдүүд өөрийн чинь сонирхдог зүйлүүдийг эс таашаадаг дургүйцэж байвал энэ нь ирээдүйд сэтгэл санаа, гэр бүл дэх харилцаанд тодорхой хэмжээгээр тусна гэдгийг ойлгох ёстой.
Дотно үерхэл нөхөрлөл нь нэг нэгэндээ хүлээцтэй нигүүлсэнгүй хандахыг хэлнэ. Ямар ч өө сэвгүй, арван хуруу тэгш хүн хорвоод байхгүй, иймд гэр бүлээ бат бэх байлгахын тулд нөгөө гишүүнийхээ дутагдалтай талыг зөв ойлгож бодит шудрага ёсны байр сууринаас хандах нь зүйтэй. Хамгийн ойр дотны хүнээ шүүмжлэх нь буруу гэдгийг үргэлж санаж яв. Эртний грекийн гүн ухаантан “ Өө сэвгүй анд нөхөдтэй болохыг эрмэлздэг хүн анд нөхөдгүй хоцорно” гэж хэлсэн байдаг.
Гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийн тулд сайн анд нөхөддөө хандах нийтийн соёлыг дага. Тухайлбал анд нөхөддөө тэмдэглэлт үйл явдалыг тохиолдуулан бэлэг өгдөг шигээ гэр бүлийн гишүүндээ бэлэг гардуулж баярлуулж байх хэрэгтэй. Гэр бүлд эхнэр гэдэг хамгийн хайртай хүн төдийгүй хамгийн дотны анд гэдгийг нөхөр нь мартаж болохгүй.
Эмэгтэй хүнийг өдөр бүр дор хаяж нэг удаа баярлуулж байвал зохилтой. Цэцэг, чихэр, сүрчиг, ном, зэрэг нь сүйт бүсгүйг төдийгүй гэргийн сэтгэлийг хөглөнө. Бэлгийг зүгээр өгөх биш төгс төгөлдөр гардуулж чин сэтгэлийн үг хэлнэ. Сайхан үгийг эхнэртээ харамгүй хэл. Францчууд “эмэгтэйчүүд чихээрээ дурладаг” гэж ярьдаг нь оргүй зүйл биш ээ.
Анд найзуудын хоорондын харилцаанд байдаг гэр бүлд гаргаж боломгүй 3 шинж чанар:
- Анд найз маргалдаж заримдаа хэрэлддэг ч бие биендээ гомдож туньдаггүй. Гэр бүлд бол ам мурийж хэрхэвч болохгүй. Өөрийн санал бодлоо улайран хамгаалж зөв бурууг нотлох гэж оролдох нь буруу, үүнээс болж гоморхол харилцааны хүйтрэл гарна.
- Анд нөхөр зан чанарын хувьд таарч тохирдог байж болно. Гэр бүлд бол зан аашнаас илүү харилцан хүндэтгэх зарчимыг баримтлана.
- Анд нөхөд нэг нэгнээ эрс тэс шүүмжилж, сургамжилж, засаж, залруулна. Гэр бүлд тэгж хэрхэвч болохгүй. Гэр бүлд харилцан шүүмжлэлээс ямагт зайлсхийнэ. Бие биендээ нөлөөлөх шаардлага гарвал шүүмжлэх биш, тойруу замаар санаа бодлоо ойлгуулвал тохиромжтой.