ТАРНИ – УХААН, СҮНС – СЭТГЭЛ
13 жил, 1 сар өмнө

Орчин үе хүний язгуур бүтцийн материаллаар талыг хүлээн зөвшөөрч түүнийгээ л судалсаар арга барил нь ч овоо хөгжиж эс молекулын түвшинд хүртэл гүнзгийрчээ. Тархийг судалж аль хэсэг аль төв нь ямар эрхтэн системийг удирдан зохицуулдаг. Тэрний хүлээн авах талбай дамжуулах зам мөр эргэх холбооны талаар багагүй мэдлэг хуримтлуулжээ. Гэвч энэ нь хэт өрөөсгөл дутуу дулим юм. Тийм ч учраас эс молекулын түвшинд хүрээд мухаджээ. Тархи бол үндсэн гурван чиглэлийн үйл ажиллагаатай.

Нэгдэх нь: Одоогийн судлаад шинжлээд байгаа бие мах бодийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулдаг.

Хоёрдахь нь: Ухаан, оюун ухааныг гаргаж, хадгалж, хэрэгтэй үедээ эргэн санаж хэрэггүйг нь мартан арилгах зэрэг хийсвэрлэг бичил чанарын үйлтэй. Ухаан-оюун-оюун ухаан бол бодилог оршин буй тархины хийсвэр билэг чанарын бүтээл юм.

Гуравдахь нь: Сүнс, сэтгэлийн тэмүүлэл, хүсэл эрмэлзлэлд зохицож түүнийг хорьж сааруулж, хөгжөөн дэврээж эсвэл түүнийг удирдан жолоодож эсвэл түүнд хөтлөгдөн дагадаг. Товчдоо ухаан сэтгэл хоёрын харилцан тэтгэлцэх тэрсэлдэх үйл ажиллагаа юм. Энд ухаан сэтгэл гэж бичиж байгаа боловч тархи-сүнс хоёр юм шүү дээ. Бодилог оршихуй тархины бүтээл нь хийсвэр ухаан, оюун-ухаан болох нь маргаангүй. Үүнлүгээ адил билэг оршихуй сүнсний бодилог бүтээл нь сэтгэл болох нь бас эргэлзээгүй. Сэтгэл бодилог учраас түүнийг судалдаг Психофизик гэдэг нялх шинжлэх ухааны салбар үүсчээ.

Физикийн шинжлэх ухааны ололтыг эргэцүүлж тунгааваас: Долгионлог урсгал чанараас эгэл бөөмс үүсч эгэл бөөмсөөс атом, атомоос молекул, молекулаас эс, эсээс эд, эдээс эд эрхтэн, эрхтэн тогтсоноор амьд биет хүн үүсмүү. Орчлонт ертөнцийн үүсэл хөгжлийн бидэнд барагцаалагдаж мэдэгдээд байгаа загвар замнал ийм буй. Дахин дурьдахад бодитой барин тавин бидэнд үзэгдэж мэдрэгдэж байгаа тархи бодигүй хийсвэр ухааныг (ухаан оюуны бодилог чанар нь далд сэтгэлийн чанараас ч гүн далд байгаа юм) тэргүүлж байхад, үл мэдэгдэх буй үгүйг нь бясалгалаас өөрөөр барих аргагүй.

Сүнс илүү бодилог сэтгэлийг үүсгэж байна. Тархинаас ухаан бүрэлдэн боловсрох, сүнс буюу хоосон чанар бодижин Психофизикийн судлагдахуун сэтгэл биежих тэр хаяа хөвөө зааг нь Манас мөн. Товчоор хэлбэл хүмүүний биед арга билэгжих, билэг - аргажих явц тасралт зогсолтгүй эргэлтэнд оршдог байна. Тарни эмчилгээний сэтгэлийн үндэс. Энэ аргажихуй билэгжихүйн зааг " Манас" дахь гажилтыг засч тэгшитгэж байгаа юм. Ингэж дүгнэх шинжлэх ухааны үндэс одоогоор бүрэлдсэн байна. Ингэхээр тарни эмчилгээ нь эсийн түвшинд ч бус, молекул атомын зэргэмжээс ч нарийн эгэл бөөмс долигосын түвшинд бичил орон зайд үйлчилдгээрээ бусад бүх эмчилгээний аргатай зүйрлэхийн аргагүй үр дүнтэй, бас алдаа эндэлгүй юм. Долигос урсгал чанар эгэл бөөмсийн бичил цэнэгт орон зайн эрүүлжилт нь, атом молекулын харилцааны мэдээллийг зөвтгөж энэ чанараараа мэдээлэл хүрдэг бүхий цэгт эрүүлжих явцыг нэгэн зэрэг эрчимжүүлнэ. Физикчид атомыг задалж асар их эрчимийг оллоо. Тэрнийг нэг хэсэг нь атомын эрчим хүчний үйлдвэр байгуулж хүн төрөлхтөний сайн сайхны төлөө ашиглажээ. Нөгөө хэсэг бусдыг айлгах, алай хядах зэвсэг  болгон агслаа.

Физикчид    задалж    бутаргаж эгэлжүүлсээр бөөмөн долигоо долигоо бөөмст хүрээд алдчихлаа. Үгүй хоосныг харах дуран авай, барьж тогтоох арга чарга аль нь ч алга. Дүрсийн судалгаа ингэж мухардаад олон арван жил өнгөрөв. Одоо яах вэ? Мухардлаас гарах арга замыг Психофизикчид олох шиг боллоо. Тэд сэтгэлийн бодилог шижимээр дамжиж билэг оршихуйд ойртохыг хичээж байна. Хөдөлгөөн бүхэн дуу авиа үүсгэдэг. Сэтгэлийн хөдөлгөөнөөр хүний биеийн гэрэлт тогтолцооны өнгө хувирдаг. Сэтгэл гэгч бодигүй билэг чанартай. Гэтэл өнгө гэрэл нь бодитой. Сэтгэлийн чанарууд нь биед эрүүлжүүлэх эмгэгшүүлэх таатай таагүй нөлөө үзүүлдэг. Сэтгэлийн спекторууд яаж хувирдаг хэрхэн когрент болдог тэр нь өвчин эмгэгийг яагаад арилгаж эдгэрүүлдэг тухай Психофизикчид хариу өгнө л дөө. Хүний биеэс ялгарах биосоронзон долгио нь хэт их энергитэй эгэл бөөмсийн урсгал мөн. Сэтгэлийн хөдлөлийн аясаар гэрэлт соронзон урсгал гардаг. Тархины суурь хэсэг тарни цочруулд л хариу өгдөг. Эмчлэгч энэ бүхнийг когрент болгон эрчимийг нэмэгдүүлж эрүүлжүүлэх нөлөө үзүүлэх боломжтой. АНУ-ын хэсэг эрдэмтэд сансрын хөлгөөр огторгуйд аялж яваа эмэгтэйд газраас үр тогтоох боломж оллоо гээд мэдээлчихлээ. Энэ нь ердөө л эр бэлгийн эсийн удамшлын уургийн амин соронзон оронг илгээчих юм гэнэ.

Тарни зайн эмчилгээний эрүүлжүүлэх мөн чанарыг тайлах тайлбарлах боломж энд нилээд сайн хөндөгдсөн байгаа биз. гэрэлт орон, орон зай өөрчлөгддөг тухай мэдэлтэй. Сэтгэл хөдлөлтийн хувирлаар дотоод эрчимт хийн босоо долоон хүрдний гэрлийн өнгө хэт нарийн амин соронзон урсгал аль нэгнийх нь давамгайлдаг. Тэрнийгээ тодорхой нэг зүйлд чиглүүлэх амьтанлаг зөнч ухамсар хүнд байдаг. Хоёр хүн маргалдаж үг сөргөлцөж байнга хуруугаараа бие бие рүүгээ чичилж эхэлдэг. Маргалдагч хоёрын хэнийх нь хүчирхийлэгч хүрдэн давуу бол нөгөөх нь тэгсхийгээд буруу харж үндсэндээ бууж өгдөг. Бие биенээ үзээгүй танихгүй сайхан охин залуу хоёр хаа нэгтээ зөрж өнгөрөөд эргэж харахдаа харц тулгарч түүнээсээ хоёул ичдэг. Тэр хоёрын сэтгэлийн өнгө гэрэл бие биенийхээ хайрын хүрдэнд зэрэг туссаных юм. Энэ мэт баримт амьдралд өдөр бүр хэдэн арав тохионо. Түүнийг бид тохиолдол санамсаргүйд уусгадаг.

Сэтгэлийн өнгө гэрлийн аясаар гадагш амин соронзон урсгал гардаг. Тэр нь наад зах нь ивээгч хөнөөгч хоёр янз юм.Тарнид сэтгэлийн ийм чанаруудыг ашиглаж байгаа юм. Хүний хоёр дахь хүчин бол цэнэгт урсгал юм.

Уураг тархи хэт хөнгөн бөөмс ялгаруулдаг нь тодорхой болсон зүйл. Хүний амин цэнэгийн үүсэл урсгалыг зөвхөн зүрхний хэмжээнд эсвэл биеийн хязгаарт авч үзэх нь хэт явцуу юм. Орон зайд шилжүүлж зайнаас нөлөөлөх боломж бий. Гуравдахь нь бидэнд мэдэгдээгүй далд дам байгаа хүчнүүд багтана. Жишээ нь: тархины суурь Лимбический хэсэг тарни уншихад хариу цацруулалт өгдөг гэх мэт. Энэ цацрагийн үүслийн учир начир гадаад орчинд үзүүлэх нөлөө зэрэг олон зүйл нууц бий. Тарни ч өөрийн сэтгэлийн өнгө гэрэл, цэнэгт урсгал, амин соронзон орноо тарнийн хэмнэл аялгуу утгаар хүчжүүлэн эвсэлдүүлж биетэд нөлөөлөх боломжтой. Гэхдээ тэнгэр газрын эрчимт долигост когрент болж дээд хүчинд нэгддэг. Энэ тухай дахин арай дэлгэрэнгүй үзье.

Тарнийн аялгууны хүчний тухай өгүүлэхийн өмнөтгөл болгож ерөөс дуу авиан тухай товч ярилцъя. Дуу авиа орчлонт ертөнцийн бүх дүрсийг нэгтгэн төлжүүлж байдаг шигээ бас ялган зааглаж байдаг. Дуу авиаг амьгүй биетийн ургамал, амьтдын, хүний трансцендент гэж тав бүлэглэж болно. Сүүлийн хоёрын тухай тарнид холбогдох талаас нь хөндье.

Хүний дуу авиаг бид ямарч нөхцөлд ялгаж танина. Хэлийг нь мэдэхгүй ч бие биедээ ойлгогдох төстэй дуу авиа бий. Дуулах, уйлах, дуудах гэх мэт. Бүх хүнд хэлний бэрхшээлгүй адил ойлгогддог түгээмэл дуу авиа байдаг. Жишээ нь: Нот зохист юм биш. Ийм долоон янз авиа эгшиглэн байгаль дээр оршдог. Тарнийг таван шугаманд тэмдэглэжээ. Нотны ийм байгальлаг чанарын нэг баталгаа нь уянгалаг сайхан хөгжимд ургамалчид ургац мэдэгдэхүйц сайжирдаг. Монголчууд аялгуу эгшиглэнгийн ийм өргөн түгээмэл нөлөөг сайн мэддэг байсан. Төлөө голсон малыг цойглох, сугайлах, өөвлөх, зэргээр авахуулна.

Ботгоо голсон ингэний дэргэд хуурдаж ботгыг нь авахуулдаг. Дуу чимээ, дуу авиа, дуу эгшиглэн адил төс залгамж холбоотой шигээ ялгаа заагтай ч өсөлт төгөлдөржилтийн зүй тогтолтой. Дуу чимээ түгээмэл юуных ч байж болно. Хад чулуу нурах, тэнгэр дуугарах, ялаа батгана дүнгэнэх гэх мэт.

Дуу авиа нь илүү сонсголонтой хөгжимлөг. Хөхөө донгодох хойлог исгэрэх ядахдаа ам цагаан хулгана шившрэх мэт. Эгшиг дуу гэвэл хүний ахуй амьдралаас урган гарсан зохист өгүүлэмжтэй байдаг. Дуу эгшиглэн хэл яриа амьтдын төрх дүрсийн ялгаа заагаас үл хамааран хүртэгддэг. Ихэл, багал, бичил ертөнцийн дуу авиа нь үүсгэгч бүрэлдүүлэгч биеийн түвшин бүрэлдэхүүнээр тодорхойлогдоно. Ихэл ертөнцийн дуу авиаг дэлхий, сар, нар, од эрхсээс эхлээд бидний хүртэхүйд баригдагч бүгдийн дуу авианы нийлбэр цогц бүтээнэ. Орчлонт ертөнцийн нүргээн хэмээмой. 

Амьтдын дуу авиа нь нэг нь нөгөөгөө ивээн сэргээж хөгжөөн амьдрах эрчимийг нь нэмэгдүүлэх, эсвэл хөнөөх чанартай байдаг. Эх амьтдын дуу авиа үр зулзагаа ивээдэг. Ууль гэнэт чичигнэн дуугарахад муур байх суух газраа олж ядан айж цочирдож үхэх ч байдаг. Баавгай гэнэт муухай орилоход морь зогс ч хөдөлж чадахгүй болдог. Энэ бүгд дуу авианы хөнөөх чанартайн гэрч. Ивээгч, хөнөөгч дуу авианаас гадна бас трансцендент чанад ертөнцийн бурханлиг нигүүслэгийн дуу авиа гэж бий.

1995 онд АНУ-ын хэсэг эрдэмтэд үгийн энерги хэмжих багаж бүтээгээд жүжигчин, улс төрч, илтгэгч, яруу найрагч зэрэг янз бүрийн мэргэжлийн хүмүүсээр үг хэлүүлсэн. Багажинд мэдэгдэх үр дүн гараагүй. Нэг лам Ум тарни хэлэхэд багажийн зү 36 хэмээр хэлбэлзсэн. Үүнээс болоод америкчууд Буддын шашнаад хуйлран эргэсэн гэдэг. Дуу авианы онцлог нь ижил төстэй, төсгүй дуу авианууд нийлж нүргээн дуурсал болдог. Хүн хашгиралдах, адуу янцгаах, үхэр тугал мөөрч бух урамдах, хонь ямаа майлалдах, нохой хуцах холилдож сүлэлдэн хот айлын нүргээн болно. Үүн лүгээ адил орчлонт ертөнцийн нүргээн бүрэлдмүү.

Тарнийн авиа нь тарничийн дотоод бурханлиг чанарын долигос, тэнгэр газрын хийгээд трансценденаль авианы нүргээнүүдтэй нэгдэн нийлж тарнийн хүчийг бүрдүүлнэ. Авианы энэ гайхамшигт чанар нь хүний уураг тархины зөвхөн тарниар сэргэгч хэсгийг цочроож хэт хөнгөн бөөмсийн ялгаралтыг нэмэгдүүлж квант урсгалыг үүсгээд гадаад их хүчнүүдийг өөртөө эвсэлдүүлэн нэгтгэдэг ажээ. Дуу авиа нь бодит чанартай. Бидэнд сонсогдох үл сонсогдох дуу авиан зааг нь "МАНАС" оронг үүсгэнэ.

Тарнийн трансцендент авиа нь энэхүү “МАНАС”-ын дуурсал байх. Бодилог дүрс бодигүйжин билэг оршихуйд шилжих, хоосон чанар билэг оршихуй аргажин бодижих зааг. МАНАС болохоор ийм л байж таарна. Авиа дуудлага, хүсэл , утга санаандаа нэвт шингэн хадгалагддаг. Авиа, аялга аялгуу нь хайрласан, бахархсан, үзэн ядсан олон янз байж болох л доо. Тийм үг өгүүлбэр шүлгийн мөрийг зөв ч бай буруу ч бай уншигч, сонсогч, судлаач ялгалгүй зохиолчийн сэтгэлийн аясаар хүлээж авдаг.

Д.Нацагдоржийн "Шувуун саарал" гэдэг алдарт өгүүллэгийг бид талархан уншдаг. Өгүүллэгт “Гуа сайхан дөрвөн хөлөөрөө ээлжлэн газар цавчилна" гэж гардаг. Монгол хүн морь хойт хөлөөрөө газар цавчилдаггүйг мэднэ. Хойт хөлөөрөө тоос манартал газар цавчилж гэмээн нохой мацаалах мэт маш муухай харагдах биз. Ийм байтал тэр өгүүллэгийг шагшин магтан уншдаг нь зохиолч сэтгэлийн бахархалаа шингээж үлдээснийх. Үүнлүгээ адил тарнид үе үеийн хүслийн утга санаа, хэмнэл дуу авиан эвсэл шингэн хадгалагдсан байдаг. Ийм учир тарни нь хязгааргүй алс холоос бидний үед хүрч ирсэн их урсгал юм. Үүнд нэгдэн нийлэх арга хэрэгсэл нь ч мөн.

Сэтгэл хувирлын хэлбэрүүд (баярлах, гомдох, үзэн ядах) энерги хадгалагдах шиг эргэн санах боломжит өөр байдалд шилжин орон зайд хадгалагддаг. Орчлонгийн оюунт мандал нь өнгөрсөн өнөө оршин буй хүмүүний бодол санаа, хүсэл мөрөөдлийн сан хөмрөг ажээ. Үүнтэй төвлөрөл бясалгал, тарниар нэгдэн нийлэх боломж бий. Тарни мөнхийн чанартай гэхийн нэгэн учир ийм буй.

Тарнийн бас нэгэн хүч нь утга гэдэг. Утга үг, өгүүлбэрээр илэрнэ. Утга явцуу, өргөн дэлгэр, харьцангуй, туйлын олон янз. Орчлонт ертөнцийн үүсэл хувьсал нь гүн далд, үнэмлэхүй дээд утгат оршихуй болой. Түүнийг өөрөөс нь өөр юутай ч зүйрлэж болшгүй хязгааргүй гайхамшигтай юм. Үүнийг бясалгал тарнийн хүчээр таних боломж хүнд бий. Гэтэл хүн бүр энэ мэдрэмж сэрэмжээ хөгжүүлэхээр хичээл зүтгэл үл гаргах нь эрдэнэт хүмүүний биеийг үрж байгаа хэрэг. Мантра -Ман-сэтгэх, Тра - үг бүтээх гэж хөрвүүлдэг. Бас тарнийг жинхэнэ үг гэж буулгасан байдаг.

Тарнийн үгийн илэрхийлэгч утга нь дүрс төлөөлсөн тэмдгээсээ халин гарч трансцендент шинж чанарыг олоод дотоод ухамсрыг сэрээж бурханлиг нууцыг нь нээн хязгааргүй хүчинд нийлэн орох түлхүүр болдог. Үүнийг нь харгалзан жинхэнэ үг гэж оноожээ. Тарнийн хүчний бүрэлдэхүүн нэгжүүдийг саланга тусд нь авч үзвэл ойлгомжгүй болно. Тарнийг бүрэн цогцоор авч үзэх бараг боломжгүй. Гэхдээ өнгөрсөн үеийн их мэргэдийн үлдээсэн хэмнэл, аялгуу, тарнийн утга бүхий чанарын хүрээнд ойлгох боломж бүрджээ.

Тарнийн хүчний тухай эртний мэргэдийн олж нээсэн эрдэнийн нууц сангаас энд заримыг дурдъя. Бүтээгч авиа вибразын онол нь, ямарч атом хөдөлгөөндөө вибрац доргио дуу авиа үүсгэдэг гэж тунхагласан пифагороос эхэлсэн. Тэд үзэгдлийн гүн далдын мөн чанар болсон авиа хэлбэлзлийн хүчийг бөө, удган, лам хувраг, тарнич нар туршлагаар таньжээ гэдэг.

Тарнийн хүчийг зарим мэргэд Материйн эгэлжсэн хэсгүүдийн долгионлог урсгалын нөлөө гэж байна. Тарни өөрөө ямарч хүчгүй харин гадаад хүчийг нэгтгэх хэрэгсэл төдий юм гэж үздэг судлаачид ч бий.

Тарнийн хүч нь хэмнэл авиа утга гурваас дутуугүй түүнийг дүүрэн ухаарсан тарничийн оюун сэтгэлийн хүч гол нь энэ үгүйгээр тарни байхгүй" гэсэн голч тодорхойлолт байдаг. Их мэргэд тарни, залбирал, мөргөл, бясалгалын хүчний тухай тал талаас нь өөр өөрийнхөөр тайлбарласныг ухаарч тэдгээрийн нэгдэл уулзвар, зангилаа харилцан аугаа хүчний үнэнийг цээжлэх бус дээдлэлтэй. Дээдлэх гэх учир нь трансцендент чанартай үнэнийг цаг цагтаа цэцэглүүлэн үрлүүлэхийг хэлж байна. Бидний оронд тарнийн хүчний талаар олсон нээсэн нь багагүй. Гагцхүү тэр бүхнийг нэгтгэн хэрэгжүүлж томъёолох л үлджээ.

Өвчин анх үүсэхдээ орон зайд амин оронд гажуудал бий болж дараа нь эсийн бичил орчинд эсэд эдэд эрхтэнд үүснэ. Эдгэрэлт ч эгэл түвшинд эхлэнэ. Эмчилгээний хамгийн сайн арга нь эмгэгшсэн бичил орон зай эс нэгэн зэрэг хууч засах явдал мөн. Ийм боломж нөхцлийг бүрдүүлэх арга засал нь зайн бариа тарни засал юм. Электрон позитрон хоёр мөргөлдөхөөрөө гамм туяа болдог. Энэ нь зөвхөн лабораторит болдог үзэгдэл бус орон зайд бие махбодид хаа ч болж болно. Хөнгөн бөөмс задрахдаа энерги үүсгэдэг. Вакумын 1см2 талбай дахь элч энерги бидний мэдэх ертөнцийн хамаг бодисыг задлахад үүсэх энергээс их юм гэж физикчид үздэг. Энэ хоёр баримт бидэнд боломж байгааг баталж байна.          

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос