ТАВАН МАХ БОДИЙН ХУУЛИЙН ДАГУУ СУДАЛЫГ ХАРЬЦУУЛАН ШИНЖИХ НЬ
13 жил, 1 сар өмнө

Жилийн дөрвөн улирлын аясаар таван цул, зургаан сав эрхтэний судалыг таван мах бодийн хуулийн дагуу бусад эрхтэний судалтай харьцуулан шинжиж үзвэл , нэг улиралд эрүүл харилцаат  27, эмгэг өвчин илааршихуй хялбар зөнт 27, эмгэг өвчин илааршихуй бэрх ёрт 27, бүгд 81 судалыг эндүүрч андууралгүй мэдэрч сурахыг хичээлтэй. Ингэж чадваас дөрвөн улирлын буюу жилийн 324 судлын харьцаа хувирлыг таних боломжийг өөртөө буй болгоно. Зарим нэг эмчийн амнаас халуун, хүйтэн хоёрын судалыг л ялгавал боллоо гэх мэт хэт хялбарчлах үг цухалзаж байгаа нь ердөө л Монголын олон үеийн уламжлалт анагаах ухаандааа салахын тамхиа барьж буй хэрэг. Өвчин эмгэг илааршихуй хялбар зөнт судал:

  1. Тухайн эрхтэний өөрийн судалд эмгэг мэдрэгдэх боловч
  2. Хүү мах бодитой эрхтэний судал тогтвортой хэвийн байх, Дэлүүн судал завсрын 18 хоногтой залган билэг чанараараа дэлгэрч хугацаагаа бүрэн эзлэн байх
  3. Нөхөр   мах   бодитой   эрхтэний   судал   үл   сулрах,   эрчимжих,   хугацаанд   билэг чанараараа дэлгэрэх
  4. Дайсан мах бодитой эрхтэний судал зөвхөн цагтаа билэг чанараар дэлгэрч, завсрын 18 хоногийн эхэнд дэлүүн судал дэлгэрмэгц харих
  5. Эх мах бодитой эрхтэний судал үл харих эрчимжих,  цагаа тосч дэлгэрэх зэрэг шинжүүд нь өвчин эмгэг илааршин эдгэрэх нь хялбар болохын дохио мөн.

 

Эмгэг өвчин илааршихуй бэрх ёрт

  1. Эрхтэний судалд эмгэг илрэх
  2. Хүү мах  бодитой эрхтэн  нь дагаж эмгэгших,  сулрах, оройтож дэлгэрэх,  эрт харих, үл дэлгэрэх
  3. Нөхөр мах бодитой эрхтэний судал тосч харих эмгэгших
  4. Дайсан мах бодитой эрхтэний судал эрчимжих, цаг бусаар дэлгэрэх, үл харих
  5. Эх мах бодитой эрхтэний судал угтаж харих, хоцорч дэлгэрэх, үл дэлгэрэх зэрэг олон хувилбар харилцаа аль нэг талаараа барилдаж хоршсон байвал өвчин илаарших нь бэрх хэмээнэ.

Энд  дурьдсан  загварчилсан  харилцаа  бол  хөдөлгөөнгүй  дагаж  мөрдөх  хууль гарцаагүй гарах шинж бус гэдгийг сануулах нь зүйд нийцнэ. Эдгээр харьцаа нь маш хувирамхай         хөлбөрөмхий дагнасан,  хослосон, ээлжилсэн, шаталсан, хөгжөөсөн, хязгаарласан, бүхэлдээ барилдсан зэрэг маш олон янз байж болохыг л ойлгуулах сануулах төдий юм. Эмчийн сэтгэлгээ ч ийм уян хатан, хөдөлгөөнтэй гол ба гол бусыг ялгаж салгасан ил ба далдыг барилдуулан бясалгадаг байлтай хэмээсэн нь болой.

Зарим ном хэвлэлд бичсэнийг үзвэл улирлын эхний далан хоёр хоногт тодорхой нэг цул сав эрхтэний судал дэлгэрч сүүлийн 18 хоногт дэлүү, ходоодны судал дэлгэрнэ гэсэн бий. Бас зарим ном сударт завсрын 18 хоногт дэлүү, ходоодны судал дэлгэрдэг гэсэн ч байна. Үүнийг тунгааж үзвэл завсрын 18 хоног гэдэг улирлын сүүлийн 18 хоног биш. Өнгөрч байгаа улирлын сүүл 9 хоног эхэлж байгаа улирлын түрүү 9 нийлсэн 18 хоног юм. Өвлийн сүүл үхэр, хаврын сүүл луу, зуны сүүл хонь, намрын сүүл нохой дөрвөн шороон мах бодитой дөрвөн сүүлчийн 9 хоногт шороон махбодитой дэлүү, ходоодны судал дэлгэрч эхлээд хаврын тэргүүн бар, зуны тэргүүн могой, намрын тэргүүн бич, өвлийн тэргүүн гахай сар гармагц тухайн улирлаа эзлэх эрхтэний судал авч дэлгэрч эхлэхийн хэмээр агуур /  9 хоног / буурч хэвийн байдалд ордог байна.

Улирал бүрт, завсар богонд орших зөнт судалын харилцааг барьж тогтоож сурах хэрэгтэй. Үүнийг таван мах бодийн хуулийн харилцаагаар шинждэг. Хоёр талын судалын лугшилтыг зэрэг барьж харьцуулан шинжихэд арга талын судал нэлдээ буюу илүү олон цэгүүдэд эрчимжингүй давамгайлах шинж илэрвэл өвчин илаарших бэрх болно. Энд дурьдсан харилцаат судалаас хоёроос доошгүй судалын шинж мэдрэгдэж тэр нь баруун талын судалын давамгайлалтай хавсарч байвал өвчтөнд үндсэн эмчилгээг даруй эхлэ.  Гурваас дээш харьцаа илэрч тэр нь баруун талын судалын давамгай эрчимжилттэй хавсарч байвал өвчний явц их хүнд, өвчний төгсгөл муу гэж үзэх үндэслэл болно. Ялангуяа тухайн эрхтэний судалд хэд хэдэн эмгэг шинж мэдрэгдэж тэр нь түүнтэй зэрэгцэн дайсан мах бодитой эрхтэний судал сөрөн дэлгэрч, нөхөр мах бодитой эрхтэний судал доройтох зэрэг шинж судлын баруун талын давамгайлалтай хословол өвчин машид хүндэрхийн дохио болно.

Судлаар оношилж, өвчний явцын хүнд, хөнгөнийг тогтоож, эмчилгээний арга хэлбэрийг төлөвлөх, өвчний төгсгөлийн талаар нилээд магадтай төлөгчлөх боломжтой. Үүний тулд дөрвөн улирал завсрын хугацаанд таван цул, зургаан сав эрхтэний судалын олон хувилбарт шинж чанарыг эндүүрэлгүй барьж, таньж сур. Нэг улиралд, нэг завсарт таван цул, зургаан сав эрхтэний 224 хувилбарт харилцааг мэдэж мэдэрч сурах хэрэгтэй. Тэгвэл дөрвөн улирал, дөрвөн завсарт наад зах нь судалын 896 харилцаат хувирлыг мэдэх, мэдэрч сурах болно. Улирлын эрүүл мэндийн байдлыг аль ч үед үзэж болно. Гэхдээ хамгийн тохиромжтой, алдаа мадаг бага гарах хугацаа нь завсрын 18 хоног байдаг. Нэгэн эрхтэний дэлгэрлийн эрчим харьж нөгөө эрхтэний дэлгэрэл эхлэх үе. Энэ хоёртой харгалдсан хоёр нөхөр, хоёр дайсан мах бодитой эрхтэний харилцаа илүү хөдлөнгүй үетэй тохирдог юм. Дэлүү бол таван мах бодийн хуулийг сахиулагч түгээмэл мэдээлэгч мөн. Хүний эрүүл мэнд хаврын цагт эмгэг өвчин илаарших хялбар бэрх алин болохыг, таван мах бодийн хуулийн харьцааг үндэслэн судлаар хэрхэн тогтоох талаар дэлгэрүүлж үзье.

 

Хавар эрүүл мэнд сайн шинжийн судал

-       Үхэр сарын сүүлийн 9 хоногоос дэлүү, ходоод нь судал зугуухан дэлгэрч эхлэх, цагтаа харих

-       Бар сарын эхний 9 хоногоос элэг, цөсний судал алгуур билэг чанараар дэлгэрч эхлэх, гүйцэд тогтвортой дэлгэрэх

-       Зүрх, нарийн гэдэсний судал тотвортой хэвийн байх, дагаж эрчимжих дэлгэрэнгүй болох

-       Уушиг, олгойн судал үл эрчимжих, үл доройтох

-       Дэлүү, ходоодны судал тогтвортой эрчимжингүй үлдэх, үл харих сайн

-       Бөөр, самсын судал завсрын судалд дэлгэрэнгүй байсаар залгуулж үлдэх

-       Хоёр талын судалыг харьцуулан шинжихэд хоёр талын бүх цэгт тэнцүү буюу зарим цэгүүдэд эсвэл  нилдээ билэг талдаа давуу эрчимжингүй байвал хаврын улиралд эмгэг өвчингүй амгалан тайван амар жимэр оршихын эргэлзээгүй дохио мөн.

-        

 Хавар элэг цөсний өвчин илааршихуй хялбар зөнт судал

-        Элэг цөсний судалд тус эрхтэний өөрийн эмгэг шинж нэг буюу хэд хэдэн хэлбэр янзаар мэдрэгдэх

-       Завсрын судал эрт буюу хугацаандаа дэлгэрч залгах

-       Зүрх, нарийн гэдэсний судал тогтвортой хэвийн байх

-       Дэлүү, ходоодны судал үл харих, тогтвортой хэвийн үлдэх

-       Уушиг, олгойн судал үл эрчимжих, дайрч үл дэлгэрэх, үл доройдох

-       Бөөр, самсын судал завсрын 18 хоногт дутаж харьсны цаашдаа доройтолгүй үлдэх

Хоёр талын судалыг харьцуулан шинжихэд арга талын цөөн цэгүүд билэг талаасаа давуу эрчимжингүй байх зэрэг шинжүүд нь эмгэг өвчин илаарших нь хялбар болохыг заана. Харин явдал мөрөөр засах уу?, Идээ ундаагаар илааршуулах уу? Цөөн хөнгөн эм тан өгөх үү? гэдгийг эмч дээрх өөрчлөлт, харьцааг барилдуулан тунгааж шийднэ.

 

Хавар элэг цөсний эмгэг илааршихуй бэрх ёрт харьцааг судал

-       Элэг цөсний судалд эмгэг мэдрэгдэх

-       Завсрын /18 хоногт / дэлүүн судал дутуу харих

-       Зүрх , нарийн гэдэсний судал дагаж сулрах, эмгэгжих

-       Дэлүү, ходоодны судал сулрах,

-       Уушиг, олгойн судал эрчимжих, сөрж дэлгэрэх, зэрэгцэж дэлгэрэх, дарж дэлгэрэх

-       Бөөр, самсын судал завсарт хүрэлгүй сөхөрч харих, сулрах

Хоёр талын судлыг харьцуулан шинжихэд арга талдаа олон цэгт буюу нэлдээ эрчимжингүй байх нь өвчин хүндэрч эмчилгээ засал авах нь нэн бэрх болсны шинж болой. Ийм болсон хүнийг нэн даруй ойр байлгаж эмчилгээг яаралтай эхлэнэ

 

Хавар зүрхний, нарийн гэдэсний эмгэг илааршихуй хялбар зөнт судал

-       Зүрх, нарийн гэдэсний судалд эмгэг мэдрэгдэх

-       Завсрын 18 хоногт дэлүүн судал бүрэн дүүрэн, билэг чанараар дэлгэрч могой сарын эхэн хоногт хүрч дэлгэрэх

-       Ходоод, дэлүүн судал завсраас хэвийн байдалдаа тогтвортой хэвээр үлдэх

-       Уушиг, олгой судал тогтвортой хэвийн байх

-       Бөөрөн судал цагтаа дэлгэрч харих харилтын хэлбэр зөв байх, үл эрчимжих

-       Элгэн судал цагтаа дэлгэрч завсартаа дэлгэрэнгүй хүрч харих

Хоёр талыг харьцуулан шинжвэл арга-билэг тал тэнцүү  буюу дийлэнх цэгтээ билэг тал илүү цоглог байвал зүрхний өвчин хөнгөн байгаагийн шинж юм.

 

Хавар зүрх, нарийн гэдэсний эмгэг илааршихуй бэрх ёрт судал

- Зүрх, нарийн гэдэсний судалд эмгэг илрэх

- Завсрын дэлүүн судал ардаа эрт дэлгэрэх, эрт харих

- Дэлүү, ходоодны судал доройтох

- Уушиг, олгойн судал дагаж эмгэгших, доройтох

- Бөөр, самсын судал хаврын эхэн завсарт үлдэж дэлгэрэх,     

  эрчимжих, хоцрох, үргэлжлэн дайрч дэлгэрэх

- Элэгний судал хариу дэлгэрэх оройтож дэлгэрэх, завсарт хүрэлгүй харих зэрэг

Хоёр талыг харьцуулан шинжвэл арга талдаа олонхи цэгт эсвэл нэлдээ ялангуяа баруун самсын зүүнээс эрчимжингүй бол зүрхэнд хүнд эмгэг туссаны эргэшгүй шинж болно.

 

Хавар дэлүү, ходоодны эмгэг илааршихуй хялбар зөнт судал

-       Дэлүү, ходоодны судалд эмгэг мэдрэгдэх

-       Завсарт дэлүүн судал үл дэлгэрэх нь энэ тогтолцооны эмгэгийн эрт үеийн шинж юм.

-       Уушиг, олгойн судал тогтвортой хэвийн байх, үл сулрах

-       Бөөр, самсын судал цаг орноо эзэлж дэлгэрэх, эрчимжингүй хэвдээ үлдэх

-       Элэг цөсний судал цагтаа дэлгэрч , цаг хугацаандаа зөв харих

-       Зүрхэн судал тогтвортой хэвийн байх зэрэг

Хоёр талыг харьцуулан шинжихэд арга -билэг тал тэнцүү буюу эсвэл цөөн хэдхэн цэгт арга тал давамгайлж байх

 

Хавар дэлүү, ходоодны эмгэг илааршихуй бэрх ёрт судал

-           Дэлүү, ходоодны судалд эмгэг мэдрэгдэх

-           Завсарт дэлүүний судал үл дэлгэрэх, дутаж харих, хариу  дэлгэрэх зэрэг шинж гардаг

-       Уушиг, олгойн судал дагаж эмгэгших, сулрах

-       Бөөрөн судал завсарт хүрэлгүй харих, зогсож харих

-       Элгэн судал эрчимжиж үлдэх, эхэн ба эцсийн завсрын хугацаанд зэрэгцэж дэлгэрэх

-       Зүрхэн судал угтаж сулрах

Хоёр талын судлыг харьцуулан шинжвэл арга тал нэлдээ буюу илүү давамгай олон цэгт эрчимтэй байх зэрэг харьцаагаар илэрнэ

Уушиг, олгойн эмгэг илааршихуй хялбар зөнт судал

-       Уушиг, олгойн судалд эмгэг мэдрэгдэх

-        Завсарт дэлүүн судал хоцорч харих

-       Бөөр, самсын судал тогтвортой хэвийн байх

-       Элэг, цөсний судал орон цагтаа дэлгэрч завсар хүргэж зөв харих

-       Зүрхэн судал үл эрчимжих

-       Дэлүү, ходоодны судал завсраас эргэж тогтвортой хэвийн байх

Хоёр талыг харьцуулан шинжвэл билэг тал нэлдээ буюу ихэнх цэгт давуу байх харьцаа нь уушиг, олгойн эмгэг хүнд бишийн илрэл юм.

 

Уушиг олгойн эмгэг илааршихуй бэрх ёрт судал

-       Уушиг, олгойн судалд эмгэг мэдрэгдэх

-       Завсрын судал оройтож харих, зогсож харих

-       Бөөр ,самсын судал дагаж харих, эмгэгших

-       Элгэн судал дутаж харих, зогсож харих, суларч үлдэх

-       Зүрхэн судал эрчимжих, сөрж дэлгэрэх

-       Дэлүү, ходоодны судал тосч сулрах

Хоёр талыг харьцуулан шинжвэл арга тал нэлдээ буюу давуу олон цэгт эрчимжих уушиг, олгойн өвчин хүндэрсний шинж мөн болно.

 

Бөөр, самсын эмгэг илааршихуй хялбар зөнт судал

-        Бөөр, самсын судалд эмгэг мэдрэгдэх

-       Завсарт дэлүүн судал зөв угтаж сүүлийн завсарт зөв үдэх

-       Элгэн судал орон цагаа бүрэн эзлэн дэлгэрэх

-       Зүрхэн судал тогтвортой хэвийн буюу эрчимжингүй цоглог

-       Дэлүү, ходоодны судал завсараас цагтаа харих, үл эрчимжих, үл сулрах

-       Уушиг, олгойн судал хэвийн буюу эрчимтэй цоглог байх

Хоёр талыг харьцуулан шинжвэл билэг талдаа олонх цэгт буюу нэлдээ цоглог давамгай байх

 

Бөөр, самсын эмгэг илааршихуй бэрх ёрт судал

-       Бөөрний судалд эмгэг мэдрэгдэх

-       Завсрын дэлүүн судал хэт эрчимтэй дэлгэрэх

-       Элэг цөсний судал хоцорч дэлгэрэх, хариу дэлгэрэх, дутуу харих

-       Зүрх, нарийн гэдэсний судал угтаж сулрах, эмгэгших

-       Дэлүү, ходоодны судал завсраас харилгүй дэлгэрч үлдэх, харивч эрчимжих

-        Уушиг, олгойн судал суларах

Хоёр талыг харьцуулан үзвэл арга тал нэлдээ ба олонхи цэгтээ давамгайлан эрчимжвэл бөөр, самс хүндээр эмгэгшсэний шинж мөн зун, намар, өвөл, хавар дөрвөн завсрын хугацаанд таван цул, зургаан сав эрхтэний эрүүл, эмгэг илааршихуй хялбар, зөнт, бэрх, ёрт судалуудыг уншигч та дээрхийн адил хөөн гаргаж үз. Ингэвэл та дөрвөн улирал дөрвөн завсрын 896 судсан шинжийг мэдэрч мэдэх болно. Судалыг таван мах бодийн хуулийн дагуу шинжихдээ цул эрхтэнийг цулд нь, сав эрхтэнийг савд нь эх, хүү, нөхөр, дайсны ёсоор харьцуулан үзнэ.

Нэг улиралд цул, сав эрхтэний эрүүл байх харилцааг 70 янз судал, эмгэг өвчин илааршихуй хялбар зөнт харьцааг 70 судал, эмгэг илааршихуй бэрх ёрт 70 судал, завсрын 14 судал нийтдээ нэг улиралд судын 224 хувилбарт харилцааг мэдэж мэдэрч сурах аваас эзэмшиж болно. Судал түших эрдмийг эрхбиш завсрын 18 хоногийн судалыг таван мах бодийн дагуу долоон янз харьцаагаар тогтоон үзэж тодруулахад их туршлага, мэдрэмж, мэдлэг хэрэгтэй. Энэнд бидний хэмжээ ихэд дутсаныг нуулгүй өчье.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос