Сүү
Өчигдөр орой сүү хөөрүүлж ууж байхдаа гэнэт сүүний талаар бодов. Тэгээд энэ талаар 1 блог бичихээр шийдлээ. Хорвоод анх мэндлээд ээжийнхээ ангир уургаар амласан. Хоёр гурван нас хүртлээ ээжийнхээ мөөмийг хөхсөөр л...Сүүгээр нь хооллож, тэжээгдсээр л...
Харин дараа нь дүү төрөөд ээжийнхээ мөөмийг хөхөх боломжгүй болж хонь, ямаа, үхрийн сүү уудаг байсан. Адууны сүүгээр хийдэг гол бүтээгдэхүүн болох айраг их ууна. Жилийн дөрвөн улиралд ээзгий, ааруул, өрөм, тараг, бяслаг, айраг, аарц гээд л амьтны сүүгээр хийсэн бүтээгдэхүүнүүд их хэрэглэнэ.
Ингэхэд сүү ямар найрлагатай хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг юм болоо? За адгуус амьтад ч яахав өвс ногоо иддэг болохоор тэдний сүүг өвс ургамал, хүнсний ногоо, жимс жимсгэнэ гээд л таван хошуу малын иддэг усны тунгалаг, өвсний соргогтой зүйрлэн бодно.
Судлаачдын хэлж байгаагаар амьтны сүү нялх хүүхдийн жинг нэмж биед нь хэрэгцээтэй шим тэжээл өгдөг гэсэн байна. Харин ээжийнх нь сүү хүүхдийн уураг тархи, сэтгэхүйн хөгжилд нь түлхүү нөлөөтэй болохоор ээжийнхээ мөөмөөр хооллож байгаа хүүхэд сэтгэхүйн хөгжил сайтай, сэргэлэн цовоо байдаг гэнэ.
Мөн сонирхуулахад алдартай бөхчүүд арван хэд хүртлээ хөхөө хөхдөг байсан юм билээ. Бас алдартай хурдан хүлгүүд даага, шүдлэндээ эхийгээ хөхдөг байсан байна. Тэгэхээр эхийн сүү гэдэг агуу ид шидтэй баялаг бөгөөд бурханаас үрдээ заяасан төрөлхийнганц хоол нь ажээ.
Орчин үеийн ээж нарын хөхний сүүний найрлага ямар байдаг болоо гэсэн бодол орж ирэв ...
Дээр үед монголчууд цагаан идээ, мах, гурил хэрэглэдэг байсан. Орчин үед ээж нар зах зээлийн нийгэм, амьдрах орчин нөхцөл, амьдралын хэв маяг, цаг үеийн хандлагаа дагаад тоолж барамгүй олон төрлийн, хөгшин хүмүүсийн хэлдгээр есөн зүйлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ бүхэн эхийн сүүний найрлагад хэрхэн нөлөөлдөг болоо?
Ямартаа ч эмч нар хөхүүл эхийг хүчтэй антибиотик болон бусад зарим төрлийн эм хэрэглэж байгаа үедээ хүүхдээ өөрийнхөө сүүгээр хооллохгүй байхыг зөвлөдөг байна. Үүнээс өөр хөхүүл эхийн хооллолт хөхний сүүний найрлагад хэрхэн нөлөөлдөг талаар мэдээлэл олсонгүй. Хүүхдээ хөхөөр хооллох нь зөв, хүүхдээ хэрхэн хөхүүлэх талаар л мэдээлэл их байна.
Харин хамгийн гол зүйл болох хүүхдийг тэжээж байгаа ээжийн хөхний сүүг чанартай, хүүхдэд хоргүй, зөв найрлагатай байлгахад нь ээжүүд анхаарах хэрэгтэй гэж бодож байна.
Google- ээс олсон мэдээлэл
Хөхөөр хооллох нь хүүхдийн эрүүл мэндэд сайн
Ер нь хөхөөрөө хооллоогүй хүүхэд амьсгалын замаар өвчлөх нь хөхөөрөө хооллодог хүүхдээс тав дахин, суулгалт өвчөөр өвчлөх нь арав дахин их байдаг.
Хөхүүл эхчүүдийн хооллолт нь эхийн өөрийнх нь төдийгүй хүүхдийнх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой болохоор онцгой анхаарал тавих хэрэгтэй.
Хөхөнд сүү оруулахад
Монголчууд дээр үеэс хэрэглэж ирсэн сайн арга бол будаатай цайюм. Ер нь сүү оруулахын тулд шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Жирийн хүн өдөрт 1,5 литр шингэн уудаг бол хөхүүл эх гурван литрийг уух хэрэгтэй.
Янз бүрийн өвсний ханд, цайнууд сайн байдаг. мөн хушигны сүү, ногоон цай сайн үр нөлөөтэй байдаг. Мөн самрын сүү, ногоон цай ашигтай. Хушигны сүү бэлдэх тун энгийн бөгөөд нунтаглаж жижиглэсэн хушиган дээр сүү хийж хэсэг хугацаанд хандлаад хүүхдээ хөхүүлэхээсээ 20 минутын өмнө ууна.
Хөхүүл эхийн 1 өдрийн хооллолт
Хоногт дунджаар 180-200 грамм мах, 50 грамм цөцгийн тос, 1 өндөг, 800 грамм хүнсний ногоо, жимс, 400-500 грамм хивэгний болон бор гурилын талх хүнсэндээ хэрэглэж байгаа үед хөхүүл эхийн хооллолт бүрэн дүүрэн гэж үздэг.
Эх хүн хүүхдээ хөхүүлж байхдаа өөрийнхөө шим тэжээлийг алдаж байдаг тул кальцаар баялаг бяслаг /монгол бяслаг/, загас, аарц, бууцай зэрэг бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэж байх шаардлагатай.
За нэг иймэрхүү бичвэр боллоо. Эцэст нь ээждээ хандаж хэлэхэд намайг хамгийн сайхан сүүгээр хооллож эрүүл энх өсгөсөнд нь баярлалаа. Бас мөөмөөр хооллохоо больсон ч сүү цагаан идээгээр хооллож, оюутан болсон ч үнээний сайхан сүү дандаа өгч явуулдагт нь их баярлаж явдаг шүү. Таныгаа сүүтэй зүйрлэж боддог. Таньдаа хайртай шүү ээжээ. Охин нь сүүнд дуртай.