Сүхбаатарынхаа залуустай уулзлаа
12 жил, 8 сар өмнө

Сүхбаатар аймгийн Оюутан залуучуудын хөгжлийн төвийн удирдах зөвлөлийн залуустай уулзаж хэрхэн чадварлаг мэргэжилтэн болох талаар болон монгол залуусын үнэт зүйлийн талаар ярилцлага хийлээ.

Ярилцлагын зарим санааг илэрхийлвэл:
1. Төгсөөд учраа олно доо гэж хойшлуулалгүйгээр одооноос бие дааж эхлэ. Ажлын гараагаа оюутан байхаасаа эхлэ. Ээж аавынхаа өврөөс гарч эхлэ.
2. Мэргэжил дотроосоо өөрийн мэргэших нэг чиглэлийг эртнээс олж ав. Өөрийнгөө юуг хамгаас сайн хийж чадахаа одооноос тодорхойл. Тэр сонгосон чиглэлээ судалж мэдэхэд өдөр бүр 4-с багагүй цагийг зориул. Маш сайн судла, амьдрал дээр бодитоор хийж туршиж үз. Тэгэхгүй бол төгсөөд л ажилгүйчүүдийн эгнээнд шилжинэ. 
3. Өөрийн хийж бүтээж, судалж байгаа чиглэлээр одооноос блог хөтлөж эртнээс өөрийн байр суурийг бэхжүүл, харилцаагаа тэл. Өөрийгөө зөвөөр таниулж эхлэ. Сошиаль медиа бол залуус өөрсдийгөө хөгжүүлэх нэг боломж юм.
4. Нэгдэж нягтарч байгаа бол бодитой бүтээлч ажлуудыг хий. Бусад байгууллагуудын хийж байгаа ажлыг дууриаж битгий хий. Ялгар. г.м.

За бас оюутан залуучуудын байгууллагуудын үйл ажиллагааны талаар өөрийн санал бодлоо хуваалцаж Эрдэм шинжилгээний хурал, сагсан бөмбөгийн тэмцээнээс хальсан илүү бүтээлч ажлууд хийгээрэй, за бас нэг улстөрчийн суганд хавчуулагдаж нохойд барьдаг мод мэт явдаг байгууллагууд шиг битгий болоорой гэж бодож явдаг үгээ захьлаа.

Оюутан залуучуудын байгууллагууд нутгийн брэнд бүтээгдэхүүнүүдээ сурталчилж борлуулах, нутгийнхаа бизнесийн байгууллагуудын хүмүүнлэгийн төслүүдийг хэрэгжүүлэх, нутагтаа чулуун хороо барих, хавар намрын ногоо, тарианы ажилд оролцох гэх мэт илүү бүтээлч ажлуудыг хийж болмоор санагдаад байдаг.

Эцэст зөв, бүтээлч ажлуудыг хийж чадвал өөрийн боломжоор дэмжиж ажиллахаа илэрхийллээ. За нутгийн дүү нартаа амжилт, бүтээлийг хүсье.