Сүнсний “амьдрал”…чинад шүтэлцээ буюу “үйлийн үр”…ариусал…гэгээрэл
Орчин үеийн шинжлэх ухаан спиритилогийн судалгааны нийтлэг үр дүнгээс эхний дүгнэлт хийхдээ, хүн-материйн /хүний бие махбод бол материйн чанарт ахуу!/ бүтцэд “Сөрөг матери”-ийн ахууд шилжихдээ зөвхөн сүнс-бүтцээрээ шилжинэ, сүнс бол материаллаг биет ахуу материйн бус хууль зүйт, материйн хөдөлгөөний эсрэг хөдөлгөөнт, эсрэг мөн чанарт үйл явцаар нөхцөлдөн орших өөр, шинэ, “сөрөг ахуу”-д нэвтрэн нэгдэх “гүүр” нь гэж үзэж байна.Хүний амьдрал, оршихуйг хангагч синкрет хүчнүүдийн дотор хамгийн дээд ялгуугч нөлөөтэй нь хийсвэр “хий хүч” гэх бөгөөд /ер нь, орчлон ертөнцийн 1/5 хувь нь материас буюу бодит биеэс, үлдэх 4/5 хувь хийбод зүйлсээс бүтдэг гэдэг!/ тэрхүү “хий хүч”-ний бүтэц дотор сүнс зонхилох хувь хэмжээтэй, бусдаас давамгай үүрэг бүхий үйл ажиллагаатай нийлж явдаг аж.Иймд сүнсийг, үндсэнд нь, хүнд буй цацраг идэвхит эрчим, юу руу ч юунд сааталгүй нэвтэрч чадах нэвчимтгий, юунаас ч юунд ч хаагдалгүй хаашаа ч зайлан одож чадах квант ахуу, цаг хугацаанд үл арчигдах мэдээлэлт оюун ухаант орон гэж ойлгож болох юм.
Хэдийгээр би сүнсийг лабораторийн аргаар тодорхойлж чадахгүй ч гэсэн сүнсний “амьдрал”-ын тухайд бол хүний “энэ”, “хойт” насны амьдралын харилцаа, шүтэн барилдлагын тухайд софи сэтгэлгээний түвшинд зарим экстраполяц аргын дүгнэлт хийж болох мэт санагдана. Жишээлбэл:
1.Хүн “тэнтээ”, “нөгөө” ертөнцөд сүнсээрээ очиж амьдарна. Өөрөөр хэлбэл, хүний махбодын амьдрал /бодисын солилцооны үр дүнд явагдах амьдрал/ “тэнд” сүнсний амьдралд /”сөрөг эрчим”-ийн харилцан үйлчлэлийн үр дүнд явагдах амьдралд/ шилжин үргэлжлэнэ. Дэлгэрүүлвэл, хүн энэ газар дэлхий дээр амьсгалаа хурааж, гишгэж явдаг ихэнхидээ зуу хүрэхгүй жилийн хугацаатай ажил үйлсээ дуусгамагц хүний сүнс мах ясан биеэсээ гарч, гэрлийн хурдаас ч илүү хурдтайгаар орхин одож, өөрийнхөө онцгой, шинэ амьдралд шилжиж ороод эзэн- “Би”-гийнхээ халуун, цочир, хурц мэдрэмжит оршихуйн үйл ажиллагааг залган үргэлжлүүлнэ.
2.Сүнсний амьдрал нь, үндсэндээ, “Би”-гийн газрын амьдрал, ажил үйлс, бодит хугацааны үр дагавар болж үргэлжилнэ. “Би”-гийн бодит амьдралын жинхэнэ мөн чанар, ил далд үнэн, зөв буруу явдалын эцсийн үр дүн яг чухамдаа хүний газрын амьдралын хугацаа завсарлаж буй тасарц хэсэг дээр гарах бус, харин сүнсний амьдралын хугацаа, хувь заяа, зам мөрийн муж дээр жинхэнэ үнэнээрээ шалгагдан гарна.
3. Сүнсний амьдралын жаргал зовлон, тавилан төөрөг, “Би”-гийнхээ газар дээрхи амьдралын шинж чанар, тус хор, хар буруу хийгээд зөв цагаан санааны үр дүнтэй шууд хамааралтайгаар шүтэлцэж, “энэдэх” ажил үйлсийн нь “үр жимс”-ээр тодорхойлогдоно. “Би”-гийн”үйлийн үр” нь “энэдэх”, “энтээ” амьдралын нь жаргал зовлон, өөдлөлт уруудалт, сайн хийгээд муу, ариун хийгээд бузарт бодтой нөлөөлөхөөсөө илүү сүнснийхээ амьдралын жаргал зовлон, дээрдэлт доордолт, амгалан хийгээд түгшүүр, диваажин хийгээд тамын аль нөхцөлд харгалзахад нь нөлөөлөх гол учир шалтгаан болж өгнө.
4.Сүнс бодит орчлонгийн юуг ч бай хоосон чанарт хувиргаж чадах абсолют хүчний / ”үр-чанар”-аар оршигч хүч/ үүтгэл, эх сурвалж атлаа өөрөө эзэн бие-“Би”-гийнхээ “энтээ” амьдралдаа үйлдсэн нүгэл, хилэнцийн үрээр “тэнтээ” амьдралдаа энэ ертөнцийн зовлонтой ханьцашгүй хатуу, бэрх зовлон эдэлж, энэ ертөнцийн бус хугацаа, хэмжээгээр тарчлан гаслах зовлонд унадаг хамгийн хөөрхийлөлтэй, эмгэнэлт шинж чанартай үзэгдэл. Сүнсний амьдрал нь “Би”-гийн /хэн нэг хүний/ амьд ахуйд боловсрон “үйлийн үр”-ийн шууд тусгал, үүүлэлт, гадны өчүүхэн ч нөлөөгүй “толь” болж үргэлжлэх тул “энтээ” ертөнцийн ыодит “Би” нь амьдралынхаа цаг хугацаанд буян их үйлдсэн бол “тэнтээ” ертөнцөд сүнсний амьдралт “Би” жаргал их эдэлнэ, харин, нүгэл их үйлдсэн бол энэ ертөнцийн хэмжээсэнд үл багтах хэмжээний зовлон эдэлнэ.
5.Хүн-материйн субстанц “сөрөг матери”-ийн субстанц руу шилжин орох, цаад субстанцынхаа үйл явц, хууль зүйтэй нэгдэх “шилжилт”-ийг бэлдэх, түүний сүнсний амьдралын жаргалыг хангах эерэг шинж чанартай болгох гол нөхцөл нь “Би”-гийн бодит амьдралын ариун чанар юм. Бодит “Би”-гийн ариусал, гэгээрэл, бодь сэтгэлийн гэгээн мөр л хүний амьдралыг “тэнтээ” ертөнцөд эерэгээр залгуулах, амар түвшин үргэлжлүүлэхийг зөвшөөрөх орь ганц боломжийг бүрдүүлнэ.
6.Хэрэв “үүрэг” гэдэг ойлголтолтыг хүний үйл ажиллагааны зорилго, чиглэлтэй холбон оноож ойлгодог бидний ойлголтоор сүнсний болоод сүнсний амьдралын “үүрэг”-ийг тодорхойлох юм бол, тэр нь,-хүнийг Бурхантай нэгэтгэх дотоод холбоо, “дотоод зам” Бурхан руу хөтлөх “далд гар”, дотоод “захиргаа” болж өгөхөд оршино. Энэ үүргийг сүнсний субстанц зөвхөн ариун гээгээн, огторгуйн дээд мандал мэт тув тунгалаг байх нөхцөлд л гүйцэтгэж чадна. Иймд сүнснийхээ ариун санарыг хангах, хадгалахыг хүн өдөр тутмынхаа амьдралын зорилго, удирдлага, тогтсон дэг горимоо болгон хэвшүүлэх ёстой. Тэгснээр л сая Бурханыг бодит үнэн болгоно. Газар дэлхийн прагматик амьдралын хэрэгцээ, шаардлаганд хүлээстэй оршоо нүгэл хилэнцэт өчүүхэн ХҮН биднүүсийг Бурханаас зааглаж, Бурхан хийгээд бидний хооронд цэлийн тунарч буй орон зхйг гатлуулах боломжийг агуулж байгаа орь ганц “олом”, мөн, биднийг газар дэлхийн үнэнээс тасран дээд туйлын үнэн рүү дэвшин очих, Бурхантай нэгдэх боломжийг ч агуулж байгаа орь ганц “гарц” нь сүнсний амьдралд “хуваарилагдах“ ариун буяны хувь юм. Хүний амьдрал үхлээр дуусдаггүй нь дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөр шөнийн дараа өдөр эхлэн үргэлжилдэгээс өөрцгүй бодит үнэн тул хүн үхлийн дараах “амьдрал”-даа Бурханд гагцхүү энэ насныхаа буянаар л, ариуссан сэтгэлийн өглөг тус, шудрага гэгээн үйлийнхээ ачаар л очно. Өөр ямар ч зам байхгүй. Бурхантай учрах, нэгдэн уусах, Бурханы мөн чанарын хутуг олох, хувь заяанд гагцхүү нүгэл, хорыг огоот тэвчсэн бодь сэтгэл, дээд гэгээрлээр л хүрнэ гэдэг нь өнөөдөр “харьцангуйн онол”-оос илүү үнэ цэнтэй үнэн болжээ.
7. Матери болоод “сөрөг матери”-ийн эрчим нь өөрийн трансцендент эх үүсгэл Бурханы бодгалиас үүснэ. Бурханы төгс оршихуйн эрчим, үйлчлэл нь материйн ертөнцийн ч, “сөрөг матери”-ийн ертөнцийн ч, сүнсний амьдралын ч нэгдмэл дээд хүч болж илэрнэ. Ийн илэрч, мэдрэгдэж, үйлчилж буй хүчний үйл ажиллагаагаар л супер нэгдэл дэх орчлон ертөнцийн оршин тогтнол, хууль зүй, үнэмлэхүй болоод харьцангуй үнэн тодорхойлогдож байна. Хүн бодит амьдралынхаа хугацаанд ч, сүнсний амьдралынхаа хугацаанд ч, сансарын аймшигт егүүтгэл, Тэнгэр Бурханы гэсгээлээс аврагдах зам нь,-оюун санааны мунхрал, хүсэл тачаалын хорлол, эдийн шунал, шудрага бус хуримтлалын цөв тэргүүт нисваансын эрхшээлээс ангижрахад итгэл, үнэмшилээ төвлөрүүлэх зам юм. Хүн ариун амьдарч, бусдбн амгалан жаргалд амьдралаараа туслах гэгээрэлд хүрч, өөрийн буянд насан туршаа шүтэн барилдуулж чадваас сая өөрөө ч Бурхан болж, бусдыг ч Бурхан руу хөтөлж чадна.
Өнөөдөр хүний амьдралаар тогтохгүй, орчлон ертөнцийг орших, орчих үйл явцад “тохиолдлын бус” шинж чанартайгаар үйлчлэн нөлөөлж буй Бурханы оролцооны талаархи сэтгэлгээ рүү орчин үеийн шинжлэх ухаан нилээд хүчтэй татагдаж, анхаарлаа хандуулж эхэлсэн нь бодитой мэдэгдэх боллоо. Дээрхийн гэгээнтэн XIY Далай лам Буддын уламжлалт олон салбар ухаан, ялангуяа, Буддын гүн ухааны ойлголтуудыг шинжлэх ухаантай харьцуулах, орчин үеийн байгалийн тодорхой шинжлэх ухааны нээлт, туршилтын үр дүнгээр баяжуулах, хооронд нь харилцан уялдуулахын ач тусын тухай санаа бодлоо илэрхийлж эхэлж байна.
Шашин бол ердийн мухар сохор сүсэг бишрэл биш юм. Шашин нь хүний сэтгэлийн шинжлэх ухаан! Бусцаранги хүйтэн хүйтэн ухааны, прагматик, хэрэглээний сэтгэлгээний хөгжлөөс татгалзах, мөн физик юмс, үзэгдлийн шинжлэх ухаан бодит баримтанд тулгуурладаг зарчимыг ч баяжуулж, тэрхүү тулгуурладаг иш баримтанд нь хүний сэтгэлийн ертөнцийг оруулж өгөх нь цаашдаа онож ч мэдэх юм.Яагаад гэвэл, хүний сэтгэл бол хамгийн аугаа, ноцтой баримт мөн.
Д.Урианхай "Зэндмэнэ онол: Монголын нийгмийн хөгжлийн философи асуудлууд" номоос