Сэтгэл номхрохуй
12 жил, 11 сар өмнө

Яавал сэтгэл номхорч тэгш оршихуйд орж, эрүүл аз жаргалтай амьдрах вэ?

Жаргалтай болчихвол номхорчихгүй юу? Их мөнгөтэй баян, өвчингүй эрүүл байвал хүн бачимдаж цухалдахгүй болж, хүссэнээ эдэлж хэрэглээд, идэж уугаад сайхан амьдарна гэж боддог.

Хүн зовохын тулд биш, жаргахын тулд төрдөг. Юуг тэгвэл жаргал гэх вэ?

Мөнгө, эд баялаг гэсэн материаллаг зүйлс, эрх мэдэл, албан тушаалаар аз жаргал хэмжигдэхгүй гээд байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд амаргүй.

Мөнгө бол зорилгодоо хүрэх хэрэгсэл болохоос биш зорилго өөрөө биш гэж байгаа. Тэгвэл зорилго юу вэ?

“Мөнгөө алдвал юу ч алдаагүйтэй адил

Цаг хугацаа алдвал их зүйл алдсантай адил

Эрүүл мэндээ алдвал бүх юмаа алдсан гэсэн үг” гэж Күнз хэлжээ.

Энэ их сэтгэгч, гүн ухаантан бас “Эрүүл мэндээр бүх зүйлийг орлуулж болохгүй ч эрүүл мэндгүй бол орчлонгийн бүх юмс утгагүй” гэж хэлсэн байдаг. Энэ үнэнийг энэ хүн оновчтой хэлсэн болохоос биш бодож зохиогоогүй.

Тиймээс Зураг 3-т үзүүлсэн схем дээр аз жаргал нь эрүүл мэндээр хэмжигдэхийг харуулсан байгаа. Үнэнийг таньсан Күнз гуайтай маргалдаад нэмэргүй гэдгийг амьдрал нотлох учир зүгээр л хүлээн зөвшөөрчихье.

Түрүүчийн бүлгүүдэд сэтгэл номхрохгүй л бол бүх юм буруу тийшээ эргэсэн хэвээр байхыг ойлгосон учир одоо хоёулаа сэтгэл тэгш оршихуйд бууж ирж, номхон дөлгөөн урсгал үүсэхэд юу тустай вэ гэдгийг ярилцах гээд байна.