Сэтгэл зүйч Э.Баярмаа: Сэтгэл гутрал нь тусламж шаарддаг бодит өвчин
5 жил, 7 сар өмнө

СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ГЭХЭЭР ГАЛЗУУ ГЭЖ ОЙЛГОДОГ ХОЦРОГДСОН ҮЗЛЭЭС ТАТГАЛЗАХ ЦАГ БОЛСОН

Судалгаанаас үзвэл, сүүлийн таван жилийн хугацаанд амиа хорлосон гэх 2055 тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Энэ үзүүлэлт манайх шиг хүн ам цөөн улсад маш өндөр тоо юм. Амиа хорлолтыг сэтгэл зүйтэй холбон тайлбарладаг бөгөөд зарим судлаач нэг төрлийн “өвчин” ч гэж үздэг. Тиймээс энэ төрлийн “өвчин”- өөс хэрхэн урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн тогтвортой байдлаа хангах талаар сэтгэл зүйч Э.Баярмаатай ярилцлаа. “Сэтгэл хөдлөлөө жолоодох урлаг”, “Одоо цагт амьдрах урлаг”, “Ухаалаг сонголт” зэрэг сэтгэл зүйн тухай олон ном бүтээл туурвисан тэрбээр сэтгэл гутралыг гүнзгийрүүлэн судалж буй юм. 

-Монгол Улсад амиа хорлолтын түвшин өндөр байна гэж ДЭМБ-ын хийсэн судалгаагаар тогтоосон байна. Амиа хорлолтын шалтгаан нь юу вэ?
-Манай улсад жилд дунджаар 500 орчим хүн сэтгэл гутралаас болж амиа хорлодог. Тэсвэр тэвчээргүй, сэтгэлийн хатгүйгээс амиа хорлолоо гэж олонх хүн буруутгадаг. Гэвч сэтгэл гутрал аажимдаа архагшиж хүндэрснээр ямар ч тэвчээртэй хүнийг ийм үйлдэл хийхэд хүргэдэг бөгөөд нэг төрлийн аюултай эмгэг. Тиймээс энэ эмгэгийг эрт илрүүлж эмлэх нь чухал. Ард иргэдийн дунд сэтгэл гутралын хам шинж түгээмэл ажиглагдаж байна. Манайхаас үйлчилгээ авч байгаа 10 хүн тутмын дөрөв нь сэтгэл гутралд өртсөн байдаг. Мөн сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн дийлэнх хувийг залуучууд эзэлдэг. Хувь хүнд тохиох олон саад бэрхшээл, уй гунигаас гадна нийгмийн байдал ч нөлөөлж байгаа юм. 

Харин хүйсийн хувьд  монголд жилд дунджаар 400 гаруй эрэгтэй, 100 орчим эмэгтэй сэтгэл гутралаас болж амиа хорлож байна.

-Прокурорын газраас хийсэн "Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдлын суурь судалгаа"-нд  амиа хорлосон иргэдийн 84 хувь нь эрчүүд байна гэсэн. Яагаад эрчүүд эмэгтэйчүүдээс илүү амиа хорлож байна?
-Яагаад эрчүүд илүү их амиа хорлодог болохыг судалсан судалгаа одоогоор алга байна. Гэхдээ эрчүүд сэтгэл гутралыг хүлээн зөвшөөрч чаддаггүй, гадны тусламж авахдаа тааруу, сэтгэцийн  эмчилгээнд тууштай анхааралтай хандах нь бага зэрэг шалтгаанаар сэтгэл гутрал нь хүндэрдэг гэсэн таамаглал байдаг. Амиа хорлолтоос сэргийлэхийн тулд сэтгэл гутралын талаар мэдээлэл сайн хүргэх хэрэгтэй.

Удаан хугацаанд аз жаргалгүй байвал серотонин дутагдаж сэтгэл гутралд өртдөг

Учир нь өөрийгөө сэтгэл гутралд орсон гэдгийг мэдэхгүй, яагаад байгаагаа ойлгохгүйгээр, энэ байдлаас гарах арга зам байгаа гэдгийг ч мэдэхгүйгээр амиа хорлох тохиолдол олон байгаа.Тиймээс  сэтгүүлчид болон сэтгэл судлаачдын хамтдаа хийж чадах зүйл бол сэтгэл гутралын шалтгаан, үр дагавар, шинж тэмдэг, эдгэрэх арга замын талаар мэдээлэл хүргэх юм.

Маш хөнгөн зэргийн сэтгэл гутралын үед урам зориг сэргээх аргуудаар өөрөө өөртөө үйлчилж болно. Гэвч сэтгэл гутрал ихэвчлэн амархан хүндэрдэг бөгөөд хүндэрсэн тохиолдолд мэргэжлийн хүний туслалцаа заавал хэрэг болдог. Сэтгэл гутрал нь гүн ангалын ёроолд унасан мэт мэдрэмжийг төрүүлдэг. Гүн ангалын ёроолд унасан хүн гадны тусламжгүйгээр ангалаас гарахад хэцүү. Хэрэв ангал гүн биш бол өөрөө хичээгээд гарч болно. Сэтгэл гутрал гэдэг ангалтай л ижил.

-Бид ханиад хүрч бие тавгүйрхэхэд эдгээхийн тулд бодитой эмчилгээ хийдэг. Харин сэтгэлээр унах, сэтгэл гутрах үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Сэтгэл гутрал бол эмгэг. Тиймээс сэтгэл гутралыг жирийн нэгэн сэтгэлээр унах үйл явцтай андуурч болохгүй. Таныг сэтгэлээр унагаасан үйл явдал өнгөрөхөд уй гуниг аажимдаа мартагдаж үгүй болдог. Харин сэтгэл гутрал бол гутраасан хүчин зүйл нь өнгөрч мартагдсан ч мэдрэмж хадгалагдаж хэвээр үлддэг. Мөн сэтгэл гутралд физиологийн хүчин зүйл нөлөөлдөг ч гэж үздэг. 

Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.

Серотонин буюу  аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. Удаан хугацаанд аз жаргалгүй байх нь серотонины дутагдалд ороход нөлөөлж улмаар сэтгэл гутрал болдог тохиолдол олон.

Тиймээс сэтгэл гутралыг тархин дахь химийн бодисын өөрчлөлт гэж ойлгож болно. Хүнд хэлбэрийн сэтгэл гутралд физиологийн шалтгаан байдаг учир үүнийг эмчлэх ёстой эмгэг гэж ойлгох хэрэгтэй. Ханиад хүрсэн хүнд “Сэтгэлийн тэнхээгээрээ эдгэр” гэж зөвлөдөггүй шүү дээ.

Сэтгэл гутрал ч үүнтэй адил. Сэтгэлийн тэнхээгүй хүн сэтгэл гутралд өртдөг гэсэн буруу ойлголт нийгэмд их байна. Сэтгэл гутрал нь ханиадтай адил гадны тусламж шаарддаг бие махбодын бодитой өвчин юм. Сэтгэл гутралаас салахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй боловч дан ганц сэтгэлийн тэнхээгээр ялж болдог өвчин биш.

-Сэтгэлд гутралд орсон эсэхээ хэрхэн мэдэх вэ?
-Сэтгэл гутраад байна уу, сэтгэлээр унаад байна уу гэдгээ ялгахгүй олон хүн байдаг. Тиймээс сэтгэл гутралын үед ямар шинж тэмдэг илэрдэг болохыг товч дурдъя. Сэтгэл гутралын үед сэтгэл санаа, бие махбод, үйл хөдлөл гэсэн гурван түвшинд өөрчлөлт гардаг. Нэн түрүүнд сэтгэл санааны хувьд юунд ч идэвх сонирхолгүй болдог. Бүх зүйлийг сөрөг талаас нь харах хандлага ажиглагдана. Итгэл найдваргүй болно. Сэтгэл түгшиж санаа зовно. Аливаад өөрийгөө буруутгана, гэмшинэ. Сэтгэл хоосорч, утгагүй санагдана. Дараа нь бид махбод эрч хүчгүй, энергигүй болно.

Серотонин буюу  аз жаргалын гормон гэж нэрлэгдэх нейротрансмиттер дутагдах үед сэтгэл гутрал үүсдэг. 

Анхаарал төвлөрөх чадвар суларч ой тогтоолт муудаж мартамхай болно. Нойрны хэмнэл алдагдаж их юм уу бага унтана. Хоолны дуршил нэг бол ихсэж нэг бол багасна. Хэвийн хэмжээнээс илүү ядрана. Гэтэл ийм нөхцөлд хүмүүс сэтгэл гутрал гэдгийг мэдэлгүй ходоодны эмч, дотрын эмч, мэдрэлийн эмчид хандаж шинжилгээ өгдөг. Ингээд сэтгэл гутралаа оношилж чадалгүй улам хүндрүүлж сүүлийн шатанд хүрдэг.

Энэ шатанд хувь хүний үйл хөдлөлд дараах шинж тэмдэг илэрдэг. Үүнд, Нийгмийн харилцаанаас хөндийрч цагийг ганцаараа өнгөрөөх нь ихсэнэ. Орондоо удаан хэвтдэг болно. Амархан уйлдаг болно. Зарим тохиолдолд амиа хорлох бодол төрнө. Эдгээр гурван бүлэг шинж тэмдгийн дийлэнх нь танд илэрч байгаа бол та цусны шинжилгээ өгөх биш сэтгэцийн эмчид хандах ёстой.

-Хүн биеэ гэмтээсэн бол ичилгүй эмнэлэгт очдог. Харин сэтгэцийн эмчид очно гэхээр олонх хүнд галзуугийн эмнэлэг санаанд нь буудаг байх…?
-Сэтгэцийн эмгэг гэхээр л галзуу хүн гэж ойлгодог хоцрогдсон үзлээс бид татгалзах цаг нэгэнт болсон. Та шалтгаангүйгээр байнга ямар нэгэн юманд санаа зовоод байвал энэ бол сэтгэцийн эмгэг. Ямар сайхан амьдралтай, ямар өндөр боловсролтой байхаас үл хамааран аливаад идэвхгүй, сонирхолгүй болсон бол энэ ч бас сэтгэцийн эмгэг. Бидний хэвийн гэж ойлгодог зарим сэтгэл зүйн сөрөг үзэгдлүүд сэтгэцийн эмгэг байдаг. Сэтгэцийн эмгэгтэй гэхээр л хүндрүүлж ойлгож болохгүй. Сэтгэцийн асуудлыг хүндрүүлэлгүй бага дээр нь илрүүлж эмчлэх хэрэгтэй. 

-Сэтгэл гутрал яагаад үүсдэг вэ. Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Сэтгэл гутрал хоёр шалтгааны улмаас үүсдэг. Нэгт, Сэтгэл зүйн шалтгаан. Энэ нь гэнэтийн цочрол юм уу удаан хугацааны шаналалаас болдог. Дотны хүнээ алдах, гэмт хэргийн золиос болох, салж сарних гэх мэт янз бүрийн цочролын дараа сэтгэл гутралд өртөж болдог. Эсвэл удаан хугацаанд гунигтай шаналгаатай нөхцөлд байснаар сэтгэл гутрал үүснэ. Нөгөө талаар бүх итгэл найдвар унтарч арга тасрах үед ч сэтгэл гутрал үүсдэг. Хоёрт, Биемахбодын шалтгаан. Тухайлбал янз бүрийн шалтгаанаар тархин дахь химийн урвал өөрчлөгдсөнөөс сэтгэл гутрал бий болдог.

Сэтгэл гутралаас сэргийлэхийн тулд нэгэн хэвийн гунигтай нөхцөл байдлаас зайлсхийх хэрэгтэй. Хүнд хэцүү асуудал тохиолдсон бол гутрахаас сэргийлж мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж сурах нь зүйтэй. Аль болох таатай нөхцөл байдал үүсгэж, таатай хүнтэй уулзаж байгаарай. Өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээж, уучилж мартаж, өнөөдөртөө амьдарч сурах нь чухал.

-Та өөрөө сэтгэл гутралын бүх үе шатыг туулж, эмчилгээ хийлгэсэн гэж байсан. Эдгэрсэн түүхээсээ хуваалцаж болох уу?
-Тийм ээ. Төрсөн ах маань нас барж, би өөрөө хүнд өвчний улмаас хоёр жил хэвтэрт байсан. Урт удаан шаналал намайг сэтгэл гутрал рүү хөтөлсөн. Удаан хугацааны серотонин дутагдал нь тархинд зуршил болж үлдсэн гэсэн үг.

Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя.

Ахыг нас барсныг хүлээн зөвшөөрч, хүнд өвчин маань эдгэрсэн боловч сэтгэл гутрал хэвээр үлдсэн. Би бүх төрлийн бясалгалд хамрагдаж, сургалтанд сууж, сэтгэл засалчид хандаж үзсэн. Энерги засал хийлгэж, төрөл бүрийн шашны арга хэмжээ ч авч үзсэн. Гэвч сайжралыг олоогүй бөгөөд гутрал улам даамжирч байсан юм билээ. Эхэндээ сэтгэл гутралд өртсөн гэдгээ мэдээгүй. Төрөл бүрийн ядаргааны эсрэг эмчилгээ хийлгэж байсан ч үр дүн өгөөгүй.  

Харин эмийн эмчилгээ хийлгээд нэг их удалгүй хэвийн амьдралдаа орсон. Тухайн үед сэтгэл гутралын талаар монгол хэл дээр дорвитой мэдээлэл байхгүй байсан учраас англи, солонгос хэлээр уншиж судалж учрыг нь олж байлаа. Энэ нь сэтгэл судлалын шинжлэх ухаанд дурлах болсон шалтгаан. Бие, сэтгэлийн шаналалыг өөрийн биеэр давж үзнэ гэдэг сэтгэл судлаач хүнд хамгийн үнэтэй туршлага шүү дээ.

Ядаж л сэтгэл гутралын үед ямар ч зөвлөгөө нэмэргүй, наад тал нь сэтгэл засал хийх шаардлагатай гэдгийг өөрийн биеэр мэдэрч үзнэ гэдэг том давуу тал. Сэтгэл судлалын зарим онолыг өөрийн биеэр мэдрээд туулах боломж олгосон нь бараг бурхны бэлэг гэж боддог.

-Сэтгэл гутралыг хүндрүүлэлгүй эрт танин мэдсэн нөхцөлд өөрөө эмчлэх боломжтой юу?
-Сэтгэл гутралыг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэж ангилж үзэж болно. Хөнгөн сэтгэл гутралыг хүн өөрийн сэтгэлийн тэнхээгээр ялж болох юм. Хүндэвтэр сэтгэл гутралыг сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчийн тусламжтайгаар ялан дийлж болно. Харин хүнд сэтгэл гутралыг сэтгэцийн эмчийн тусламжтайгаар эдгээнэ. Мэдээж сэтгэцийн эмч нар эмийн эмчилгээ хийнэ. Эмийн эмчилгээнээс айгаад байх хэрэг үгүй. Тархинд дутаад байгаа серотонин буюу аз жаргалын гормоныг тэнцвэржүүлж л өгдөг юм. Эмийн хамааралтай болно гэж айгаад байна гэж хэлдэг хүмүүс бий. Тиймээс сэтгэл зүйн эмчилгээнд эм хэрэглэхээс айх хэрэггүй. Эмийн эмчилгээний зорилго нь тархины эсийн серотонин ялгаруулах төрөлхийн чадварыг л сэргээхэд оршдог.

-Сэтгэцийн эмчид хандах ёстой гэж байгаа ч хүмүүс хаана хандахаа тэр бүр мэддэггүй. Ямар шат дараалалтайгаар хэнд хандаж болох вэ?
-Хэрэв та сэтгэл гутралаа хөнгөн буюу хүндэвтэр зэрэгтэй гэж үзэж байгаа бол сэтгэл зүйч юм уу сэтгэл засалчид хандаж болно. Харин хүнд сэтгэл гутралтай бол сэтгэцийн эмчид хандана. Нэн түрүүнд дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандах ёстой. Дүүргийн сэтгэцийн эмч хаана суудгийг мэдэхгүй бол өрхийн  эмчээсээ асууж болно. Сэтгэл гутралын зэргээс хамаараад дүүргийн сэтгэцийн эмч өөрөө эмчилнэ эсвэл СЭМҮТ буюу сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлнэ.

Халуурч байгаа хүнд эм уулгадаг шиг хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралтай нөхцөлд эмийн эмчилгээ хийдэг гэдгийг дахин сануулъя. Сэтгэл гутрал бол бодитой өвчин. Таньд сэтгэл зүйн тогтворгүй байдал, сэтгэл гутралын шинж тэмдэг илэрч байгаа бол харъяа дүүргийнхээ сэтгэцийн эмчид хандаарай. Хүмүүс сэтгэцийн эмчээс зугтааж явсаар цаг алддаг. Өөрсдөө стгэл гутралтай маш олон янзаар тэмцдэг. Бясалгал хийж,  сургалтанд явж, сэтгэл зүйчтэй уулзаж байгаа харагддаг. Та аль болох эмийн бус аргаар тэмцээд үр дүнд хүрээгүй бол сэтгэцийн эмчид хандах цаг болжээ гэсэн үг.

-Ярилцсанд баярлалаа. 

Сэтгүүлч Б.Бадамцэцэг

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин