Сэтгэлийн боловсролд суралцсан түүх
“Юм сурах хамгийн сайн арга бол бусдад түүнийгээ зааж өгөх” гэж нэгэн нэрт сурган хүмүүжүүлэгч хэлснийг миний түүх дахин нотлов.
“Сүлжээчин” болсны ач тус
“Вижин интернейшнл пипл групп” гэдэг сүлжээний компанийн бүтээгдэхүүн Монголд орж ирээд удаагүй байхад 2000 онд дистрибьютерээр элсэж, үнэхээр өндөр боловсролтой, эмч мэргэжилтнүүдэд орчуулагч хийж, бүх сургалтад нь оролцож явсаар Удирдах Зөвлөлийн дарга нь хүртэл болж, өөрөө лекц ярьдаг болсон юм.
Өөрсдөө идэж, борлуулж байсан хоолны биологийн идэвхт нэмэгдэл тэжээлийг сурталчлах явцдаа хүн яагаад амин дэм, эрдэс, эслэг, ашигтай бактериудаар хоолоо баяжуулах шаардлагатай тулгараад байгаа тухай өндөр мэргэжлийн оюунлаг хүмүүсээс сонсож, сүүлийн үеийн судалгаа, эрдэм шинжилгээний бүтээлүүдээс манай мэргэжлийн хүмүүсээс ч түрүүнд уншиж танилцах завшаан тохиосон юм.
Сүлжээний компани гэж сонссон хүний толгойны нь үс босдог байдал одоо Монголд овоо багасч байх шиг. Хорин нэгдүгээр зууны бизнесийн технолог гэж эдийн засагчид хүлээн зөвшөөрсөн энэ аргыг, түүнийг ашиглан бүтээсэн санхүүгийн пирамидаас ялгах хэрэгтэйг дашрамд дурдъя.
Соёлт хүний жирийн хэрэглээ болсон сайн нэмэлт тэжээлүүдийг зөв сонгож хэрэглэх нь чухал ч гэсэн эрүүл мэндийн соёлын үндсэн хэсэг – хооллолтоо гажуудалгүй болгох, биедээ зохимжтой хооллох нь түүнээс дутуугүй ач холбогдолтой гэдгийг тэр үед анзаарсан.
Бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж байхдаа эрүүл мэндийн боловсрол олгох ажил ямар их тулгамдсан асуудал болсныг мэдэрсэн юм.
Вижин компанийн Монгол дахь сүлжээний бизнесийн эрч 2001 оноос суларсаар зогссоны шалтаг, шалтгаан олон байсан ч гэсэн бүтээгдэхүүн нь муу, хортой байснаас огт болоогүй гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй.
Дэлхийд алдартай Францын нэр хүнд бүхий Аркофарма концерний хосгүй технологиор үйлдвэрлэсэн үнэхээр сайн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн олон орны эрүүл мэндийн өндөр боловсролтой сая сая хүнд хүргэж, хүчээ аван эрчимтэй хөгжиж байгаа Вижин компани одоо ОХУ-д №1 компани болж, ОХУ-ын Анагаах ухааны Академи, Эрүүл мэндийн Яамтайгаа хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч болтлоо хүлээн зөвшөөрөгджээ.
Цаг хугацаа хэмээх шударга шүүгч үнэний шалгуураар бүх юмыг ялгаж салгадаг шүү дээ.
Аливаа юм эх үүсвэртэй, учир шалтгаантай.
Улиг болтол яригдаж, олон хүнийг залхаасан зохимжит хооллолтын сэдэв наад зах нь 2000 гаруй хүнд /2003 оноос хойш манай курсэд суусан хүний тоо/ ойлгомжтой болж, хамгийн багаар тооцоход тэдний гуравны нэг нь буюу 1400 хүн өөрийгөө хорлохоо больж, жинхэнэ эрүүл болох замаар тууштай урагшилж, тэднийг зөвхөн биеэ эрүүл байлгахаас гадна хүмүүн болж хөгжих, аз жаргалаа олох бусад аргууд руу хөтөлсөн нэгэн харгуйн эхлэл яалт ч үгүй надаар дамжин “Вижин интернейшнл пипл групп” гэдэг сүлжээний компанийг үүсгэн байгуулагч Дмитрий Аркадьевич Буряктай холбогдоно.
Энэ хүн “Онцсайн Эрүүл Мэндийн сонголт” гэдэг философийг компанийнхаа дистрибьютерүүдийн сургалтад гаргаж ирсэн бөгөөд эрүүл мэндийн хариуцлагатай болох сонголт хийхэд нь хувь хүнийг хэрхэн сэдэлжүүлэх /түлхэх, өдөөх/ талаар өвөрмөц бөгөөд тун чухал санаануудыг дэвшүүлсэн нь 2000 онд надад маш их хүчтэй нөлөөлсөн юм.
Дмитрий Аркадьевич Буряк геологч, бизнес хүн. Автомашины ослын улмаас хэвтэрт ороод байснаа эмийн бус аргаар хөл дээрээ боссон төдийгүй бүрэн эрүүл болсноор туулсан билгүүнтэй болсон нэгэн. Мөнгөөр гачигдахгүй хүн тул боломжит бүх эмчилгээ хийлгэн, эмнэлгээр яваад арга ядаж байхдаа их зүйлийг олж харсан, ойлгож мэдэрсэн гэдэг.
Аливаа зүйлийг шалтгаан нөхцөлтэй нь иж бүрнээр харж, учрыг нь олж чаддаг ховорхон хүмүүсийн нэг байсан тул эрүүл болоход нь тусалсан зөвхөн хүнсний нэмэгдэл бүтээгдэхүүнийг бусдад хүргэхээс гадна амьдралынхаа чанарыг хэрхэн муутгаж байгаагаа олж харах, өөртөө хариуцлагатай байх, эрүүл мэндийн соёлыг эзэмшихийн чухлыг хүмүүст ойлгуулах зорилгоор “Алсын хараа”, “Зөн” гэж орчуулагддаг нэртэй компани байгуулсан байдаг.
Хоолны биологийн идэвхт нэмэгдэл бүтээгдэхүүн нь хүнийг эрүүл байлгах үндсэн арга биш, зөвхөн туслах хэрэгсэл гэдгийг эхнээс нь ойлгуулж, хамгийн гол нь биеэ гамтай эзэмшин, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө танин мэдэх, сэтгэлээ гэгээрүүлэхэд нь хүүхэддээ багаас нь туслахын чухлыг орчин үеийн хүмүүст ойлгуулан таниулж, өвчинтэй тэмцээд байгаа атал өвчин их л байвал оршин тогтнож байдаг, хүнийг нэгдмэл систем гэдгийг авч хэлэлцдэггүй эрүүлийг хамгаалах гаж системтэй болчихсон одоо цагт хувь хүн эрүүл мэндээ бусдад даатгаж найдахгүйгээр хариуцлагатай ЗӨВ СОНГОЛТ хийхэд нь туслах эрхэм зорилготой, эрхэмлэх суртахуунтай эрүүл бизнес эхлүүлсэн энэ хүнтэй биечлэн уулзаагүй ч гэсэн БАГШ минь гэж шүтэн биширч явдаг.
Зөв философи, зөв хандлага, аз жаргалын тухай түүний гайхалтай лекцүүдээс маш хүчтэй энерги мэдрэгддэг байлаа.
Д.А.Бурякийн үзэл санааг хөгжүүлэн бусдад ярьсаар 2 жил өнгөрсний дараа “Идэхийн тулд амьдрах уу? Амьдрахын тулд идэх үү?” ном бичигдсэн. Хоёрхон сарын дотор “нэг амьсгаагаар” биччихсэн.
Одоо бодож байхад өөртэйгээ танилцах сургуульд орж, бэлтгэл ангиа төгссөний нотолгоо болгон курсийн ажлаа ингэж бичихийг дотор хүн минь зөвшөөрсөн юм шиг санагддаг.
“Чиний өрөөсөн дугуйнууд олон байна. Ойлгосон хэмжээндээ тэдний заримд нь хэлж өг” гэж эхний хөнгөхөн тунг найруулуулсан мэт.
Номоо хэвлүүлчихээд бас ч гэж сэтгэл хангалуун байсан шал түүхий миний суралцах ажил дараах байдлаар үргэлжилсэн.
Энэ бүхнийг тоочин бичиж байгаа нь их учиртай. Уншигч Та зүгээр л санамсаргүй тохиолдлоор энэ номыг уншиж байгаа юм биш!
Унших ёстой учир, Та сэтгэлийн /Сүнсний/ хөгжлийн зохих түвшинд хүрсэн учир, энэ зэргийн мэдээллийг зөвхөн оюун ухаанаараа биш, бас сэтгэлээрээ ойлгож, тэр мэдлэгээ ажил болгох суурьтай, эсвэл сууриа тавих цаг нь ирсэн учир Та бид хоёр учраад, би Танд түүхээ, туршлагаа, нандигнаж явдаг олзоо, аз жаргал хэмээх амтат жимс ургуулсан өөрийн аргаа аминчлан хэлж өгч байгаа нь энээ.
Уг нь ном товчхон, нимгэн байвал хэвлэх үнэ ч хямд л даа. Олон хуудас бичвэл их мөнгө авдаг байсан социализмын үе биш шүү дээ.
Тиймээс зайлшгүй хэрэгтэй учир орхиж болохгүйг нь мэдсэн зүйлээ дамжуулж байгаа сэтгэлийн минь энергийг мэдрэх боломжийг сэтгэлдээ олгоорой. Оюун ухаан заримдаа буруу дүгнэлт хийж, сэтгэлд саад болдог шүү!