Сэтгэлгээний загвараа өөрчилье
13 жил, 1 сар өмнө

Бид яаж сэтгэдэг вэ?

Таван мэдрэхүйгээрээ хүртээд-ойлгоод-итгээд-үйл болгоод-үр дүнд хүрдэг. Дотроо маш олон зөрчилтэй ч энэ загварын сэтгэлгээ чамлахааргүй үр дүн авч ирсэн энэ тухай хойно ярилцъя.

Одоо сэтгэлгээний зөрчлийн тухай хэдэн баримт дурьдая.

Энэ нь муулахын тулд бус сэтгэлгээний загвараа өөрчилөхөд тус болохын үүднээс юм. Бид бага сургуулиас дөрвөн аргын тоо заалгасан. Түүнийгээ туйлын, ямарч маргаангүй зөв гэдэгт итгэсэн. Үүнээс өөрөөр байх боломжийг харах мэлмийг сохолж, тунгаах ухааныг ширгээсэн. Тийм болохоор бид тэр жаахан зөрчлийг олж шийдэх нөхцөл бололцоогоо алдчихжээ. Тийм болохоор жаран настай доктор профессор ч гэсэн нэгэн нэгийн гэдэгтээ харанхуй итгэсээр л явдаг. Энгийн математикт халзан хонь нь баруун гар талд нь байна уу? Хар хүзүүт нь баруун гар талд нь гарчихна уу? Ялгаагүй хоёр л хонь байна гэх мэт.

Нэмэгдэхүүний байрыг сольсноос нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх мэт. Хөөрхөн тодорхойлолт, тодотголууд бий. Гэхдээ зарим зөрчилтэй. Нэмэхээс үржүүлэх нь тоог идэвхитэй, хязгааргүй олноор нэмэгдүүлдэг гэдэг. Энэ нь нэгийн хүрдний эхнээс л зөрчилдөг. Жишээ нь: 1*1=1, 1+1=2 энэ тохиолдолд нэмэх нь үржүүлэхээс илүү олшруулж байна. 2*1=2, 2+2=4, 3*1=3, 3+3=6 гэх мэт нэгийн хүрд бүхэлдээ зөрчилтэй юм. Хоёрын хүрдийг аваад үзэе 2*1=2, 2+2=4 дээрх баримт батлагдаж байна. Нэмэх үржүүлэх 2 үйлдлийн адил байгаа биздээ. Багш бидэнд эдгээрийн учир шалтгааныг хэлж өгөөгүй яагаад гэвэл багшийн багш өөрт нь хэлж өгөөгүй. Зүгээр л зөв гээд мухар сохороор цээжлүүлчихсэн. Бид өөрсдийгөө сохор итгэлийн сэтгэлгээтэй гэж үзэж болох нь ээ. Уул нь бид, ойлгоод, итгээд... гэсэн дарааллаар сэтгэдэг биш билүү. Тийм болохоор бид буруу ойлголтын, дутуу ухаарлын сэтгэлгээтэй юм.

Дахиад хэдэн жишээ дурдъя: Энгийн математикийн нэмэх арга ч гэсэн зөрчилтэй хоёр шилэн аяганд дүв дүүрэн ус хийгээд ширээн дээр тавь, нэгэнд нь 0,5 см куб сахар нөгөөд нь сахарын ширхэгтэй том жижгээрээ адил элс хоёрыг ширхэг ширхэгээр авч зөөлөн хийж дуусга. Ус шилэн аяга дүүрэн бялхам учраас давж асгарсаар 0.5см куб ус аяганаас асгарах ёстой. Элс хийсэн аяганаас яг ийм хэмжээний ус асгардаг. Дээрх таамаглал буюу нэмэх аргын үр дүн зөв гарч байна. Гэтэл сахар хийсэн аяганаас молекул ус ч асгардаггүй яагаад вэ? Нэмэх аргын энэ зөрчилийг багшаасаа асууцгаая. Бас нэг жишээ: Нэг литр усыг, нэг литр спирттэй хольвол 2 литр болох ёстой. Гэтэл тэгдэггүй. 1990 гаруй мл холимог болдог. Яагаад вэ? Бас л багшаас асууя эсвэл өөрөө бодож тунгааж олоё.

Биологид бол бүрч их зөрчилтэй. Бид маш олон Яагаадыг тойрч гарсан, эсвэл үзээгүй хүн болж алхаж гардаг байснаас бараг бүх шинжлэх ухаан түр зогсолтонд орж онол сургааль нь дампуурлаа. Матерлизм, коммунизмтайгаа хоёул худлаа боллоо. Физикийн шинжлэх ухаан бөөмөн долгио, долгио бөөм хүрээд судлагдахуунаа алдлаа. Анагаах ухаан эсийн хашаанаас гарвал төөрөхөө мэдээд алмайран зогслоо. Биологи молекулын түвшин хүрээд зам ерөөсөө төөрөв. Сурган хүмүүжүүлэх ухаанд боловсролын хэсэг бусагхан мананд зүг чигээ алдаад мөн чанараа гээлээ. Хүн төрөлхтөн эд мөнгө, эрх тушаалын төлөө тэмцэлд орохын тулд хүн чанараасаа татгалзлаа. Орчин үе товчдоо иймэрхүү төрхтэй болжээ.

Бидний сэтгэлгээний загвар салаа салбар бүхэндээ уналтанд орсоор байхад, салж салгаж бутаргасаар л байна. Анагаах ухаан хүнийг хаа гуяар нь салгаад нэг нэг мэргэжил болгоод барьчихсан. Одоо цаашдаа эсээр, молекулаар нь салгах л үлджээ. Бид тасархай үзэлтэн болжээ. Одоо яах вэ гэсэн асуултын хариулт нь сэтгэлгээний буруу загвараа өөрчил гэсэн ганцхан дүгнэлт гарна.

Харин яаж өөрчилөх вэ? гэсэн асуултанд хариулт өгөхийн тулд хүн бүр тунгаан бодож шүүн ярилцах хэрэгтэй. Ухаан төгс өвөг дээдсийн мартагдсан гүн ухаан, арга билэгийг ч судлах хэрэгтэй. Яагаад заавал арга билэг байдаг билээ. Монголын уламжлалт гүн ухаан орчлонгийн үүсэх, хувьсах жам ёс шиг өөрөө төрж төгөлдөржсөн юм. Арга билэгийн номлолоор бол бүх юм 2 юмнаас бүтдэг. Орон зай- дүрс, амьгүй- амьтай, эр-эм, нэмэх- хасах гэх мэт. Тийм болохоор хоёр юм ч гэж бас үгүй. Шүтэн барилдсан гуравдагчаар илэрнэ. Н2О-ус болохоос биш устөрөгч, хүчилтөрөгч 2 биш, бие-сүнс нь хүн гэсэн амьд оргинал дүрс юм. Арга билигийн ухаан Монголд үүсч онол үзэл нь төгс боловсрогдоод өрнө дорно руу хэрхэн зөөгдсөн тухай нууцын хураангуй номд баримт түшиглэн өгүүлсэн буй. Арга билигийн ухааны давуу тал нь аливааг танихын тулд арга талаас билэгийг нэвт, эсвэл билэг талаас нь аргыг мөрдөн судлах боломжтой. Гэхдээ энэ ч бүрэн дүүрэн хангалттай бус яагаад хэмээвээс аргыг таньсан ч билэгт төөрдөг, билэгийг оновч аргад нь будилдаг хоёуланг хослон ухааравч барилдлагад нь бүдэрдэг. Тэгэхлээр арга билэг хоёрыг судлахдаа шүтэн барилдлагад тулгуурлах нь ойлгомжтой байгаа биз дээ. Сэтгэлгээний загвараа өөрчилье гэж бодонгуут, хэлэнгүүт өөрчлөгдөхгүй их хичээл зүтгэл ч хангалттай биш. Нарийн дэс дараалалтай зөв үйл ажиллагаа маш чухал.

Мэдлэг эзэмших үндсэн гурван арга байдаг. Нэгдэх нь таван мэдрэхүйгээр хүлээн авах. Хүүхэд эхээс унангуут энэ 5 сувгаар мэдээлэл мэдлэг хуримтлуулж эхлэдэг. Хоёр дахь нь туршил зүйн арга. В.И.Ленин танин мэдэхүйн шалгарсан арга гэх утгаар хэлсэн байдаг. Үндсэн энэ 2 арга нь өнөөдрийн шинжлэх ухаануудын тулгуур болж байна. Гэтэл шинжлэх ухаан хөгжсөөр тулгуураа алдчихлаа шүү дээ. Эгэл бөөмсийг задалсаар байтал үзэгдэхээ болилоо. Туршил хийх боломжгүй тулчихлаа. Одоо яах вэ? Эрэл хайгуул хийхээс өөр арга зам үгүйг ойлголоо. Шинжлэх ухаанууд улам нарийсч нэгдэн нягтарч хосолж байна. Нано технологийн шинжлэх ухаан, нейроквант физик, психо- гео- физик гэх мэт тоочоод барашгүй. Шинжлэх ухааны төрөлжиж нарийссан салбарууд ойртон хавсарсан нь санамсаргүй хэрэг бус. Цаад судлагдахуун нь тодорхой түвшин хүрээд, мөн чанараараа нэгдэн нийлснээс болж байгаа юм. Тэглээ ч олигтой үр дүнгүй байна. Учир нь урьдах шинжлэх ухааны арга туршлагад тулгуурладаг учраас тэр юм. Ийм болохоор танин мэдэхүйн гурав дахь үндсэн аргад шилжин орох нь зайлшгүйг бидэнд ухааруулж байна. Танин мэдэхүйн буюу мэдлэг эзэмдэхүйн туйлын дээд арга нь одоохондоо “Туулах” арга юм. Энэ талаар эрэл хайгуул хийсээр Германы эрдэмтэн Хаккен Синергетика шинжлэх ухаануудын ерөнхий зүй тогтлыг илрүүлэх зорилгоор ийм салбар чиг санаачилжээ. Дүрст оршихуйн нийтлэг чанар нь загварчлалын нэг хуулинд захирагддаг.

Орчлон ертөнцийн 1011 галактикууд төвөө тойрон эргэлддэг. Тэдний бүтэц хэсэг бүлэг ба нэг од, атом молекул ч төвөө тойрон эргэлддэг. Манай галактик, манай нарны ертөнц, манай дэлхий, электрон, бөөм бүгд төвөө тойрдог. Тэр ч байтугай хүний эрхтэн, эрхтэн бүрийн эс төвөө тойрон эргэлддэг. Өнөөдөр эрдэмтэд дүрсийн дуализм гэж ярьж бичиж байна. Бөөмөн долгиог материаллаг чанартай, долгио бөөмсийг хоосон чанартай гэж үзэж байна. Уул нь тийм бус юм. Харин дүрс бүхэн хоосон чанартай. Хоосон орон дүрс чанартай гэж үзэх ёстой биш ерөөсөө тийм юм. Орчлон ертөнцөд гурван орон байгаа юм. Дүрст орон, зааг буюу тэг орон, хоосон орон гурав шүү дээ. Дүрс хосолмол гурвал чанар байгаа гэдэг нь танд илэрхий боллоо. Бөөмөн долгио зөвхөн материаллаг чанартай бус бас хоосон чанартай. Хоёр чанарыг агуулсан учир зааг чанарч бас түүнд байгаа. Сэдвээсээ баахан хазайчихлаа гэж та бодож байна уу. Үгүй шүү. Орчлонт ертөнцийн тогтцын бүтэц бүрэлдэхүүн, тэдгээрийн барилдлагыг ойлгохгүйгээр, сэтгэлгээний загвараа өөрчлөх эрмэлзлэл, зорилго хүч бүрэлддэггүй юм. Тийм учир энэ тухай жаахан тайлбар бичлээ. Бидний сэтгэлгээний загвар мэдрэхүйн эрхтэнээр хүртээд ухаарч ойлгоод, ажил болгоод үр дүнд хүрдэг. Энэ арга өнгөрсөн 2000 гаруй жилийн хугацаанд дүрсийг танин мэдэхэд, нэг л хэсэгтээ боломжтой байжээ. Бүх шинжлэх ухаан судлагдахуун дүрсээ алдахаараа өөрийгөө ч мөн алдаж байна. Дэлхийн шилдэг эрдэмтэд гарц хайж байна. Шинжлэх ухаан ч байр сууринаас шинэ арга зам олвол сайн хэрэг үүнийг хүлээгээд бид зүгээр суух гэж үү. Өвөг дээдэс арга билэгийн ухаан, тарнийн ухааны онол арга зүйг олж бидэнд өвлүүлсэн “Билэг зүй” танин мэдэхүйн аргыг эзэмдэх хэрэгтэй гэж боддог. Энэ түвшиний сэтгэлгээний загвар нь бишрээд- итгээд- үйл болгоод- үр дүнд хүрч- ойлгох юм. Бидний хүлэгдсэн сэтгэлгээний загварын торноос үнэлэлт дүгнэлт өгвөл үүн шиг солиотой юм орчлонд үгүй мэт санагдана. Танд ингэж бодогдож байгаа биз гэхдээ ийм л байгаа юм. Энэ тухай хойшид арай дэлгэрэнгүй өгүүлье.

Хандын Цэрэндорж "ДЭЭД ЭРҮҮЛ МЭНД" номоос