Суурьгүй байшин
13 жил, 4 сар өмнө

Монголын Төмөр замын хүүхдийн байгууллагын захиалгаар төмөр зам дагасан цэцэрлэгийн эрхлэгч, багш, ажилтнуудтай Стрессгүй амьдарцгаая” сэдвээр ярилцах боломж гарлаа.

Ярилцлагын үеэр бид нар бүгдээрээ үнэхээр их стресстэй байна гэж байсан хүмүүс стрессийн зэрэглэлийг тогтоох тестээр ямар ч стрессгүй амьдарч байгаа нь тогтоогдлоо. Ингээд тэд стресс гэж ойлгоод байсан зүйлээ өөрөөр харахаар боллоо.

Миний хувьд улс орны ирээдүйн эздийн суурь хүмүүжлийг тавьж өгч байгаа сургуулийн өмнөх боловсрол олгодог хүмүүс стрессгүй ажиллах нь юу юунаас чухал гэж бодож явдаг. Хүний хүн болох төлөвшлийн 70 хувь нь 7 хүртлэх насанд тогтдог болохоор бид үүнд их анхаарах ёстой.

Бид ажил хийх чадвартай, мэдлэгтэй хүн, мэргэжилтэн гээд л насанд хүрчихсэн хойно нь хүмүүсийг өөрчлөх сургах, мэргэшүүлэх тухай их ярьдаг. Харин тэр хүний бүх насны амьдралын 70 хувийг шийдддэг сургуулийн өмнөх боловсролын асуудлаар ярьдаг хүн хэд билээ?

Энэ тухай яриад ирэхээр эвэртэй туулай үзсэн мэт болдог мэргэжлийн хүмүүс ч бий. Үгүй дээ л бидэнд өнөөдөр цэцэрлэгт яваа хүүхдээ юун дээр суулгаж ямар орчинд байлгах вэ гэсэн орчны стандарт ч байхгүй шүү дээ. Үүнийг хийх тухай ярихаар мэргэжлийн хяналтын байгууллагын нөхдүүд бид үүнийг чинь хийчихсэн, одоо батлуулах л үлдээд байна гэдэг. Үнэхээр хийсэн зүйлийг нь үзэхээр 20 жилийн өмнөх бичиг баримтуудаас хуулаад тавьсан 22 хуудас материал бий нь үнэн. Даанч түүн дээр батлаад тавьчих, баталсан хойноо мөрдөөд явчихаар зүйл бараг үгүй байсан.

Бид хичнээн тансаг өндөр барилгууд бариад суурь муутай бол улсын комисст өгөхөөс өмнө нураад унадаг туршлагыг нүдээрээ үзсэн хүмүүс. Энэ алдаагаа хүн ардынхаа оюун ухаан дээр үл анзаарагдам байдлаар туршаад байгаа нь уйтай.