СУДАЛ ЛУГШИЛТЫН ЯЗГУУРУУД ОНОШ ЗҮЙД ХОЛБОГДОХ НЬ
13 жил, 1 сар өмнө

Судлын лугшилт нэг зүйл биш бие биенээ нөхцөлдүүлсэн солигдошгүй дэс дараалалтай тус тусдаа олон шинж илэрхийлэлтэй цогц нэгдмэл бүрдэл байдаг. Лугшилтын язгууруудыг судлын хоосон тайван байдал сэрж эхлэхээс эхэлж хоосон тайван байдалд шилжих үйлээр дуусгана. Судал лугшилт нь ирэлт, түрэлт, түлхэлт, буцалт, харилт, завсарлага, алхам, багана, гэх мэт наад захын найман язгуурыг ялгаж салгаж ойлгож ухаарч мэдэрч ялгаж суралтай.

Ирэлт нь судасны ханын хоосон, тайван, завсарлага, өөрчлөгдөж лугшилтын анхны дохиоллыг хэлнэ. Энэхэн хормыг хурууны өндгөөр мадаггүй анзаарч мэдэж сурвал судлаа барьж дараагийн язгууруудаа ялгах боломж жолоог барих нь тэрээ. Энэ язгуурыг ялган салгаж мэдэж мэдрэхгүйгээр судал сарних, шургах, замхрах, буцах зэрэг олон эмгэг шинжүүдийг ялгаж чадахгүй.

Түрэлт гэдэг:  Судасны ханыг тэлэн хурууны өндгөнд анхны мэдээлэл ирж алгуур өсч дээд цэгтээ хүрэх агшныг хэлжээ. Түрэлт нь огцом, алгуур, зоримог, хүчирхэг хатуу, зөөлөн, дүүрэн, дундуур олон янз байдаг. Бидний ажиглалтаар гол судасны хавхлагын дутуу хаагдлын үед хэт огцом түрэлттэй байхад бөөрний аяганцарын үрэвсэлийн үеийн даралт ихсэх хам шинжийн судлын түрэлт алгуур дунд гэж болохоор байхад түүдгэнцэрийн үрэвслийн даралт ихдэх хам шинжийн үеийн судлын илрэлт дүүрэн алгуур байсан. Гол судасны цоргын нарийслалын үед алгуур урт нарийн ирэлт ажиглагддаг. Энэ бүхэн нь зөвхөн бидний хурууны мэдрэмжийн төдий юм гэдгийг мэргэн уншигч танд өчье.

Түлхэлт нь судлын түрэлтийн эцсийн хором буцах агшны өмнөхөн үед тохирно. Судлын түлхэлт нь нүдэнд харагддаг. Түлхэлт халуун, хүйтэн, тоншсон, нөмөрч углагдсан, тогтож түрсэн, огцом, хүчтэй, сул гэх мэт их олон янз байх юм. Гол судасны хавхлаасны дутуу хаагдлын үед огцом хүчтэй байхад даралт ихтэй хүний судлын лугшил алгуур хүчтэй ажиглагддаг.

Буцах үе гэдэг судалын түлхэлтэнд дээд цэгийн дараахан мэдрэгдэнэ. Харих үеийн толгой юм шүү гэж Жанцан багш нэг удаа анхааруулж билээ. "Харих үеийн толгой" айхтар оносон нэр гэж боддог. Харилт гэнэт, богино, хоргодсон гэж гурван янз юм. Харилт нь түрэлтийнхээ хугацаатай тэнцүү байдаг. Тухайн өвчтөний судлын лугшилтыг зураглан үзүүлбэл:

 

1.  Ирэлт                                5. Харилт

2.  Түрэлт                               6. Завсарлага

3.  Түлхэлт                             7. Багана

4.  Буцалт                              8. Алхам

Судалын лугшилтийн ирэлтийн цэгээс харилт дуусах хүртлэх зайг лугшилтын алхам гэнэ. Бөөрний архагдуу    үрэвслийн өвчнүүдийн даралт ихсэх  гэх мэт шинжүүдийн үед судалын алхам уртасч багана намсах нь ажиглагдсан. Судалын лугшилтын нэг язгуур хэдэн өөрчлөлтөөр илэрч   болно. Тэр өөрчлөлт нь судлын бусад язгуурыг өөрчлөх нь ч мэдээж юм. Энэ бүхэн олон янз эмгэгшлийн  илрэх  шинж байдаг.  Лугшилтын  нум дүүрэн,  цалгисан, олгойдсон, эрчилсэн, түлхсэн, цохисон, өтгөрч булингартсан зэрэг олон янз байдаг. Энэ бүх шинжүүдийг их удаан хугацаанд олон дахин, сайтар болгоон, мэдэрхүй, мэдрэмж ойдоо тогтоон барьж байнгын бодол эргэцүүллээс эхлээд бясалгалаар хөөн тунгааснаар мадаггүй таньж сурна. Та ч ялгаагүй сайн сурна.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос