СУДАЛЫН ЦЭГИЙН ОНООТЫН ТУХАЙ
Цул сав хоёр эрхтэний судалын цэг нэгэн хурууны өндгөөр дарж мэдэрдэг цаад учир шалтгааны талаар эрдэмт мэргэдийн бичиж нийтэлсэн зүйл ховорхон, товч төдий дурьдсан байдаг. …Цул сав эрхтэний -эмгэг мэдээлэгдэх цэгүүдийг оноосон байдлыг тунгаавал;
1. Эрхтэнүүдийн үйлийн нэгдмэл төстэй талыг харгалзсан байна. Элэг-цөс, бөөр, давсаг цөс, шээс ялгаруулж хадгалж дараагийн шат руу шилжүүлдэг. Энэ дөрвөн эрхтэн үйл зүйн хувьд нэгдмэл, байрлалын хувьд дараалсан юм. Уушиг, олгой хоёр нь биеийн дээд доод хоёр хөндийн гадагшлах хоёр амсар болдог. Бас хоёул дотоод бохир хийг хоёр тийш гаргах үйл зүйн хувьд ч нэгдмэл юм. Бүдүүн гэдэс биеийн доторхи илч хийг боловсруулан түгээдэг. Уушиг гаднаас авсан хийг түгээхийн хамтдаа дотоод нарийн хийн үйлдлийг тэгшитгэдэг. Үүнд нь илч хий ч хамаарна. Энэ хоёр эрхтэн нь дараалсан хоёр эрхтэнээс ч илүү далд дамын нарийн үйл ажиллагааны уялдаатай.
Зүрх нарийн гэдэс хоёр нь огт төсгүй мэт санагддаг. Сайтар тунгаавал их нарийн учир жанцантай ажээ. Хоёулаа биеийн төвд. Гэхдээ бясалгалын гэрэлт төвийг түшиглэн зэрэгцсэнээрээ бусад эрхтэнүүдээсээ ч илүү ойр дот болой. Үйл зүйн хувьд зүрх цусыг өөртөө татан авч бүх биед түгээдэг.
Нарийн гэдэс хоол ундыг боловсруулж цус тунгалаг руу түгээдэг. Байршил, үйл зүйн хувьд ийм. Дэлүү цусыг боловсруулна. Байршлын хувьд зэрэгцэн оршино. Эрхтэнүүдийн байршил үйл, зүй, мах бодь зэрэг олон тест талыг харгалзаж судсаар онош таних орон цэгийг тогтоожээ. Энэ талаар доктор Дагданбазар эрхтэнийг цусаар хангах тараагуур судасны дараалалтай холбон тайлбарласан бий. Бас үр хөврөлийн гарвал орон ч холбогдолтой гэдэг их сонирхолтой санал дэвшүүлсэн. Үр хөврөлийн үүсэл гарвал, үйл ажиллагааны нэгдмэл тал. Байр, орны ойр дөт ба төстэй чанар ижил мах бодь тэжээгч судасны дарааллын тохирол зэрэг олон чанараар судлаар эрүүл эмгэгийг тогтоох орны нь олжээ. Хамгийн гол зүйлүүд нь энэ биш ч байж болно. Хосломол цул сав эрхтэнүүдийн дотоод нарийн хийн илч хийн гүйдлийн сүв сувгуудын нэгдмэл нь гол тулах цэг тулгуур бодилог чанар нь ч байж болно.
Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос