СУДАЛЫН ДАЛД МӨН ЧАНАР
13 жил, 1 сар өмнө

Судалын лугшилтын далд мөн чанарыг мэдэхийн тулд түүний гадаад шинжийг алдалгүй танихаас эхлэнэ. Уламжлалт анагаах ухаанд халууны судас эрчтэй гэж бичсэн байдаг. Цус судсаар шулуун бус эрчилж, мушгирч урсдаг байх нээ. Хэвийн үед энэ эрч судал барихад төдий л анзаарагддаггүй. 1983 онд В.В. Купирянов зүрхний зүүн ховдолын гадна доторх тууш булчингийн ширхэг ташуу ороосон маягтай байдгаас зүрх агшихдаа мушгирах хөдөлгөөн хийдгээс цус зүрхнээс эрчилж гардаг гэж мэдээлсэн. Бас тараах судасны булчинлаг давхарга ч мөн ороомгон байрлалтай. Ороомог нь зүрхэнд ойр талдаа 85° холдох тусмаа ороомог нь 60° -50° -40° гэх мэт алгуур багасдаг. Судасны энэ бүтэц зүрхнээс эрчлэн мушгирч ирэх цусны хөдөлгөөнийг цааш дэвэргэн үргэлжлүүлдэг. Бүтэц зүй, үйл зүйд нээгдсэн эдгээр бодит байдлууд нь халууны судал эрчтэй гэсэн монголын уламжлалт анагаах ухааны билгийн танин мэдэхүйн үнэнийг баталгаажуулсан нь болой. Цус тараах судсаар урсахдаа шугаман давших, ороомгон эрчлэх, хоёр хөдөлгөөн хийдэг. Цусны ороомгон хөдөлгөөн ямагт нэг чиглэлтэй байдаг уу? Эсвэл эрэгтэй нь арга нар зөв, эмэгтэйнх нь билэг нар буруу эргэлт хийдэг үү? Цусны урсгал судалдаг" Геморелогия" ухаан судасны салаагаар цусны эргэлдэх хөдөлгөөн ямар байгаа тухай үнэн магадтай хариу өгөөгүй байна. Эрдэмтэн Дагданбазар судал барих хурууны байрлал нь гол судаснаас гарч байгаа тухайн эрхтэний тараагуур судасны  байрлалтай тохирч байна. Энэ бол таван цул зургаан сав эрхтэний эрүүл эмгэгийг танин мэдэх бүтэц зүйн үндэс гэсэн сонирхолтой дүгнэлт хийсэн байдаг. Судлаач Бергел тараах судас агшихдаа богиносдогыг ажигласан. Эрэгтэй эмэгтэй хүний зүрхний судлын цэг зөрүүтэй байдаг талаар судлаачид мөн л өөр өөрийн бодол таамаглалаа бичжээ.

Зүрхний цахилгаан байрлалын хязгаарлын хазайлттай холбоотой гэдэг. Цусны эргэлдэх хөдөлгөөн нар зөв, нар буруу байж болно гэж үзэх үндэс ч бас байгаа юм. Хүмүүний бие сэтгэхүй амин орон, оюун ухаан,сэтгэл сүнсний гэрэлт төвийн байрлалтай холбоотой байж болно. Эрэгтэйн гэрэлт төв нь наран судлын тийш, эмэгтэйн гэрэлт төв нь саран судлын зүг арай хандаж байрласнаас болдог гэж үзэх нь илүү зөв байх. Хутагт хувилгаадынх төв ум судалаад тэгш хандан байрладаг. Тийм болохоор дүрс бие, сэтгэхүй, сүнс гурваа тэгш эзэмдэж чаддаг байна. Хүн бясалгалаар дээд үнэнийг, хоосон чанарыг таньж чадвал энэ мэт тэгшрэх ажээ. Пхеньян хотын анагаах ухааны дээд сургуулийн эрдэмтэн Ким-Бон-Хан судасны ханыг дагасан утаслаг ширхэгийг илрүүлсэн тэр ширхэглэг ямагт хосоороо оршиж арьсан доор ээдрээ түүдэг үүсгэдэг гэжээ. Үүнийгээ "Кенрагийн тотолцоо" гэж нэрлэжээ.  Одоо анагаах ухаанд    дотор эрхтэний  гадаад    орчноо тандан  мэдрэх дотогш мэдээлэх талбай хүний алга ба хөлийн ул, чихэнд байдаг нь нэгэнт илэрхий болж тогтоогджээ. Харин энэ дотогш мэдээлэх талбай, дотор эрхтэн хоёр хоорондоо юугаар ямар замаар холбогдож байгааг хараахан олоогүй байна. Кенрагийн тогтолцоо гэгч үүнд ямар нэг хэмжээгээр хариу өгч байгаа юм биш биз. Хэрэв тийм бол дотор эрхтэн гадаад мэдээллэх талбайтайгаа холбогдох зам мөрийн хамгийн их бөөгнөрөх хэсэг нь хоёр шуу юм. Энэ судал барьдаг орон нь эрхтэнүүдээс ижил зайд оршдог төдийгүй бие -сэтгэхүй - сүнс- амин орны гэрэлт төвөөс ч мөн адил зайд байрлана. Наад захын ийм хоёр боломж бүрдсэн орон бугуйн тус газарт судлыг барих орон болгон сонгосон нь оножээ гэж та ч итгэнэ биз ээ. Дотор эрхтэний мэдрэхүйн гадар талбай бол босгосон төмөр шон биш, биеийн чийг, дулаан, үнэрийн орон, соронзон орон, гэрлийн орон, амин цэнэгт давхаргуудаар бүрхэгдсэн байдаг. Тийм болохоор гадаад орчныг шууд мэдэрдэггүй харин гадаад орчны өөрчлөлт нөлөөн дор амин хүрээний хувиралтыг дотогш дамжуулдаг. Үүгээрээ их бүдүүн тойм төдий таван мэдрэхүйгээс ялгаатай бас илүү нарийн далд чанартай юм. Тэр мэдээлэл хүрэх зам нь бидний мэдэх мэдрэл рефлексийн дугуй биш. Одоохондоо Кенрагийн тогтолцоогоор дамждаг гэж л байгаа шүү дээ. Ингэж нарийвчлан тунгаавал судлаар оношлох, билэгдэх / мэргэлэх / эсийн түвшнээс хол хэтрээгүй бүтэц зүй, үйл зүй, эмгэг зүйн үүднээс бүрэн цогц тайлбар өгөх боломжтой юм. Хүний амин орны бүтэц бүрэлдэхүүн, тогтоц, тэдгээрийг тасралтгүй үүсгэгч, тэдний харилцан уялдаа хэлхээтэй. Тэр нь эрүүл оршихуйд хэрхэн нөлөөлдөг яаж эмгэгшдэг, яаж эрүүлждэг зэрэг олон нууц, далд дам хэвээрээ байна. Бясалгагчдын олж тогтоосноор өвчин эмгэг нь тухайн эрхтэнд өөрчлөлт өгөхөөс олон жилийн өмнө амин хүрээнд сарнил өгчихсөн байдаг. Үйлийн номлолоор бол нялхас хүүхдийн өвчин эцэг эхийн амин хүрээний бохирдол /сэтгэлийн сэв, хар хор, хэрүүл маргаан / -оос үүсэлтэй байдаг.

Судалд гарах өөрчлөлт нь зөвхөн эрхтэний биш дотоод элч, хийн гүйдлийн, амин хүрээний өөрчлөлтийн, эдгээрийн барилдлагын хувирлын үүсэл үндэстэй байдаг. Хүний биеийн гадна талд 8-14 нил улаан туяа 8-30 см хэлбэлзэлтэй цацраг 10 герцийн давтамжтай хувьсах орон байгаа нь тогтоогдчихсон зүйл. Италийн эрдэмтэн Лужи Гальвани 19-р зуунд хүний мэдрэлийн эсээр амин гүйдэл дамждагийг нээснээр тээр өмнө өрнийн, монголын өвөг дээдэс хүний биеийн гадуур гэрэлт орон байдгийг мэдчихээд дээд гэгээрэл бурханд хүрэгсдийнхээ хөргийг солонгын өнгөн дотор бүтээдэг байжээ. Хүний биеэс ялгарагч хөнгөн бөөмс судлаар оношлохын нэг чухал үндэс болдогт эргэлзээ алга. Тугалган хана цахилгаан, соронзон долгион, цацраг идэвхт бодисыг нэвтрүүлдэггүй. Харин телепатын дамжуулалтанд саад тотгор учруулдаггүй. Дээр дурьдагдсан баримтуудад тулгуурлавал судлаар оношлох, төлөгчлөх, билэгдэх зэрэгт ямарч саад үгүй тийм болохоор алдаа ч бараг гарахгүй. Тохиолдож буй алдаа эндэл нь дутуу эзэмшигчийнх юм. Хүний бие амин цэнэг төрүүлэгч, өнгө өнгийн гзрэл цацруулагч, амин цэнэгээ ойр холд дамжуулагч, зайнаас хаягдсан эмин цэнэгийг хүлээн авагч, түүнээ танин мэдэхүйн ухамсрын босго хүртэл хуримтлуулдаг зэрэг олон чанар нь бидэнд нэгэнт ил болжээ. Энэ чанарууд нь олон жилийн дараа үүсэх өвчнийдохиоллыг хүлээн авч өөрчлөлт ордог байна. Бас маргааш нөгөөдөр, долоо хоног, сар, улиралд тохиолдох олз омогтой, гай түйтгэр, баяр гунигийн дохиоллыг урьдчилан тусгаж судалд өөрчлөлт орсон байдаг.Энэ тухай "Гайхамшигт долоон судал" номд дэлгэрэнгүй бичсэн бий.

Судал барьж зөвхөн онош тогтоодог бус. Энэ өвчин өөрөө эдгэрэх үү? Явдал мөрөөр засах уу? /идээ ундаагаар илааршуулах уу? Эм тангаар эмчлэх үү? гэх мэтийг судалын байдлаасаа уялдуулан шийднэ. Энгийн хүний уураг тархи хоол хүнс, мөнгө төгрөг, эд хөрөнгө, ажил амьдрал, магтаал зэмлэл гэх мэт эсэн бусан долгион цацаж туйлдаж байдаг. Үүнийг в цацраг гэх ба секундэд хэдэн зуун хэлбэлзэлтэй. Хүн ахуйн дарамтнаас гарч бие, хэл, оюун ухаан сэтгэл, дотоод ухамсрын төвлөрөлд орвол тархины долгион туйлшран давтамжинд шилжинэ. Энэ секундэд арван давтамжтай. Энэ мэт төвлөрлөөс бясалгалд дөхөх аваас тархины хэлбэлзэл буурч тета, дельта хэлбэлзэлд шилжин сансрын хэмд нийлэх боломжтой гэж үздэг. Өөрийгөө ба гүн далдыг танин мэдэхүйн нэн их боломж энд буй. Эмч хүн өвчтөнийг судалаар шинжих эрдэмд насаараа суралцдаг. Гэлээ ч хүний судалыг барих тэрхэн үедээ өөрийн бие, хэл, ухаан, оюун, сэтгэл таван мэдрэхүй, гүн далд мэдрэмжээ хураан туйлшруулж долоон үеийн багш Манал бурхнаа орой дээрээ залан залбирах учиртай. Ингэсэн үедээ л танин мэдэхүйн гайхам үр дүнд хүрнэ.

Х.Цэрэндорж "Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй" номоос