СУДАЛЫН АНГИЛАЛ, БҮЛЭГЛЭЛ
13 жил, 1 сар өмнө

Судалаар оношлох их эртний үүсэл гарвалтай учир олон зууныг ардаа орхиж тэр бүхнээс авахаа авч, эдүгээ бидний эринд мэдлэгийн их сан, туршлагын арвин далай хуримтлуулан авч иржээ. Судалын ангилал бүлэглэлийн талаар ч их зүйлийг өгуулсэн байна. Судалыг ангилж бүлэглэхдээ арга-билэгийнн онолд тулгуурлан түгээмэл ерөнхийгөөс ангид тусгаар руу нарийвчлан хийжээ.

Энэ нарийвчлалд ялгал салгал хийхдээ: - Судалын халуун - хүйтэн, дүүрэн - дунд, хатуу -зөөлөн, хариу - түрэнг, олон-цөөн, хэмтэй-хэмгүй, чанга -сул, өндөр-нам, урт - богино гэх мэтээр арга-билэг чанаруудын хослол эсрэгцэлийг агуулсан байх юм. Их бодилог, маш өргөн хүрээтэй харьцуулваас явцуу хийсвэрлэг чиглэл рүү хандсаар одоо бидний төсөөлөхийн аргагүй судлаар төлөгчлөх ид шидийн гэмээр танин мэдэхүйн цоо шинэ мэдрэмж, хэлхээ, орон зайг нээсэн байдаг. Эр судал нь ирэх дохио тод, харин эрс, лугшилтын нумын алхам урт, багана өндөр, завсарлага уужим байдаг.

Эм судал ирэх дохио намуун, түрэлт уян наалинхай, түрхэлтийн хүч зөөлөн, багана намхавтар завсарлага охорхон байдаг. Саармаг судал энэ хоёрын завсрын шинжтэй байдаг.

Эрүүл гурван судлын аль нь ч эр эм хүнд байж болно. Бүсгүй хүн эр судалтай бол хөвүүн төрүүлэмтгий. Хөвгүүд нь цог заль ихтэй, эрэмгий зоригтой байх билэгдэл гэнэ. Эр хүн эм суудалтай бол эрүүл биетэй төрөлхийн нөөцөө аригтай зарж урт наслахын шинж болдог. Судалын лугшилтын тоог даруй маарамба Лувсан-Чойдог томъёолсон нь: Эрүүл эмчийн амьсгал авах оршоох гаргахад 2:1:2 буюу бүгд 5 байвал тооны хувьд зохицолтой гэжээ. Эрүүл эмч минутанд 12-15 удаа амьсгална. Судалын лугшилт нэг минутанд 60-75 байна. Эрүүл судалын хуч, хэлбэр, хэмжээ тоо зэрэг бусад олон шинж нь даралтын өнгөц, дунд гүн алиндаа ч өөрчлөгдөхгүй. Судал нь биеийн галбир нас хүйс, тарган туранхай, сэтгэлийн байдал зэргээс болоод хувирамхай байдаг.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос