СУДАЛААР ЭРҮҮЛ МЭНДИЙГ ТӨЛӨГЧЛӨХ ЁС
13 жил, 1 сар өмнө

Хавар, зун, намар, өвөл дөрвөн улиралд тухайн улирлаа эзлэн дэлгэрэх эртний судал, өөрийн билэг, чанараар хугацаандаа дэлгэрсэн байх. Эх мах бодитой эрхтэний судал өөрийн хугацааг бүрэн эзэлж завсрын 18 хонот хүрэх. Дэлүүний шилжүүлэх дэлгэрэл тодорхой ирж харих. Хүү мах бодитой эрхтэний судал тогтвортой байх буюу хугацаандаа тосч дэлгэрэх. Нөхөр мах бодитой эрхтэний судал сулралгүй. Дайсан мах бодитой эрхтэний судал хэмээс хэтрээгүй байвал тэр улиралд эрүүл саруул байхын шинж болой. Энэ зургаан харилцааг дөрвөн улиралд нь алдалгүй таньж мэддэг, мэдэрч чаддаг болох нь судлаар оношлох аргын гарцаагүй дайрах зам мөр мөн. Дөрвөн улирлын хорин дөрвөн өвөрмөц харилцааг ялган салгаж таниулах багш нь таван мах бодийн хууль юм. Судлаар оношлох, төлөгчлөх нь маш хичээнгүй, тасралтгүй үйл ажиллагаа шамдсаны үр дүн. Дэлүүний судалын дэлгэрэл аль нэг завсартаа / 18 хоногтоо/ эрт эхлэх, оройтож харих, хэт дэлгэрэх нь бөөр эмгэгшихийн эрт үеийн дохио мөн. Ийм шинж ялангуяа зун, намар өвлийн заагт мэдэгдвэл бүр магадтай. Бөөрний судал эрт дэлгэрэх, оройтож харих, хэт дэлгэрвэл зүрх эмгэгшихийн урьдчилсан мэдээлэл болно. Энэ мэт эрт дэлгэрэх, хоцорч харих, хэт дэлгэрэх, дайрч дэлгэрэх шинж зүрхэнд илэрвэл уушиг, уушгинд илэрвэл элэг, элгэнд илэрвэл ходоод дэлүү эмгэгшихийн дохио гэж үздэг. Ийм эмгэг шинжүүд мэдэгдвэл таван мах бодийн хуулийн харилцаагаар судалыг харьцуулан шинжиж эмгэг өвчин өөрөө илаарших уу?, Эм, дом, бариа засал хийх үү? Эмгэг илааршихуй хялбар уу? Бэрх үү? гэдгийг тогтооно. Жанцан багшийн ярьсан нь:

" Ирэх улирлын эрүүл мэндийг тогтоохын тулд нөхөр, хүүн судалыг шинж. Энэ улирлын байдлыг дайсан судалаар үнэл гэж эцэг хэлж байсан. Ер нь дайсагнах судалын дайн ч дэлгэрэх нь гэнэтийн өвчнийг зөгнөдөг. Хэт дэлгэрэх, хоцорч харих нь архаг өвчний сэдрэхийн дохио болох шиг санагддаг" гэжээ. Үүнийг дурьдахын учир миний номд бичигдсэн зүйлүүд хөдөлгөөнгүй батлагдаж нотлогдсон бус бодол, эргэцүүлэл гэдгийг ухаараасай гэснийх юм. Таны оюун ухаан, сэрэл мэдрэмжийг хөдөлгөн, хөгжөөх сэр сэр салхи төдий юм шүү хэмээн хүлцэл өчье. Аль нэг эрхтэний судалд эмгэг мэдрэгсэд мунхаг руу сарвайх хэрэггүй. Бусад эрхтэний судалыг харьцуулан үз. Тэр эрхтэний чинь эх мах бодитой судал цагтаа эхэлж цагаа бүрэн эзлэн дэлгэрч, хүү судал нь хэвийн байсаар товч дэлгэрэх, нөхөр судал хэвийн буюу дэлгэрэнгүй цоглог, дайсан судал эрчимжихгүй байваас тэр эмгэг аяндаа эдгэрч болно. Хоол хүнсний гам хийж явдал суудал, зам мөрийн засал хйивээс урхаггүй илааршина. Аль нэг улиралд дайсан махбодитой эрхтэний судал дэлгэрч байвал тухайн улирлаа эзлэн билэг чанараар дэлгэрэх эрхтэнд хүнд өвчин тусч буйн шинж. Хүү мах бодитой эрхтэний судал тосч дэлгэрвэл бие махбодийн эрчим гоц сайн байгаагийн шинж. Улиралдаа нөхөр мах бодитой эрхтэний судал зэрэгцэн дэлгэрвэл амар амгалан айх аюулгүй, энх мэнд оршихийн билэгт судал гэнэ.

Эх махбодитой эрхтэний судал дагалдан дэлгэрвэл эрүүл мэнд гоц сайн байхын баталгаа мөн. Өвчин эмгэгтэй хүнд ийм судал баригдвал бүрэн илааршиж бие гоц сайжирсных юм. Зүүн гарын судал бүх цэгтээ баруунаас илүү дэлгэрэнгүй байвал ямар нэг архаг далд өвчингүй, байвч тэр нь урхаггүй эдгэрч буйн тэмдэг. Харин баруун талын бүх цэг зүүнээс илүү дэлгэрэнгүй байвал архаг хууч сэдэрч байгаагийн шинж болно.

Биеийн арга тал давамгайлах нь чалх сулран, архаг өвчин даамжирч байгааг заана. Эмнэ, зас, эхэл гэсэн хангалттай дохио гэж үздэг. Эмчилгээ заслын зүүн баруун судалыг тэнцүүл, зүүн талыг давамгайлтал хийнэ. Хэрэв зүүн талдаа нэг буюу хоёр цэгт давамгайлж, олонхид нь баруун давамгайлж байвал ерөнхий засал эмчилгээнээс тухайн тодорхой эрхтэнд чиглэсэн эмчилгээ хийнэ. Бидний ажигласан цөөн тохиолдолд зөрөх явдал байсан. Тархины цус харвалтын үед гэмтэлтэй талын судасны лугшилт эрчимжиж эсрэг талдаа хэвдээ байлаа.

Сэтгэл мэдрэлийн өвчний үед ийм зөрөө ажиглагдсаныг дурьд суу. Судасны лугшилтыг их дадсан үедээ ч наад зах нь хоёр минут барьж тунгаахгүй бол босоо туулайн үлгэр болж байгаа юм. Хэрэв бид цэг бүрийг хоёр минут ажиж тунгаана гэвэл 12 цэгтээ 24 минут болно. Таван мах бодийн хуулиар харьцуулан шинжвэл хэдий хугацаа орох нь танд ил буй.

3арим ном хэвлэлд дурьдсанг энд сийрүүлье. Хүний судасны лугшилт нь зуун удаад хучдэл дүүрэлт, түлхэлт ирэлт, харилт, хэм завсарлага, хүйтэн, халуун, лугшилт бүхэнд ижил тэнцүү өөрчлөлт гажилтгүй болвоос цоо эрүүлийн магадтай шинж мөн гэжээ. 50-40 лугшилтанд ямар нэг эмгэг өөрчлөлт мэдрэгдвэл нэг цул юм уу, эсвэл нэг сав эрхтэн эмгэгшсэний шинж. 40-30 лугшилтанд нэг эмгэг шинж мэдрэгдвэл цул, сав хоёр эрхтэн эмгэгшсэн, тэр нь хүндэрч байгаагийн шинж. 30-20 лугшилтанд нэг эмгэг шинж мэдрэгдвэл 3 эрхтэн өвчилсний дохио шинж мөн.

Энэ нь амь насанд аюул занал хийсний ёр. Судасны лугшилт хэм алдах, дайрах, лугшилт ирэх, лугшилт өнжих өндөр, нам баганатай байвал голдуу зүрхний өөрийнх нь өвчин байдаг. Лугшилт сарних, шургах, харих, хөрөх, хэт эрчимжих нь бусад цул сав эрхтэний эмгэгшлээс болох нь олонтой. Лугшилтын нум хатуу, дарахад зүтгүү, эрчлэнгүй зэрэг нь судасны эмгэгтэй хүнд илүү баригддаг.

Лугшилтын багана нам, алхалт урт, эрчтэй зэрэг шинж гарвал бөөрөнд эмгэг байдаг. Энэ мэт судлын байдал дотоод эрхтэний өөрчлөлтийг бидэнд бүрэн дамжуулдаг ч бид бүрэн уншиж чаддаггүйгээс алддаг.Тухайн өвчтөний хэвийн хоёр агшилтын дараа замхралт, сариналт, шургалт, харилт эмгэг шинжүүдийн аль нэг мэдрэгдвэл өвчтөний амь насанд 3-4 хоногт аюул учрахын дохио. 3-4 хэвийн лугшилтанд дээрх шинжийн аль нэг мэдрэгдвэл 6-7 хоногтоо их хүндрэх шинж мөн гэжээ.

Өрнийн судлаачид үүнийг хэм алдагдал, цаг бус сэрэл үүсэлттэй гэж үзээд орчин үед энэ ач холбогдолгүй гэсэн байдаг. Уламжлалт анагаах ухааны  нэршлээр 30г түрэх лугшилтыг /аритм экстросистол/ хэлээгүй юм. Одоогийнхоор бол судсан төвийн зохицуулгын гүн хямрал, бөөрний галын хэт доройтол, судасны ханын хэт суларлаас болдог судал саринах, харих, замхрах, шургах зэрэг хүнд эмгэг шинжүүдийг хэлсэн юм. Тэгэхээр энэ нь ач холбогдлоо алдаагүй. Цаашид гүнзгийрүүлэн судалж хариу өгөх залуу мэргэдээ хүлээсэн асуудал хэвээр байна. Судас өөрийн орондоо тэмтрэгдэх ёстой. Долоовор, дундын нэгж судалын лугшилт зайлсан ч өвчин эдгэрэх боломжтой байдаг. Харин бөөрөн судал орон солих нь өвчний төгсгөл нэн хүндийн шинж болдог.

Х.Цэрэндорж “Нууцын маш гайхамшигт сангийн хураангуй” номоос